Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх журмыг баталсан. 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургуульд 341500 сурагч суралцах статистик бий. Үүнээс нэгдүгээр ангид элсэх 40330 сурагч, 694 цэцэрлэгт 114908 хүүхэд хамрагдаж байгаа билээ.
Боловсролын яамнаас өгсөн мэдээллээр, сургуулийн өмнөх боловсролд 4-5 насны хүүхдийг хамруулж, нэг ангид дээд тал нь 25 хүртэлх хүүхэд хичээллэнэ. Хичээл цахим болон танхимаар хосолсон хэлбэрээр орно. Хэрэв цэцэрлэгийн аль нэг бүлэгт халдварын тохиолдол бүртгэгдвэл тухайн бүлгийг тусгаарлах юм.
Цэцэрлэгийн нэг давхарт болон гурваас дээш ангид халдвар батлагдвал тухайн цэцэрлэгийн танхимын сургалтыг тодорхой хугацаанд хязгаарлах зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Харин 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүртгэж авахгүй. Учир нь хуульд сургуулийн өмнөх боловсролыг 4-5 насанд олгоно гэж заасан байдаг.
Дархан-Уул аймагт өнөөдөр (2021.09.07)-ийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ирц 90 хувь, цэцэрлэгийн хүүхдийн ирц 43 хувьтай байна. Covid-19 илэрсний улмаас 16 цэцэрлэгийн 24 бүлэг цахим сургалтад шилжээд байна гэж тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээллээ.