Categories
мэдээ нийгэм

Дархан цаазат бүсэд барилга барихыг хязгаарлана DNN.mn

Дархан цаазат бүсэд барилга барихыг хязгаарлана

Богд хаан уулын хамгаалалтын бүсийг тэлэхээр болов. Хамгаалалтын бүсийг 5562 га газраар тэлснээр барилгын хязгаарлалтын бүсэд барилга барихыг бууруулна гэж Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээлэв. Энэ талаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Хамгаалалтын бүсийг тэлэх шийдвэр гарсан. Өнгөрсөн долоо хоногт сайдын зөвлөл хуралдаж, хамгаалалтын бүсийг нийт 5562 га газраар тэлэх буюу хязгаарлалтын бүсээс энэ хэмжээний га газрыг хасах шийдвэр гарсан. Өнөөдөр шүүхийн шатанд яваа 295 га газар, шүүхдээгүй байгаа 430 га газар энэ тоо хэмжээнд орсон. Жишээлбэл Соёмботой уулын орой доор гурван аж ахуйн нэгжид газар олгочихсон байгааг шууд цацал гэж байгаа. Гэхдээ дүйцүүлэн өөр газар санал болгох юм” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар Богдхаан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд нийт 3675.2 га талбайг өнөөдрийн байдлаар ашиглаж байгаа нь хязгаарлалтын нийт бүсийнхээ 30 хувьтай тэнцэж байгаа аж. Тус бүсэд сайдын тушаалаар газар ашиглах эрхийг 2014 иргэн, аж ахуйн нэгжид олгосон байна. Тухайлбал, уугуул иргэн болон бичил эко аялал жуулчлал зориулалтаар 610 иргэн 26.1 га талбай эзэмшиж байна. Үүнээс

  • Хан-Уул дүүрэгт 1,812 иргэн, хуулийн этгээд 2,337.6 га
  • Баянзүрх дүүрэгт 192 иргэн, хуулийн этгээд 1,267.2 га
  • Төв аймагт 10 иргэн, хуулийн этгээд 44.8 га газар талбай тус тус эзэмшиж байна.

Богд хаан уулын дархан цаазат газар нь нийт 42,271.24 га нутаг дэвсгэртэй. Үүнээс,

  • Хязгаарлалтын бүс 12,035.09 га
  • Хамгаалалтын бүс нь 23,314.48 га
  • Онгон бүс нь А, Б буюу 6,921.66 га юм.

Богд хаан уулын тусгай хамгаалалттай бүс нутагт цаашид хаус хороолол барихыг зогсоох тухай өмнө нь мэдээлж байв. Энэ талаар Богд хаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвжав “Дархан цаазат газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр газар ашиглах гэрчилгээ олгож, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулна гэдэг ч хаус хороолол барьж худалддаг болон хамгаалалтын бүсийг өөрчилдөг байдлыг бүрмөсөн зогсоохгүй бол ан амьтан тархан байршиж чадахгүй, Богдхан ууланд нийслэлчүүд зорчих боломжгүй болно” гэдгийг хэлсэн.

Улсын хэмжээнд нийт 120 тусгай хамгаалалттай газар нутагт 32.7 сая га газар хамрагддаг нь нийт нутаг дэвсгэрийн 21 орчим хувь юм. Тухайлбал, Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт газар ашиглах гэрчилгээ олгосон бөгөөд нийт газрын харилцаа үүссэн газар нутгийн 97 хувийг эзэлжээ.