Categories
мэдээ нийгэм

Дархан хот 12 метрийн өндөртэй цагтай боллоо

Найрамдлаар овоглосон Дархан хот өөрийн гэсэн цагтай болсон байна. Тус хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Дулааны цахилгаан станцын хамт олон 50 жилийн ойгоо тэмдэглэх арга хэмжээнийхээ хүрээнд олон бүтээлч ажил өрнүүлсний нэг нь Дархан хотын цагийг буй болгох ажил байв. БНХАУ-д захиалгаар хийгдсэн Дархан хотын цаг нь 12 метрийн өндөрт байрлажээ. Цагны хийц, загварыг станцын хамт олон гаргасан бөгөөд дөрвөн зүг найман зовхистын алинаас нь харахад боломжийн тод харагдах аж.

Сэтгэл зүтгэл нэгтэй станцын хамт олны гурван өдрийн цалин болох 40 гаруй сая төгрөгөө хотынхоо хөгжилд хандивлахаар шийдэн аймгийнхаа хүүхдийн эмнэлгийн хүүхэд дамжин өнгөрөх тасгийг бүрэн тохижуулж хүлээлгэж өгсний зэрэгцээ шинээр байгуулагдсан долдугаар хорооны нутаг дэвсгэрийг хүүхдийн тоглоомын талбайтай болгож багачуудыг баярлуулсан байна. Түүнчлэн станцын ажилчиддаа зориулан аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн гурван өрөөг бүрэн тохижуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *