Categories
мэдээ нийгэм

Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn

Даваа гарагаас эхлэн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулахад онцгой  анхаарна – www.murch.mn

Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос “Арванхоёрдугаар сарын 5-н буюу ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орно” хэмээн мэдэгдээд байгаа. Тэгвэл энэхүү зохицуулалт хэрхэн хийгдэх талаар холбогдох албанаас мэдээлэл авлаа.

Тодруулбал, Даваа гарагаас эхлэн замын цагдаагийн алба хаагч нарыг нэмэлтээр ажиллуулж, “чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-нд буюу авто замын нэгдүгээр эгнээний ачааллыг нэмэгдүүлээд байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавихаар төлөвлөжээ.

Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн автобусны эгнээгээр явж байгаа машинуудыг Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д зааснаас бусад үед/байр эзлэхээс/ нэгдүгээр эгнээгээр явуулахгүй байх нь. Дүрэм зөрчсөн буюу нэгдүгээр эгнээгээр явж байгаа тээврийн хэрэгслийг ₮20,000 төгрөгөөр, замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш эргэсэн, эсхүл буцаж эргэсэн бол ₮50,000-өөр торгох арга хэмжээг авна гэв.

Нийтийн тээврийн автобусанд явж байгаа 60-90 хүний эрх ашгийг бодож, эгнээгээрээ зорчиж байхыг жолооч нартаа ТЦА-наас уриаллаа.

Харин хэвлэл мэдээллийн байгууллагын логотой машиныг чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр явуулахгүй, харин дугаарын хязгаарлалтад хамаарахгүйг тодотгосон юм.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээс:

1.2.48. “чиглэлийн тээврийн хэрэгсэл” гэж тогтоосон буудал бүхий чиглэлийн дагуу зорчигч тээвэрлэх зориулалтаар нийтийн үйлчилгээнд явж байгаа автобус, троллейбусыг;

1.2.49. “чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ” гэж чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан, 5.14 тэмдэг болон 1.22 тэмдэглэл бүхий эгнээг хэлнэ.

10.5. Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна.

11.9. Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгсэл нь энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэх, эсхүл саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд зөвхөн уг эгнээгээр явна.

11.10. Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглоно.
Тайлбар: Дээрх заалт нь суудлын такси болон “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл”, “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн» таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, мөн энэ дүрмийн 25.4-т заасны дагуу зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явах унадаг дугуй, мопедод хамаарахгүй.

Нийслэл хотын иргэд нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэх нь “зовлон” болчхоод байгаа. Юутай ч ирэх долоо хоногоос автобусны эгнээг чөлөөтэй байлгах ажлыг эрчимжүүлж, байдал сайжирсан эсэхийг иргэд дүгнэх нь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *