Categories
мэдээ нийгэм

Давост эдийн засгийн чуулган үргэлжилж байна

Швейцарийн Давос хотноо үргэлжилж буй 46 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулганд өнөөдрийн байдлаар нийт дөч гаруй улсын тэргүүнүүд, дэлхийн хөгжлийг тодорхойлдог 2500 орчим шинжлэх ухаан, эдийн засгийн байгууллагын удирдлагууд цуглараад байна. Энэ удаагийн чуулга уулзалтын гол сэдэв нь “Аж үйлдвэржилтийн дөрөв дэх хувьсгал” гэсэн нэртэй, зорилго нь эдийн засгийг аль чиглэлд түлхүү хөгжүүлэх вэ, IT технологи аж үйлдвэрлэлд ямар дэвшил авчрах вэ гэдгийг хэлэлцэх бололтой.

Түүнээс гадна дэлхий дахиныг бүхэлд нь хамаараад байгаа аюул болох цаг агаарын өөрчлөлт, усны хомсдол, цагаач, дүрвэгсдийн нүүдэл, суудал зэрэг асуудлуудыг хөндөн хэлэлцэх юм байна.

авосын эдийн засгийн чуулга уулзалтын нэг давуу тал нь улс төрийн талаар бараг ярьдаггүй гол нь нэг дор газар, газрын “их мөнгөтэй” хүмүүс, тэр мөнгийг нь “зөөлөн хөрсөнд, зөв газар суулгаж” өсгөх боломж бүхий саналтай хүмүүс бултаараа цугларч саналаа солилцдогоороо онцлогтой.

Мөн Давосын чуулганыг бусад ижил төрлийн уулзалтуудаас ялгадаг хэд хэдэн шинж чанарууд бий. Дэлхийн тэргүүнүүд уулзахдаа заавал үйлддэг протокол хөтлөх, зураг авахуулах, сэтгүүлчдэд тайлагнаж, хэвлэлийн бага хурал зохиох гэх мэт албан ёсны арга хэмжээнээс “бултаж” болдог. Зүгээр л жижиг өрөөнд сууж байгаад аяга кофены араас аль алиндаа тулгамдаад байгаа эдийн засгийн асуудал, сонирхлоо хаалгаа хааж байгаад ярилцчихна.

Энэ удаагийн чуулганд 18 жил завсарласны дараа БНАСАУ-ын төлөөлөгчдийг уг нь урьсан байсан ч он гараад тэдний үйлдсэн устөрөгчийн бөмбөгийн туршилт-дэлбэрэлтээс шалтгаалан урилгаа цуцалжээ. Харин Холливудын од Леонардо ди Каприо энд алхаж яваа харагдана лээ. Чуулга уулзалтыг зохион байгуулагчид түүнийг дэлхийн хүрээлэн буй орчинг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Crystal Award шагналаараа мялаажээ. Жүжигчний санаачилсан Leonardo DiCaprio Foundation сан дөч гаруй улсын байгаль эх дэлхийг хамгаалах 70 орчим төсөлд гучин сая ам.долларын хөрөнгө зарцуулсан юм билээ. “Хүн төрөлхтөн цэвэр агаар, цэвэр байгаль, цэнгэг устай газар амьдрах эрхтэй билээ ” хэмээн тэр шагнал гардахдаа хэлсэн.

Б.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *