Categories
мэдээ цаг-үе

“Далд өлсгөлөн”-гөөс сэргийлэх нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Б.Цогтбаатартай ярилцлаа.


-Сүүлийн үед далд өлсгөлөн гэж их ярих боллоо. Далд өлсгөлөн гэж яг юуг хэлдэг вэ? Та энэ талаар тодруулна уу?

-Дэлхий дахинаа аминдэм, эрдэс бодисын дутлыг “далд өлсгөлөн” гэж нэрлэдэг билээ. Монгол Улсын хүн ам, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд зарим хэлбэрийн “далд өлсгөлөн” буюу амин дэм, эрдсийн дутал түгээмэл байна. Хүний бие мах бодид амин дэм, эрдэс бодис үүсдэггүй тул тэдгээрийг өдөр тутам хоол хүнсээр зайлшгүй авах шаардлагатай байдаг. Аминдэм, эрдэс бодисыг “бичил тэжээл” гэж нэрлэдэг бөгөөд хүний бие махбодид маш бага хэмжээгээр шаардагдах боловч хэвийн өсөлт хөгжил, эрүүл амьдрал, аливаа өвчнөөс сэргийлэхэд чухал үүрэгтэй.

-Та зарим төрлийн далд өлсгөлөн гэж ярилаа. Яг ямар төрлийн амин дэм, эрдсийн дутал монголчуудын дунд түгээмэл байна вэ. Амин дэм, эрдсийн дутлыг хэрхэн судалж, ирүүлдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь 1992 оноос өнөөг хүртэл үндэсний түвшинд таван удаа нийт хүн ам, хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх судалгааг зохион байгуулсан. Дээрх судалгаагаар хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд төмөр, иод, А, Д аминдэмийн дутал, түүнээс шалтгаалсан эмгэг түгээмэл байгааг тогтоосон.

Цус багадалтын тархалтыг анх 1999 онд хоол тэжээлийн үндэсний II судалгаагаар тогтоосон. Үүнд: Тав хүртэлх насны хүүхдийн 48.5 хувь, төрөх насны эмэгтэйчүүдийн 16.9 хувь цус багадалттай байгааг илрүүлсэн. Судалгаанаас харахад тав хүртэлх насны хүүхдийн дунд цус багадалтын тархалт тогтвортой буурахгүй байгаа бөгөөд тав хүүхэд тутмын нэг нь цус багадалттай байна. Аж байдлын түвшинээр чинээлэг өрхийн хүүхдийн дунд ч цус багадалтын тархалт харьцангүй түгээмэл 18.5 хувь нь, ядуу өрхийн гурван хүүхэд тутмын нэг нь цус багадалттай байгааг илрүүлсэн. Мөн төрөх насны 10 эмэгтэй тутмын нэг, таван жирэмсэн эмэгтэй тутмын нэг нь цус багадалттай бөгөөд төрөх насны болон жирэмсэн эмэгтэйчүүдийн 30 орчим хувь төмөр дуталтай байгаа нь энэ төрлийн “далд өлсгөлөн” манай улсын нэн тэргүүнд шийдвэл зохих, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болохыг илтгэж байна.

-Манай улсын хүн амын дунд А, Д аминдэм дутал түгээмэл байгаа гэж та хэллээ. Ялангуяа Д амин дэм дутлын тархалт маш их байгаа талаар хэвлэл мэдээллээр нэлээд ярьсан. Д амин дэмийн дутлын тархалтын түвшин ямар байгаа вэ?

-Хүний бие махбодын эрчимтэй өсөлтийн үе буюу нялх, балчир, өсвөр нас, жирэмслэлтийн үед А, Д амин дэмийн хэрэгцээ хамгийн өндөр байдаг. Д аминдэм нь кальцийг биед шингээх, ясны хэвийн өсөлтийг хангахад чухалүүрэгтэй. Д амин дэм дутагдахад ясны эрдэсжилтэд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс зөөлөрч сийрэгжих, хугарамтгай болох эрсдэл нэмэгддэг. А аминдэм нь биеийн эд, эсийн нөхөн төлжилтөд оролцохын зэрэгцээ дархлааны тогтолцооны бүрэлдэхүүнд багтаж, халдвартай тэмцэхэд тусалдаг. Судалгаануудын дүнгээр А, Д амин дэмийн дутал хүн амын дунд түгээмэл байгааг илрүүлсэн. Тав хүртэлх насны хүүхдийн дунд А амин дэмийн дутал 9.5 хувь буурсан байгаа хэдий ч (ХТҮС-V, 2017он) нөөц багатай буюу дуталд өртөх эрсдэлтэй, “далд өлсгөлөн”-гийн байдалд байгаа хүүхдийн эзлэх хувь маш өндөр (60.1%) байгааг илрүүлсэн.

Рахит бол Д аминдэм дутлын хүнд, ужиг хэлбэр юм. Хоол тэжээлийн судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдэд рахитыг оношлох үзлэг хийж, нийт хүүхдийн 75 хувь эмнэл зүйн аль нэг шинжийг илрүүлсэн байдаг. Мөн 6-59 сартай 10 хүүхэд тутмын 6 нь (61 хувь) Д аминдэм дуталтай байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 75.4 хувь нь Д аминдэм дуталтай, 20.2 хувь нь нөөц багатай, 15-49 насны эрэгтэйчүүдийн 40.4 хувь Д аминдэм дуталтай, 41.9 хувь нь нөөц багатай буюу дутлын байдалд шилжихэд ойрхон байгааг судлаачид тогтоосон. Манай улсад зүрх судасны өвчлөл нь хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаантай өнөө үед насанд хүрэгчид, хүүхдийг Д аминдэм дутлаас сэргийлэх, Д аминдэмийн бэлдмэлийн хангамж, хүртээмжийг сайжруулах нь нийт хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулахад зарим нааштай үр дүн авчрах магадлалтай юм.

Дүрслэл 2. МУ-ын өрхийн иоджуулсан давсны хэрэглээ ба хүүхэд эмэгтэйчүүдийн шээсээр ялгарах иодын дундаж голч хэмжээ, 1996-2017 онд

-Хоол тэжээлийн V судалгааны дүгнэлт, зөвлөмжид иод дутлын асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байна гэж дүгнэсэн байсан. Манай улс иод дутлын эмгэгтэй тэмцэх ажлыг олон жил амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэдэг юм билээ. Гэтэл уг асуудлыг бүрэн шийдэгдээгүй байна гэж дүгнэсэн шалтгааны талаар тодруулж ярина уу?

-Таны асуултад хариулахын өмнө иод дутал, түүний хор хөнөөлийн талаар товч мэдээлэл өгмөөр байна. Манай улсын эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж буй дараагийн асуудал бол “иод дутал” юм. Хоол хүнсээр авах иодын хэмжээ хангалтгүй байх нь иод дутлын үндсэн шалтгаан болдог. Иод дутлаас хүний бие махбодын өсөлт, хөгжилд олон тооны саатал үүсдэг бөгөөд тэдгээрийг бүхэлд нь иод дутлын эмгэг гэж нэрлэдэг. Жирэмсэн эмэгтэй иодын дуталд өртвөл үр зулбах, дутуу төрөх эрсдэл нь нэмэгддэг бөгөөд амьдарч чадсан ургийн өсөлт хоцрогдож,төрсний дараа төрөлхийн өсөлтийн хоцрогдолтой, оюун ухааны хомсдолтой хүүхэд болон өсдөг. Жирэмсэн эх иодын хөнгөн хэлбэрийн дуталд өртөхөд ч, хожим төрөх хүүхдийн суралцах, боловсрол эзэмших, сэтгэн бодох чадвар (IQ) буюу оюун ухааны чадамж 10-15 хувиар буурдаг байна.

Монгол хүний иодын (иод нь далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг)хэрэгцээгээ хангах үндсэн эх сурвалж нь иоджуулсан давс юм. Давсыг иоджуулж, иод дутлаас сэргийлэх нь манай улсын хувьд хэрэгжүүлэх боломжтой, үр дүнтэй арга зам хэвээр байгаа. Анх 1992 онд иод дутлын эмгэг манай улсын нэлээд олон аймгийн хүн амын дунд “хүнд” зэргийн тархалттай байгааг судалгаагаар илрүүлсэн үеэс эхлэн иод дутлаас сэргийлэх асуудал эрүүл мэндийн салбарын тэргүүлэх бодлого болсон. Хүнсний давсыг иоджуулах арга хэмжээг 1995 онд эхлүүлж, 2003 онд “Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай” хуулийг баталж, хүнсний зориулалтын бүх давсыг иоджуулах асуудлыг хуульчилсан билээ. Гэсэн хэдий ч хүн ам, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд иод дутлын тархалт тогтвортой буурахгүй байгааг судалгааны дүн харуулж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн иодын хангамж хангалтгүй, тэдний шээсээр ялгарах иодын хэмжээ 150 мкг/л-ээс бага, иод дуталтай байгаа нь төрөлхийн иод дуталтай хүүхэд төрүүлэх эрсдэл оршсоор байгааг хоол тэжээлийн үндэсний V судалгаа(2017он)-аар илрүүлсэн. Үүнээс үүдэн иод дутлын асуудал бүрэн шийдэгдээгүй байна гэж судлаачид дүгнэсэн юм.

Тав хүртэлх насны хүүхдийн дундах рахит, А, Д аминдэм дутлын байдал, 2004-2017 онд

-Аминдэм, эрдсийн дутлаас яаж сэргийлэх вэ. Далд өлсгөлөнгөөс сэргийлэх ямар ямар арга байдаг вэ. Танай төвөөс ямар арга замыг зөвлөж байна.

-Дэлхий нийтээрээ “далд өлсгөлөн буюу аминдэм, эрдсийн дутал”-аас сэргийлэх арга хэмжээг хоёр үндсэн чиглэлээр хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, бичил тэжээлийн дуталд өртөмтгий, зорилтот бүлгийн хүн амыг аминдэм, эрдсийн бэлдмэлээр хангах, хоёрдугаарт, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах арга хэмжээг ашиглаж байна.

Хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар аминдэм, эрдсийн дутлаас сэргийлэхийн тулд гурван чиглэлийн арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Үүнд, олон нэр төрлийн хүнсний зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг шаардлагатай аминдэм, эрдсийн бэлдмэлээр тогтмол хангах, хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах гэхчлэн.

Манай улс бага насны хүүхэд, хөхүүл хүүхэдтэй эх, жирэмсэн эмэгтэйчүүдийг А, Д аминдэм, төмөр фолийн хүчил, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл (ОНБТБ)-ээр хангах зорилтот арга хэмжээг 1993 оноос НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэг хязгаарлагдаж, Засгийн Газрын санхүүжилтийн дутмаг байдалтай холбоотойгоор тав хүртэлх бага насны хүүхэд, хөхүүл эх, жирэмсэн эмэгтэйчүүдийг олон найрлагат бичил тэжээл, Д аминдэмийн хангамж тасарч, улмаар рахит, Д амин дэмийн дутлын тархалт 2010 оны түвшнээс нэмэгдсэн төдийгүй, цус багадалт, төмөр дутлын байдал буураагүй байна. Мөн нийт хүн ам болон жирэмсэн эмэгтэйчүүдэд давсны хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвлөдөггүй тул тэдний өсөн нэмэгдсэн иодын хэрэгцээг хангахын тулд иод агуулсан аминдэм, эрдсийн бэлдмэл хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд нийт бүс нутгийн түвшинд ≥95 хувьд хүргэхээс гадна, жирэмсэн эмэгтэйчүүдийн иод агуулсан бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээг дэмжих шаардлага тулгамдаж байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд нийт хүн амыг “далд өлсгөлөн”-өөс сэргийлэх үндсэн арга зам, өргөн хэрэглээний хүнсийг баяжуулах асуудал шийдэгдээгүй байна. Хүнсийг баяжуулах нь өртөг багатай, үр ашиг өндөртэй нийгмийн эрүүл мэндийн суурь арга хэмжээ болохыг дэлхийн олон орон туршлагаар баталсан байдаг. Харамсалтай нь манай улсад гурилыг төмөр, цайр, В-гийн төрлийн зарим аминдэмийн холимогоор, сүүг Д аминдэмээр баяжуулах асуудал сүүлийн 10-аад жил яригдаж, ганц нэг оролдлого хийгдсэн ч өнөөг хүртэл бодлого, эрх зүйн зохицуулалт шийдэгдээгүй, албан журмын хүнс баяжуулалт ажил хэрэг болоогүй байна. 2017 онд УИХ-ын гишүүд “Баяжуулсан хүнсний тухай” хуулийн төсөл боловсруулж, батлуулахаар өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг эцэслэн боловсруулж, батлуулах ажлын хэсэг “Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо”-ны дэргэд байгуулагдсан бөгөөд дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд манай төвийн мэргэжилтнүүд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Ярилцсан танд баярлалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *