Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“Дан дээлтэй” сайд нар жулдаад байгааг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хүлээн зөвшөөрөв

УИХ-ын чуулганы 2021 оны аравдугаар сарын 21-ний хуралдаан дээр нэг яриа болсон. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “дан дээлтэй” сайд нарын чадал муутай байгааг шүүмжилж, тэдэнд хариуцлага тооцохыг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид анхааруулсан юм.

Яг юу ярилцсаныг сануулахад Т.Аюурсайхан “Ажил хийж чаддаггүй дарга нар маш их байна шүү дээ. Эд нар доор ажиллаж байгаа сайд нараа базаад өгөх хэрэгтэй. Ялангуяа туршлагатай, зангарагтай гэж бодоод л Нямдорж гуайг ХЭГ-ын даргаар тавьсан байх. Үүнийг танаас хүсээд байгаа шүү дээ. Ер нь бол ажлаа хийж чаддаггүй хүмүүс байна. Бичиг цаасны боловсролгүй хүмүүс байна. Төлөвлөлт зохион байгуулалт хийж чаддаггүй. Хувийн зохион байгуулалт муутай. Хамт олон, хүн удирдаж чаддаггүй. Аж ахуйн ажил мэддэггүй. Ийм хариуцлага муутай хүмүүсээр дүүрэн байна. Алдаа дутагдал их гаргаж байна” гэсэн.

Хариуд нь Ц.Нямдорж “Хариуцлагын асуудал Засгийн газрын гишүүдэд тооцох бүрэн эрх нь Ерөнхий сайдад байдаг. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд нь сайд нараа томилж, УИХ-д танилцуулдаг. Ерөнхийлөгчид танилцуулдаг. Сайд нартай холбоотой шүүмжлэлүүд гараад байгаа. Энэ нь нэг талаас гарахаас аргагүй юмнууд байгаа. ХЭГ-ын даргын тухайд бол Засгийн газрын ажлын аппарат шүү дээ. Ерөнхий сайд, Шадар сайдын өмнүүр орж бусад сайдыг захираад байх бололцоо их муутай. Тэгж оролцох юм бол хоёр, гурван Ерөнхий сайдтай болчих,тийм онцгүй зураг харагдана. Гэхдээ хүндэрсэн үед сайд нартай ярьж байгаа. Зохицуулж байгаа. Энэ мэдээж хэрэг, нийтийн өмнө УИХ-ын ажил шиг ил явдаггүй. Миний өрөөнд ямар ажил болж, Засгийн газрын түвшинд шийдвэр гардаг нь гишүүдэд мэдэгддэггүй учраас тэгж харагдаад байж магадгүй. Жишээ нь, тээвэрчдийн асуудал гээд Говьсүмбэр Гашуунсухайтын хооронд арваад хоногийн бужигнаан боллоо. Өчигдөр үүнийг эцэслэн зохицуулж байх жишээтэй. Улаанбаатар хотод нүүрсний тасалдал гарсан. Тэрийг Засгийн газрын түвшинд ярьж байгаад надад хариуцуулаад, зохицуулсан. Ийм ажлууд хийгдэж байгаа. Их хүндэрсэн үед нь орж зохицуулна уу гэхээс биш сайд нарын өдөр тутмын ажилд ХЭГ-ын дарга Ерөнхий сайдыг төлөөлж юм болгоныг нь зохицуулж, удирдаад байх бололцоо тэр бүр гарахгүй л байна” гэсэн тайлбарыг өгсөн.

Тэгэхэд нь Т.Аюурсайхан “Ажил төрлөө сайжруул л даа, та нар. Ер нь ажил яагаад ийм муу явдаг болчихсон юм бэ, энэ төрд. Яагаад хүмүүс ийм хариуцлагагүй болчихсон юм бэ. Яагаад ийм хайнга болчихсон юм бэ. Тэгээд чадахгүй юм байж яагаад албан тушаалтайгаа ингэж их зууралдах дуртай болчихсон юм бэ. Зарим хүмүүстэй хариуцлага яримаар байна шүү дээ, та нар. Чөлөөлөөд, дараагийн хүмүүсийг нь хариуцлагажуулаад явмаар байна. Тэгээд амьдрал мэдэхгүй. Улс орныхоо нөхцөл байдлыг мэдэхгүй. Юу хийж байгаагаа мэдэхгүй. Яаж энэ улсыг удирдаж, яаж энэ салбаруудаа удирдаад та нар сууж байдаг юм бэ” гэж ундууцсан байдаг.

Үүнд Ц.Нямдорж “Энэ залуу сайд нар жил болчихлоо. Зарим нь найман сар болж байна. Эд нарт сайжиртал нь хугацаа хэрэгтэй байдаг л даа. Одоо энэ сайд нар цаашаа ажлаа сайн хийгээд явчих байлгүй дээ гэж бодох юм байна шүү дээ. Гишүүдийн талаас, олон нийтийн талаас гараад байгаа шүүмжлэл бол буруу биш гэж би бодож байгаа. Буруу биш. Алдаатай, оноотой ажиллаад л явж байна. Өмнөх бүх Засгийн газар, ерэн оноос хойшхи Засгийн газруудыг би ярьж байна, тэдний дотро энэ Засгийн газар шиг ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа Засгийн газар байгаагүй. Ковид гарчихсан. Бүх юм хорио цээрт орчихсон. 10-30 хувийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. ЗГХЭГ жишээ нь, ковидоос шалтгаалаад одоог хүртэл ийм л бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Яамд ялгаа байхгүй. Ийм хүндрэлтэй юмнууд байна. Хүндрэлтэй юмнуудын дунд залуу сайд нар самгардах юмнууд байна. Энийг бас үгүй гэж хэлж болохгүй” гэсэн хариултыг өгч байв.

Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэгэхэд “дан дээлтэй” сайд нартай холбоотой дараалан үүссэн олон асуудалд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн гэхэд болно. Яалаа даа, шатахуун тасалсан, шахмал түлш бас тасалсан, хил хаалгасан, тээвэрчдийг бухимдуулсан гээд “дан дээлтэй” сайд нарын өдүүлсэн “хэрэг” олон бий. Тиймээс Т.Аюурсайхан тэдгээр сайдад хариуцлага тооцох ёстой гэсэн.

Гэвч Ц.Нямдорж “дан дээлтэй” сайд нартаа хариуцлага тооцно гэж дуугарсангүй. Харин өмөөрсөн өнгө аястай хариултыг өгчээ. Тэрбээр “Эд нарт сайжиртал нь хугацаа хэрэгтэй байдаг л даа. Одоо энэ сайд нар цаашаа ажлаа сайн хийгээд явчих байлгүй дээ гэж бодох юм байна шүү дээ” гэсэн байгаа юм. Гэхдээ Ц.Нямдорж “дан дээлтэй” сайд нараа жулдаад байгааг “Гишүүдийн талаас, олон нийтийн талаас гараад байгаа шүүмжлэл бол буруу биш гэж би бодож байгаа. Буруу биш”, “Хүндрэлтэй юмнуудын дунд залуу сайд нар самгардах юмнууд байна. Энийг бас үгүй гэж хэлж болохгүй” хэмээн хүлээн зөвшөөрөв.

Цаашид энэ хэвээрээ явбал “дан дээлтнүүд”-ийн хариуцсан салбарууд лав дампуурна. Ерөнхий сайд нь Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлнэ гээд ам гарчихсан. Айхавтар шинэчлэл, өөрчлөлттэй ажил хийгдэнэ гэж яригдаад байгаа шүү дээ. Тэр бүхнийг энэ “дан дээлтнүүд” даах уу. Ийм л асуулт босч ирээд байна даа, сүүлийн үед.

Б.Тулгат

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *