“Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин Д.Цэрэннадмидтай ярилцлаа.
-Та сэтгүүлч болох анхны алхмаа Дундговь аймгийн “Улаантуг” сонинд утга зохиолын ажилтан, сурвалжлагчаар эхэлсэн гэж сонслоо. Чухам яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгох болов?
-Би Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул хүн. Аймгийнхаа арван жилийн дунд сургуулийг төгсөөд тун удалгүй “Улаантуг” сонинд 1969 онд утга зохиолын ажилтан сурвалжлагчаар ажилд анх орсон юм. энэ бол миний сэтгүүлч болох анхны алхам байсан. Би Боржигоны бичээч гэдэг овогтой хүн л дээ. Манай аавын аав Тайж хүн байсан. Миний аав бол бичээч Т.Дашням гэж хүн байлаа. Аав минь бичиг үсэг сайтай, тэр дундаа монгол бичиг сайн мэддэг учраас хошуу тамгын газар бичээчээр ажилладаг байсан. Төрсөн ах маань ч их сайхан бичигтэй. Би хойчийг нь залгаад аймгийн утга зохиолын дугуйланд явна, шүлэг бичнэ. Арван жилд байхдаа хүртэл аймгийн сонинд мэдээ биччихдэг байж байгаад сэтгүүлчийн мэргэжлийг сонгосон. өнгөрсөн хугацаанд завсаргүй л сонинд ажиллалаа даа.
-Та гэр бүлийнхээ талаар ярихгүй юу. Охин тань сэтгүүлч шүү дээ?
-Би таван хүүхэдтэй. Ц.Байгалмаа охин минь сэтгүүлч. Одоо өөрийн хэвлэл мэдээллийн агентлагтай болчихсон ажиллаад явж байна. Нэг хэсэг Батлан хамгаалахын яаманд ажилласан. Миний хань Архангай аймгийн Хангай сумын хүн байсан. Би хязгаарын цэргийн холбоонд гурван жил цэрэгт алба хааж байхдаа “Эх орны манаа” сонинд мэдээ сэлт, зураг хөрөг тавина. Тэгж яваад хэвлэх үйлдвэрт очиж нэг хүүхэнтэй танилцсан минь Дамдины Бадам гэж миний хань байсан юм. 47 жил ханиллаа. Хань минь гурван жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.
-Та МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг 1982 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд олон ч сонины газар ажиллаж байсан юм байна лээ?
-Их сургуулиа төгсөөд Булган аймгийн “Дэвшил” сонинд гурван жил ажиллаад буцаад Улаанбаатар хотдоо эргэж ирсэн. Улаанбаатар хотод ирээд үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн “Хөдөлмөр” сонинд ажилласан. Тухайн үед бүх юм хатуу байлаа. Хотод суурьших хэцүү байсан учраас намайг Дундговь руу, эсвэл Булган руу явуулна, хөдөөний паспорттой хүн хотод байж болохгүй гээд л… Сүүл рүүгээ “Хөдөлмөр” сониныг торгоно гээд би ч сонины ажлаасаа гардаг юм аа. Хотын иргэний үнэмлэх байхгүй хүн нэг сар ажилгүй явж байгаад бүр сүүлд нь “Улаанбаатар хотод суухыг зөвшөөрөв” гэсэн тамга даруулж авлаа л даа. Ингээд сэтгүүлчдийн холбооны Д.Үржинбадам дарга дээр очлоо, тэгсэн “Чи манайд ажилла” гэж байна. Ингээд сэтгүүлчдийн холбоонд референт гэдэг ажлыг хоёр жил хийгээд удалгүй “Улаанбаатарын мэдээ” сонин руу шилжсэн. Сүүлд сонин маань “Нийслэлийн сонин бичиг” нэртэй болсон. Ингээд 1993 онд “Засгийн газрын мэдээ” сонин байгуулагдаад жилийн дараагаар тэнд ажилд орсон хэрэг. “Засгийн газрын мэдээ” сонины залгамж халаа нь “Зууны мэдээ” сонин шүү дээ. Энэ сонинд 28 дахь жилдээ ажиллаж байна. Одоо тэтгэвэртээ гарсан ч гэсэн залуу сэтгүүлчидтэйгээ бужигнаад л явж байна. Ийм л түүхтэй юм даа.
Хань Д.Бадамын хамт. 1973 он
-“Улаанбаатарын мэдээ” сонинд үйлдвэрлэл, эдийн засгийн албаны сэтгүүлч байсан. Та сэтгүүлч хийхийн хажуугаар гэрэл зураг дардаг шүү дээ. Тэгэхээр гэрэл зураг таны амьдралд томоохон орон зайг эзэлдэг байх?
-Би арван жилийн сурагч байхаасаа гэрэл зураг авч эхэлсэн. Ахыгаа дуурайж зураг сонирхож оролдож эхэлсэн юм л даа. Арван жилийн ангийнхныхаа зургийг дарж аваад шөнө нь гэртээ очиж угаана. Ингээд баахан л саарал зурагтай болж сургуулилж эхэлсэн юм. Сэтгүүлч мэргэжлээр 40 гаруй жил ажиллахдаа үзэг, аппарат хоёроо хослуулж, зурагаа авч сурвалжлагаа бичсээр л ирсэн дээ. Ер нь биднийг сэтгүүлч болоход хамгийн их тусалсан анхны хүн бол Санжийн Батмөнх гэж Дундговь аймгийн “Улаантуг” сонины эрхлэгч хүн байсан юм. Тэр хүн “Залуучуудын үнэн”, “Үнэн” гээд олон ч сонинд ажиллаж байсан мундаг хүн байлаа. Тэр хүн хэдэн залуусыг сэтгүүлч болгоно гэж өөр дээрээ авсан юм. Түүнд нь би, Цэндийн Чимэддорж, гавьяат Сандагдоржийн Пүрэвсүрэн, Цогсүрэнгийн Ганболд бид дөрөв багтсан. Ц.Чимэддорж цэрэгт яваад тэр чигээрээ радиод шингэсэн, С.Пүрэвсүрэн Намын дээд сургуульд орж сэтгүүлч болж Хэнтийн сонины эрхлэгчээр ажиллаад сүүлдээ “Үнэн” сонины сурвалжлагч болсон, Ц.Ганболд Орос улсад сэтгүүлчийн ангид суралцаад сэтгүүлч болсон. Ингээд бүгдээрээ буцаж очоогүй бид чинь Дундговийн сониноо орхиод явчихсан жудаггүй улс байгаа юм даа /инээв/.
Парламентын сурвалжлагчаар 20 гаруй жил ажилллаж байна.
-Та сэтгүүлч болоогүй бол өөр ямар мэргэжилтэй байх байсан бол. Ингэж бодож байсан удаа бий юү?
-Сэтгүүлч болоогүй бол гэж бодож байсан үе байхгүй. Гэхдээ би багадаа их саваагүй хүүхэд байсан л даа. Наймдугаар ангид байхаасаа зураг авч эхэлсэн. Түүнээс өмнө шүлэг бичнэ, зураг зурна гэж аймгийн дүрслэх урлагийн танхимд зуны амралтаараа ажиллаад баахан лоозон бичээд л явдаг байлаа. Хөгжмийн дугуйланд явна гэж баянхуур хөгжим чирээд явдаг байлаа. Ингэж явсаар өөрийн удамд бичээч, бичиг хэргийн улс байсных ч тэр үү ямар ч гэсэн сонинд оръё гэсэн сэтгэгдэл төрөөд аймгийн сонинд ороод л сэтгүүлчийн зам, мөр эхэлсэн дээ.
-Тантай хамт төгссөн олон ч мундаг сэтгүүлчид байна шүү дээ. Зарим нь одоо ч ажилласаар байна?
-Манай төгсөгчдөөс том ч улс байна, жижигхэн ч улс байна, янз бүр л байна даа. Эхнээс нь нэрлэвэл УИХ-ын гишүүн байгаад хоёр удаа яамны сайд байсан Төгсжаргалын Ганди байна. Төгссөнөөсөө хойш багшилж байгаад саяхан тэтгэвэртээ сууж буй Ломбын Норовсүрэн гэж гавьяат багш бий. Төгсөөгийн Оюунбилэг гэж надтай “Улаанбаатарын мэдээ”, “Засгийн газрын мэдээ” сонинуудад хамт ажиллаж байсан одоо хувийн сургууль байгуулчихсан явж байгаа эмэгтэй бий. Дармаагийн Сайнбаяр гэж сэтгүүлч байна. Одоо ч “МОНЦАМЭ”-д ажиллаж л байгаа. Дамдинпүрэвийн Амаржаргал гээд радиод ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан сэтгүүлч бий. Гэх мэтчилэн сэтгүүлч мэргэжлээрээ хэзээний олны танилууд болсон эрхмүүд олон байна л даа.
-Хуучин 120 мянгатаас урагшаа Монголын бүх үйлдвэрүүд байсан шүү дээ. Та тэр бүх үйлдвэрүүдээр явж сурвалжлага бичдэг байсан гэсэн. Тэр тухайгаа хуучлахгүй юу?
-Одоо сэтгүүл зүйд сурвалжилдаг объект нь өөр болчихож л дээ. Төрийн ордон хавиар сайд дарга нар эргүүлээд л байдаг болчихсон. Бид “Улаанбаатарын мэдээ”, “Хөдөлмөр” сонинд байх үедээ жинхэнэ ажилчин, малчныг л сурвалжилдаг байлаа шүү дээ. Төрийн хүмүүсийн ярилцлага тоотой орж ирнэ. Хөдөө их явна. Арьс шир, ноосны нэгдэл, савхин эдлэлийн үйлдвэрүүд гээд том үйлдвэрүүд байлаа. Сурвалжлага бэлтгэхээр нэг талаас нь ороод нөгөө талаас нь гарч ирэхэд өдөр дуусч байдаг тийм л том үйлдвэрүүд юм. Үйлдвэрийн ажилчдын зургийг авна, сурвалжилна. Оюутан цагтаа дадлага хийхдээ ч үйлдвэрүүдээр зураг аваад л явж байлаа. За тэгээд “Улаанбаатарын мэдээ” сонинд ажилладаг байхад Улаанбаатар хот жижигхэн байлаа шүү дээ. Хаана овгор шороо байна, хаана хог овоорсон байна бүгдийг нь мэддэг. Мөн тухайн үед идэвхтэн бичигчийн захиа их ирнэ. Идэвхтэн бичигчийн улсын зөвлөгөөн гэж хүртэл болж байлаа. Сонин хэвлэлийн нэг түшиг тулгуур бол идэвхтэн бичигч нар байлаа шүү дээ. Ажиллаж байх хугацаандаа нам төрийн зүтгэлтэн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хамт хөдөө их явна. Яагаад их хөдөө явдаг байсан бэ гэвэл би ганцаараа явахаар нэг хүний томилолтын зардал хэмнэнэ. Өөрөө зургаа аваад бичээд ирдэг болохоор тэр. Сэтгүүлч хүн түүх бичилцдэг шүү дээ. 1990 оны хувьсгал, хувьсгалын өлсгөлөн болж байхад хүзүүндээ аппараттай, гартаа дэвтэртэй олон ч үйл явдлыг сурвалжилсан. Олон ч үйл явдлын гэрч болсон. “Засгийн газрын мэдээ” сонинд байхад Ерөнхийлөгч асан П.Очирбат гуайтай хамт онгоцоор нисч нефтиэр дээлээ мялааж байхад би зургийг нь дараад бичээд л явж байлаа. Сүүлд П.Очирбат гуай “Би ном хийх гэж байгаа” гээд надаас зураг авч байлаа.
-Буянгийн Жаргалсайханы хоршооны тухай та нэг нийтлэл бичсэн чинь Б.Жаргалсайхан танай редакц дээр ирж маргалдаж байсан гэсэн. Тухайн үед юу болсон юм бэ?
-Анх “Эхлэл” гэдэг хоршоо Урт цагааны урд н.Цоомоо гэдэг эмэгтэй байгуулж би тэр тухай сурвалжилж байсан юм. Харин тэр Б.Жаргалсайханы хоршооны тухай тэнд дурьдагдаж л дээ. Дараагаар нь манай редакц дээр ирээд маргаж л байсан. Гэхдээ тийм юмыг алийг тэр гэх вэ. Би сүүлд барилгын маргааны тухай нэг зүйл бичлээ. Тэгсэн нэг өдөр “Та манай компани дээр хүрээд ирээч” гээд байхаар нь санаанд орохгүй хүрээд очсон юм. Тухайн үед би хөдөө явах гэж байлаа. Тэгсэн “Та манай компанийн тухай баримтыг хаанаас авсан бэ хэл, тэр баримтаа бидэнд өгөхгүй бол явуулахгүй” гээд явуулдаггүй. Би “Бид хаанаас авснаа хэлэх учир байхгүй, шүүхэд өг, шүүх дээр уулзаад учир явдлаа олъё” гэж хэлсээр байгаад салж байсан даа. Энэ мэт сайн саар зүйлийн талаар олон жил бичсэн дээ. Балдоржийн нэрэмжит шагнал авч байлаа. “Зууны мэдээ” сониндоо хориод жил тэргүүн бичлэгийн шагнал авлаа.
-Та залуу сэтгүүлчдэд хандаж юу гэж хэлэх вэ?
-Ер нь сэтгүүлчдийн сургалт тааруу болчихсон юм уу даа. Бидний үеийн сэтгүүлчид асар их хичээл үздэг байлаа. Улс төр, эдийн засгийн ухаан, коммунист намын түүх хүртэл шүү, философи гэх мэт нийгмийн ухааны олон ч хичээл үздэг байлаа. Одоо нийгмийн ухааны үндсэн суурь мэдлэг олгох хичээлүүд нэг их ордоггүй юм шиг байгаа юм. Анх төгсөөд ирж байгаа залуу сэтгүүлчид жаахан тааруухан л санагддаг юм. Сургалт л тааруухан болсных байх. Түүнээс биш хүүхдүүдийн буруу ч гэж юу байхав.
Гэхдээ сэтгүүлч хүн авьяас, оролдлоготой байж их унших, судлах хэрэгтэй. Өөрөө байнга боловсорч байх нь зүйтэй гэж бодогддог юм. Гэтэл өнөөгийн сэтгүүлчдэд тэр нь дутагдаад байдаг. Адаглаад өдөр тутмын сонины гол нийтлэлүүдийг түүгээд уншчихгүй юм. Сэтгүүлчийн мэргэжил бол хамгийн сайхан мэргэжил шүү дээ. Олны дунд явдаг, түүхэн үйл явдлуудад гар бие оролцож сурвалжилж явна гэдэг бол хамгийн сонирхолтой зүйл. Ерөөс сэтгүүлч байя л гэвэл хэзээ ч шантрахгүй, байнга өөрийгөө боловсруулж дайчилж чаддаг байх хэрэгтэй гэж захимаар байдаг юм.