Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сосорбарам: Н.Алтанхуяг өөрөө Ерөнхий сайд байж хүргэнээ томилдог угаасаа буруу

Ардчилсан намын VI их хурал хоёр дахь өдрөө “Соёлын төв” өргөөнд болж байна. Энэ удаагийн Их хурлаар АН-ын даргыг томилох тухай хэлэлцэн шийдвэрлэх боловч одоогийн байдлаар энэ асуудал яригдаагүй байна. Хоёр өдөр хаалттай болж буй Их хуралдаанаар АН-ын ҮЗХ-ны гишүүд болох Л.Болд, Н.Алтанхуяг, Да.Ганболд, Д.Сосорбарам нар үг хэлж, өөрийн байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Д.Сосорбарам “Өнөөдөр энэ нам найман жил яаж явсан юм. Би найман жил Их хурлыг хүлээлээ. Би урьд шөнө хар дарж зүүдэлсэн. Урт гар намайг бас зовоосон. Хэлэх үг минь боогдсон. Харах нүд минь хаалттай хэвээрээ байгаа. Аз болж эхнэр маань “Хуралд явна шүү” гэж хэлээд өглөө сэрээсэн. Гэхдээ би нэг ч үг бэлдэлгүй хуралд ирсэн. Харин одоо юу хэлэх вэ гэхээр ҮЗХ-ны гишүүд 280 хүн байдаг юм байна. Энэ гишүүд миний харж байгаагаар даргаа тойрч зугаалсан, даргадаа зусардсан, даргынхаа цүнхийг барьж гүйсэн, даргынхаа түрийвчийг зузаалдаг ийм нөхдүүд болсон. /танхимд алга ташив/ Одоо алга ташилгүй сонсоорой. Энэ сэтгэлийн хөдөлгөөн их хортой. Тийм учраас ҮЗХ одоо 300 гаруй болох сураг байна. Эд нарын арьсаа хамгаалдаг цаг баяртай. Өчигдрийн үйл явдлыг чинь мартъя. Өнөөдөр цоо шинэ нам бий болох хэрэгтэй. Би 1996-аас 2000 онд Монголын Ардчилсан Эвлэлийн холбоо Засаг барьж байхдаа Гаалийн татварыг тэглээд, суурь үнийг чөлөөлөөд Монголын эдийн засгийг богино хугацаанд босгож байсан. Энэ бол том ололт. Бусад ололтуудыг би ярихгүй, цаг үрэхийн нэмэр. Тэгэхээр 1996 оноос 2000 он хүртэл Ардчилсан нам сайн ажилласан. Харин 2000 оноос хойш “амьгүй” алга болсон. Одоо ч хүртэл эвссэн, зассан байна. Манай намын дарга асан Н.Алтанхуяг 2008 онд дарга болсон. Тэр үед намаа удирдаж ялсан нь сайн хэрэг. Ялсан намын дарга Ерөнхий сайд болох нь зөв. Гэхдээ ялахдаа “тахир дутуу” ялалт байгуулсан. Учир нь тэр үед сөрөг хүчинтэйгээ эвсэл болох, эвслээ далимдуулж завших, зөвшил болох, зөвшлөөрөө далимдуулж бие биенээсээ хулгай хийх, хуйвалдах, янз бүрийн бодлого дээр хоорондоо үл ойлголцох, албан тушаалын уралдаан гэх мэт бохир зүйл хийж найман жил болсон. Яагаад гэвэл намын их хурал хуралдаагүй удсан болохоор хууль бус намын дарга найман жил ажилласан. Харин одоогийн намын дүрмээр энэ хүн найман жил төрийн алба руу орох эрхгүй болж байгаа юм. Энэ сайн хэрэг. З.Энхболд дарга хоёр жил намын дарга хийсэн. Энэ хугацаанд намаа ялагдуулсан. Тийм учраас төрийн алба руу ахиад хоёр жил орох эрхгүй. Ийм дүрмийн өөрчлөлт хийж байгаа бол их сайн байна. Түрүүн хурал дээр ганцхан зөв юм сонсогдсон. Бусад нь мэдэхгүй. Юу ч гэнэ үү, “МАН-ын нам төрийн албанд ах дүүсээ томилсон” гэж ярьж байна. Манай нам л анх ах дүүсээ томилдог байсан шүү дээ. МАН-ын нам манай намаас л сурсан зүйл. Өчигдөр Ц.Нямдорж “Би Алтанхуягийг гайхсан. Өөрөө Ерөнхий сайд байж, ЗГХЭГ-ын дэд даргад хүргэнээ томилдог ямар ухаан оршиж байна” гэж хариуцлагатайгаар ярьж байна лээ. Энэ угаасаа буруу. Ингэж болохгүй. Гэх мэтийн ийм амраг садан, ах дүүсээ албан тушаалд томилдгийг зогсоохын тулд энэ их хурлаар ҮЗХ-г тараах ёстой. Намаа шинэчлэхийн тулд ҮЗХ, ГЗ гэж байх шаардлагагүй. Харин намын зөвлөл гэж бий болгоод 21 аймгийн даргын зөвлөлтэй, доошоогоо хүмүүсийнхээ эрхийг хангадаг тийм сүлжээ бий болгоод ажиллавал хамаагүй хялбар байх болов уу гэж харж байна. Яагаад ҮЗХ-ны гишүүд олон болох гээд байгаа бэ гэхээр нөгөө л нэг даргадаа наалддаг, цүнхийг нь барьдаг энэ өвчнөөсөө сал аа, Ардчилсан намын дарга нар аа! Миний үеийн дарга нар аа одоо болсон. Одоо та нар зайгаа тавьж өгөх цаг болсон. Хэрвээ АН шинэчлэгдье, цоо шинэ нам болъё гэж бодож байгаа бол татварыг нам буулга. Үнийг чөлөөл. Ингэж байж бизнесийн таатай орчин бүрдэх болно. Ингэж байж сонгодог капитализм бий болно. Хүмүүст боломж олгодог нам Монголд хэрэгтэй байна. Түүнээс биш МАХН шиг коммунист нам, Ардчилсан нам шиг социалист нам, манай нам бол улаан социалист нам. ҮТТН гэж нацист нам. Ийм юман дунд бид амьдарч байна. Энэ нам шинэчлэгдэх царай алга. Шинэчлэгдье гэвэл цоо шинэ үзэл баримтлал бий болго. Тэрийг дагасан зөв дүрэмтэй байх шаардлагатай. Ийм зүйлийг ярьж байж намын шинэчлэлийг бий болгох ёстой. Миний хувьд бол Монголын Ардчилсан нам баяртай, бүгд баяртай. Би шинэ нам хүлээн, шинэ нам хүснэ. Тэр шинэ нам болгож өөрчлөх үзэл бодолтой хүнийг дэмжинэ. Өнөөдрөөс эхлээд Монгол Ардчилсан намаас Сосорбарам гарсан, гүйцээ” хэмээн хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *