Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээ аваад удаагүй байгаа Даваагийн Сүхбаатартай ярилцлаа. Түүнийг монголчууд “Ацаг шүдний зөрүү” киноны Намжилын дүрээр нь сайн мэдэх билээ.
-Юуны өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин болсонд тань баяр хүргэе. Бага нас тань хаана өнгөрөв?
-Миний бага нас Монгол кино үйлдвэрийн зүүн талын хамар хашаанд өнгөрсөн. 1959-1969 оны хооронд арван жил яг тэр хашаанд амьдарсан. 1990-ээд оноос хойш манай буурь кино үйлдвэрийн обьектод орчихсон. Гэрийн буурин дээр минь саяхныг болтол барилга баригдалгүй байсаар байсан. Эргэж бодоход хүүхэд үеэсээ жүжигчин болно гэж мөрөөдөж зүтгэсэн зүйл байгаагүй. Тэр үед хүүхдүүдэд таван өнгийн л будгийн харандаа байлаа. Одоо бол олон төрөл болжээ. Нэгдүгээр ангид байхдаа тэр харандаагаараа нүүр амаа эрээлжилж будчихаад багшийг цаашаа хараад самбар дээр юм бичиж байх хооронд зүггүйтдэг товариш байсан юм уу даа. Хойгуур л суудаг байсан юм шиг байгаа юм. Нүүр амаа будаад жорвогноод суухаар хүүхдүүд хараад инээлддэг. Түүнд нь онгироод багшийг эргэж харангуут партан доогуураа шургаад, цаашаа харангуут нь гарч ирж зүггүйтнэ. Манай ангийн багшийг Нансалмаа гэдэг байлаа. Тэгж байгаад баригдаад, багш намайг чихнээс чангааж багш нарын конторт аваачиж байсан юм. Тэр үеэс л миний жүжигчин болчихъё доо гэсэн мэдрэмж зөн совин эхэлсэн болов уу даа.
-Аль сургууль төгссөн юм бэ?
-Арван жилийн 14 дүгээр сургуулийг төгссөн. Хоёрдугаар ангидаа шилжиж ирсэн. Анх бол 16 дугаар сургуульд элссэн л дээ. Түүнээс хойш 1959 онд 14 дүгээр сургуулийн багш нарын байр гээд Кино үйлдвэрийн зүүн талын хамар хашаанд нүүж очлоо. Долдугаар ангиа төгстлөө тэнд байсан. Сургуулийнхаа концерт, урлаг уран сайхны ажилд бүгдэд нь идэвхтэй оролцдог. сургуулийнхаа концерт, шинэ жил гэх мэт арга хэмжээг хөтөлнө. Шүлэг унших дуртай, ном их уншдаг хүүхэд байж. Долдугаар анги төгсөхөд үеийнхнээсээ хамаагүй илүү ном уншчихсан, том том романууд, дэлхийн сонгодог зохиолуудыг мэддэг болсон байлаа. Жюль Вер, Майн Рид, Александр Дюма гээд дотоодоос Б.Ринчен, Л.Түдэв гээд тэр үеийн томчуудын “Хөх тэнгэр” роман, “Заан Залуудай” хэмээх хүүхдийн тууж, “Тунгалаг тамир” роман гээд уншаагүй зохиол байхгүй. Хэвлэлтээс гарангуут нь шүүрч авч уншина. Хичээлээ хийхгүй аав ээждээ аашлуулаад, шөнө орондоо гар чийдэн тусгаж ном уншиж байгаад баригдаад гар чийдэнгээ хураалгаж явсан түүх бий. Тэгсэн хэр нь хичээлдээ муу. Аман хичээлдээ бол сайн. Түүх, нийгэм, монгол хэл, уран зохиол зэрэг хичээлдээ сайн. Багш хичээлээ заагаад дуусахаар баталгаажуулж асуухад хамгийн түрүүнд гараа өргөнө. “Чи дут, чамаас хэн асуусан юм” гэж загнадаг болчихсон сүүлдээ. Тэгсэн мөртлөө математик, геометр, физик, химидээ “Сүхээгээс бусад нь ойлгосон уу?” гэдэг байж билээ. Одооныхоор бол нийгмийн идэвх сайтай пионерын бүхий л арга хэмжээнд оролцдог жаахан бор хүү байж дээ.
-Кино үйлдвэрийн хашаанд бага нас өнгөрсөн гэхээр хотын унаган хүүхэд байжээ дээ?
-Тийм. Би 1950 оны дөрөвдүгээр сарын 5-нд Нэгдүгээр төрөхөд төрсөн. Миний ижий Хөвсгөл аймгийн Түнэл сумын харьяат. Маанийн Лхамсүрэн гэж сайхан монгол эмэгтэй байлаа. их мэргэн цэцэн үгтэй. Голдуу зүйр цэцэн үгээр ярьдаг, их шооч. Хүнийг шоолохоороо яг голыг нь олж хэлнэ. Хүн доромжилж, дээрэлхэж биш, яг л тэр хүнийг байгаагаар нь хэлдэг. Хотгойд хүн байсан. Аав минь Архангай аймгийн Булган сумын харьяат. Заяын гэгээний шавь. Миний өвөө лам хүн байсан гэнэ лээ. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн өмнө өөрөө сураггүй алга болчихсон юм гэсэн. Аав маань өвөөгийн тухай ярих тун дургүй. Тэр үеийн хүмүүжсэн хүмүүжил нь тийм л дээ. Шашингүйн үзэл суртал гэдэг айхтар зүйлээр толгойг нь угаачихсан, өөрөө намын ажил хийдэг багш хүн байсан учир ярьдаггүй байх. Намын төв хорооны хөдөө аж ахуйн хэлтэс гэж бүх л аймгуудын хүнсийг хуваарилах байгууллагын зааварлагч байж л дээ. Дайны жилүүдэд Намын төв хороонд ажилладаг, улсын бага хурлын гишүүн байсан. 1948 юм уу 1949 онд намайг төрөхийн урдхан их сургуульд суралцаж байхдаа машинд дайруулсан юм гэнэ лээ. Өрөөсөн нүд нь төрөлхийн хараа муутай. Хараа муу талаас нь машин гарч ирэхийг өөрөө харалгүй дайруулаад гэмтчихсэн. Тэгээд намын төв хорооны ажлаасаа чөлөөлөгдсөн. Дараа нь сургуульд сурч, нийгмийн ухааны багш болсон. Их чанга дуутай, маш тод хурц ярьдаг. Хурдан хөдөлгөөнтэй. Өөрийнхөө гурван хүүхдийг хайхардаггүй мөртлөө хүний хүүхдийн төлөө гүйж явдаг. Хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй хүн байсан юм.
-Тэгэхээр жүжигчин болоход аав ээжийн зан чанар бас нөлөөлж дээ?
-Тийм шүү. Аавынхаа тэр чанга тод дуу, хурц яриаг дуурайж. Одооныхоор бол дикц гэдэг. Аав минь их дикцтэй ярьдаг. Түүнийг нь дуурайсан юм болов уу. Ижийгийнхээ шооч, шогч, юмыг их ажигладаг занг дуурайсан байх. Шооч, шогч зан гэдэг амьдралд их гярхай, юмыг сайн ажигладаг гэсэн үг шүү дээ. Хошин олж хардаг. Түүнийгээ уран гоёор хошигнож чаддаг. Тэр занг нь би өвлөсөн байх. Би бол сургууль соёл төгсөөгүй. Одоо цагийн үнэлэмжээр би боловсролгүй хүн. Нэг талдаа. Нөгөө талдаа бол амьдралын гүн ухаан монгол өвөг дээдсийн гүн ухаанд суралцсан. Албан ёсны аль нэгэн сургуульд сураагүй. Чөлөөт уран бүтээлч хүн.
-Та ах, дүү гурвуулаа гэсэн. Тантай ижил жүжигчин болсон хүн бий юү?
-Миний хоёр дүү бол төрсөн эгчийн минь хоёр хүүхэд. Би уг нь эхээс гурвуулаа. Эгч минь намайг зургаан настай байхад бурхны оронд одсон юм. Хүргэн ах маань хоёр нялх хүүхэдтэйгээ үлдэж, бид хамтдаа олон жил амьдарсан. Эгчийг минь нас барснаас хойш арваад жилийн дараа хань ижилтэй болж, явах болоход ижий, аав хоёр минь энэ гурав цугтаа нэг гэрт өсчихлөө. Аав минь хүргэн ахыг “Миний хүү хоёр хүүгээ үлдээгээд яв. Мэдээж чамаар овоглодог чиний үр удам чинь бүгд л холбоотой байна” гээд үлдээсэн юм. Тэгээд л бид гурав нэг гэрт төрсөн ах дүү шиг өссөн. Бага дүү минь өнгөрсөн жил бурхан болчихсон. Амьдралд их юм үзлээ дээ. Зургаан настай даа эгчийгээ алдаад, түүнээс хойш хоёр сайхан хүү, хорвоогийн жамаар эцэг эх, найз нөхөд, ах эгч нар минь буцаад л явах юм. Өндөр наслахад нэг талдаа их зүйл үзэж, үр хүүхэддээ хань бараа болох нь сайхан л юм. Нөгөө талдаа сэтгэл шимширсэн, зүрх эмтэрсэн зүйл ихийг үзэх юм. Хорвоогийн жам юм даа.
-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач, хэдэн хүүхэдтэй вэ?
-Би сайхан ханьтай. Амьдралдаа хоёр удаа гэрлэсэн. Анхны ханьтайгаа арван жил амьдраад хоёр хөөрхөн охинтой болоод сайхан л амьдарч байлаа. Гэтэл үл ялиг зүйлээс болж ойлголцохгүй, дээр нь хүмүүс даарин дээр давс нэмнэ гэгчээр зүйл болсон. Үл ойлголцож ядаж байгаа хүмүүсийг улам холдуулах зүйл болдог юм байна лээ. Хагарсан шаазанг эргэж нийлүүлнэ гэж байдаггүй шиг нэгэнт холдсон сэтгэлийг эргээд нийлүүлнэ гэж байдаггүй л юм билээ. Бид амьдралын сүүлийн мөчид юу эсийг бодохов. Эргүүлээд бодож, гэмшиж, ухаарч явахад гэр бүл салахад ямар ч гэмгүй хүүхэд л хохирч үлддэг. Зүгээр ч нэг хохироод үлдэхгүй, ямар сайхан ирээлүйтэй, ямар сайхан амьдралыг туулах байсан хүүхэд насан туршдаа эрэмдэг зэрэмдэг болох нь бий. Сэтгэлийн хувьд эрэмдэг зэрэмдэг, харгис хатуу янз бүрийн л хүн болж төлөвшдөг юм байна лээ. Азаар миний хоёр охинд тийм зүйл тохиолдоогүй. Анхны ханийн минь сүүлд суусан хань нь сайн хүн таарч, хоёр охиныг минь эцгийн хайраар дутаагаагүй. Өвөө, эмээ нь ч их буянтай сайн хүмүүс байсан. Эцэг, эхийн хураасан буяны үр гэж байдаг байх гэж боддог юм. Тэр буянаар миний хоёр охинд сайн аав таарч, хайраар дуталгүй сайхан өссөн. Одоо миний хань Бадамаа гэж эм зүйн мэргэжилтэй. Сайхан монгол эмэгтэй. Бид хоёр ханилаад 25-26 жил болж байна. Хүүхэд байхаасаа хоёулаа нэг хашаанд тоглож явсан юм билээ. Түүнийгээ хэзээ хойно мэдэцгээсэн л дээ. Дарханы театрт би жүжигчин, миний ханийн анхны нөхөр нь манай театрын дуу хоорын багш. Бид хоёр сайхан нөхөрлөдөг. Өмнөх эхнэр одоогийн хань хоёр маань сайхан найзууд. Бид өөд өөдөөсөө харсан хаалганд амьдардаг байлаа. Хүний амьдрал гэж сонин шүү. Олон жилийн дараа би хотод буцаж ирсэн л дээ. Аав, ижий хоёр минь нас дээр гарч бие нь чилээрхдэг болж, би эмийн сангаас эм тариа авч аав ээжийгээ асардаг байх үед миний хань Бадамаа таарсан. Уулзаагүй олон жил болчихсон байсан. Тэр үедээ хань ижлийг нь бурхан болсныг мэдээгүй. Эмийн мэргэжилтэй болохоор миний аав ээжид их тус болж асарч сувилдаг байлаа. Тэгээд л хоёул зовлон жаргалаа хуваалцаж, нийлцгээсэн. Миний ханийн хоёр сайхан охин бий. Тэд минь намайг аав гэдэг. Би ч өөрийн үр гэж хайрладаг. Анх тэднийд орохдоо би талийгаачийн зурганд хадаг тавиад ярьсан. Хувь тавилангийн эрхээр ийм боллоо. Би хоёр охиныг чинь, ханийг чинь чадлынхаа хэрээр тулж, түшиж явна аа гэж хэлсэн. Анх бид хоёр тэгэж нийлж байлаа. Одоо манай хүүхдүүд хоорондоо бүгд эгч дүүс. Хоёр бага маань гадаадад амьдардаг. Зургаан охин, нэг сайхан хүүтэй хүн дээ би.
-Тэгэхээр бага хүү тань хайранд бүүвэйлэгдсэн хүн байна даа?
-Тийм ээ. Миний бага хүү айлын ганц хүү гэлтгүй багаасаа биеэ даасан. 18 настайдаа Франц руу гарч, хоёр жил амьдраад буцаж ирээд 5-6 сар болсон юм уу даа. Тэгээд нэг хөөрхөн охин дагуулж ирээд хоёул хөтлөлцөөд Америк руу явцгаасан. Одоо хоёр хүүхэдтэй. Бэрийн маань гэдсэнд бас нэгэн ач минь бойжиж байгаа.
-Танайх тэгэхээр өнөр өтгөн айл болжээ. Ач зээ нийлээд хэд болж байна?
-Одоо хорь гарч байгаа байх аа. Би нэг их тэгэж бүртгэж тоолоод байдаггүй. Би юманд хэнэггүй аажуу талдаа. Нөгөө талаар ном, сүжиг сүсэгтэй. Учиргүй мал тоолж байгаа аятай хүнээ тоолоод байх нь ч юу юм дээ.
-Таны мэргэжлийг өвлөсөн хүүхэд бий юү?
-Одоогоор яг жүжигчин болсон хүн байхгүй. Бүжигчин, дуучин, хөгжмийн талын хүмүүс л болох шинжтэй байна. Заавал жүжигчин бол гэж тулгахгүй. Хүн анх төрөхдөө л программчлагдаад төрдөг. Одооны хэлээр ярьж байгаа шүү би. Хуучныхаар бол төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг гэж байна. Хувь тавилангаараа л яваг.
-Жүжигчин болсон нь яг хэзээ вэ?
-Би хүүхэлдэйн театраас гараад хийх ажилгүй ёстой л гудамжинд лааз өшиглөж явахад минь миний найз Жигжидсүрэн 1983 онд монгол кино үйлдвэрийн орчуулгын киноны дуу оруулагч шалгаж авч байна. Чи тийшээ очоод шалгуул гэхээр нь очсон юм. Тэр үед Кино нэгтгэлийн дарга Бямбажав хүлээн авч анхны суурийг минь тавьж байлаа. Сэлэнгэсүрэн найз минь анх хөтөлж оруулсан даа.
-Анхны тоглосон дүр, уран бүтээл юу вэ?
-Би театр, киноны уран бүтээлч гэж явдаг. 1975 онд анх Дархан хотын Соёлын ордон гэж байгаад Хөгжимт драмын театр гэж зохион байгуулагдах үед нь МУУГЗ И.Нямгаваа гэдэг хүний шавь болж дагалдан жүжигчнээр орсон. С.Надмид зохиолчийн Шалгалтнаар гэдэг хошин үзэгдлийн Буурал гэх 50 гаруй насны өвгөний дүрд тоглосон. Тэр нь нэлээн хариуцлагагүй, шалгалт ирэхэд сүрхий ажилсаг болдог, ширээнийхээ бүтээлгийг дэвсээрээ шинэхэн халатаа өмсөөрэй гэдэг шиг л хүний нүд хуурсан юм хийдэг нөхрийн дүрд тоглосон. Тэгэж хамгийн тайзан дээр гарсан. Тэр үед би 25-тай. 50 гаруй насны хүний дүрийг бүтээх гэж хөдөлгөөн, сэтгэж байгаа сэтгэлгээ, биеийн үйлдэл, сэтгэлийн үйлдлийг хийхийн тулд их сургууль хийж, нэлээн зэмлүүлж байж гаргах гэж оролдсон л доо. Би ямар мэргэжлийн жүжигчин ч биш. Дагалдан, уран сайханч л байсан. Эргээд бодоход тэр дүр их инээдтэй, ичмээр ч юм шиг санагддаг. Гэхдээ сайхан. Жүжигчин хүн анхныхаа дүрийг мартдаггүй л юм байна. лээ. Жамцдорж гэж манай нэг жүжигчин “Чи учиргүй ухасхийгээд давхиад байх юм. Дап, дуп гээд түргэн хөдлөх юм. 50 настай хүн яаж тэгж хөдлөх билээ” гээд зэмлэж байсан юм. Найруулагчаас гадна хамт ажиллаж байгаа нөхдөөсөө бас их зүйл сурдаг. Ер нь хүн хүний үг сайн авдаг болчихвол дараа нь ямар ч зүйлд хэрэг болдог юм шүү.
Үргэлжлэл бий