-ТӨР ТҮШИЛЦЭХ ҮЙЛСЭД АХМАД, ДУНД, ЗАЛУУ ҮЕИЙН ХОСЛОЛ БАЙГААСАЙ ГЭЖ БОДДОГ-
УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагватай ярилцлаа.
-Та ухамсарт амьдралынхаа 30 гаруй жилийг улс төрд зориулсан хүн. 2000 оноос хойш УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа, дэд сайд, сайд, элчин сайд, шадар сайд гээд тасралтгүй төрийн өндөр албан тушаал хашиж ирсэн. Харин 2020 онд сонгуульд нэр дэвшилгүй нам тайван болсон. Юу хийж байгаагаас ярилцлагаа эхэлмээр санагдлаа?
-Нам тайван болсон зүйлгүй ээ. Өмнө нь УИХ-ын чуулган, Байнгын хорооны хурлууд дээр байнга үг хэлж харагддаг байсан болохоор, одоо нам жим байгаа мэт харагдаж байгаа байх л даа. Миний хувьд Монгол Улсдаа хэрэгтэй юм уу гэсэн хэдэн төсөл хөтөлбөр, ажлууд санаачлан, хэрэгжүүлээд явж байна.
Юуны өмнө Монгол Улсаа дэлхийд бас нэгэн өөр өнцгөөс таниулах юмсан гэсэн зорилгоор эх орныхоо түүх соёл, уламжлал, зан заншлын талаар манай тэргүүлэх эрдэмтэн, судлаач, зохиолч, төр нийгмийн зүтгэлтнүүдтэй уулзаж ярилцаж, тэдний санаа бодлыг тусгаж, өөрийнхөө ажил, амьдралын тухай зэрэгцүүлэн өгүүлсэн шинэ ном болгон эмхтгэсэн. Герман, Солонгос нөхдүүдтэйгээ холбогдож, өөрийнхөө бичсэн “ЗААГ” гэх мэт гурван номоо ийнхүү шинэчлэн найруулж, Германд “УЛААН БИЧИН ЖИЛД-Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо хэвлүүлэн гаргасан. Энэхүү номоо гадаад хэл дээр гаргах болсон гол шалтгаан нь Монголтой холбоотой номуудыг ихэнхдээ гадаадынхан янз бүрээр бичиж, тэр нь бестселлер болдог. Иймд монгол хүний сэтгэл шингэж, монгол хүний амьдрал, бодит түүх шастирыг өөрийн байр сууриас харж, гадаадад номоо хэвлүүлсэн, нэн ялангуяа улстөрч хүний ном бараг байхгүй шахуу.
Ийнхүү хэд хэдэн гадаад хэл дээр бичиж, хэвлүүлэх санааг минь дээрх учир шалтгаан бас өдөөсөн. Аливаа номыг эх хэлнээсээ гадаад хэлээр орчуулж, тэдний сэтгэхүй, ахуйд нь нийцүүлнэ гэдэг бас амаргүй ажил байдаг юм байна. Номоо герман хэл рүү хөрвүүлж, тэдэнд ойлгомжтой хэлбэрээр Монгол орныхоо тухай, мөн монгол зан заншил, ахуйгаа герман уншигчдад ойлгуулахаар зүтгэсэн нь шаггүй хүч шавхсан ажил байлаа. Монгол, герман найз нөхөд тусалсны хүчинд 2020 оны арваннэгдүгээр сард 500-гаад хуудастай ном маань Германы Ойленшпигель паблишинг группээр хэвлэж гаргасан.
Дараа нь өөрийн номоо солонгос хэл рүү хөрвүүллээ. Гэтэл солонгос редактор маань германчуудаас тэс өөрөөр харж, номонд оруулах зураг хөргөөс эхлээд “Манай уншигчдын сэтгэл зүйд нийцүүлэх шаардлагатай” гээд номын хавтсыг нь хүртэл өөрчлөх жишээтэй. Энэ редактор маань өөрөө 700 гаруй ном хянаж хэвлүүлсэн туршлагатай нэгэн л дээ. Номны нэрийг “Талд нуугдсан өлгий” гэсэн гүн агуулгатай нэр өгсөн саналыг нь дэмжсэн. Ийм хоёр номоо хэвлүүлж гаргаад сэтгэл сайхан байна. Өөрийгөө дөвийлгөхдөө биш Монголын түүх, соёл, уламжлал, зан заншлыг өөрийн амьдралыг хүүрнэнгээ олон улсад таниулж, эх орноо сурталчлах юмсан л гэж номоо герман, орос, хятад, солонгос хэл дээр орчуулж гаргаад байгаа маань энэ юм. Нүсэр амаргүй ажил ч гэлээ номын “амтанд” орчихдог юм байна шүү дээ, хүн чинь. Саяхнаас Оюу толгойн талаар нэг ном бичих санаатай, судалгааны ажлаа эхлүүлсэн. Оюу толгой төсөлд Монголын төрөөс шалгалт оруулсан хоёр ч ажлын хэсгийг ахалсан хүн болохоор бодит чимхлүүр, нарийн ширийн зүйлийг багагүй гадарлана. Тиймээс уншигчдад зориулж энгийн ойлгомжтойгоор бичих юмсан гэж төлөвлөөд л байна. Хүн оролдож, хичээж, урагшилж байхад нар гийсэн нэг сайхан өдөр хэвлэлтэд оруулах цаг ирнэ байх аа.
-Германд хэвлэгдсэн номны талаар их олон шүүмж гарсан гэлүү?
-Бараг 20 гаруй сонин, сэтгүүлд шүүмж, нийтлэл гарсан байна лээ. Хувь хүмүүсээс ч сэтгэгдлүүд ирсэн. Номоо хэвлүүлсний дараа Германы ерөнхийлөгчөөс эхлээд олон хүмүүс талархлын захиа илгээсэнд баяртай байгаа. Ирэх аравдугаар сарын 20-25-нд зохион байгуулагдах Франкфуртын олон улсын номын яармагт албан ёсоор намайг урьсан. Тэр үзэсгэлэн дээр “УЛААН БИЧИН ЖИЛД-Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулж, 10 гаруй хотод 20 гаруй номоо танилцуулах уулзалт арга хэмжээний тов гарч байгаа нь эх орноо сурталчлах сайхан боломж нээгдэж байна гэж харж байгаа, бэлтгэл ажлаа базааж сууна.
-Ном бичихээс өөр ямар ажил хийж байна. Таны нүүр номд оруулсан мэдээллээс харахаар орон нутаг, сургуулиар явсан зургууд байх юм билээ?
-Өөрийн төрсөн нутагт хоёр нуур сэргээх төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Нуур сэргээнэ гэдэг байгаль экологид ч, нутаг усныханд маань ч гэсэн хэрэгтэй, их ээлтэй ажил. Үүнд мэдээж олон хүний хүч хөдөлмөр, улсын төсвийн хөрөнгө оруулалт шаардагдсан нь тодорхой. Нуур сэргээх төслийн зураг төслөөс эхлээд бүтээн байгуулалтын ажил дээр нэлээд идэвхтэй ажилласан. Эрдэнэмандалд байгаа Их нуурыг маань машинтай хөндлөн туулаад гардаг болтлоо татарсан байлаа. Одоо усаар дүүрч, том нуур болж сэргээд, хунгийн чуулга чуулдаг болсон доо. Мөн Бөөргийн цагаан нуураа сэргээх ажил маань 70-80 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Энэ жил цар тахлаас болоод ажил сайн урагшилсангүй, гэхдээ зорьсон, тэмүүлсэн үр дүндээ хүрнэ гэж бат итгэж байна.
Төрсөн газар Архангай аймгийн Эрдэнэмандал сумаа Монголдоо дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн, үйлдвэр, аж ахуй төвлөрсөн, ажлын байраар хангагдсан, ажил бүтээл өрнүүн жишиг сайхан сум болгоё гээд нөхдийн хамт хичээж зүтгэж явсны дүнд цэвэр, бохир,халуун усны холболтын шугам татаж, зам тавьж, дэд бүтцийн ажил хийгдэж, ашиглалтад орох гэж байна. Түүнийгээ дагаад бүхэл бүтэн сумын шинэчилсэн төлөвлөгөө хийгээд “Хааны хот” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. “Хааны хот” гэдэг нэр өгсөн нь ч их учиртай. Архангай аймгийн Эрдэнэмандал сум нь эртний түүхийн дурсгалт газруудаар маш баялаг. Жишээ нь, хэдэн мянган жилийн тэртээх хадны зургаас эхлээд 6-7 мянган жилийн өмнө хүн амьдарч байсан чулуун зэвсгийн үеийн булш, 3000-3500 жилийн өмнөх хиргисүүр, дөрвөлжин булш, буган чулуун хөшөө мөн Түрэг, Уйгарын онгон тахилуудын үлдэгдэл, XIII зууны үед баригдсан дөрвөн замын уулзвартай бүхэл бүтэн хот байсан Хар хул хааны балгас гээд л Монголын баялаг түүхийг агуулсан нутаг. Энэ нь эргээд аялал жуулчлалын сонирхол татахуйц учир бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж, дэд бүтэц хөгжсөн, иргэд нь ажилтай орлоготой байх нөхцөлийг бүрдүүлж сумандаа сайхан амьдрах боломж олгох санаатай нөхдийнхөө хамт зүтгэж байгаа. Энэ төсөл, санаачилгыг манай Архангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд санаачлан, дэмжиж, манлайлан хамтарч ажиллаж байгаад талархлаа илэрхийлье. Ганц мод гал болдоггүй гэдэг шиг ганц хүн юу бүтээж базаах вэ дээ, харин олуулаа нэгдээд зүтгэвэл юуг ч босгож чадна.Тиймээс миний хувьд хамтын хүчийг эрхэмд үздэг. Мөн Сонгинохайрхан дүүргээсээ дөрвөн удаа парламентын элчээр сонгогдсон.Энэ дүүргийнхэндээ би өртэй хүн. СХД-ийн 151 дүгээр сургууль, 170 дугаар цэцэрлэгт түшиглэн, хүүхэд багачуудад эрүүл чийрэг, бие бялдрын өв тэгш хөгжилтэй, хүмүүнлэг, үндэсний өв соёл, зан заншлаа дээдэлдэг, ажилсаг монгол хүн болж төлөвших иж бүрэн сургалтын цогц хөтөлбөрийг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, захирал Х.Барнан нартай санаачлан, “Аварга” дээд сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна. Бас “Гайхамшигт бичил төсөл” хэмээх мод тарих, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө боловсруулаад, бэлэн болгочихсон. Үүнийхээ хажуугаар ХААИС болон Мал аж ахуйн хүрээлэнгийн хэсэг эрдэмтэдтэй хамтраад ашиг шим өндөртэй махны чиглэлийн хонины шинэ үүлдэр гаргах судалгаа шинжилгээний ажил хийгээд амжилттай явагдаж байна. Удахгүй олон нийтэд танилцуулна.
-Та 2020 оны сонгуулийн өмнө гэнэтхэн нэрээ татсан. Яагаад нэрээ татсан юм бэ?
-Би улс төрд ороод 20 гаруй жил болсон. 20 жилийн дараа УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлээгүй, залуучууддаа боломж олгох гээд нэрээ татсан. Миний хувьд хэзээ ч албан тушаалтай зууралдаж яваагүй. Итгэл үзүүлээд албан тушаалд томилвол харин ч хариуцлагатайгаар өөрийн бүхий л нөөц боломж, чадлаараа зүтгэдэг зантай. Учир нь хүн аливаад зогсож, цэг тавьж, эсвэл цаг нь ирэхээр зарим хаалгыг гоншигнохгүй хааж чаддаг байх хэрэгтэй.
-Та намынхаа байраар хэр орж гарч байна. Улс төрөөс бүрмөсөн холдоод байна уу, эсвэл…
-Би сонгуульд нэр дэвшээгүй гээд намын гишүүн байх эрхээ хасуулахгүй шүү дээ. Тийм болохоор намын найз нөхөд, залуучууд маань улс төрд хүчин зүтгэж байна. Тэдэнтэйгээ уулзана, намын байраар орно, Төрийн ордноор ч хааяа нэг харагдаад л байгаа даа, уг нь. Өмнөх шиг идэвхтэй оролцохгүй болохоор улс төрөөс хөндийрсөн мэт харагдаж байгаа байх. Миний хувьд нэг жил гаруйн хугацаанд ном бичих, хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлэх, шинэ үүлдрийн мал гаргах, хөдөө орон нутгаар явах, эрдэмтэдтэй “Дэлхийн гүн рүү” хэмээх хувийн судалгаа, аяллын групп зохион байгуулж, археологи, палеонтологийн чиглэлээр явах зэрэг ажилд түлхүү анхаарч, цаг заваа зарцуулж ирлээ.
-Улстөрчидтэй хэнтэй их ойр байна. Ордноор хэзээ оров?
-Сая 14 хоногийн өмнө Төрийн ордноор орлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад Хүнсчдийн холбооны ерөнхийлөгчийн хувьд оролцож, хүнсний үйлдвэрлэл, хангамж, аюулгүй байдал мөн тус салбарын тулгамдсан асуудлын талаар үг хэлсэн. Малын бэлчээр, тариалангийн талбайгаас хэрэглэгч хүртэлх оролцогч талуудтай манай холбоо уулзаж, саналаа нэгтгэж, илтгэлээ боловсруулсан.
Өнөөдөр хүнсний хангамжийн 45 хувийг импортоор авч байгаа нь хүнсний бие даасан байдал алдагдсан хэмээх ангилалд хамрагдаж байгаа юм. Бид хүнсний үйлдвэрлэл, цаашдын чиг хандлагаа тодорхой болгох ёстой. Энэ салбарт 580 мянган хүн ажиллаж байна. Худалдааны тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Түүхий эд бэлтгэхэд гадна, дотны зээл, тусламжаар дэмжвэл бид дотооддоо гурил, сүү, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний хэрэгцээгээ 2030 он гэхэд 80-100 хувь хангаж чадна. Энэ нь зүгээр нэг сэтгэл хөөрлөөр хэлж байгаа үг биш. Бид бүхэн судалгаа хийж, бодит тооцоолол, саналаа хүргүүлж байгаа юм.
-Ингэхэд та Н.Энхбаяр даргатай сүүлд хэзээ уулзав. Ингэж асуусны учир нь Та МАН, МАХН-ыг нэгтгэж сонгуульд оруулахын төлөө их зүтгэсэн гэж сонссон. Өнөөдөр МАН, МАХН албан ёсоор нэгдчихлээ?
-Саяхан би Н.Энхбаяр даргатай утсаар ярьсан. Ер нь хоёр нам нэгдэх нь маш зөв үйл явц. Анхнаасаа энэ хоёр нам үсэрсэн цус, тасарсан махны тасархайнууд учир бие биеэ ойлгох хэрэгтэй, зөвшилцөх шаардлагатай, нэгдэх нь зүйтэй гэсэн байр сууриа байнга илэрхийлж явсныг хүмүүс андахгүй мэдэж байгаа байх аа. Улс төрийн ончтой нүүдэл хийж хоорондоо эв нэгдэлтэйгээр нийлсэнд хувь хүнийхээ болон улстөрчийн хувьд баяртай байгаа.
-Та улс төрөөс холдоогүй байгаа нь ярианаас тань тодхон харагдаж байна. Гэтэл 2020 оны сонгуульд яагаад нэр дэвшээгүй юм бэ. Өнгөрсөн ч гэлээ тэр үед юу болж өнгөрснөө хуваалцахгүй юм уу?
-Тэгье. Уг нь би түрүүн яагаад сонгуульд дэвшээгүйгээ хэлсэн л дээ. Чи нэг зүйл нуугаад байна гэж бодоод дахин дахин асуугаад байна даа, тийм үү (инээв). Надад бусдад дэлгэхгүй, халхалж явах зүйл байхгүй ээ. 2020 оны сонгуульд МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар эмэгтэйчүүд, залуучуудыгаа дэмжих хэрэгтэй байна гэсэн санал гаргасан. Би ч саналыг нь хүлээж авсан.
Намын Бага хурал дээр “Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат гэдэг шиг залуучууд маань гарах цаг нь болсон. Тиймээс залуучууддаа амжилт хүсье. Гэхдээ УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний элч төлөөлөгч, зарц нь байдаг юм. Албан тушаал гэдэг эрх ямба биш, үүрэг хариуцлага байдаг юм шүү” гэж захиад залуучууддаа амжилт хүсээд нэрээ татсан. Ийм л зүйл болж өнгөрсөн дөө.
-Таны үеийн Ч.Улаан, Д.Лүндээжанцан гээд олон лидер ийм маягаар зайгаа тавиад өгчихөв үү. Гэтэл манайхаас бусад парламентыг харж байхад Засгийн газрын тэргүүн, төрийн өндөр албан тушаалд 60-аас дээш насныхан байж харагдах юм. Улс төр дэх үеийн асуудлыг та юу гэж хардаг вэ?
-Аливаа улс орны хөгжил ахмад, дунд, залуу, өсвөр гээд үе үеийнхний гинжин холбоон дээр оршин тогтнодог. Тиймээс төр түшилцэх үйлсэд ахмад, дунд, залуу үеийн хослол байгаасай гэж боддог. Нөгөөтэйгүүр, залуу халуун нас учраас ахмадуудаа шүүмжилж, тэднийг хөгширсөн энэ тэрээр дууддаг талтай. Уулыг нураамаар, усыг эргүүлмээр бяр амтагдсан мөч хэнд ч байдаг. Тиймээс залуучуудын шинэ санал санаачилга, шинэ хандлагыг идэр насныхны зүтгэл, туршлагатай ахмад насныхны зөвлөгөөгөөр дэмжээд явбал ажил илүү урагшилж, амжилттай байна. Гэхдээ ахмадууд байх ёстой гээд суудалдаа шигдчихээд, ажил явуулахгүй тушиж болохгүй. Тухайн хүний нас биш, ажлын бүтээмж, чанар талаас нь харах их чухал. Би л хөгшин хүн, миний үгийг л сонс гээд мугуйдлаад байж бас болохгүй ээ. Маш оюунлаг, тархины булчингаа үнэхээр хөгжүүлсэн, алсыг илүү хардаг, Монгол Улсыг бүхлээр нь зураглаж чаддаг, улс төрд туршлагажсан ахмад үеийн төлөөллийн хүмүүс зөндөө бий.
Тэднийг би “Монгол төрийн амьд түүх, түүчээ” гэж хүндэтгэдэг. Тийм хүмүүсийг 60 нас хүрлээ гээд зайлуулах нь жаахан харамсалтай л санагддаг юм. Мэдлэгийг нь, туршлагыг нь, сэтгэлийн хат, алсын харааг нь шавхтал л ашиглаасай гэж боддог. Харин залуучуудаа голоод тэд юу ч мэдэхгүй, болоогүй байна гээд байвал хэзээ тэд чаддаг, мэддэг болох билээ. Бид бүгдээрээ залуу байж, энэ үеийг туулсан. Ажил хийж, ачааны хүндийг үүрч байж л туршлага суудаг шүү дээ. Ийм л гинжин холбоосоор Монголын төрийн ой санамж, залгамж бий болдог. Аливаа зүйлийн давс, хужрыг нь тааруулж, тэнцвэрийг зөв олж, залж удирдах л хамгийн чухал гэж хэлэх гээд баахан зүйл нуршчихлаа.
-Залуухан хүнийг Ерөнхий сайдын албанд томиллоо. Үүнийг юу гэж харж байгаа вэ?
-Ерөнхий сайдын албыг хашиж байгаа хүнийг залуу, хөгшин гэж ялгаварлах нь утгагүй. Насаар нь биш хийсэн ажлаар нь л дүгнэдэг юм. Энэ залуугийн ажлын үр дүн гарах, дүгнэх цаг арай болоогүй байна. 40 нас гэдэг ид хийдэг, бүтээлч байдаг нас даа.
-Та Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна. Ер нь улс төрд нэг их идэвхгүй, бизнес ч хийж үзээгүй шинэ залуу үеийнхнийг сайдаар томилсныг айдасгүй ажиллах зоримог алхам гэх юм?
-Төрийн алба, улс төрийн туршлагатай байх нь гарцаагүй Засгийн газрын гишүүн байх нэг үзүүлэлт мөн л дөө. Нөгөө талаар улс төрийн элдэв бүлэглэл, фракцид, тэр ч байтугай нам дамжсан бүлэглэлүүдийн шахалт шаардлагаар “туршлагатай” гэсэн нэрийн дор дээрх албанд шургалах нь их хортой. Иймээс аль аль талыг нь харгалзан үзэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Ямар арга хэмжээ авч, яаж удирдаж, юун дээр илүү төвлөрч байгааг улстөрч хүний хувьд ажиглаж, харж л байна. Үнэхээр хойшлуулшгүй шийдэл, алдаа дутагдал гаргавал дуугүй суухгүй, хошуугаа өргөж, ингэж засч сайжруулмаар байна гээд тодорхой саналаа хэлнэ ээ.
Тэрнээс хүнийг муулах, өөлөх дон туссан биш зорьсноо эхлүүлж байхад нь үгийн муугаар “балбаад” баймааргүй байна. Ирэх оны өдийд гэхэд ерөнхий багцаа харагдана. Засгийн ажлын үр дүнг гурван жилийн дараа дүгнэхэд илүү барагцаатай, бодит болно. Би хууль тогтоогч байхдаа “Гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгая. Тэгэхгүй бол дахиад шинэ хүн гарч ирээд өмнөх хөтөлбөр, бодлогыг өөрчлөөд оруулж ирж байна. “Тогтвортой байдал-хөгжилд дөт” гэж ярьдаг байсныг өөрөө сэтгүүлч болохоор санаж байгаа байх. Өнгөрсөн хугацааны гашуун сургамж бидэнд бий. Засгийн газруудын дундаж наслалт 1,8 жил байлаа шүү дээ.
Харин ажлаа хийдүүлж, алдаа гаргаж, хувийн эрх ашгаа тэргүүнд тавьж, төрийн ажлыг гацааж байгаа сайд, дарга нарт Ерөнхий сайд шийдэмгий хандаж, зоригтой хариуцлага тооцож явах нь зүйтэй.
-Танай үеийнхнийг харж байхад жишээ нь Ө.Энхтүвшин, Бадамсүрэн, Ц.Нямдорж гуайгаас эхлээд хүүхдүүд нь залгуулаад шууд улс төрд орж ирж байна. Таны үр хүүхдүүд улс төрийн хаана явна вэ?
-Би нэг зүйлийг байнга л хэлдэг. Хэрэв чи бизнес хийвэл тэрийгээ л хий, улс төрд орох юм бол улс төрийнхөө ажлыг зөв манлайлал үзүүлж хий. Тиймээс миний хувьд улс төрд зүтгэсэн 20 жилийн хугацаанд өөрийнхөө ах дүү, хамаатан садангаа өндөр албан тушаалд тавиагүй. Төрийн хөрөнгө, сангаар үр хүүхдээ гадаадын өндөр нэр хүндтэй сургуульд сургаагүй. Мөн улсаас орон сууцны дэмжлэг эсвэл ямар нэг лиценз, уул уурхай, газар тариалангийн ямар нэг газар аваагүй, оффшорт дансгүй. Энэ бол миний улс төрд нүүр бардам хэлэх, бусдад өвлүүлэх зөв манлайлал гэж боддог. Миний хүүхдүүдийн хувьд улс төрийн салбарт байдаггүй. Нэг нь аж ахуйн ажил эрхлээд, нөгөөх нь гадаадад магистраа хамгаалаад, одоо тэндээ ажиллаж байна.
-Ковидын үеийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Дэлхий нийтийг хамарсан цар тахалд сөхөрчихгүй давж гарахад ухаалаг бодлого, зөв менежмэнт, оновчтой хуваарилалт хэрэгтэй. Хийж хэрэгжүүлж байгаа бодлогоос нь харахад вакцинжуулалт сайн яваа. Зарим улсад иргэд нь эхний тунгаа ч хийлгэж дуусаагүй байхад бид хоёр, гурав дахь тун руугаа орчихоод байна. Дэлхийг хамарсан аюулт тахлын үед шинжлэх ухаандаа итгэхгүй бол өөр юунд найдах юм.
Монгол Улсын Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлан, хэрэгжүүлж байна. Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын макро эдийн засагт эерэг үр дүн авчирна гэж найдаж байна. Эдийн засаг, эрүүл мэндийн чиглэлээр нийт 56 үйл ажиллагааны зорилгыг тусгасан цогц төлөвлөгөө юм билээ. Гэхдээ ажилгүйдэл, ядуурал, өвчлөлийн тоо буурахгүй байгаад сэтгэл эмзэглэж байна. Үүн дээр цаашид дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеийн онцгой өвөрмөц менежмэнтийн талаарх бусад орнуудын туршлага судалж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.
-Ямар үр дүнтэй гэж…?
-“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл, Монголбанкны репо санхүүжилт, орон сууцны ипотекийн зээлийг эрчимжүүлсэн арга хэмжээнүүдийг шуурхай хэрэгжүүлж тодорхой дэмжлэг үзүүлж байна. Манай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хүндрэлтэй, орлого тааруу байна. Ард иргэдийн амьдрал амаргүй байхад ийм шийдвэр гаргасан нь зөв. Гарсан шийдвэрийнхээ гүйцэтгэл, хяналтад сайтар анхаарлаа хандуулах шаардлагатай. Ийм хөтөлбөрийн үр дүн алга урвуулахын дайтай хурдан харагдахгүй ч, алсуураа ач холбогдолтой байх болов уу.
Харин нийгмийн сүлжээний санал шүүмжлэлээс болоод гаргасан шийдвэрээ богино хугацаанд өөрчлөөд байж болохгүй. Төрийн шийдвэр нь тодорхой судалгаа, шинжилгээнд үндэслэж, төлөвлөлттэй гарсан бол байр суурь дээрээ бат зогсож,тууштай хэрэгжүүлж, үр дүнг нь харуулахыг л чухалчлаасай.
-Та Герман улсад Монгол Улсыг төлөөлж сууж байсан Элчин сайд хүн. Гадны нөхцөл байдлыг маш сайн мэднэ. Гадаадын хөрөнгө оруулагч нарын итгэлийг яаж сэргээх ёстой вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бид хуулиа хэрэгжүүлдэг байх ёстой. Энэ бол нэн тэргүүний асуудал. Хоёрдугаарт, Засгийн газар тогтвортой байх шаардлагатай. Энэ хоёр нь байнга өөрчлөгдөж байдаг учраас гадаадынхан гайхдаг, бас хөрөнгө оруулалт хийхээс болгоомжилдог, хамтарч ажиллахаас татгалздаг.
Нөгөөтэйгүүр, авлига, хээл хахууль, хүнд сурталтай холбоотой асуудалд онцгойлон анхаармаар байна. Төрийн албаны албан тушаалтны хүнд суртал, авлига үнэхээр бодитоор нүүрлэчихээд байгаа нь олон улсын судалгаагаар ч гарч ирж байгаа. Ард иргэд ч үүнийг шүүмжилж хэлсээр байна. Энэ асуудлыг дотооддоо цэгцэлж байж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татна.
Эх орны язгуур эрх ашгийн төлөө үе үеийн Ерөнхийлөгч, УИХ , Засгийн газар нь ажиллах ёстой. Гэхдээ эв нэгдэл гэдэг бол хоорондоо нийлж, идэж ууж эсвэл бүлэглэл бий болгохыг хэлж байгаа юм биш. Эв нэгдэлтэй гэдэг нь Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн төлөө гараа атгаж, “Нэг санаа-Нэг зорилго”-тойгоор тогтвортой ажиллаж, төлөвлөснөө хэрэгжүүлэхийн чухлыг өнгөрсөн түүхээс өгсөн сургамж харуулж байна.
Р.ХИШИГЖАРГАЛ