Categories
мэдээ цаг-үе

Дара эхийн шүншигт Усан зүйлийн тэнгэр дор

ГЭГЭЭНТЭЙ ХОЛБООТОЙ СОНЬХОН ЯРИА

Өндөр гэгээн Занабазар 1635 оны хөхөгчин гахай жил Усан зүйлийн /Цайдам/ хөндийн Шувуутын голын хөвөөнд Мандалын цагаан овооны “Тахилгат” бууцанд Түшээт хан Гомбодоржийн хатан Ханджамцаас мэндэлжээ. Гэгээнтэн Ширээ цагаан нууранд даахиа үргээлгээд л нутгаасаа гараад явчихсан түүхтэй. Бид түүний тухай сайтар мэдэх учир олныг эс нуршин хэд гурван сонин домог хуучаас нь дээжлэн хүргэсү.

Гэгээнтний төрсөн бууринаас зүүн хойхно Нар хайрхан гэдэг сүг зураг ихтэй, хилэн хар өнгөт уул бий. Тэндэхийн тэмээн цохионы бөөрөнд нар мандахын үед бурхан багшийн дүр тодордог гэнэ. Үүнийг хальсанд буулгасан тухай нэг нь дуун алдаж сууна. Баруун ууланд нь “Гэр чулуу” хэмээх хүний гараар бүтээсэн бясалгалын агуй бий. Мөн Зүйлийн хөндийн хоёр гэрэлт хөшөө нь Ахар-Цахарын уулнаас ирэх муу зүйлийг зайчуулдаг гэх.

Цагаан толгой гэж “мөнх цаст” толгод буй. Энэ нь гэгээний живхний үнсийг асгасан газар гэнэ. Живхний үнс гэдгийн тухайд одоогийн залууст тайлбарлахгүй бол горьгүй. Энэ нь юу гэхээр, живхний даавуун доор үнс тавиад, дээр нь адууны дэл, сүүл сэмлэн зулж тавина. Үүнийгээ өлгий өөжинд хийнэ. Одоогийнхоор бол “памперс”. Ардын ухаан юм. Нутгийнхан тэр толгойд сүжиглэж, цагаан чулуунаас нь цайндаа буцалган ууна.

Өндөр гэгээн ном тавьж явахдаа хоноглосон газар нь хонин арц ихээр ургажээ. Ном айлдаж суусан тэрбээр туслахдаа “За та хө, энэ дээжийг араараа дүүрэн агар зандан ургаарай гэж хэлээд өргө” хэмээн гаргатал мань эр андуурч мартагнаад “…арц хүж ургаарай” гээд өргөчихөж. Тэгээд л битүү хонин арц. Агар ургасан бол сайхан аа.

Олон жилийн дараа гэгээнтэн ханиа дагуулан нутаг усаа эргэжээ. Эхнэр нь доожоо муутай, бараг л царай муутын туйл байсан юм байх. Нутгийнхан гайхаж, жиг жуг гэлцэв. Сүсэгтэн буурлууд “Та ийм эхнэртэй байж болохгүй. Бид танд сайхан бүсгүй залж ирье” гэтэл гэгээнтэн уриалгахан инээмсэглэж “Бололгүй яахав. Гэхдээ надад ийм л хүн хэрэгтэй” хэмээн хүрлийн буцлам хайлмагийг улаан гараараа хутгаж буй гэргийгээ заасан гэдэг. Саваагүй нэг нь шөнөөр очиж, тотгоор нь шагайваас мөнөөх хүүхнээс нь гэрэл гэгээ цацарч байжээ.

Гэгээнтэн бурхан цутгахаар хайлуулсан хүрлийн бялхмал руу хуруугаа дүрж үзнэ. Эхнэр нь ч бас долоовроо хээвнэг дүрнэ. Тэднийг харсан нэг сониуч хүүхэд бялхмалд хуруугаа дүрээд тасалчихаж. Гэгээнтэн ихэд сандарч, тарни уншаад тасарсан хурууг нь үлээтэл тэр даруй ургаад эдгэчихсэн ажээ.

Хууч мөшгөвөөс: Жагарын орноо гурван гэгээнтэн дээдийн номд нэвтэрч, эх нутагтаа хөл тавьжээ. Төд удалгүй Галдан хаан их гүрнийг байгуулж, байнга л “Байлдана, дайтна” гэнэ. Харин Өндөр гэгээн “Байлдахгүй, дайтахгүй” гэх. Тэр хоёрын аль нь зөвийг үл ухах Ламын гэгээн дундыг барин давс хужрыг нь тунгаадаг байсан юм гэнэ билээ.

ӨВГӨН СУВАРГЫН БУРХАД ЭРГЭН ИРНЭ

“Өвгөн суварга” нь Монголын бага хаадын үетэй ч холбогдож мэдэх урт настай эд. Үйл, цагийн салхинд овгор туурь үлдсэн ч хөх тоосгыг нь сэргээн, улаан тоосгоор үргэлжлүүлэн барьж, орон сүмтэй болгожээ. “Өвгөн суварга” хэмээсний учир нь Өндөр гэгээнийг “Өвгөн хутагт” хэмээдэг байснаас үүдэлтэй гэнэ. Гэгээнтэн суваргыг аргилан шүтэж, дахин шүншиглэсэн биз ээ. Мөн XVII зууны II хагаст Өвгөн суваргын дэргэдэх жижиг сүмийг байгуулжээ. Хожим 1930-аад онд устгагджээ. Сүмийн 140смх100см хэмжээтэй хэрэмний үлдэц, чулуун хашааны ул мөр одоо ч бий. 2000 оны хавраас сэргээн засварлажээ. Суваргыг ухаж малтах явцад гурван ширхэг чулуун хөөрөг, бусад эд өлгийн зүйл гарсныг буцааж шүншиг болгон залсан гэнэ. Хойноо найман соёмбот суваргатай. Хошууны үе үеийн засаг ноёд Гэгээнтний нутаг бууцыг нүдний цэцгий мэт хайрлан хамгаалсаар иржээ. Дээхнэ үед хийдийн хамбуудыг Бэйлийн хүрээнээс томилж, газар лусыг баясгах ном уншлага үйлдэнэ. Дайн самууны хөлд талхлагдаагүй. Суваргын дуганыг сэргээснээр сумын захирагч Гиеэг Чимэддорж агсны хань Д.Батдэлгэр, зээ хүү Ч.Ганхүү нар голомтыг манаж сууна.

Занабазарыг таван настайд нь анх дугаар Богдоор тодруулж, Эх даншиг хийж, төрсөн газар нь мөргөлийн дуган босгожээ. Тэрхүү дуган нь өнөөгийн Дашгунгаадэжид хийд. 25 жилийн өмнө сэргээсэн ч лам байдаггүй нь гаслантай. Уул нь нэг жаалыг Жагарын оронд бэлтгэсэн ч үсээ ургуулаад, морь мал хөөгөөд яваад өгч. Гэхдээ цаг ирж, нас тогтохоор хийддээ эргэн ирнэ гэсэн андгай өргөжээ. Хийдийн нэг сүмийг 1194 онд барьсан гэх ба хожим өмнө талд нь Өндөр гэгээний дурсгалд зориулан нэг суваргыг босгожээ. 1700-гаад оны эхээр Зүйлийн хийд дөрвөн дуган, 100-гаад ламтай ном хурж эхэлжээ. 1937 онд дөрвөн дуганыг нь нураасан ч До яамныхан яагаад ч юм Өвгөн суваргад гар хүрээгүй гэдэг. Хийдийн гол шүтээн нь “Улаан сахиус”. Голдуу Намжилдонжид номыг хурдаг байсан тухай өвгөд хуучилдаг.Анх “Өвгөн суварга” усан давтсанаас болж, хийдийг баруун тийш гурван км-т нүүлгэн, сүм дуганыг барьж босгожээ. Тээр жил Өндөр гэгээний гарын хийцийн хоёр алтан бурхан Суварган сүмээс алдагдаж, холбогдогч нь нэг их удалгүй үхсэн байгаа юм. Хэргийн гол эзэн нэг лам бий гэх. Гэвч нутгийнхан “Бурхан эргэж ирнэ” гэдэгт гүн бат итгэдэг аж.

АРИУН ГАЗРЫН СУЛ ЧИМЭГ

Зүүн хайрхан /Оролгон/, Дөлгөөн, Мандалын овоо нь эртнээс тахилгатай. Хошуу ноён зарлиг гаргаж, алт, мөнгө, эрдэнийн зүйлсийг бумбалан өргөдөг байжээ. Яруу найрагч Д.Алтангэрэлийн нутаг усаа бахадсан даяарын дуу “Тогосын цагаан овоо” тэртээд цайрна. Бэлд нь амар болоочдыг хөдөөлүүлдэг гэнэ. Баруун-Зүүнхайрхан, Эрээн уул, Дулаан хайрхан, Наран хайрхан сэрэлзэнэ. Ханхал хайрхан /Халгах/ ханхалзана. Лусын өргөө гэлтэй Өлзийт овоо зүмбэртэж, Эмгэн цохио, Сэнжит цохио, Бүдүүн цохионууд харуулын цэрэг мэт жагсана. Зун цаг ирэхэд Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн шүлэглэсэн Цацын Цагаан нууранд 40 гаруй төрлийн усны шувууд цэнгэн чуулна. Алаг дэлийн бүрд, Хөх бүрд, Цайдам, Давст, Шаварт гээд борооны усаар тэжээгддэг гүехэн цалгайдуу нуурууд цөөнгүй. Олон түрүүн, Жаргалант, Хавцгай-Марзтай, Шувуутын голууд харгилан жирэлзэнэ. Дүрваат, Чуван, Хад, Улаанчулуут, Мөнх, Сэрүүн булаг оргилон мэлтэрч, Үлийтийн тал дуниартана. Ер нь эндэхийн ам бүхэн рашаан устай. Улиаст өндөр, Сэнжит цохио, Баян-Үйлсээр үлгэрийн диваажин тунарч, аранзал хэжтэй алтан шаргал Сар хайрхан домог цуурдана. Дөлгөөн ууланд бараг ган гачиг үгүй. Жинхэнэ буга, аргалийн эх орон. Дөлгөөн хайрханы цээнийн цэцгийн мандалд зун цагаар аялагчид очиж эмчилгээний маягаар суудаг аж. Яг л нөгөө Дорнодын Баянхангай дахь “Үнэрийн рашаан” шиг. Эл цэцэг нь зургадугаар сард хэдхэн хоног дэлгэрдэг. Мөөлөн чулууны хадны зураг гайхалтай. Үүнийг бүхэлд нь “Зүйлийн өвөр хөндийн дурсгал” гэх. Монголын эртний овог аймгийн тамга, шүтээн амьтдын дүрс зураг цөм бүрэн. Байгалийн өвөрмөц тогтоцтой Бумбын хад, Ногоон тохой, Нурамт, Өвт, Хуурайн сархиа, Хаалганы өндөрөөр нинжнагва, башир, намуу алаглана. Ууландаа ихээр ургадаг зэрлэг сонгиныг нутгийнхан түүж үл зүрхэлнэ. Сайхан улиасан ой байж. Өтөнд идүүлээд бараг дууссан гэнэ ээ. Зүүнхайрханы бэлд хоёр шонхор шувуу хон хэрээ рүү улангасан дайрч буйг харж зогслоо. 300 гаруй жил насалдаг өвгөн хэрээ яг тэдний идэш болж харагдаач. Гэхдээ хөөрхөн шоглуулчихсан шүү.

Энэ хавиар цав цагаан тарвага 50 гаруй бий. Түүнийг агнасан хүний голомтод нь гоёо ургадаг аж. Баян-Улааны яргайг цавчвал нүд сохордогтой адил юм даа. Уулын савдаг байдгийг шинжлэх ухаан ч хүлээн зөвшөөрлөө дөө. Тэр ч бүү хэл наяад оны шувтарга хүртэл бов бор мөндөл гаргадаг хар тарвага, Өвтийн аманд хар үнэг ч байсан байна. 1990-ээд онд цөм устаж үгүй болжээ. 1970-аад оны сүүлээр харагдахаа байсан цагаан зээр 1990-ээд оноос үзэгдэх болж, одоо бүр нутагшсан байна.

СОЁЛ,ТҮҮХИЙН ЭРХЭМ ДУРСГАЛ

Далай гүний хүрээний туурь. Хийдийн туурь сумын төвийн хойхно оршдог. Тэртээ 1806 онд Далай гүний хүрээ Цагаан овооны энгэрт байгуулагдаж, нэг дугантай хурлаа эхэлсэн бол 130-аад жилийн дараа дөрвөн аймаг, зургаан дацан бүхий мянган лам хувраг бужигнасан томоохон хийдийн мал нь гэхэд л 15 мянгаас давж байв.

Жонон вангийн хэрэм. XVII-XVIII зууны үед амьдарч байсан Халхын Жонон ван Дэмчиг угшилт маш хурдан хүлгийг Галшараас авчирч, Манжийн ноёрхлын үеийн эрийн гурван наадмын хурдан морины түрүүг авахаар морио нууж уях гэж хэрмийг бариулсан гэдэг. Уяачийн арга барилаа нууцлах, хар цагаан хэл амнаас хамгаалах үүднээс тэр байх л даа. Уг туурь нь үхэр боржингуудыг залгалгүйгээр өрж босгосон ул мөрийг илтгэнэ. Дүгрэг хэрэмний тойргийн голч дунджаар 80 метр. Зассан чулуун довжоотой хэрэм дотор ямар нэг байгууламжийн ул мөр үгүй.Эртний домогт “Хүүхэн хутагт”. Бууралын хөшөөг Монголын төв цэг гэж үзээд алсдаа ирж суурьшина гэсэн санаагаар хятадууд босгосон гэх. Хөшөөг 1909 онд Финляндын эрдэмтэн Г.И.Рамстед анх судалж “Баруун гараараа бортого тэвэрч, зүүн гараараа бүсээ атгаад, дөрвөн талт малгай духдуулсан, урт хянган хамартай, шивэр сахалтай хүний дүр. Дүгрэг товруутай бүсний үзүүрий гар талд хавчуулсан ба баруун ташаанд хавтага, хутга мэтийг зүүжээ. Гэдэс нь цүндгэр агаад доод хэсэг нь газар шигдээстэй тул суугаа, босоо ямар дүртэй нь тодорхойгүй. Хөшөө нь км орчим үргэлжлэх зэл чулуутай. Мөн ханан хээтэй чулуун хашлагатай” хэмээн тэмдэглэж үлдээсэн. Зарим нь түрэг жанжны хөшөө гэлцэх.

Уйгар-Түрэгийн дурсгал. Уулангийн хар овоо, Урд Бумбат, Цагаан хадаар хүн чулуу, хадны зураг, эртний булш элбэг. Наран толгойн Хүрлийн үеийн хадан зургууд тун өвөрмөц. Өлзийт сумтай залгаа нутаг Зэгстэйн голын зүүн амыг Тарвагатай гэнэ. Энд 70-аад булш буй. Хүүр тоногсод эндэхийг бас бусниулж орхисон. Галав судлаачид эндээс навчин зүлд, мөнгөлсөн чөмөг, мөнгөн гоёл, эртний нум сум сэлтийг олж байжээ. Хамгийн сонирхолтой нь, эндээс амгай зуусан адууны толгойн яс гарсан байдаг. Сумын төвийн дэргэд XVII зуунд холбогдох нэгэн дурсгал бий. Дээд хадны хүн чулууг хоёр хүүхэдтэй гэр бүл гэж таамагладаг. Ер нь эл нутаг Түрэг, Уйгарын үеийн дурсгал ихтэй. Ойролцоогоор 300 шахам булш хиргисүүр, 16 тооны гэрэл хөшөө, буган чулууг 20 гаруй малчин айл хамгаалж буй.

ӨНДӨР ГЭГЭЭНИЙ МЭЛМИЙ ГИЙСЭН ОРОН

1922 онд Сайн Ноёнханы Илдэн бэйлийн хошуунаас таслан шинэ сумын шавыг тавьж, Эсэргүүний жил /1932/ УБХ-ын тогтоолоор Цэцэрлэгмандал аймгийн Арвайхээр уулын хошууны Тахилганы дэнжид Есөнзүйл сумыг байгуулжээ. “Усанзүйл” гэдэг үг “Есөнзүйл” болсон нь ч сонин. Усан зүйл гэдэг нь усан тахилын орон гэсэн бэлгэдэлтэй. Харин эдүгээ цагийн нутгийн хүмүүс “Өө, есөн зүйлийн цэцэг ургадаг болохоор нь “Есөн зүйл” гэчихсэн юм” хэмээн хэнэг ч үгүй тайлбарлаж сууна. Бүр цаашлаад хэт сунжруу газар усны нэр засаг захиргаанд таарахгүй хэмээн улаантны заавраар “Есөн” гэдэг үгийг нь хасаж, Зүйл сум болгосон ч сумын нэр дахин сэргэсэн юм. Есөн зүйл нь хэд гурван аварга малчныг эс тооцвоос овойж оцойсон алдартан үгүй. Их гэгээнтний сүрэнд дарагддаг биз дээ. Хэдэн эрдмийн зэрэг цолтон бий. Түмний мэдэх нь гавьяат багш Ц.Дашдорж гуай, яруу найрагч “Гэзэг” Алтангэрэл. Харин эрт урьдаас онцлох хүмүүс хаа сайгүй мундахгүй байдаг болохоор эндэхийн “алдартнууд”-тай та танилц.

Бургасан голын хувилгаан лам. Өвгөн Ж.Түдэв, Б.Готов нарын хуучилснаар, “Сүмийн лам нь “Бургасан голын хувилгаан” гэдгээрээ алдартай. Бороонд нордоггүй, жаварт жинддэггүй, ном эрдэмтэй байж. Түүнийг жанч халснаас хойш энд лам нь тогтдоггүй болжээ. Сүмийн манаач нэг нөхөр тэргэл сартай шөнө нэгэн үнэг гүйж ирснийг алчихсан чинь сүм баларч үгүй болжээ. Хожим энэ тухай шинжээчид сүмийг цагаан зааны хоншоор дээр босгочихож. Дээр нь юу ч тогтохгүй шүү дээ гэсэн гэдэг” хэмээжихүй.

Алдарт зурхайч “Жоожой” Мандгай: Тэрбээр ногоон малгайтнуудад баригдсан улсаас амьд үлдэж байсан цөөн хүний нэг. Тэрбээр нутагтаа эргэн ирэхдээ “Чойрын ном байтугай Чойбалсангийн номд ч сайн боллоо” гэж байсан гэдэг.

Гэндэн гэлэн: Эсэргүүний жил шоронд байхдаа хорихын тэмээг хариулдаг байж. Гэхдээ номын увдисаар хариулдаг байсан гэнэм. Түүнийг суллах шийдвэр гарахын урьд өдөр зүг бүр салхидаж тарсан тэмээ нь бөөгнөрч ирээд эзнээ үдсэн гэдэг. Нутагтаа ирээд гутлаа сугавчлаад хонь малаа хариулна. Хээр таарсан хүн “Та яаж байгаа юм” гэхээр “Хад чулуутай газар гутлаа гамнаж байна аа” хэмээнэ.

Шилийн хулгайч бямбаа: Хайрханы агуйд 1970-аад оны үед эл сайн эр орогнож байжээ. Дунжийн Бямбааг цагдаа нар нэхээд ирэхээр Оролгон ууланд будан татаад, бараа сураггүй алдарна. Айлд орлоо гэж сонссон нэхүүлүүд тийш зориход мөндөр нүдэж, цасан шамарга тавиад буцахаас өөр аргагүй болдог байж. Гамингууд хүртэл энэ ууланд тулж очоход мод нь амилах мэт үзэгдэж, “Их цэрэг биднийг отож байна” хэмээн мөр буруулан амь зулбаж байжээ.

“Под” одсүрэнгийн паян: Хазаар гүйлгэдэг, цуутай эр байж. Сайншанд руу мориор өртөөчилж довтлоод хоёр ч хонолгүй хүрнэ. Тэнд машинаар очсон нутгийн хүн Одсүрэнтэй таараад балмагдан гайхаж, “Хүүш, та өчигдөрхөн нутагтаа байсан, хаанаас гараад ирэв” гэхэд “Чишш, ахыгаа энд явна гэж хүнд бүү хэлээрэй” гээд давхин оджээ. Буйр нуур хаана байдгийг хүнээс сонсоод “Хэ цэс. Тэр нуур чинь намрын найрны газар шив дээ” гэжээ. Нэг удаа хил давж Хятадын пүүс ухаад, буцах замдаа хөдөө хоноглож байтал шилбүүр барьсан өвгөн хүрч ирээд ачаа барааг нь авч явахаар цэгцлээд, дэвсээд хэвтэж байсан гудсыг нь авахаар хүрээд ирж. Босоод бариад автал нөгөө өвгөн ганц тонгороод чивчиртэл хүлэн тэргэн дээр чулуудаад, хөсөг хөдөлгөжээ. Хөөрхий хүний нутагт ийн барьцаалагдан өвгөнийд айраг уусаар сар болсон байна. Тэмээндээ явах хударгаар нь модон бариулт царилыг нь бариад, уяа морьдоос нь нэгийг нь унаад зугтжээ. Хүү нь араас нь нэхэхэд царилаараа цохиж унаган цааш одсоноор сая нутгийн бараа харав. Хүмүүс өвгөний хүүгийн тухай асуухад “Хөөрхий амьтан үхсэн байх аа. Цус их алдаж байсан. Арван хэдэн тэмээ ачаагаар ганц хүүгийнхээ амийг сольсон азгүй өвгөн” хэмээн ярьж суужээ. Тэр морь таньдаг байж. Нэг морины ташааг нь төөлж үзээд “Сэтгэлд таарсан хүлэг” гээд панзчингаас 26 адуугаар сольж авчээ.

Хатан зоригт “Хадан” Дэндэв: Мань эрийг хар гэрт эрүүдэж, салба банзаджээ. Гэтэл нэг удаа ч “ёо” гэж дуугараагүйгээр үл барам гуяныхаа язарсан махыг хутгаар огтолж аваад “Өөрийнхөө нохойд өгнө өө” гээд гутлынхаа түрийнд чихэж байсан гэдэг. Хамт хоригдогсод нь “Та өвдөлт мэдэрдэггүй юм уу” гэхэд “Өвдөхгүй зүрх гэж байхаас өвдөхгүй зовлого гэж хаа байхав” хэмээн өгүүлж суусан гэдэг. Тэрбээр 1950-иад оны сүүлээр Говь Гурвансайханд нутгийн Балган гэдэг хүний хамт адуугаа оторлож ирээд хилс хэрэгт сэрдэгдэн, аймгийн шоронд таалал төгссөн аж. Тэр цагаас хойш “Хадан Дэндэвийг банздахаар хад банзад” гэсэн үг домогшин үлджээ.

СУМАНД БАЙДАГЦОРЫН ГАНЦ ГАЛЕРЕЙ

“Бурхан бумбын орон” бол Монгол Улсын суманд байгуулагдсан анхны галерей. Соёлын төвийн дээд давхрын хоёр гурван танхимтай эл галерейд саяхан Монголын 50 яруу найрагчийн хөрөг зургийн үзэсгэлэн дэлгэгджээ. 1980-аад онд Зүйл сумын нэгдлийн удирдлага нийслэл хотоос тусгайлан хоёр уран зураачийг орон нутагтаа хэрэг болгон залан авчирч, уул усныхаа сонин содон газруудыг зуруулж, 10 гаруй бүтээлийг нь 40 шахам жил хадгалж үлдсэн гэнэм. Цөм тосон будгийн ажлууд. Чухам энэ л үнэ цэнтэй урлагийн бүтээлүүд Монгол улсын 329 сумаас анх түрүүн уран зургийн “Бурхан бумбын орон” галерейг байгуулах үндэс суурь нь болсон байна. Ардын зураач А.Сэнгэцохио, Урлагийн гавьяат зүтгэлтэн уран зураач Ц.Нарангэрэл, Ё.Өлзийхутаг, МУЭ-ийн шагналт С.Төгс-Оюун тэргүүтэй алдарт зураачдын эх зургуудаас гадна Сайн ноён хан аймгийн Илдэн бээлийн хошууны ноёны “Дууч үст” хэмээх Соном овогтой Лхамжавын өвөрмөц, хосгүй хийц бүхий морин хуур энд байраа эзэлжээ. Галерейг “Бурхан бумбын орон” гэж нэрлэсний учир нь Д.Алтангэрэл найрагчийн тэрлэсэн алдартай шүлгийн дууны нэр. Мань эр энэ нутгийн унаган хүү. Утга зохиол, уран зураг хоёрыг дээдэлж эхэлнэ гэдэг Есөнзүйл сумын хүн нь хөгжиж, мандан бадрахын өлзий учрал бүрдэхийн зөн.

81 СУРАГЧ УРАЛДСАН УЯНГАТ НААДАМ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын мэргэжилтэн, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Ишдорж, зөвлөх Б.Ганбат нар зорьж ирсэн байлаа. Тэд “Бурхан бумбын орон” галерей, Өндөр гэгээний номын өргөөтэй танилцаж, сурагчдын шүлгийн тэмцээнийг үзэж сонирхлоо. “Миний мэдэх яруу найрагч” уралдаанд нийт 81 сурагч бүтээлээ ирүүлснээс II шатанд 22 сурагч шалгарч, Соёлын төвийн тайзнаа авьяас билгээ сорин өрсөлдсөн юм. Наадмын дүн гарахад 11а ангийн сурагч У.Дэжидмаа түрүүлж, Соёл урлагийн газрын шагнал, “Утга зохиол, урлаг” сонины нэрэмжит шагнал хүртсэн юм. Удаах байруудад Э.Атарцэцэг /8б/, Б.Жигмэдцэрэн, Б.Мөнхцоож /9а/, Б.Энхтуул, Б.Анударь нар шалгарч, шилдэг өсвөрийн шүлэгчид болцгоов. Өндөр гэгээний өргөөт цогцолбороор зочиллоо. Байгууллага, хувь хүмүүс эрвийх дэрвийхээрээ сайхан орд өргөө босгожээ. Занабазар гэгээнтний адистидын дээдийг хайрлан цагийг төвхнүүлэгч судар бүхий мэлхий, алтан соёмбын хөшөө, сүмт хүрд урлажээ. Өргөөнд анхдугаар Богдын хүрэл баримал, Дара эхүүд биднийг тослоо. Тэднийг Монголдоо, тэр дундаа Төв аймагт цутгажээ. Манай ганц цутгуурын үйлдвэр л дээ. Эл цогцолбор нь эзэнгүй мэт. Сум хүн томилоод ажиллуулъя гэхээр барьсан компаниуд нь хүлээлгэж өгөөгүй, өөрсдөө эзэмших санаатай бололтой.Иймээс арчилгаа орхигдож, өргөөнд цуурал өгчээ. Хэдэн мод суулгасан ч цөм үхжээ.

САРАН ХӨНДИЙД МЯНГАН “ЗУРААЧ” ХОТОЛНО

Энэ зун Саран хөндийд Усан зүйлийн мянган адуу олон улсын фестивальд оролцохоор багширна. Тэд энэ үеэр гадна дотныхонд “Адууны нутаг” гэдгээ гайхуулах боломж олдох нь ээ. Өндөр гэгээний унаган хүлгүүд сүүл, туурайгаараа “уран зураг” зурж, гэрийн хорол тооныг дүрсэлнэ. Адгуус хүртэл ямар гайхамшиг бүтээдгийг дэлхийн дүрслэх урлагийн ертөнцөд яруу тодоор харуулах бололтой. “Бэст Арт” галерейн захирал, уран зураач С.Чулуунбаатарын АНУ-ын уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлэх эл урлагийн төслийг Өвөрхангай аймгийн удирдлага ч таашаан дэмжихээр болжээ.

ЗОХИОЛЧ Л.ТҮДЭВ “УУШГАЙ ҮЗНЭ” ГЭСЭЭР ОЧЖЭЭ

1990-ээд оны босгонд Ардын уран зохиолч Л.Түдэв авгайтайгаа цуг “Уушгай үзнэ” гэсээр энэ суманд хөл тавьжээ. Тэгээд нутгийн хүмүүсээр газарчлуулан Хөшөөн булагийн давааны араас авахуулаад гурван ч уушгайг газар дээр нь судалсан байна. Уушгай гэдэг нь юу юм гэхээр “хүн чулуу” гэсэн үг юм гэнэ. Би лав сонсоогүй үг. Баруун зүгийн нутгаар тийн нэрлэдэг бололтой дог оо. Түүнээс арваад жилийн өмнө 1981 онд Тарвагатайн давааны Галуутын хаданд нэг лут эрдэмтэн эр баахан оюутнууд дагуулан ирж, газрын хөрсийг ганцхан өдөр яралзтал маажиж малтан ховор сонин эд зүйлс авч одсоныг нутгийнхан өдгөө ч ярьсаар байна.

ХОРИГДЛУУДААР БУГАА ХЯДУУЛСАН НЬ

Тээр жил эл нутгаар буга, согоо үржээд сүйд болжээ. Хархориноос хоригдлууд хүртэл авчирч, хөгшин болоод эмгэгтэй бүгдийг хядуулсан байна. Гэтэл чив засаа, эвэр, согооны савны наймаа цэцэглэж, мөнөөх хангайн амьтан ганцхан хаврын дотор бүр устаж мөхөх дээрээ тулсан бугын сүрэг нэг үеэ бодоход овоо өсжээ. Гэвч эврийн ангуучид хавар болохоор бүр хоньчилж хариулаад, ясан эврийг нь авдаг болсон гэнэм. Хотын ченжүүд тэднээс нэг кг-ийг нь 50 мянган төгрөгөөр авч, хужаа руу дамлана. Эврийн ченжүүдэд мэргэжлийн хяналтынхан зөвлөмж гардуулбал зохино. Яг л нөгөө замын цагдаагийнхан толины хулгайчтай биш, техникийн захын хулгайн толь зардаг наймаачидтай тэмцдэг шиг. Согоо нь дангаараа сүрэглэнэ. Орооныхоо үед л дайр /эр буга/-тайгаа нийлнэ. Бусад цагаар дайр торлог модон дунд амарч, согоог бусдаас булааж авах хүч чадлаа хуримтлуулна. Эх согоо нэг илий төрүүлдэг ч хааяа ихэрлэх нь бий. Ийн бичээд байваас үл дуусах тул даруй дуусган цэг тавьсу. Ертөнцийн диваажин Есөнзүйл минь зун сайхан учиръя, түр баяртай.

АВГАРЖИН Ж.БАЯРЖАРГАЛ

УБ-Элсэн тасархай-Мөнхбулаг

2019.03.10

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *