Улсын Дээд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зохицуулалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмонгоос энэ асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Улсын Дээд шүүхээс саяхан Үндсэн хуулийн Цэцэд хандсан байсан. Ямар асуудлаар хандсан бэ?
-Тиймээ, Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу хянан шийдвэрлэхээс гадна Улсын Дээд шүүхийн хүсэлтээр хянан шийдвэрлэх зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд байдаг. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2017 оны аравдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны зургадугаар сарын 9-ний өдрийн Монгол Улсын хуулийн 1, 2 дугаар зүйлд заасан зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар дүгнэлт гаргуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргасан.
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах зарчимтай. Энд хууль дээдлэх зарчмын суурь нь буюу Монгол Улсын Үндсэн хуульд бусад хууль тогтоомж нийцэж байх асуудал зайлшгүй яригдах бөгөөд Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн гуравт тодорхой заалт бий. Энэ ч үүднээс Үндсэн хууль зөрчсөн хуулийг хэрэглэхгүй байх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тусгай зохицуулалт орсон байдаг. Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, уг хууль, Монгол Улсын олон улсын гэрээний талаарх саналаа Улсын Дээд шүүхэд гаргах бөгөөд Улсын Дээд шүүх саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргана.
Энэ тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 184/ШЗ2017/09640 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар Монгол Улсын Дээд шүүхэд санал ирүүлсэн. Энэ саналыг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт мэдүүлэхээр болсон.
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Цэцийн дүгнэлт гаргуулахаар хандаж байгаа вэ?
-Энд үндсэндээ хуулийн хоёр зүйлийг авч үзсэн байгаа. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны зургадугаар сарын 9-ний өдөр батлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд 67.1.5 гэсэн заалт нэмэлтээр орсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахын тулд иргэний хэрэг үүсгэсэн шүүгчээс зайлшгүй хийх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд тогтоосон байдаг. Тухайлбал, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх үүрэгтэй. Нөгөөтэйгүүр, шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой эсхүл өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа явуулж болно. Түүнчлэн талуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг шүүгч хуульд заасан журмын дагуу хийх үүрэгтэй байдаг.
Харин хуульд оруулсан 67.1.5 дахь заалтын нэмэлтээр: “хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах” ажиллагаа хийх үүргийг шүүгчид хүлээлгэсэн зохицуулалт нь Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн эсэх талаар Цэцээр дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзсэн.
Хоёрдугаарт, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай дээрх хуулийн 2 дугаар зүйлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь заалтад өөрчлөлт оруулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд шүүхээс гарах шийдвэрийн агуулгад тавигдах нөхцөл шаардлагыг хуулиар тогтоож өгсөн байдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. “Шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацааг заана” гэснийг “Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, хүний орон байр, бусад газарт нэвтрэх, төлбөр төлөгчийн бие, орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно” гэж өөрчилснийг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд энэ асуудлаар Цэцээс дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзсэн.
Дээд шүүх Цэцэд гаргасан хүсэлтдээ дүгнэлт гаргуулах үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлаж явуулсан байгаа.
-Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан байхаа больсон гэж яригдаад байсан…
-Тиймээ, хууль тогтоомжийн өөрчлөлт, зарим зохицуулалттай холбоотойгоор нэг хэсэг хугацаанд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан хийх эсэх нь эрх зүйн зохицуулалтын хувьд тодорхойгүй байсан. Энэ асуудал Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны тавдугаар сарын 18-ны өдрийн хууль гарснаар тодорхой болсон.
Хуульд нэмэлтээр орсон 171 гэсэн зохицуулалтаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг томьёолсон. Тухайлбал, хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн Цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх, мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх, эгүүлэн татах тухай санал гаргах, түүнчлэн энэ удаа Цэцэд хандсан асуудлаар буюу хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүхэд ирүүлсэн саналыг хэлэлцэж, үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах зэрэг асуудлыг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргахаар болсон.
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааныг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, түүний түр эзгүйд албан үүргийг нь орлон гүйцэтгэж байгаа Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн даргална. Нийт шүүгчдийн хуралдааны ирцийг хуулиар тогтоож өгсөн байх бөгөөд нийт шүүгчдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцохоор заасан байгаа.
Түүнчлэн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд шүүгчдийн санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
Харин Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нийт шүүгчдийн хуралдааны дэгийг батлахаар хуульд заасны дагуу шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд дэгээ баталж, олон жил тасраад байсан Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 2017 оны аравдугаар сарын 23-ны өдөр хийгдсэн.