Categories
мэдээ нийгэм

Дахин төлөвлөлтийн 1040 айлын орон сууц ашиглалтад орно

Гэр хорооллыг орон сууцаар солихоор нийслэлээс гэр хорооллын иргэдтэй хамтран “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч энэхүү дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд эхнээсээ орох оронгүй болж, хохирсон тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн Г.Цэрэнбат, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ж.Туул нар барилгын компаниудад хулхидуулж, хүчээр газрыг нь чөлөөлүүлсэн тухай мэдээлэл байлаа. Тэгвэл өнөөдөр энэхүү эрхээ ноцтой зөрчүүлсэн гэх иргэдийн мэдээлэлд нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, холбогдох барилгын компаниуд хариу тайлбар, мэдээлэл өглөө. Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн Г.Цэрэнбатын тухайд телевизэд өгсөн ярилцлагыг нь нэр бүхий зарим сайтууд мушгин хөрвүүлэн буулгаж нийтэлсэн гэж иргэн Г.Цэрэнбатын охин тайлбарлалаа.

Зарим сайтын мушгин гуйвуулсан гэх мэдээлэлд Г.Цэрэнбат нь 2013 оны аравдугаар сард “ЖиДи” компанитай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдахаар хоёр талт гэрээ байгуулсан. Харин өнгөрсөн намар буюу аравдугаар сард дахин гурван талт гэрээ байгуулж, газраа чөлөөлсөн. Гэвч “ЖиДи” компани өнгөрсөн хоёр жилд нэг ч удаа түрээсийн зардал өгөөгүй, хуучин хашаа байшингийн үүдийг таглаж, цахилгааныг нь тасалсан. Ингээд амьдрах газаргүй болж, гудамжид гарснаас болж хоёр хүүхэд нь нас барсан зэрэг дурдагджээ. Гэвч бодит байдал дээр иргэн Г.Цэрэнбатын газар төслийн эхний ээлжийн барилга угсралтын талбайд ороогүй учир газраа чөлөөлөхийг яаруулаагүй байна. Хэрэв газар чөлөөлсөн тохиолдолд түрээсийн зардлыг иргэн өөрөө хариуцна гэсэн тайлбарыг иргэн Г.Цэрэнбатад хийжээ. Дээрх тайлбарыг иргэн Г.Цэрэнбат зөвшөөрч хоёр талт гэрээ байгуулжээ. Харин цахилгааны тухайд иргэн Г.Цэрэнбат өнгөрсөн аравдугаар сард өөрөө Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээд хандаж, цахилгаан ашиглахгүй шалтгаанаар таслуулжээ.

Харин Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд оршин суугч Ж.Туулын тухайд “Бэрэн” компани бага үнээр газар үнэлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хүчээр газар чөлөөлөхийг шаардсан, орон байрыг нь нураан сүйтгэж, ноцтой хохирол учруулсан гэж мэдээлжээ. Гэвч Ж.Туул нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны 96 тоот хаягт амьдардаг боловч тухайн байршилд газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших гэрчилгээгүй, хууль ёсны өмчлөгч биш аж.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршил 75 хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөж, газрыг инженерийн шугам сүлжээтэй холбон орон сууцжуулах зорилготой. Үүнээс одоогоор 22 байршлын 57 хэсэгчилсэн талбайд үндэсний 39 барилгын компани шалгарч, орон сууц барих ажлаа эхлүүлсэн явж байна. Өнөөдрийн байдлаар нийт 1300 өрх барилгын компаниудтай тохиролцон нийт 78.3 га газраа чөлөөлж өгчээ. Харин тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2014 онд 588, 2015 онд 1651 айлын орон сууц ашиглалтад орж, нийт 2239 өрх хашаа байшингаа орон сууцаар сольсон байна. Өнөөдрийн байдлаар 7000 гаруй айлын орон сууцын барилгын ажил эхэлснээс 1040 айлынх нь ирэх зургаадугаар сардаа багтан ашиглалтад орох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *