-ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧДАА ХАМГААЛСАН ЭРХ ЗҮЙН ИНСТИТУЦИ АЛГА-
УИХын гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.
-Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлыг хамгаалах хуулийг санаачлах болсон гол шалтгаан нь юу вэ?
-Хүний эрхийн үндэсний комисс энэ асуудлыг нэлээн нарийн судалсны үндсэн дээр энэ хуулийг боловсруулах хэрэгтэй байна гэдэг саналыг надад тавьсан. Ингээд ХЭҮК, иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн асуудлаар түлхүү ажилладаг байгууллагуудтайгаа хамтарч энэ хуулийн төслийг боловсруулсан. Шаардлага, шалтгааны тухайд ярихад, аливаа нийгэмд хүний эрхийн институциудын хөгжил зогсолтгүй үргэлжилж байдаг, эхлэлтэй төгсгөлгүй процесс. Учир нь хүний нийгэм хөгжихийн хэрээр хүн хоорондын харилцаа шинэ хэлбэр, агуулгуудыг олж байдаг. Өчигдрийн гаргасан хууль өнөөдрийн шинэ орон зайг нөхөх, шинээр бий болж буй орон зай, харилцааг тэр бүр зохицуулж чадахгүй хоцорч эхэлдэг. Тэр дундаа өнөөдрийн технологийн эринд хүний нийгэм маш хурдан хөгжиж байна. Бидний гаргаж байгаа хүн хоорондын харилцааг зохицуулсан хууль дүрэм, норм тэр бүр гүйцэхгүй байгаа юм. Тэр дундаа бид ардчилсан тогтолцоондоо нэлээн сэтгэл ханасан байдалтай байх болж. Ардчилсан тогтолцоотой учраас манай улсын ардчиллыг дэлхий дахинд үнэлж, хүндэлж сүүлдээ бараг магтуулаад сурчихсан. Ер нь ардчиллын хамгийн гол элемент нь хүний эрх юм. Хүний эрхийн тогтолцоо нь бас ч боломжийн болсон гэж үнэлэгдэж байгаа шүү дээ. Иймээс “болчихжээ” гээд ер нь сэтгэл ханачихсан байдалд орчихоод байна. Гэтэл сая хэлсэнчлэн амьдрал аль хэзээний урагшаа явчихсан байхад өчигдөр баталсан хуулиараа сэтгэл ханачихаад л яваад байна. Иймээс шинэ орон зай, зохицуулалтуудыг гаргаж ирэх ёстой болж байгаа юм. Гэтэл хамгийн гайхширмаар зүйл нь хүний эрхийн хамгаалагчдаа хамгаалсан норм, эрх зүйн институци алга. Хүний эрхийн асуудал яригдахад цөөхөн хүн л бусдын өмнөөс дуугардаг юм байна. Хүний эрхийн тогтолцооны үр шимийг хүртэгч, хэрэглэгчид нь ард түмэн нийтээрээ юм. Хүний эрхийг тодорхойлж, тэмцэх нь амаргүй тэмцэл. Хүний эрхийн төлөө тэмцэнэ гэдэг нь хууль хүчний байгууллагуудтай тэр бүр санал нийлэхгүй, тэдгээрийг сөрж ажиллахад оршдог. Хууль хүчний байгууллага хүний эрхэд хуулийн хүрээнд халдах байлаа гэхэд тэгэх босгыг нь өндөрсгөж, хүний эрхийг хамгаалах бамбайг нь зузаан болгож өгөх ажлыг хүний эрхийг хамгаалагчид хийдэг. Энэ тэмцэл нь ердийн тэмцлээс хамаагүй өөр. Дандаа өөрөөсөө давуу хүчтэй төр хэмээх этгээдтэй тэмцэлдэж байгаа юм.
Тиймээс тэдэнд хамгаалалт хэрэгтэй биз дээ. Тэр хамгаалалт нь одоо болтол бий болоогүй байгаа юм. Нөгөө талдаа, хүний эрхийг хамгаалагч нь дандаа цөөнх байдаг. энэ цөөхөн хүмүүсийг айлгаад чимээгүй болгочихоор нийгэм өөрөө чимээгүй болчихдог. Бүгдээрээ хэрэглэдэг мөртлөө тэмцэхээ болохоор цөөн хүн л дуугарч, тэмцэнэ. Хүний эрхийг хамгаалах тогтолцоонд тодорхой дутагдал, нүх сүв гарахад иргэд эхний үедээ тэр бүр анзаарахгүй явж байгаад түүнд өртдөг.ийм нүх сүвийг ашиглан төрийн албан тушаалтнууд иргэдийг үл тоомсорлох, дээрэлхэх, дарамт шахалт үзүүлэхэд хамгаалалтгүйгээс хүний эрхийг хамгаалдаг хүмүүс нь чимээгүй болчихсон байх эрсдэлтэй. Тэгэх тохиолдолд хүний эрхийн зөрчил хавтгайрах эрсдэлтэй. Тиймээс хаана нүх сүв үүсээд байгааг олж хардаг субьект нь хүний эрхийн чиглэлээр өдөр бүр ажилладаг, насаараа энэ чиглэлийн ажлыг хийгээд ирчихсэн хүмүүс. Тэд хамгийн гярхай, соргогоор хардаг. Тэр хүмүүст хамгаалалтыг хийж өгөхгүй бол нийгэм тэр чигээрээ чимээгүй болох аюултай.
-Хүний эрхийн хамгаалагч гэдэгт ямар хүмүүсийг багтааж, ойлгож байна вэ?
-эрхийг хамгаалагч гэдгийг зарим хүмүүс шүгэл үлээгч гэж ярьж, ойлгоод байна. Шүгэл үлээгчээс огт өөр ойлголт. Юу ч хамаагүй ярьж, тааралдсан бүхнийг шүүмжилдэг нь хүний эрх хамгаалагч биш. Бүхнийг л ярьдаг хүмүүс бол хүний эрхийн асуудлаар нарийн судалгаа хийж, зөвхөн энэ чиглэлээр ажилладаг хүмүүсээс огт өөр шүү дээ. хааяа тохиолдлоор хүний эрхийн асуудлаар нэг дуугарчихдаг, энэ чиглэлээс өөр ажил хийдэг, нийгмийн ямар нэгэн асуудлыг шүүмжилдэг хүмүүс бол шууд хүний эрхийг хамгаалагчид биш. хүний эрхийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн, ажилладаг, энэ чиглэлээр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг л хүний эрхийн хамгаалагчид гэж байгаа юм.
-Энэ хуулийн төсөлд Хүний эрхийн хороог байгуулахаар тусгагдсан байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-хүний эрхийн комиссын дэргэд хүний эрхийн хороо гэж байгуулагдаж байгаа юм. энэ хорооны гишүүдийг хэүК-оос, Өмгөөлөгчдийн холбооноос, олон нийтийн байгууллагаас гээд нийт долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байна. энэ хүмүүс нь хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн, хүний эрхийн хамгаалагчидтай байнга хамтарч ажиллаж, дэмжиж байна. хорооны гишүүд нь хүний эрхийн чиглэлээр 6-гаас доошгүй жил ажилласан, энэ чиглэлээр олон улсын хуралд илтгэл бэлдэж, судалгаа хийж байсан зэрэг шалгуурыг давсан хүмүүс байх юм. Тиймээс өндөр мэргэжлийн мэдлэг, ур чадвар шаардсан хүмүүсийг сонгож байгуулна. Дурын хүн хүрч ирээд “Би хүний эрхийн хамгаалагч” гэж хэлэхгүй байх нь. Энэ хуульд орж байгаа өөр нэг чухал зохицуулалт нь хаа хамаагүй баахан хийрхчихээд “Би хүний эрхийг хамгаалж байгаа” гэж хамгаалал эрээд байлгахгүйн тулд хэд хэдэн шаардлага, нөхцөлийг төсөлд оруулсан байгаа. Тухайлбал, хүний эрхийн хамгаалагчид хориглох зүйлсийг тодорхой тусгасан. Тэр дундаа хамгийн түрүүнд “хүний эрхийг зөрчихгүйгээр хүний эрхийг хамгаалах ёстой” гэсэн шалгуур тавьж байгаа юм. иймээс нэгдүгээрт, хүний эрхийн хууль, тогтолцоогоо хүний эрхийн хамгаалагч хамгийн түрүүнд хүндэлж байх ёстой. Өөрөө хүн гүтгэчихээд, ийнхүү хүний эрх зөрччихөөд, асуудал гарангуут “Миний эрхийг зөрчих гэж байна” гээд хариуцлагаас зугтах гэх тохиолдол байдаг. Энэ хуулийн дагуу ингэх боломжгүй. Угтаа бусдын эрхийг зөрчиж байж хүний эрхийг хамгаалдаггүй юм. Өөрөө үнэн худлаа, үндэслэлтэй үндэслэлгүй, захиалгатай захиалгагүй янз бүрийн мэдээлэл тараасан хүн дараа нь “Би хүний эрхийг хамгаалагч. Би энэ хамгаалалтад орно” гэх нь боломжгүй гэсэн үг. хүний эрхийг хамгаалагч гэгддэг хүн нь өөрөө хүний эрхийг зөрччихсөн юм бол лав энэ хуулийн хамгаалалтад орох боломжгүй.
-Өөр ямар чухал зохицуулалт орж байгаа вэ?
-эрх гэдэг бол бүх нийтийн асуудал гэж оруулж өгсөн. Өмнө нь хүний эрхийг ярихдаа төрийн байгууллага, цагдаа, шүүх, прокурор, төрийн яам, тамгын газар, агентлаг иргэдэд үйлчлэхдээ яаж хүнд суртал гаргаж байна гэдэг талаар ярьдаг байлаа. Тэгвэл одоо хүний эрх гэдэг бол 24 цаг тасралтгүй хүнийг дагаж явдаг ойлголт. Аж ахуйн нэгж байгууллагад ч гэсэн хүний эрхийг хамгаалах үүрэг байгаа шүү гэдгийг энэ хуулиар сануулж өгч байгаа юм. хүний эрхийн асуудал аж ахуйн нэгж байгууллагад ч гарч байгаа шүү дээ. Бэлгийн дарамт, хөдөлмөрийн гэрээний зөрчлөөс авахуулаад олон зүйлийг дурдаж болно.
Хүний эрхийн хамгаалагчидтай харьцахдаа ч мөн хүний эрхийг хамгаалах үүргийг өөрсдөө үүрч байгаа шүү гэдэг ухагдахууныг тусгасан байгаа. үүгээрээ чухал ач холбогдолтой.
-Манай улсад хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хамгаалах явдал тун дутмаг байгаа шүү дээ. Ямар түвшинд байна вэ?
-Манай улсад одоогийн байдлаар Хүний эрхий үндэсний эрхийн комиссын гишүүд л хамгаалагдсан байгаа. Бусад хүний эрхийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүст ердийн хуулийн хүрээний хамгаалалт үйлчилж байна. Гэтэл тухайн хүмүүс хүний эрхийг ярьснаараа бусад хүмүүсээс илүү их эрсдэлд ордог. Тэр хүмүүсийн гэр бүлийг хамгаалж өгч байгаа юм. Учир нь хүний эрхийн төлөө дуугарах, хэн нэгэн хохирсон иргэний төлөө дуугарна гэдэг бол хэн нэгэн эрх мэдэлтэн хууль зөрчиж байгаа талаар дуугарч байгаа гэсэн үг юм. Тэгэхээр өөрсдөө тухайн эрх мэдэлтнүүдийн хууль бус ажиллагаанд өртөхийг хэн ч үгүйсгэхгүй. Тийм биз дээ. Өнөөдөр Монголд Хүний эрхийн хууль зөрчигдсөөр л байгаа. Тиймээс энэ асуудлыг зогсоож бусдын өмнөөс дуугарч яваа хүнд хамгаалалтыг нь баталгаажуулж өгөөгүй байж “Та нар хүний эрхийн төлөө дуугардаггүй, ажлаа хийдэггүй” гээд байж болохгүй. Бидний өмнөөс бидний төлөө илүү их эрсдэл хүлээсэн хүнээс ингэж шаардаж болохгүй биз дээ. Тухайлбал, цар тахал дэгдсэн үед эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа эмч, ажилчдад наад заах нь хамгаалалтын хувцсыг нь өмсгөсний дараа ажиллуулж байгаа шүү дээ. Түүнээс биш “Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө та нар ийм өндөр өртөгтэй хувцас өмслөө. зүгээр л яваад ор. Ард иргэдээсээ сэжиглээд байгаа юм уу” гэж бид хэлдэггүй биз дээ. үүнтэй адил бусдын өмнөөс сэтгэлийн шаналал, өвдөлтийг нь мэдэрч, түүнийг нь зогсоож өгөхийн төлөө, дахин өөр хэн нэгэнд ийм дарамт, шахалт амсуулахгүйн төлөө ажиллаж байгаа хүмүүс хамгаалалттай л байх ёстой.
-Олон улсад хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах хууль эрх зүйн орчин ямар байдаг юм бол?
-Ардчилсан үзлийг эрхэмлэдэг 40 гаруй улс оронд энэ хууль батлагдан хэрэгжиж байна. Бүгд Хүний эрхийн комисстой. Гэхдээ хүний эрхийн комиссын үйл ажиллагаа нь хүрэхгүй байгаа олон салбар бий. Тиймээс эрхийн хороо нь Хүний эрхийн комисстойгоо хамтран ажиллаж, бие биенийгээ нөхөж, хүний эрхийн хамгааллын орон зайг тэлж өгөх ажиллагаа байгаа юм.
-Та түрүүн хүний эрхийн хамгаалагчийн гэр бүл, ойр дотны хүмүүст давхар эрсдэл учирдаг гэсэн. Тэгэхээр тэдгээрийг хамгаалах талаар ямар зохицуулалт орсон бэ?
-Энэ талаар тодорхой заасан. хүний эрхийн хамгаалагч гэдэгт тэдгээрийн гэр бүлийн гишүүд орно хэмээн заачихсан байгаа. Уг заалтын ач холбогдол юу вэ гэхээр хүний эрхийн хамгаалагчид, тэдгээрийн гэр бүл ямар нэгэн халдлага, дарамт шахалтад өртлөө гэхэд гомдол санал гаргахад холбогдох ямар ч байгууллага түүнийг нь хүлээн авч хамгаалах тал дээр ажиллах үүрэгтэй. Тэгэхээр ХЭҮК, төр засгийн байгууллагууд үүнд тодорхой үүрэг, хариуцлага хүлээж байгаа юм. Хэрэв ийм асуудлаар хандсан байхад үл тоож, дараа нь сөрөг үр дагавар гарсан бол тэр үл тоосон, эс үйлдэл хийсэн төрийн албан хаагч, хууль хүчний байгууллагын ажилчдад хүлээлгэх хариуцлага шал өөр болно. хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах хууль батлагдсанаар Монголын хүний эрхийн чиглэлээрх эрх зүйн тогтолцоо, ойлголт тэлнэ. үүгээрээ чухал ач холбогдолтой.
-Хүний Эрхийн хорооны гишүүдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулах уу?
-Нээлттэй сонгон шалгаруулахаар заасан. Хүний эрхийн комиссоос гишүүд орно. Олон нийтийн байгууллагаас болон иргэний нийгмээс сонгогдох гишүүндээ тодорхой хугацаа зааж өгөөд, тухайн хугацаандаа сонгон шалгаруулалтаа, ил тод явуулна. ингэхдээ тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан буюу олон улсын хуралд судалгаа хийж, илтгэл тавьж байсан эсэхээс авахуулаад мэргэжлийн олон төрлийн ур чадварын шалгуур үзүүлэлтийг хангасан хүнийг сонгон шалгаруулна. Түүнээс огт юу ч хийгээгүй, хэрнээ “Би бол дуутай шуутай, эрх чөлөөтэй хүн. Тиймээс би хүний эрхийг хамгаалж чадна” гэсэн хүний эрхийн талаар ямар ч ойлголтгүй хүн томилогдох боломжгүй. хүний эрхийн хорооны гишүүдийг таван жилээр нэг удаа улиран томилогдохоор тусгасан.
Р.ХИШИГЖАРГАЛ