Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Содном: Болдоггүй сайдуудаа өөрчлөөд Ерөнхий сайдаа хэвээр үлдээчих байсан юм

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномтой ярилцлаа.


-Сайхан намаржиж байна уу. Та суурин байгаа юу?

-Намаржаа сайхаан. Долоо хоногийн дөрвөн өдрийг Ар Жанчивлан дахь зусландаа, гурвыг нь хотод өнгөрүүлж байна даа. Агаар нь хотыг бодвол хачин сайхан.

-Танай хашаанд олон төрлийн мод харагдлаа. Ер нь та мод тарих сонирхолтой юм аа даа?

-Тиймээ. Би мод тарих их дуртай. Энэ сууцандаа амьдраад 22 жил болж байна. Миний гол сонирхол бол моджуулах, зүлэгжүүлэх. Манай хашаа бүхэлдээ сайхан ногоон зүлэгтэй байгаа биз дээ. Нийтдээ арван төрлийн 30-аад мод байгаа. Бас зуслан дээрээ нарс, хуш модыг үржүүлэх санаатай эхлүүлж л байна. Болох янзтай.

-“Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян” гэдэг шүү дээ. Ингэхэд та хичнээн мод тарив?

-Хуш модыг үрээр нь тарьснаас 100-гаад суулгац гарч ирж байгаа. Дөрөв, таван жил болж байж нэлээд аятайхан суулгац болох байх.

-Та бол нэгэн цаг үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хүн. Яах аргагүй МАН-ын том кадр. Сүүлийн үед улс төрд өрнөөд буй үйл явдлууд тэр дундаа Ардын нам доторх зөрчилдөөнийг хараад танд юу бодогдож байх юм?

-Төрийн эрх барьж байгаа, УИХ-д олонх байгаа МАН дотор маш их яриа гарч байна. Бүр болохоо болиод Засгийн газраа ч огцрууллаа. Үнэхээр миний сэтгэл зовж байна. Би 1954 онд энэ намд элсч байлаа. Тиймээс МАН-д ихэд санаа чилээж суудаг. Саяын болж өнгөрч байгаа үйл явдлыг ажиглахад намын удирдагчдын дотор хурц зөрчилдөөн үүсчээ. Намын удирдлагад болон Их хурал, Засгийн газарт байгаа МАН-ын 30 гаруй гишүүн ихэд дургүйцлээ илэрхийлж, хоорондоо тэмцэлдсээр байгаад Засгийн газраа огцруулчихаж байна. Үүний үндсэн шалтгааныг бодоод байхад намынхаа даргад л итгэл үзүүлэхээ больчихсон юм шиг харагдаад байна даа. Тэрийгээ ч намынхаа даргадаа шууд хэлээд, яриад, засах асуудлаа шийдэж чадахгүй тойруулаад баахан шалтаг эрж явсаар байгаад Засгийн газраа огцруулчихлаа. Миний хувьд үүнийг их буруу юм гэж бодож байна. Юуны өмнө МАН-ын дарга Миеэгомбын Энхболд нөхцөл байдалд их дүгнэлт хийх ёстой болов уу. Тэр нь дутсанаас болоод өнөөдрийн нөхцөл байдал үүсчихээд байх шиг байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар түүнд ард түмэн итгэл үзүүлсэнгүй. Яагаад түүнд намынх нь удирдах албан тушаалтнууд дургүйцээд байгааг мэдрэх ёстой байжээ. М.Энхболд улстөрийн уур амьсгалаа мэдэрч, нам дотроо учраа олох үүрэг түүнд байсан. Энэ үүргээ М.Энхболд муу биелүүлж байх шиг байна л даа. Ер нь бол түүнд мэдрэмж их дутаж байна.

-М.Энхболд дарга мэдрэмжтэй байсан бол ямар арга хэмжээ авах байсан гэж?

-Хэрэв МАН-ын дарга нь их мэдрэмжтэй байсан бол бүх цохилтыг өөр дээрээ аваад намаа, Засгийн газраа тогтвортой ажиллуулахад анхаарах ёстой байсан. Тэгээгүйд нь би их харамсаж байгаа юм. Засгийн газар огцорсноор хожих юм ердөө байхгүй. Шалтгаануудыг нь сонсоод байхад огцрох хэмжээнд хүргэсэн буруутай зүйл энэ Засгийн газарт байхгүй санагдах юм.

-Концессын гэрээний асуудлаас болсон юм биш үү?

-Өмнө шийдчихсэн долоон концессын гэрээг үргэлжлүүлэх үү, үгүй юу гэж ярьж байгаад л хохиролгүй хэлбэрээр цааш явуулсан юм байна лээ. Тэрүүгээр ч зөвхөн тайлбарлахгүй л дээ. Энэ концессын гэрээгээр юу хийх, ямар зорилготой байсныг нарийн авч ярилцах хэрэгтэй байсан байх. Гэтэл тэрийг огт ярихгүй байна. Хараад байхад Монгол Улсад хэрэгтэй төслүүд байна лээ. Жишээлбэл, Дорноговь аймагт хэрэгжүүлж байгаа хоёр төслийг харахад энэ улсын эдийн засагт зайлшгүй шийдэх ёстой юм билээ. Нэг нь Цагаан суваргын зэсийн ордыг ашиглахаар эхэлчихсэн төсөлтэй холбогдсон эрчим хүчний хангалтын асуудал.

Нөгөөх нь Дэлгэрэх сумын автозамын төсөл. Энэ бол зүгээр л нэг сумыг холбохдоо биш. Суманд хэрэгжиж байгаа эдийн засгийн үр ашиг өндөртэй том төсөлд зориулж тавьсан зам бололтой. Гэх мэтчилэн төслүүдийг аваад үзвэл хэрэгтэй төслүүд байна лээ. Улсын төсвөөс мөнгө гараагүй. Одоо хувийн компаниуд өөрсдөө мөнгөө гаргаад төслөө хэрэгжүүлж байгаа гэсэн. Үүний төлөө Засгийн газар огцрох хэмжээний буруутгал, зэмлэл байж болохгүй. Бусад ямар шалтгаан байдгийг мэдэхгүй юм.

-Засгийн газрыг огцруулснаар ямар үр дагавар гарах вэ?

-Миний бодоход сайн үр дагавар гарахгүй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэдэг залууг би сайн танихгүй л дээ. Гэхдээ тэр бол Сангийн сайдаар ажиллаж байсан, санхүү эдийн засгийн мэргэжлийн хүн гэж үзэж болно. Тийм мэргэжлийн Ерөнхий сайдаа авч хаячихаад оронд нь ямар хүн тавих гэж байгаа юм бол доо.

-Шинэ Засгийн газрыг эмхлэхэд юуг анхаарах ёстой вэ?

-Ер нь Засгийн газраа түргэн байгуулах хэрэгтэй байна. Одоо намын Бага хурал, Их хурал гээд сунжирч, Засгийн газаргүй байгаад байна гэдэг их хохиролтой. ОУВС-гаас манай улсад 400 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэсний нэгдүгээр үеийнх нь 40 орчим сая ам.доллар ороод ирсэн байгаа. Есдүгээр сарын 25-ны хавьцаа хоёр дахь үеийн мөнгөний асуудлыг хэлэлцэн шийдэх ёстой байсан. Гэтэл ОУВС тэр яриа хэлэлцээрээ хойшлуулж байгаа сурагтай байна лээ. Яагаад вэ гээд асуухаар”Танайд Засгийн газар байхгүй юм чинь, хэнтэй ярих юм бэ” гээд хойш тавьж байгаа бололтой. Ингээд төсвийн алдагдлынхаа дутуу зардлыг нөхөхөд зориулж авах мөнгө орж ирэхгүй болж байна л даа. Тиймээс хурдан Засгийн газраа байгуулах хэрэгтэй. Хэд хэдэн анхаарах зүйл байна. Тухайлбал, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд хоёрыг өөрчлөх хэрэггүй. Ингэж чадвал гадаад орчинтой харилцах харилцаанд нааштай нөлөөтэй байх болов уу. Дараагийн асуудал нь давхар дээлийг болиулах асуудлаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Жинхэнэ мэргэжлийн хүмүүсээ олж тавь. Нөгөөтэйгүүр Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд битгий сайд болоосой. Хэрэв тэд сайд болдог юм бол нийгэмд буруу ойлголт гарна. “Эд чинь шүүмжлээд сүйд болоод байсан өөрсдөө сайд болох гээд л гүйлдээд байсан байна шүү дээ” гэнэ шүү дээ.

-Өнөөдөр(өчигдөр) МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Намын Их хурлаар МАН-ы даргад хариуцлага тооцох тухай асуудал яригдах нь гарцаагүй. Ер нь намын дарга ямар хүн байх ёстой юм бэ?

-Нам бол төрийн эрхэнд гарах зорилготой учраас Монгол Улсыг яаж хөгжүүлэх вэ гэсэн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг боловсруулдаг. Нэгэнт бодлого төлөвлөгөө гаргасан байвал яаж хэрэгжүүлэх вэ гэдэг бүх ажил нь түүнд чиглэгдсэн байх ёстой. Тийм бодлого төлөвлөгөөгүй, хэрэгжүүлэх зорилтгүй намыг ямарваа нэг сонгуульд оруулдаггүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, боловсон хүчин бэлтгэдэг байх хэрэгтэй. Зүгээр ганц хүний ч юм уу, нам нэртэй юм байж байдаг. Цаанаа ямар ч боловсон хүчин нөөцгүй нам байх юм бол тэрийг нам гэж үзэж болохгүй. Одоо намын дарга Их хурлын дарга юм уу, Ерөнхий сайд байна гэдэг нь онц ач холбогдолтой биш. Нам бол намаараа, засаг төр нь засаг төрөөрөө байх ёстой. Заавал тэрийг хослуулж, хамт барих гээд байх хэрэггүй.

Одоо нэг ийм үзэгдэл байгаад байна. Юу вэ гэвэл “Шинэ Засгийн газар байгуулах үед тэр хүн намын дарга болох ёстой. Дараа нь намын Их хурлын үеэр намын дарга нь өөрчлөөд гараад ирвэл Засгийн газрыг томилоход дахиад будилна” гэсэн шалтаг байгаа юм л даа. Энэ бол хамаагүй асуудал. Засгийн газраа байгуул, Ерөнхий сайдаа томил. Нам даргаа томилдог л юм байгаа биз. Тэднийг ерөөсөө холбоотой байлгаж, будилах хэрэггүй.

-Ингэхэд МАН-ын боловсон хүчний асуудалд та ямар бодолтой байдаг вэ. Таны үед яаж бэлддэг байв?

-Боловсон хүчин бэлтгэх систем энэ хоёр намд алга. Бэлдэх систем байхгүй учраас нөгөөх албан тушаалын төлөө тэмүүлсэн, мөнгөтэй, авлигатай хүмүүс давхиж орж ирээд үймүүлээд байна. Үүнийг халъя гэвэл намд тавих шаардлага нь системтэй бэлдсэн боловсон хүчинтэй байх хэрэгтэй. Би Ардын намын даргад олон жил хэлж байгаа юм. “Намын чинь төв аппаратад намын дарга, орлогч дарга гээд баахан улсууд байх юм. Энэ дотор хөгжлийн бодлого төлөвлөлт, эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан орон тооны нарийн бичгийн даргатай болооч ээ. Тийм хүн бэлдээч” гээд захиад байдаг юм. Ерөөсөө тоодоггүй.

-МАН-ын академик шинж чанар алдагдаад байх шиг. Энэ улс орныг удирдаж явсан улстөрчид энэ намаас л төрөн гарсан байдаг. Үе үеийн Ерөнхий сайд нар одоо ч байна. Та хэдийн үг МАН-ын удирдлагуудад хүрдэггүй бололтой?

-Би бол итгэл алдарчихсан. Заримдаа “Ахмадын үг алтан сургаал, та нар минь л аврал” гээд сүйд болоод урьдаг юм. Очоод бодож санаж байгаагаа хэлэхээр ямар ч ойшоож байгаа юм байхгүй, хаяад л гараад явчихдаг.

-УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудалд та ямар бодолтой байдаг вэ?

-Ёс зүй алдагдсан. Би саяхан ном гаргасан. “Өлсгөлөн зарлаж, огцролт болж, өөрчлөлт эрчимжсэн түүхээс” гэдэг ном байгаа. Энэ номд 1990 оны ардчилсан хувьсгалын үед юу болж байсан тухай бичсэн юм. Тэрийгээ эргээд харж байхад 1990 оны гуравдугаар сарын 8-ны өдөр телевизийн нэвтрүүлэгт ардчиллын залуус болох С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гээд бүгд очсон. Манай намаас Д.Бямбасүрэн бид хоёр оролцсон юм. Тэнд эд нөхдүүд өөрчлөлт, шинэчлэлтийг түргэтгэх тухай хурцаар тавьж байсан. Бид тэр үед яаж энэ залуустайгаа санал нийлж, асуудлыг шийдэх тухай ярьсан. Ер нь яаж ёс зүйтэй, яаж бие биедээ хүндэтгэлтэй хандаж байх ёстой юм бэ, асуудлын голыг яаж шийдэх арга замыг зөвшилцсөн. Энэ номыг уншсан хүмүүс үнэхээр сургаал болох ярилцлага болсон байна гэж их ярьж байгаа. Одоо тиймэрхүү ёс зүй байхгүй болчихож. Ер нь намуудын талцлаас болж нийгэм буруу хүмүүжиж байгаа тал руугаа орчихлоо.

-1990 оноос хойш Монгол Улсын төрийг МАН, АН хоёр ээлжлэн барьсаар ирлээ. Ард түмний ч итгэл нэлээд алдраад байх шиг байна. Яавал дээр вэ?

-Энэ хоёр нам төлөвших яагаа ч үгүй байна.

Нам төлөвшөөгүй, ухаалаг биш байгаа нөхцөлд тэдэнд ард түмэн итгэл хүлээлгэж, засаг төрийн эрхийг өгөхөөс эсэргүүцнэ. Сүүлийн хэдэн жилийг харахад АН нь эдийн засгаа доройтуулж байдаг. МАН нь засаг төрөө доройтуулж, үймүүлж байдаг. Ингээд энэ хоёр нам чинь хоёулаа буруудаад байна гэсэн сэтгэл иргэдэд төрчихөөд байгаа байх. Манай намууд төлөвшөөгүй байгаа цагт засгийн эрхийг намын мэдэлд өгөхөө больё. Үндсэн хуулийнхаа заалтын дагуу засгийнхаа бүх эрх мэдлийг ард түмэндээ өгөх хэрэгтэй. Үндсэн хуульд “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн суурь заалт байдаг. Энэ бол Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудал.

-Таны хувьд хоёр танхимтай парламенттай байхыг дэмждэг хүн. Харин одоогийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд энэ тухай тусгалгүйгээр ард түмний дунд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. “Эцэг” хуульд өөрчлөлт оруулах зургаан сэдвийн талаар ямар бодолтой байна вэ?

-Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд байлгахын тулд парламентын хоёр танхимтай болох хэрэгтэй. Дээд танхимаа 400 гаруй гишүүнтэй. Сум, дүүргээс сонгогдсон ард түмний төлөөлөл байна. Тэдэнд төрийн бүх эрх мэдлийг өг. Хууль боловсруулах ажлыг Улсын бага хурал хариуцаг. Дээд танхимынхаа хяналт дор байж байг. Хуучин ийм байсан шүү дээ. Одоо сэргээх хэрэгтэй байна. Манай Ардын намынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хэлэлцүүлгийг санаачлан явуулаад байна. Үүнд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Жинхэнэ Үндсэн хуульд оруулах зохих шаардлагатай асуудал буюу хоёр танхимтай парламенттай болохыг хойш тавиад байна. Энэ бол тун буруу юм. Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэвэл МАН засгийн эрхийг ард түмний мэдэлд өгөхөөс болгоомжилж байна. Намын мэдэлд байлгаж, намын нэрээр засаг төр, албан тушаал, эрх мэдэл олж авах тэр сонирхол нь давамгайлаад байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумиж, Ерөнхий сайдыг улсаа удирдах хэмжээнд байхаар болгож өөрчлөх тухай оруулсан байна лээ. Энэ тал дээр таны саналыг сонсмоор байна?

-Үүнд би өөр саналтай байдаг юм. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаад, бэлгэдлийн шинжтэй байх ёсгүй. Ер нь засаглал хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван хэлбэртэй. Гэтэл Ерөнхийлөгч маань алинд нь байгаа юм бэ. Хууль тогтоох эрх байхгүй. Гүйцэтгэх засаглалын эрхгүй. Тэр дундаа шүүх засаглалын эрх мэдэлгүй. Эзэн хаан гэхээр биш. Тиймээс Ерөнхийлөгч бол Ардын их хурлаас сонгогддог, Засгийн газраа толгойлж явдаг байх ёстой. Тэгэх юм бол Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа хариуцна. Ингэснээр хариуцлага өндөржинө. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлана гэж байхын оронд Засгийн газраа тэргүүлэх үүргийг нь хариуцуулаад эрхийг нь өгөх хэрэгтэй.

-Эдийн засагт гэгээ татаад ирэнгүүт засаг нь уначихлаа. Ойрын хоёр, гурван жилдээ манай улс бондын өрнөөс өндийхгүй гэж эдийн засагчид яриад байна. Одоо бидэнд ямар гарц байна вэ?

-Болдоггүй сайдууд байсан юм бол тэднийг өөрчлөөд, Ерөнхий сайдаа хэвээр үлдээгээд, үүрэг даалгавар өгөөд үлдээчих хэрэгтэй байсан юм. Тийм учраас дээр хэлсэнчилэн ОУВС мөнгөө өгөхгүй гээд эхэллээ. Үүний дараа ихээхэн тусламж өгнө гэсэн Хятад, Япон, Энэтхэг байна. Тэр их мөнгөнүүд орж ирэх нь бүү мэд. Тэгэхээр засаг нь тогтворгүй улсад мөнгө өгөөд яах юм бэ. Тогтворжтол нь татчихна шүү дээ.

Ойрын жилүүдэд өрийг өрөөр дарах байдалд ороод явах нь шиг байна. Уг нь засаг тогтвортойхон шиг байсан бол өндөр хүүтэй өрийг арай бага шиг хүүтэй өрөөр дарж, богино хугацаанд амьдрах хугацаа байсан байх. Өрөөр явна гэдэг бол буруу л даа. “Өр гэдэг чинь хор гэсэн үг шүү” гээд Германы эдийн засагч хэлсэн байна лээ. Үнэхээр тийм юм. Тэгэхээр өр дарах эх үүсвэр бий болгох хэрэгтэй. Тэр нь юу вэ гэвэл шинэ авч байгаа зээл, төсвийн жаахан бололцоо гарах юм бол экспортыг, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд үнэхээр ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлмээр байна. Мөн эдийн засгийг солонгоруулах хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн тулд мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийг бүх сумдад байгуулах хэрэгтэй. Ингэж байж бид мах экспортод гаргаж чадна. Одоо 60 гаруй сая толгой малтай гээд байгаа. Жилдээ 20-25 сая төл авдаг. Тиймээс махаа экспортод гаргаж чадахгүй байгаа учраас малын тоо өсөөд л байна. Манай дотоод хэрэгцээнд хонинд шилжүүлбэл, 10 сая мал иднэ. Үүнээс илүүг идэж чадахгүй. Хорин сая төлөөс арван саяыг нь идчихээр үлдсэнийг экспортлох хэрэгтэй. Үүнийг шийдэх ганц арга нь сум болгонд мал нядлах, мах боловсруулах үйлдвэр байгуулах юм. Манайхан гадаад хөрөнгө оруулалт гээд үхэн хатан зүтгээд байна. Гэрээнийхээ нөхцөлийг Монголд ашигтай байхаар шийдэх хэрэгтэй байна. Миний хувьд гадаадтай байгуулах гэрээг томилогдсон салбарын сайд нар байгуулдаг нь буруу. Гэрээг байгуулдаг яам байх хэрэгтэй. Аль ч яаман дээр бодлого байх ёстой. Тэрнээс яамны сайдын бодлого гэж байх ёсгүй. Яагаад гэвэл сайд бол ирж л байдаг, явж л байдаг. Тэр нөхөр хувьдаа ашиг аваад, Монголд хохиролтой гэрээ байгуулаад алга болчихдог болох тийм л улсууд шүү дээ. Харин дор нь ажиллаж байгаа яамны мэргэжилтнүүд хариуцлага хүлээдэг, тогтвортой ажилладаг тийм л хүмүүс байх ёстой.

-Энэтхэгээс авах нэг тэрбум ам.доллароор нефть боловсруулах үйлдвэр барихад зориулна гэж байгаа. Ийм үйлдвэр барина гэж олон жил ярьсан байх аа?

-Тэгж л ярьдаг юм. Чухам ямар нефть боловсруулах гээд байгаа юм, ямар технологитой юм, хаанаас авах юм гэхчлэн ямар ч тодорхойгүй байгаа шүү дээ.

Монголд өнөөдөр нефть олборлож байгаа. Үүнийгээ боловсруулаад ашиг олно гээд бодоод байх шиг. Тийм бодит юм байхгүй. Доод тал нь хоёр сая тн түүхий нефть боловсруулж байж, Монголын хэрэгцээг хангах цэвэр бүтээгдэхүүн гарна. Доод тал нь хоёр сая тн нүүрс боловсруулдаг үйлдвэр монголд ашигтай гэж би дуулсан юм. Монголд олборлож байгаа түүхий нефть сая гаруй тонн. Яаж тээж, хааш нь аваачих юм бэ. Дэд бүтэц хөгжсөн Дархан мэт газарт байгуулах нь зүйтэй юм биш үү гэдгийг бодох ёстой. Өөр нэг анхаарах зүйл бол манай нутаг дэвсгэр дээр нефть олборлож байгаа компаниуд Хятадынх. Тэдэнтэй байгуулсан гэрээгээр олборлож байгаа нефтийн 20 орчим хувь нь Монголд ирнэ. 80-аад хувь нь Хятадын компанийнх. Үүнийг Хятадын компаниас манайд өгөөч гэж гуйх болно. Тэд дэлхийн зах зээлийн үнээр л ав гэнэ. Тэрнээс хямдаар авах боломжгүй. Нефть боловсруулах үйлдвэр барих төсөл түүхий. Одоогийн яриад байгаагаар шийднэ гэвэл худлаа.

-Монгол Улс яавал хөгжих юм бэ?

-Ер нь бид энэ 20 гаруй жил хөгжлийн бодлогогүй явсаар өдий хүрлээ. Монгол Улс хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй болъё. Гэхдээ зүгээр нэг дөрвөн жилийнх биш. Тав арван жилээ бодсон хөгжлийн бодлого, төлөвлөгөөтэй болъё. Үүний тулд Засгийн газрын бүрэлдэхүүнд хөгжлийн бодлого төлөвлөлтөө хариуцсан тэргүүн зэргийн яамтай болох хэрэгтэй. Одоо энэ намуудыг би хардаж байгаа. Тэр хөгжлийн бодлого төлөвлөгөөг хариуцсан яамтай болох асуудлыг ерөөсөө шийдэхгүй яваад байдаг нь дөрвөн жилийн хугацаанд биелэх, биелэхгүй баахан амлалт гаргаж тавьчихдаг. Тэгээд сонгуульт хугацаа нь дуусахаар дүгнэхгүй, хариуцлага хүлээхгүй яваад өгдөг туршлагаа үргэлжлүүлье гэсэн сонирхол байх шиг байна. Энэ бол манай төрийн эрх барьж байгаа улс төрийн намууд, үүний дотор МАН, АН-ын том алдаа гэж бодож байгаа. Тэгэхээр ерөөсөө Засгийн газрын бүрэлдэхүүн, бүтцийг шийдэхдээ хөгжлийн бодлого төлөвлөлтийн яам гэдгээ байгуулчихаад, сайдаа томилчихвол зөв болно доо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *