Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Уламбаяр: Даяаршил, дижиталчлалын өнөө үед олон улсын харилцааны хоёр туйлт систем рүү эргэж орох боломжгүй DNN.mn

Хүмүүнлэгийн их сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.


-Сүүлийн үед олон улсын шинжээчид хоёр туйлт дэлхий ертөнцийн талаар их ярих боллоо. Сан Францискод болсон АНУ, Хятадын төрийн тэргүүн нарын уулзалтын дараагаас ийм нөхцөл бүрдлээ гэх юм?

-Хятадын зарим судлаачид “Хятад төвтэй, АНУ төвтэй олон улсын харилцааны хоёр туйл бүрэлдэж байна” гэж бичиж буй нь ажиглагддаг. БНХАУ-ын Бээжингийн Ардын их сургуулийн Олон улс судлалын сургуулийн орлогч захирал доктор профессор Жинь Цанрун энэ талаар ихээхэн бичиж, ярьдаг хүний нэг л дээ.

Тэрбээр “Ойрын ирээдүйд гол зөрчил Хятад, Америкийн дунд өрнөнө. Удахгүй БНХАУ АНУ-ыг гүйцнэ. Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Хятадын эргэн тойронд буй Монгол болон Төв Азийн орнууд Хятадыг л түшиглэнэ. Тэдний гол түшиг нь Хятад юм” хэмээн мэдэгддэг. Оросын Украинд бүрэн хэмжээний цэрэг дайны ажиллагаа эхлэхээс өмнө Хятадын судлаачид ОХУ-ыг их гүрнүүдийн хоорондын харилцааг тэнцвэржүүлэгч гэсэн байр сууринаас бичих хандах төлөв ажиглагдаж байсан.

Зарим судлаачид нь ОХУ-ын эдийн засаг бол Хятадын эдийн засгийн аравны нэг хувь буюу Гуанжоугийн ДНБ-ээс ч доoгуур хэмээн чамласан өнгө аястай бичсэн нь бий.

Гэхдээ Хятадын эдийн засгийн удаашрал, ажиллах хүчний хомсдол, хөрөнгийн гадагшлах урсгал, эдийн засаг дахь төрийн оролцоо, улс төрийн системийн өөрчлөлтгүй байдал нь Хятадыг 2030 он, тэр ч байтугай 2050 гэхэд АНУ-ыг гүйцэж түрүүлэх тухай санал дүгнэлтүүдыг эргэж харахад хүргэж байгаа тухай Өрнөдөд бичиж эхэлсэн байна билээ.

-Хэрэв дэлхий ертөнц хоёр туйлтай болбол хүн төрөлхтөнд учрах хор уршиг нь ямар байх вэ. Улс төр, нийгэм эдийн засгийн амьдралд гарах өөрчлөлтүүдийн талаар та яаж харж байна?

-Даяаршил, дижиталчлалын өнөө үед олон улсын харилцааны хоёр туйлт систем рүү эргэж орох боломжгүй болов уу. Орос, Украины дайнтай холбоотой НҮБ-ын Ерөнхий Ассамблейн бараг зургаан удаагийн тогтоолын төслийн санал хураалтад ОХУ-ын талд зогсч буй орнууд нь Белрарусь, Хойд Солонгос, Сири, Иран, Никарагуа зэрэг 5-6 улс л орж байна. БНХАУ санал хураалтад тогтмол түдгэлзсэн байр суурь илэрхийлж ирсэн. Харин хэрхэн яаж АНУ, Британи, Европын холбоо, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Япон, БНСУ, Турк зэрэг нөлөө бүхий гүрнүүд, НҮБ-ын тэгш оролцоотой олон туйлт дэлхийн шинэ дэг журмыг цогцлоох вэ гэдэг асуудал л байгаа юм.

-Олон туйлт дэлхийн шинэ дэг журам төлөвшиж байгаа гэсэн үг үү. Магадгүй дэлхий ертөнцөд хоёр туйлт нөхцөл байдал үүсвэл энэ хоёр том гүрний дунд оршиж байгаа Монгол Улсын хувь заяа хэрхэх вэ?

-ОХУ, БНХАУ олон улсын харилцааны олон туйлт төв төлөвших хандлагын чухлыг тэмдэглэж байгаа. Гэвч хоёр хөршид эрх мэдэл нэг хүний гарт улам бүр төвлөрч, авторитар дэглэм эрчээ авна. Олон нийтийн мэдээлийн хэрэгсэлд тавих хяналт чангарч, хүний эрх, эрх чөлөө боймлогдож, тэдгээр нь иргэдийн эрх чөлөөг эрхэмлэх үзэл бодолтой улам бүр зөрчилдөж, эдийн засаг дахь төрийн эрх мэдэл үлэмж нэмэгдэж байгаа нь алсдаа асуудал үүсгэх магадлалтай. Тиймээс Монгол Улс хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцах гадаад бодлогын тэргүүлэх чиг шугамаа тууштай баримталж, хоёр хөрш, “гуравдагч хөрш”-ийн бодлогын дунд тэнцвэрийн хүчийг олж, эрх ашгийн тэнцвэр барих явдал чухал болсон. Бид парламентын ардчилал, зах зээлийн харилцааг улам бүр төгөлдөршүүлэх, хариуцлагатай, сайн засаглалыг цогцлоох, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын баталгаажуулалтыг хангах үйл явцыг тасралтгүй хийж байх ёстой юм.

-1990 оны хүртэл дэлхий ертөнц хоёр туйлтай явж ирсэн гэдэг шүү дээ. Социалист орнууд болон барууны капиталист орнууд гээд. Үнэхээр дэлхий дахин хоёр туйлтай болчихвол тэр цаг дахин нүүрлэнэ гэж харж болох уу?

-Дэлхийн II дайн дууссаны дараа ЗХУ, АНУ тэргүүлсэн социализм, капитализм гэсэн хоёр туйлт олон улсын харилцааны дэг журам тогтсон. Үүнийг хүйтэн дайны үе хэмээн нэрлэж байсныг бид бүгд мэднэ. ЗХУ болон социализм системийнхээ хувьд задран унаснаар социализм, капитализмтай хийсэн түүхэн уралдаанд ялагдал хүлээж, хүйтэн дайн төгсгөл болсон. 1990-ээд он бол олон улсын харилцааны нэг туйлт дэг журам буюу АНУ-ын оройлол онцгойрч байсан үе юм. Социализм нуран унаснаас хойш 1990-ээд онд АНУ дэлхий дээр жолоодогчийн үүрэг гүйцэтгэх тухай үзэл санаа бодлогын шинж чанартай болж байгаад лалын ертөнц, ОХУ ихээхэн эгдүүцэн дургүйцэж буй тухай судлаачид, улс төрийн тоймчид онцлон тэмдэглэж байв. Үүнээс гадна энэ үйл явцыг Хятадын судлаачид аль нэг их гүрэн ганцаараа жанжлах гэсэн эрмэлзлэл ч гэж хурцаар шүүмжилж байсан юм. Хүйтэн дайнд ялалт байгуулсандаа эрэмшсэн АНУ, түүний холбоотнууд дэлхий дахинд хүний эрх, эрх чөлөө, ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцааг түгээн дэлгэрүүлэх, сэргээн баталгаажуулах тухай бүх чиглэлд зааж сургаж байв. 2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдлын дараа АНУ-ын тэргүүлэх оройлолтой олон улсын харилцааны нэг туйлт дэг журам төгсгөл болох үе шат эхэлж, 2008-2009 оны дэлхийн санхүү-эдийн засгийн хямралаар цаашид үргэлжилсэн тухай судлаачид тэмдэглэж эхэлсэн байдаг. Даяаршил, дижиталчлалын үйл явц гүнгийрч, харилцан хамаарал тодорхойлогч хүчин зүйл болж, хамгийн хүчирхэг батлан хамгаалах чадавхтай, хамгийн хүчирхэг эдийн засагтай улс гүрэн ч өөрийн аюулгүй байдал, хөгжил дэвшлийг дангаараа хангаж, хөтлөн авч явах бололцоогүй болсон. АНУ, ОХУ,БНХАУ-д энэхүү дүгнэлт юуны өмнө хамаарч байгааг тэмдэглэх ёстой болов уу.

-Орос Украины дайн болох хүртэл дэлхий ертөнц түүхэндээ сүүлийн 30 жил дайн дажингүй амар тайван байлаа гэж хэлж болохоор. Хэрэв БНХАУ Тайваньтай дайтвал Орос, Украины дайнаас илүү том хямрал үүсэх эрсдэлтэй юу?

-БНХАУ Тайванийг цэргийн хүчээр нэгтгэхгүй болов уу. Энэ нь Хятадын хувьд ч том эрсдэлтэй. Зөвхөн Тайванийн ардчилсан статусыг хамгаалах тухай биш. Хятад, АНУ-ын хооронд цэргийн томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөн гарах магадлал байгааг үгүйсгэж үл болно. Нөгөө талд тэрбум 400 сая хүн амтай Хятад улсад тогтвортой байдал маш чухал. Зарим судлаачид тэмдэглэхдээ Тайванийг нэгтгэх тухайд яарах шаардлага байхгүй. “Нэг улс, хоёр систем”-ийн хүрээнд ирээдүйд Хятадад нэгдэнэ. Энэ нь зөвхөн цаг хугацааны асуудал гэж үздэг. Энд нэг зүйлийг тэмдэглэхэд БНХАУ хүйтэн дайны үеийн нэг тал хэзээ ч байгаагүй боловч “Шинэ хүйтэн дайн”-ы үеийн нэг тал болох магадлал байгааг үгүйсгэж болохгүй.

-Дэлхийн геополитик болон гео-эдийн засгийн хямралыг Америк, Хятад хоёроос өөр шийдвэрлэж чадах хүчин байна уу?

-Олон улсын харилцаанд голлох нөлөө бүхий гүрнүүд, дэлхийн хамтын нийгэмлэг НҮБ-ын хамтын хүчин чармайлтаар дэлхий дахинд илүү аюулгүй зохистой шинэ дэг журмыг төлөвшүүлэх шаардлагатай. Түүнчлэн олон туйлт дэлхийн шинэ дэг журмыг төлөвшүүлэх гэдэг нь Өрнөдийн оролцоог үгүйсгэж Орос, Хятад хоёр өөрсдийн нөлөөний хүрээг тогтоох тухай асуудал огтоос биш юм. НҮБ, олон улсын эрхзүйн зарчим, хэм хэмжээг зөрчиж, цөмийн зэвсэгт дулдуйдан хүчээр түрээ барих, бусдын аюулгүй байдлыг бусниулах замаар өөрийн аюулгүй байдлыг хангах, баталгаажуулах оролдлого хийж, чингэснээрээ дэлхийд олон туйлт дэг журам цогцлоох ямар ч боломж байхгүй.

-Ирэх намар болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар БНН-аас нэр дэвшигч Доналд Трамп гарч ирвэл дэлхийн өнөөгийн нөхцөл байдал орвонгоороо эргэнэ гэлцэх юм. Та үүнийг хэрхэн ажиглаж байна вэ?

-АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг улс төрийн голлох хоёр нам доторх сунгаа албан ёсоор эхлээд удаагүй байна. БНН-аас Доналд Трамп нэр дэвших нь бараг тодорхой болох болов уу. Саяхан Айова, Нью Хэмпшир муж улсын намын сунгаанд тэрбээр ялалт байгуулсан байна. Ерөнхийлөгч Жо Байдены 2020 оны сонгуулиар ялалт байгуулсан муж улсууд дахь байр суурь нь хэвээр хадгалагдаж байгаа юм байна. Харин Израиль, Хамасын дайн түүний хувьд том сорилт болж байх шиг. Д.Трамп Жо Байденийг хэлэлтгүй тэрбээр өөрөө ч өндөр настай. Өнгөрсөн долоо хоногт The New York Magazine цахим сэтгүүлд “Д.Трамд үнэхээр дарангуйлагч болох уу?” гэсэн өгүүлэл нийтлэгдсэн байна лээ. Бүр дөрвөн жилийн өмнө, 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулын өмнөхөн The Po­litico.com цахим сэтгүүлд “Трамп авторитар хүн, сая сая америкчууд ингэж харж байна” нэртэй нийтлэл хэвлэгдэж байсныг санаж байна. 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны The Washington Post” сонинд “Трампын дарангуйлал улам бүр зайлшгүй болж байна. Бид жүжиглэхээ болих хэрэгтэй” нэртэй нийтлэлүүд хэвлэгдэж байсан. Д.Трамп “Хэрэв би сонгогдвол Орос, Украины дайныг нэг өдрийн дотор л дуусгана” хэмээн хэдэнтээ мэдэгдсэн. Энэ нь агуулгын хувьд Донецк, Луганск, Запорожье, Херсон гэсэн Украины зүүн дөрвөн мужийг ОХУ-д нэгтгэхийг олон улсын эрхзүйн хувьд хүлээн зөвшөөрөх тухай асуудал. Үүнийг Украин, Өрнөдийн гүрнүүд, түүгээр зогсохгүй НҮБ үл зөвшөөрнө. Доналд Трамп сонгогдвол дэлхийн өнөөгийн нөхцөл байдал орвонгоороо эргэдэггүй юмаа гэхэд ямар ч байсан том өөрчлөлт гарах болов уу. Холбоотнуудын харилцаа ч энд хамаарна. Жо Байдены хувьд сүүлийн нэг жил хагасын хугацаанд АНУ-д инфляци тууштай буурсан, эдийн засагт бодитой өсөлт мэдэгдэхүйц ажиглагдаж эхэлсэн, ажлын байр олноор нэмэгдэж байгаа юм байна. 2023 оны эцсийн дүнгээр шингэрүүлсэн хийн экспортоор дэлхийд нэгдүгээрт, газрын тосны олборолтоор бүр Саудын Арабыг гүйцэж түрүүлж буй зэрэг сонирхолтой эерэг дүр зураг гарч ирж байна. Гэхдээ хэн ялахыг ярих цаг дэндүү эрт байна л даа.

М.МӨНХЦЭЦЭГ

 

One reply on “Д.Уламбаяр: Даяаршил, дижиталчлалын өнөө үед олон улсын харилцааны хоёр туйлт систем рүү эргэж орох боломжгүй DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *