Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Д.Цэрэнтогтох аваргын гэргий О.Отгон: Монгол бөхийн дархан аварга болно гэдгийг нь байтугай бөх гэдгийг нь ч мэдэлгүй цэргийн хүүтэй л анх танилцаж байлаа DNN.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Далай даян даяар дуурсагдах дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын гэргий О.Отгонтой ярилцлаа.


-Аварга та хоёр хэдэн онд танилцаж байв. Тэрхүү дурсамжаа хуваалцахгүй юу?

-Манай хүн “Алдар” нийгэмлэгийн цэрэг байлаа. Тэр үед нийгэмлэгээ сурталчлах ажил гэж болдог байсан. Тэр ажлаараа явж байхад нь Өвөрхангайд танилцаж байлаа. Хөгшин маань тэгэхэд хөлөө гэмтээчихээд эмнэлэгт ирж байсан юм. Би Өвөрхангайн эмнэлгийн сувилагч байсан. Тэгээд л танилцаж байлаа даа. Танилцсаныхаа хойтон жил нь өвгөн маань цэргээс халагдаад л, тэгээд бид хоёр нэг гэртээ орж байлаа. хань маань 22-той, би 20-той байжээ. Манай хүн цэрэгтээ улирч “Алдар” нийгэмлэгтээ үлдээд, бид хоёр хотод Таван шард айлын хажуугийн нэг өрөөнд орж байлаа. Ингэж орох оронтой болоход өвгөний маань нутгийн Хасдорж гэж хүн тус дэм болж байсан. Манай хүн эхлээд Зүүнбаянд хуваарилагдсаныг аав нь очиж чөлөөгөөр аваад Хасдорж гэж хүнтэй уулзаад “Алдар” нийгэмлэгт оруулсан юм билээ.

Бид хоёр танилцаж найз болсны тэр зун начин болсон. Би чинь ер нь бөх мэддэггүй мангар амьтан явлаа шүү дээ. Тэр наадамд барилдаж байхад нь аймгийн наадам цуг үзэж байсан өвгөний хоёр найз нь “Хоёр давлаа, гурав давлаа, начин болчихлоо” гээд л надад хэлээд байсан юм. Сүүлд гэртээ ирчихээд улсууд хүлээн авагч чагнаад байхаар нь чагнаж байсан чинь зургаа давж чимэгтэй начин цол авлаа гэж байсан. Одоогийнхоор бол харцага цол юм даа, тийм ээ. Тэгээд 1977 онд заан цол авсныхаа дараа гурван жил төрийн наадамдаа зодоглож чадаагүй юм.

-1978 онд улсын наадамд анх түрүүлсэн. Тэр тухай дурсахгүй юу?

-Манай хүний бөх болох замыг зааж өгсөн хүн нь өөрийн нь ах Галсан гэж хүн бий. Одоо нас сүүдэр 80 шүргэж яваа хүн.

Өвгөн Өвөрхангайн Хайрхандулаан суманд наймдугаар анги төгсөөд Алтанбулагийн техникумд хуваарилагдсан юм билээ. Үүний урьд жил нь өвгөний маань ижийгийн төрсөн ахын хүүхэд яваад нас барчихсан байж таараад тийш нь явуулаагүй. Тэгээд сургуульгүй дэмий байхаар гээд Баянхонгорын техникумд оруулсан юм билээ. Энэ цагаас л бөх болох замнал нь эхэлж ээж нь монгол гутлыг нь өөрөө оёж өгөөд, зодог шуудаг хүнээр хийлгээд ах нь хагас бүтэн сайн өдрөөр аймгийн төвд заалны барилдаан болоход дагуулж очиж барилдуулдаг байсан. Өвгөн өөрөө барилдах тийм ч дуртай биш байсан байх. Харин ах нь өөрөө барилддаг хүн байсан болоод ч тэр үү барилдах авьяастай гэдгийг нь харчихсан байж.

-Баянхонгорын Нямжанцан гэж начингийн тухай аварга их ярьдаг байсан?

-Тэр хүнээс зодог шуудгаа авсан ч бил үү, хийлгэсэн ч гэдэг бил үү, тэгж л ярьдаг юм. Харин монгол гутлыг нь ээж нь хийж өгсөн байдаг. Ээжийнх нь оёсон гутал одоо ч манайд бий. Өвгөнийхөө эдэлж хэрэглэж байсан бүх зүйлийг нь хадгалаад л байдаг юм. Тэр их хөнгөхөн гутал. Өвгөнөөс өөр хүн өмсөж чаддаггүй. Найзууд нь хааяа гуйхаараа “Амаа аваад давхидаг морь шиг гутал, чамд л гоё байх” гэж цаашлуулж байдаг сан.

-Ингэхэд Цэрэнтогтох аварга начин болсноосоо хойш хэд хэдэн наадам өнжсөн гэж та түрүүнд хэлсэн. Ямар учир байсан юм бол?

-1972 онд начин аваад таван жилийн дараа 1977 онд заан цолонд хүрсэн. Энэ хооронд өвгөнийг гурван жил барилдуулаагүй юм шүү дээ. Энэ хооронд өөртэй нь хамт цолонд хүрч байсан Хадаа нь гэхэд улсын арслан болоод төрийн наадамд түрүүлчихсэн байсан үе. Өвгөн маань начин цол хүртсэнээ өөрөө ярьдаг юм. Улсын наадамд огт зодоглож үзээгүй, ёстой стадионд ч орж үзээгүй цэргийн хүүхэд байхдаа зургаа давсан гэдэг сэн. Яг наадам дөхөөд ирэхээр л гадагш нь тэмцээнд явуулчихдаг. Тэр үед чинь дээрээс ирсэн тушаалд үгүй гэж хэлэх арга байхгүй. Бодоод байхад бодлого л байсан юм билээ л дээ. Ярих юм бол их л бодлого байсан даа. Би тэр болгоныг нь ярьдаггүй юм.

1977 онд Чөлөөт бөхөө хаяад, 1978 онд улсын арслан, 1979 онд наадам болоогүй байхад аварга болчихсон шүү дээ. Гурван өдөр арав, арван бөхтэй нийлээд 30 бөхтэй барилдаж нэг ч уналгүй түрүүлээд аварга цол авсан. Тэгээд үнэмлэхийг нь авчихсан. Одоо надад үнэмлэх нь байдаггүй шүү дээ. Бөхийн холбооноос асуухад олж болно оо гэж байсан.


-1980 онд даян аварга, 1981 онд дархан аварга болсон, тийм ээ?

-1980 онд даян аварга цол аваад, дараа жил нь Баянаа аваргад уначихсан юм. Тэр наадмын дараа манай өвгөн нэг айхтар осолд орж сүйд болоод бүтэн жил барилдаж чадаагүй. Барилдах нь бүү хэл унтаж ч чаддаггүй орилж хашхираад мөн ч айхтар байж билээ. Аймгийн арслан Тогоо, Улсын начин Дэмбэрэлсамбуу, яруу найрагч Ламжавын Лувсандорж нартай хамт явж байгаад бензин нь дуусаад машинаа түрээд явж байсныг араас нь том машин ирж мөргөөд тэр хүмүүс нь газар дээрээ нас барсан юм билээ. Яг тэр үед өвгөн машиных нь урд гарчихсан байж таарсан гэдэг. Энэ осол бас л ээдрээтэй санагддаг. Тухайлбал, шүүх хурал нь болоход өвгөнийг оролцуулаагүй.

-Хань нь төрийн наадамд түрүүлээд есөн хөлт цагаан тугаа тойрч байх тэр агшинд гэргийд нь юу бодогдож байдаг юм бол?

-Манай өвгөн чинь тийм ч хөөрүү, дэврүүн хүн биш шүү дээ. Наадмын өглөө гараад л гүйчихэж байсан юм. Би маргааш нь гурилтай шөл, цай барьж очиж, тэрийг идээд л түрүүлчихэж байсан. Дамдин аварга, Баянмөнх аварга, Мөнхбат аварга гээд гурван дархан аваргыг хаяж түрүүлж байлаа.

-Ю.Цэдэнбал дарга “Хүү минь чи хаанаас гараад ирэв ээ” гээд дуу алдсан гэдэг. Үнэхээр тэр үед монгол бөхөд эргэлт авчирсан л даа?

-1979 оны спартакиадад 30 давж түрүүлэхдээ Хад аваргатай 28 дугаар тойрогт хоёулаа нэг ч унаагүй таарсан. Тэр барилдааныг би дэргэдээс нь үзэж байлаа. Ёстой хүн бүр амьсгаа даран харж байсан даа. Ингээд Хадыг давчихаад дараа нь хоёр хүнтэй барилдаад аварга цолны болзол хангаж байгаа юм. Ханийгаа монгол бөхийн оргил дээд цолонд хүрч байхад нь баярлаж байлаа. Тэр үед бол начин болох үеийг нь бодвол би бөх мэддэг болчихсон байлгүй яахав. Манай гэрт багтахгүй зочид ирээд л хүний хөлд дарагдаад сайхан байж билээ. Ханийг маань улсын арслан цол хүртсэний дараа өвөл Брежнев даргын бэлгийн байр гэгддэг гурав, дөрөвдүгээр хорооллын байр ашиглалтад ороход хамгийн анхны байрнаас өгч байсан. Ингэж хань минь шинэ байраа улсын аварга гэдэг цолоор мялааж байлаа. Өөрөө их хөдөлмөрч хүн байсан л даа, манай өвгөн. Өглөө босоод л гүйгээд явчихдаг. Гэртээ сууж байхдаа хүүхдүүдээ их эрхлүүлдэг, хүүхдэд их зөөлөн хүн байсан. Тэгээд л дандаа сунгалтын дасгал хийгээд л зүгээр ердөө суудаггүй байсан.

-Аварга та хоёр нэг нутгийн хүмүүс. Аварга бол Өвөрхангайн Нарийнтээлийнх гэдгийг ард түмэн бүгд мэднэ. Таны ижий аав аль сумын хүн бэ. Мөн та хадам ижий аавыгаа хэр сайн мэдэх вэ?

-Миний ижий аав хоёр Өвөрхангай аймгийн Тарагт сумын малчин хүмүүс байсан. Аавыг маань Ориг, ээжийг Өөдөс гэдэг байлаа. Манай өвгөний аав Дашдорж их том биетэй хүн байсан. Айлын таван хүүгийн дөрөв дэх нь гэсэн. Тэднийхэн бүгдээрээ л их биерхүү шилбэ Дэндэв, хөл Дашдорж гэж авгайлдаг том биетэй, бяртай хүмүүс байсан юм билээ. Бид хоёр анхны хүүхдээ гарсны дараа ээж аав дээр нь очиж байсан. Ээжтэй нь сүүлд хамт амьдарч, өнгөрөхөөс нь өмнө өргөж асарч явсан. Ээж нь 1993 онд хариугүй наадам болохын даваан дээр өнгөрсөн юм.

-Таны ханийг Монголын ард түмэн алдарт бөх гэдэг талаас нь харж хүндэтгэж, бахархдаг байсан. Та харин эр хүнийх нь хувьд ханийгаа юу гэж хэлэх бол?

-Гүндүүгүй, олон таван үггүй хүн байсан юм шүү дээ. Гэр орны ажил, мах шөл эвдэх ажилд их нямбай ханддаг. Хачин сайхан хоол хийдэг. Үглэнэ, уурлаж уцаарлана гэж байхгүй. Хүн агсам тавиад байхад л дуугүй инээгээд сууж байдаг.

-Гэр бүлийн найзууд гэвэл олон хүн байна биз?

-Өө, байлгүй яахав. Ишигэн заан, Баянхонгорын Гандолгорын Батсүх начин, Архангайн Гүсэмийн Жалаа начин, Булганы шар Лхагвасүрэн начин гээд л дурдаад байвал олон найзууд бий. Энэ сайхан бөхчүүдийн гэргий нартай одоо ч нөхөрлөдөг.

-Аваргын Далай ламтай хамт авахуулсан зураг байдаг даа. Тэр их гоё зураг?

-Тэр чинь 1990-ээд оны эхээр Далай ламыг Монголд айлчилж, Хархоринд очиход нь хамт авахуулсан зураг юм. Далай ламыг ирэхэд нь газар газрын мөргөлчид цуглачихсан, мөргөх гээд хүлээж байсан юм. Гэтэл сум орон нутгийн удирдлагууд нь сүсэгтэн олныг Далай ламд мөргүүлэхгүй гээд Эрдэнэзуугийн хашаагаар ч оруулахгүй хорьж байсан. Тэгэхэд нь өвгөн үг хэлээд, цагдаагийн даргатай нь бараг муудалцах шахам юм болж “Энэ олон мөргөлчид юу гэж Далай ламд хор учруулах вэ дээ, та нар наашаа орж ирээд сууцгаагаарай” гэж цагаан хоолойгоор зарлаж байсан юм. Нөгөө мөргөлчид орж ирээд хийдийн өмнө эгнэж суугаад, Далай лам гарч ирж адис хайрлаж байсан сайхан авшиг ерөөлтэй агшин.

-Отгон эгч ээ, таныг би Монголын онцгой сайхан ижий, ховор хувь заяаны эзэн гэж боддог. Та бол Монголын домог болсон их аваргатай ханилж, гурван сайхан үрийг нь төрүүлж, баяр гуниг, жаргал зовлонг нь хуваалцаж амьдарсан хайрт хань нь…?

-Их баярлалаа, тэгэлгүй яахав. Монгол бөхийн оргил тэргүүн болсон дархан аварга хүний гэргий болно гэдэг чинь бүсгүй хүн бүрд оногдоод байдаг заяа биш байх л гэж боддог юм. Өвгөнийгөө Дархан аварга болох нь байтугай бөх гэдгийг нь ч мэдээгүй байхдаа ханилсан болохоор их сайхан санагддаг.

Миний хувьд үнэхээр л цэргийн залуутай л сэтгэл нийлж ханилсан. Бүх сайн сайхан алдрыг нь хамтдаа хүртсэн. Арай л эрт биднийгээ орхичихлоо доо гэж харуусдаг юм. Хань маань 64-тэй л бурхан болсон. Одоо байвал 72 л хүрч байх хүн. Гэнэт л явсан даа. Амьдрал гэдэг сонин байдаг юм билээ. Бид хоёр Өвөрхангайн эмнэлэгт анх танилцаж амьдралаа зохиож байсан бол тэр эмнэлэгт би ханийгаа алдаж, хагацсан. Ханиасаа хойш бөх үзэх нь бүү хэл наадам гээд бодоход л надад асар хэцүү санагддаг байсан. Би бүтэн найман жил бөх үзэж чадаагүй. Цаг хугацаа гэдэг бүхнийг анагаадаг л юм байна. Найман жилийн дараа одоо л нэг амьсгаа авахтайгаа болоод байна даа, эгч нь.

Манай өвгөн ер нь бөхийн эрэмбэ, жудаг гэдгийг чин шударгаар сахидаг жудагтай бөх байсан. Барилдаж байсан хүнээ ер бэртээж, гэмтээж байгаагүй болов уу. Их хөнгөн шингэн, хурдтай барилдаантай болохоор барилдаж байсан хүмүүс нь яахаа мэдэхгүй ойчиж байсан болохоос биш бэртэж байсан хүн байхгүй байх гэж боддог юм. Ханьтайгаа холбоотой дурсамж гэвэл мөн ч их байна даа.

Цагаан сараар би их бачимддаг байлаа шүү дээ. Сар шинээр өмсөх дээлийг нь шөнө сууж оёод л, битүүний өдөр ажлаасаа чөлөө авч ирээд, ямар ч байсан өвгөндөө хоол хийж өгөөд явуулдаг, орой барилдаад ирэхэд нь тавгаа засаад, мах шөлөө цэгцлээд бүх юм л бэлэн болчихсон сууж байдаг байлаа. Манай хүн ноосны үйлдвэрийн бөх байсан. Бавуусүрэн гэж дарга нь байсан. Цагаан сарын барилдаанд түрүүлсний дараа шагнал болгож гэх үү, дарга нь машинаа өгдөг байлаа.

Ингэхэд Цагаан сарын барилдаанд санасандаа хүртэл барилдаж чадаагүй юм. Олон түрүүлэх байсан гэж боддог. Интернациональ тэмцээн гэж болдог байлаа шүү дээ. Тэр тэмцээнд оролцуулах гээд Цагаан сарын барилдаанд барилдуулдаггүй байсан юм.

-Аваргыг “Ээрмэлийн үйлдвэрийн бөх” гээд л зарладаг сан…?

-Тийм ээ, ноосны үйлдвэрийг нь хэлж байгаа юм. Сүүлд Ээрмэлийн үйлдвэр болсон. Улсын наадамд үзүүрлэсэн байхад л ажлаас нь муу барилдлаа гээд Дорнодын ч юм уу, Хөвсгөлийн ноосны үйлдвэрийн ой руу хөөгөөд явуулчихдаг байж билээ. Заавал түрүүлэх л ёстой юм шиг л хүлээдэг байсан даа. Нэг инээдтэй дурсамж хэлье.

1979 онд аварга цол хүртэхэд нь Өвөрхангайн гаралтай хүмүүс нийлээд “Аваргадаа нэг юм авч өгье” гээд нууцаар хэлэлцэж байгаа юм. Тэр үед чинь нутгархах үзэл гаргасан гээд толгойгоо авахуулах шахдаг байсан байхгүй юу. Гончигсүрэн даргынд бид хоёрыг дуудаад, нуугдан барин очиж байсан юм. Хүмүүс ээлж зөрүүгээр цуварч ирж цуглаад манай хүнд Оросын хуучин том телевизор авч өгч байгаа гэдгээ хэлж байлаа. Өнгөтэй ч юм шиг, өнгөгүй ч юм шиг гардаг авдар шиг том дөрвөн хөлтэй телевизийг өгөөд, гэхдээ яг тэр өдөр нь биш маргааш нь манайд хүргүүлж авчирч билээ. Ийм л эгэл жирийн амьдралаар олныхоо дунд сайхан ханийнхаа буянд явж ирж дээ.

Ингээд төгсгөлд нь хэлэхэд, Монгол Улсын аваргуудын нэрэмжит уламжлалт барилдааныг энэ жил ханийн минь нэрэмжит болгож буйд манай гэр бүлийн зүгээс баяртай байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *