Categories
мэдээ нийгэм

Даяаршсан дэлхийн цахим иргэншил

2014 оноос Эстон улсад “e-residency” хэмээх цахим иргэншил олгох төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд Их Британид амьдардаг, “The Econo­mist” сэтгүүлийн редактор Эдвард Лукас Эстонийн цахим иргэншлийг хүртсэн анхны хүн болжээ. 2014 оны арванхоёрдугаар сарын нэгний өдөр Эдвард Лукаст цахим иргэншлийн картыг албан ёсоор гардуулах ёслол ажиллагаа болсон. Эстон улс нь зүүн Европт Балтийн тэнгисийн эрэгт оршдог 1,3 сая гаруй хүн амтай жижигхэн улс. Уг төслийг хэрэгжүүлэх болсон нэг зорилго нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, хөрөнгө оруулалт хийхэд ашигтай улс болохоо олон нийтэд таниулах явдал. Нөгөө талаас “e-residency”-ийг хэрэгжүүлснээр шинэ технологийг нэвтрүүлсэн байна. Хамгийн гол нь дэлхийн аль ч улсад амьдардаг хүнд Эстонийн цахим иргэншил авах боломжийг олгосон юм. Дэлхий глобалчлагдаж, техник технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед энэ нь цаг хугацаа, зардал зэргийг хэмнэх гээд маш хэрэгтэй алхам болсон. Эстонид бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүст бүр ч хэрэгтэй.

Эстонийн цахим иргэншилтэй хүн тус улсын газар нутагт амьдардаггүй ч төрөөс нь үзүүлж буй үйлчилгээнд хамрагдахаас гадна банкинд данстай болно. Ингэхдээ банкинд данс нээлгэх заавал Эстонид очих шаардлагагүй. Цахим иргэншлээ үндэслэн цахим гарын үсгээ илгээх зэргээр бүрэн эрхтэй үйлчлүүлэгч болно. Цахим иргэншлээр дамжуулан албан ёсны баримт бичигт гарын үсэг зурах зэрэг ажлыг хөнгөвчилсөн. Өөрөөр хэлбэл, хилийн чанадад амьдардаг хүн цахим гарын үсгээ илгээхэд хангалттай. Засгийн газраас ажиллуулж буй тусгай сайтаар дамжуулан 20-30 минутын дотор шинэ компаниа нээх боломжтой. Эстони улс нь хоёр иргэншилтэй байхыг зөвшөөрдөг тул энэ төслийг хэрэгжүүлэхэд давуу тал нь болжээ.

Цахим иргэншил авах хүсэлтэй хүмүүс мэдээжийн хэрэг өөрийнхөө талаарх бүх мэдээллийг явуулж зохих бүх бичиг баримтуудыг бөглөж өгнө. Эдгээр мэдээлэл нь үнэн эсэхийг Эстонийн зүгээс шалгана. Хүсэлт гаргагчид нь төрийн үйлчилгээнд хамрагдсаны хөлсөнд 50 евро төлнө. Ингээд ямар нэгэн харшлах зүйлгүй бол цахим иргэншлийг батлах ID картыг олгоно.

Тус улсын эдийн засаг, мэдээлэл холбооны яамнаас уг төслийг хэрэгжүүлсэн бөгөөд үүгээр дамжуулан гадаадаас 10 сая хүнд цахим иргэншил олгоно хэмээн төлөвлөсөн байна. Ингэхдээ 2025 он гэхэд зөвхөн төрийн үйлчилгээний хөлсөнд төлсөн мөнгөнөөс улсдаа 500 сая еврогийн орлого оруулна гэсэн тооцоо гаргачихаад байгаа. Түүнээс гадна гадны бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт хийж шинэ компани байгуулж энэ нь шинээр ажлын байр бий болгоно гэсэн үг.

Төслийн бас нэгэн давуу тал нь дээр дурдсанчлан шинэ технологийг нэвтрүүлснээр Эстонийн техник технологийн салбарын хөгжилд чухал ач холбогдолтой. Ер нь тус улсын эрх баригчид цахим үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлж, үлгэр жишээ болохоо харуулах гэнэ. Тиймээс Засгийн газар нь энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэх бодлого баримталж байгаа.

Энэ төсөл Эстонийн эдийн засагт ач тустайгаас гадна хүн амын өсөлтөд ч эерэг нөлөөтэй юм. Тус улс нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд ордог байсан тул хамаатан садан нь хилийн чанадад амьдардаг хүмүүс нэлээд бий. Тиймээс эдгээр хүмүүст Эстонид хүссэн цагтаа ирдэг болох бас нэгэн боломж нээгдэнэ. Мөн гадаадын иргэн болсон эстоничуудыг эргүүлэн нутагт нь татах бодлого болох юм байна.

Иймэрхүү төслийг хэрэгжүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх нь маш чухал. Манай улс иймэрхүү төсөл хэрэгжүүлбэл гадаадын иргэншил авсан монголчуудаа эргүүлэн татах бас нэгэн боломж нээгдэнэ. Гадаадын хөрөнгө оруулалт хамгийн ихээр яригдаж байгаа нөхцөлд тун ч муугүй санаа. Гэхдээ хамгийн түрүүн давхар иргэншлийн асуудлыг шийдэж байж цахим иргэншил олгох нөхцөлийг бүрдүүлж өгөх юм. Мөн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж энэ салбарыг хөгжүүлнэ. Тиймээс 1,3 гаруй хүн амтай Эстониос үлгэр жишээ авъя.


3 replies on “Даяаршсан дэлхийн цахим иргэншил”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *