Categories
мэдээ улс-төр цаг-үе

Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэчихээр тариаланчид тариагаа тарихгүй гэж эсэргүүцээд байгаа DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Бүлгээр ямар асуудал хэлэлцэв. Хаврын чуулганаар хэлэлцэгдэж байгаа томоохон хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэж чадав уу?

-Дотоодын гурван асуудал ярилцлаа. Энэ парламентын хаврын отгон чуулган үргэлжилж байна. Хаврын чуулган одоо сар гаруй үргэлжлэх төлөвтэй байгаа. Тиймээс энэ чуулганаар ямар асуудлууд оруулж ирэх үү, ямар хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай вэ гэдгээр бүлгийн гишүүдийнхээ байр суурийг сонслоо. Мөн УИХ-аар хэлэлцэгдэж байгаа гурилын үнийг гаалийн тарифаас чөлөөлөх асуудлаар байр сууриа нэгтгэлээ. Дээр нь Баялгийн сангийн тухай хууль чуулганаар хэлэлцэгдэж байгаа. Тэр утгаараа уг хуулийн төслөөр бүлгийн гишүүд ямар байр суурьтай байгаа, цаашид юунд анхаарах ёстойгоо хэлэлцлээ.

Нөгөөтэйгүүр дээрх хуулийн төслүүдийг хаврын чуулганаар заавал хэлэлцэж батлах асуудалд саналаа нэгтгэлээ гэж ойлгож болно.

-Сонгууль болох цаг хугацаа ойртох тусам ч уулган, байнгын хороодын хуралдааны ирц хүрэхгүй байх асуудал үүсч байна. Үүнд бүлгийн даргын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ирцийн хувьд нэгдсэн чуулганы хуралдаан дахь гишүүдийн оролцоо хэвийн байгаа. Эрх барьж байгаа намын хувьд гишүүдээ долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаа заавал суу гэдэг шаардлагыг тавьж байгаа. Сонгуулийн хуулиар тойргоо томсгочихсон, тийм үү. Тэгэхээр нэг аймагтай байсан хүн гурваас дөрвөн аймагтай болсон гэсэн үг. Тиймээс гишүүдийн хувьд тойрогтоо ажиллах шаардлагатай байна гэдэг зүйлийг хэлж байгаа. Сонгуулийн хуулиараа тавдугаар сарын 15-наас өмнө ажиллах боломжтой. Энэ хугацаанаас хойшоо тойрогтоо ажиллах асуудал байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, дараагийн УИХын гишүүд тодроод ирэх болохоор одоо байгаа гишүүдийн тайлан тавих эрх нь шууд хаагдаж байгаа гэсэн үг. Тиймээс тэрнээс өмнө сумдуудаар явах хэрэгтэй байна гэдгийг гишүүд хэлээд байгаа учраас явуулахгүй байж болохгүй байна. Тиймээс тодорхой зохицуулалтуудыг хийж байгаа. Тэр утгаараа байнгын хороодын ирц тааруу ч нэгдсэн чуулганы ирц хэвийн болсон.

-Сонгуулийн ажлаа тайлагнаж явахаас илүү хаврын чуулганаар нийгэмд хэрэгцээтэй байгаа хуулиа хэлэлцээд батлаад явах нь угтаа чухал юм биш үү, гишүүдийн хувьд?

-Таны хэлж байгаатай санал нэг байна. Мэдээж УИХ-ын гишүүний хамгийн том үүрэг бол хууль тогтоогчийнхоо ажлыг хийх. Тиймээс аль аль талд нь үйл ажиллагааг нь доголдуулахгүйгээр зохицуулалтуудыг авч хэрэгжүүлээд явж байна. Цаашид ирцийн хувьд нэмэгдээд явах хандлагатай байгаа.

-Импортын гурилын үнийг татвараас чөлөөлөх асуудал яригдаад цөөнгүй хугацаа өнгөрлөө. Яагаад одоог болтол дээрх асуудалтай холбоотой хуулийн төсөл батлагдахгүй байна вэ?

-Д.Амарбаясгалан даргын хувьд уг хуулийн төслийг батлахгүй 45 хонолоо гэдэг ташаа мэдээллийг өгсөн байна лээ. Энэ хуулийн төсөл өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд УИХ-д өргөн баригдсан юм билээ. Тэгэхээр өргөн баригдаад 20 гаруй хонож байна л гэсэн үг шүү дээ. Уг хуулийн төслийг шууд шийдээд явна гэдэг хүндрэлтэй. Учир нь энэ асуудал бол хоёр талтай асуудал. Нэг талдаа гурилын үнийг бууруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Нөгөө талдаа тариаланчдыг яах вэ гэдэг асуудал байна. Уг хуулийн төслийг баталъя гэхээр тариаланчид маань эсэргүүцэж байгаа. Хэрэв уг хуулийн төслийг баталвал тариаланчид тариа тарихгүй болно гэдэг зүйлийг ярьж байна. Тиймээс хоёр талын энэ асуудлыг хооронд нь уялдаатай авч үзэх шаардлагатай. Тэр утгаараа УИХ-аас Ж.Бат-Эрдэнэ г ишүүнээр ахлуулсан ажлын хэсэг энэхүү асуудал дээр анхаарч ажиллаж байгаа. Тиймээс энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байна. Амжихгүй бол дараагийн долоо хоногт хэлэлцэнэ.

-Нэр дэвшигчтэй холбоотойгоор МАН-ын барьж байгаа гол бодлого, зарчим юу байна вэ?

-Манай намаас гурван гол шаардлагыг тавьж байгаа. Нэгдүгээрт, тойрогт нь хийсэн социологийн судалгааг харна. Өөрөөр хэлбэл, тухайн тойрогт ямар хүн илүү рейтинг өндөртэй байна тэр хүнийг намаас нэр дэвшүүлнэ гэсэн үг. Энэ бол хамгийн г ол шаардлагын нэг. Хоёрдугаарт, янз бүрийн хэрэгт холбогдож, нэр төр нь сэвтсэн улстөрчийг нэр дэвшүүлэхгүй байна гэж тогтсон. Энэ дотроо ёс зүйн асуудлыг чухалчилна. Тэр утгаараа манай намын дэргэдэх Ёс зүйн хороо гишүүд бүр дээрээ дүгнэлт гаргана. Гуравдугаарт, нийт иргэдийн хувьд тухайн нэр дэвшигч маань нэр хүнд ямар байна вэ гэдгээс нь хамаарна. Энэ утгаараа тавдугаар сарын 5-20ны хооронд нэр дэвшилт явагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *