Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Есөн-Эрдэнэ: Өнөөдрийн байдлаар 413 мянган тонн үр тариа хурааж аваад байна DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэтэй энэ жилийн ургац хураалтын талаар ярилцлаа.


-Энэ жил улсын хэмжээнд хэдэн га талбайд тариалалт хийсэн бэ. Одоогоор хэдэн тонныг хураагаад байна вэ?

-Энэ жил улсын хэмжээнд нийт 349.6 мянган га талбайд үр тариа тариалсан. Үүнээс улаанбуудай 316.7 мянган га, төмс 18.9 мянган га, хүнсний ногоо 18 мянган га, тосны ургамал 124.9 мянган га, тэжээлийн ургамал 92 мянган га талбайд тариалсан.

Өнөөдрийн байдлаар 413 мянган тонн үр тариа хурааж аваад байна. Үүнээс 377.5 мянган тонн улаанбуудай, 160.7 мянган тонн тэжээлийн ургамал, 56.0 мянган тонн тосны ургамал, 239.0 мянган тонн төмс, 221 мянган тонн хүнсний ногоо хурааж авсан гэсэн урьдчилсан мэдээтэй байгаа.Зарим бүс нутгуудад тэжээлийн таримлын ургац хураалт, тээвэрлэлтийн ажил зохион байгуулагдаж байна.

Тухайлбал, Хэнтий аймагт тэжээлийн таримлын татан авалт хийгдэж байна. Үндсэндээ ургац хураалтын ажил дууссан гэж хэлж болно. Ургац хураалтын нэгдсэн дүн арваннэгдүгээр сарын 15 гэхэд эцэслэж гарна.

-Улаанбуудайг аль аймгуудад голчлон тариалдаг вэ?

-Үр тарианы үйлдвэрлэлийг тариалангийн төвийн бүсэд голчлон эрхэлж байна Тухайлбал Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Дархан-Уул, Увс, Орхон аймгуудад голчлон тариалдаг. Тариалангийн тухай хуулийн дагуу аймгийн иргэдийн хурлын тогтоолыг үндэслэн Засгийн газрын 131 дүгээр тогтооолоор Тариалангийн бүс нутгийг тогтоосон. Тариалангийн бүс нутагт найман аймгийн 68 сум хамрагдаж байна.

-Манай улсын гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангахад дунджаар хэдэн тонн улаанбуудай хэрэгтэй вэ. Энэ хэрэгцээгээ бүрэн хангаж чадаж байгаа юу. Мөн төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ хангаж чадах уу?

-Гурилын хэрэгцээг бүрэн хангах улаанбуудайг тариалах нөөц боломж бидэнд бий. Дотоодын хэрэгцээгээ хангахад жилдээ 230-240 мянган тонн гурил шаардлагатай болдог. Энэ хэмжээний гурилыг үйлдвэрлэхэд 300-320 мянган тонн улаанбуудай хэрэгтэй гэсэн тооцоо байдаг. Төмс болон төмсний үрийн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж байна. Мөн лууван, манжин, хүрэн манжин гэсэн гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээгээ ч хангаж байгаа. Байцаа, сонгино, сармис гэх мэт зарим төрлийн хүнсний ногооны тариалалт өнгөрсөн жилээс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бид ойрын хугацаанд голлох арван нэр төрлийн хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодоосоо хангана гэсэн зорилт тавин ажиллаж байгаа.

-Энэ жилийн ургац хураалтад ямар ямар саад тулгарч байв?

-Ургац хураалтын ажил богино хугацаанд явагддаг учраас хүн хүч ихээхэн шаарддаг. Тэгэхээр хүн хүчний асуудал чухал болоод байна. Мөн тээвэр, зохион байгуулалт, цахилгаан эрчим хүч тасалдах гээд асуудлууд тулгарсан. Байгаль цаг уурын эрсдлээс гадна тариалангийн талбайд мал орж ургац сүйтгэх гэсэн асуудлууд байсаар байна. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий улсын ургацын комисс ажилласан бөгөөд аймаг, орон нутагт зохион байгуулалттай холбоотой ажлыг хийж хэрэгжүүлсэн. Цаашид төр хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг механикжуулах, тариалангийн талбайн хөрс хамгаалах ажлыг эрчимжүүлэх шаардлага байна.

-Цэргийн алба хаагч, оюутнуудыг ургац хураалтын ажилд хэр дайчилж ажилласан бэ?

Жил бүр цэргийн алба хаагчид болон оюутнууд ургац хураалтын ажилд нэмэлт хүч болон ажилладаг. Тариалан бүхий ААН-үүд Их, дээд сургуулиудтай гэрээ байгуулж, оюутнуудад хөдөлмөрийн хөлс өгөөд ажилладаг. Жилд дунджаар 1400 цэргийн алба хаагч, оюутан ургац хураалтад дайчлагддаг.

-Тариаланчид нэг тонн улаанбуудайг дунджаар хэдэн төгрөгөөр борлуулж байгаа талаар мэдээлэл бий юу?

-Худалдаж авах үнэ нь янз бүр байдаг. Хөдөө аж ахуйн корпораци стратегийн нөөцөнд улаанбуудай худалдаж авдаг. Одоогоор 40 орчим мянган тонныг худалдаж аваад байна. Нэг тонн улаанбуудайг тариа-ланчдаас ангиллаас нь хамаарч 900.000-1.150.000 төгрөгөөр худалдаж авдаг. Тариаланчид гурил үйлдвэрлэгчид харилцан үнээ тохиролцож худалдан авалтыг хийдэг. Цаашид биржээр улаанбуудай, улаанбуудайн үр тариалах ажлыг зохион байгуулна. Энэ намар улаанбуудайн биржийн арилжааг туршилтаар зохион байгуулсан.

-Хүнсний зориулалтаар нийлүүлсэн улаанбуудайн тонн тутамд улсаас мөнгөн урамшууллыг тариаланчдад олгодог. Энэ жилийн урамшууллын хэмжээ хэдэн төгрөг байхаар тогтсон бэ?

-Өнгөрсөн жилүүдэд тонн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгодог байсан. Энэ жилийн тухайд мөн 80 мянган төгрөгийн урамшууллыг он гараад олгож эхэлнэ. Тариалан үйлдвэрлэлийн нэгдсэн систем /www.plant.mofa.gov.mn/, урамшууллын нэгдсэн систем гээд цахим систем бий. Энэ системээр дамжуулан тариаланчид урамшуулал авах хүсэлтээ гаргаж байгаа бөгөөд урамшууллыг цахим системээр олгодог.

-Ямар стандарт шаардлагыг хангасан улаанбуудайг хүнс үйлдвэрлэлд хэрэглэдэг вэ?

-Хүнсний буудайд тавигдах техникийн ерөнхий шаардлага MNS 0097:2010 гэж Монгол Улсын стандарт бий. Улаанбуудай нь тэр заасан шаардлагуудыг хангасан байх ёстой.

-Тариалан эрхлэгчдийг дэмжиж хэр хэмжээний зээл, тусламж өгч байна вэ?

-“Хөдөө аж ахуйн Корпораци” ТӨХХК нь тариалан эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэд хэдэн ажил хийгдсэн. Нэгдүгээрт, “Хүнсний хангамж, аюулгүй байдал Үндэсний хөдөлгөөн”-ий хэрэгжилтийн хүрээнд арилжааны 10 банкнаас жимс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 400 иргэн, аж ахуйн нэгжид 20.5 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэгч 489 иргэн, аж ахуйн нэгжид 91.3 тэрбум, нийтдээ 111.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Хоёрдугаарт, “Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжуулалтыг сайжруулах, техник, технологийн шинэчлэл хийх зорилгоор тухайн жилд худалдан авсан техникт 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх” арга хэмжээнд 3.9 тэрбум төгрөг төлөвлөгдөж нийтдээ 137 иргэн, аж ахуйн нэгжид төмс, хүнсний ногооны тариалалт, хураалтын 100 ширхэг техник хөнгөлөлтөд хамруулсан. Үүний үр дүнд төмс, хүнсний ногооны 1200 га талбайн ажлыг механикжуулах боломжоор хангасан. Гуравдугаарт, “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдвэрлэж, 2023-2024 онд зоорь агуулах барих чиглэлээр нийт 69 иргэн, аж ахуйн нэгжид 63.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгосон бөгөөд үүний үр дүнд улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны зоорийн багтаамжийг 20 мянган тонноор нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Дөрөвдүгээрт, хаврын тариалалтад зориулан “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь хүсэлт гаргасан 359 аж ахуйн нэгж, иргэнд 11.6 мянган тонн улаанбуудайн үр, 50.1 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 10-30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгосон.

Ө.Анхзаяа

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *