Categories
мэдээ цаг-үе

Д.Шүрхүү: Өнөөдрийн Орос, Хятад хоёр 20 жилийн дараа баталгаатай найзууд байх уу

Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Шүрхүүтэй ярилцлаа.

Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд манай оронд айлчилсан. Саяхан УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д айлчлаад ирлээ. Эдгээр айлчлалаас манай оронд юу үлдэв?

-Монгол Улс уул уурхай гадаад зах зээл дээр сайн байхад хоёр хөршөө үл тоох маягтайгаар бодлогоо тодорхойлж их давилуун явсан цаг үе бий. Гэтэл уул уурхайн экспорт хумигдаад ирэх үед манай орон ямар эмзэг эдийн засагтай вэ гэдгээ мэдэрсэн. Хоёр хөрштэйгээ ойртох болсон нь сүүлийн 10 жилд гуравдагч хөршийн бодлого эдийн засгийн хүсэн хүлээж байсан хэмжээнд хүрээгүйтэй холбоотой. Улс төрийн бодлого сайн хэдий ч эдийн засаг хүндрээд, хөрөнгө оруулалт буурах үед бид гэнэт сэхээ авсан юм. Бид хоёр хөрштэйгээ ойртох болсон гол шалтгаан нь нийгмийн хөгжилтэй шууд холбоотой. Сүүлийн хоёр жил шуурхай арга хэмжээ авч Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуулиа өөрчлөөд гадаад талдаа анхаарч эхэлж байгаа ч үр дүн нь хараахан гараагүй байна. Си Жиньпин дарга манай оронд айлчлахдаа зээл тусламжийг урьд өмнө нь байгаагүйгээр өглөө. В.Путиныг ирэхэд төмөр замыг хос болгох, хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, далайн тээвэр, транзитын асуудал яригдсан. Энэ бүхэн ердөө эхлэл. Тодорхой тохиролцоонуудаа бид хийж чадсанаар гадаад орчноо сайжруулах эхлэл тавигдсан. Гэвч бидний хүсэн хүлээж байсан үр дүн хэзээ гарах вэ гэдэг нь бүрхэг хэвээр байна. Гадаад валют, хөрөнгө оруулалт нэмэгдсэн зүйл алга. Улсын төсөв хүндхэн хэвээрээ байгаа. Тиймээс 2015 онд гадаад хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөхцөл ямар болох нь тодорхойгүй байна.

Транзит тээвэр, төмөр замын асуудлыг айлчлалуудаар ярьсан. Ази Европыг холбосон төмөр зам Монголоор дамжина гэсэн. Эдгээр нь эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх бол. Хоёр хөршөөс манай руу чиглэх валютын урсгал бий болох уу?

-Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалаар шийдэгдсэн хамгийн чухал зүйл нь төмөр зам, транзит тээврийн асуудал байсан. Хятадын тал анх удаа транзит тээвэрт 40 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлнэ. Мөн далайн боомтууд руу хүрэх боломжийг нээхээр болсон. Харин хариуд нь “Та нар төмөр замын асуудлаа нарийн царигаар шийдвэл боломжийг та нарт олгоно” гэсэн.

ОХУ-ын талаас Алтанбулагаас Замын-Үүд хүртэл төмөр замын гол шугамыг 2020 он гэхэд хос болгон цахилгаанжуулах бол Арц суурь, Эрдэнэт, Хөвсгөлийн зам барихаар тохиролцсон. Уг тохиролцоонуудыг харж байж бид дараагийн алхмуудаа хийнэ. Төмөр замын царигийг бид явцуу хүрээнд шийдээд байгаа юм. Монгол Улс төмөр замаа ямар үндэслэлээр байгуулах вэ гэдгээ нарийн тооцоолж чадахгүй байгаа. Манайхан төмөр замаар зөвхөн нүүрс зөөнө гэсэн бодолтойгоор царигийн асуудлыг ярьсан. Төмөр замаа барьж чадаагүй байтал үндэслэл муутай гэдэг нь харагдсан. БНХАУ импортын нүүрсээ хязгаарлаж эхэлсэн. Түүнчлэн нүүрсний үнэ унасан. Хятадын тал коксжих нүүрсэндээ гурав, бусад нүүрсэндээ зургаан хувийн татвар бий болгосон. Нүүрсээ авахдаа хүртэл өндөр шалгуур тавьсан. Тэгэхээр манай нүүрс маш хямд гарах нэг зам байна. Эсхүл ямар ч экспорт байхгүй. Ийм тохиолдолд бидэнд өргөн, нарийн аль ч цариг байсан нүүрсээ борлуулж чадахгүй. Бараг л төмөр зам барих шаардлага байна уу үгүй юу гэдэг асуулт гарч ирж байна. Би 2010 онд царигийн асуудлыг ярьж эхлэхэд “Бид Ази Европыг холбосон транзит тээврийн бүс зангилаа болж хөгжих ёстой” гэдгийг хэлж байсан. Царигийн асуудал дээр бид хаанаас шилжүүлэн ачих вэ гэдэг зүйл бодогдож байлаа. Бидний ирээдүйн гол зорилго нүүрсээ зөөх биш Монгол Улс Ази Европыг холбосон эх газрын дамжин өнгөрөх зангилаа цэг болох ёстой. Аль аль айлчлалын хүрээнд төмөр замыг далайн боомттой холбох тухай ярьсан нь хамгийн том ололт болсон.

Та урд хөршид очиж боомтын талаар судалгаа хийчихээд ирсэн гэв үү?

-Би Си Жиньпин даргын айлчлалын дараа Хятадад очиж манайхан далайн боомтыг ашиглах боломж хэр байгаа талаар судалгаа хийсэн. Бид хоёр боомтоор яваад ирэхэд хоёр сонин зүйл ажиглагдсан. Тэр нь юу гэхээр Тяньжин боомтод очиход нурмаг бүтээгдэхүүний бирж гэж ажилладаг юм байна. Бирж дээр ажиллах нөхцөл боломж хангалттай байна лээ. Энд Монголын нүүрс ирдэг юм уу гээд сонирхтол ирдэггүй юм байна. Манайхаас гарсан нүүрс Ухаагийн нүүрс нэрээр ирдэг юм билээ. Монголын говиос авсан нүүрсийг Өмнөд Монголын талд угааж цэвэрлээд “Ухаагийн нүүрс” гэдэг нэр өгөөд автомашинаар зөөдөг юм байна. Түүнээс биш бидэн шиг Чалкод гэрээний нөхцөлөөр нэг сая тонн нүүрс өгнө гэж тохиролцоод хэрүүл ам хийгээд явдаггүй юм байна. Бид нүүрсээ тэнд өгвөл ашигтай ажиллаж болохоор санагдсан. Нүүрсээ яаж зөөж байгаа талаар нь судлахад тэнд очиж буй нүүрсний 70-80 хувь нь автомашинаар тээвэрлэгддэг юм байна лээ. Төмөр замаар Шинхуа гэх мэт том компаниуд өөрсдийн замаар зөөдөг.

Тяньжиний хажууд Дунжанд манайхан газар түрээслэх гэж байгаа. Хятадын талаас бидэнд амлалтаа өгсөн. Үүнийг түргэвчлэх шаардага бий гэдэг нь анзаарагдлаа.

Дараагийн боомт нь Зиньжоу юм. Уг боомт нь газарзүйн хувьд Монголын хилээс 800 гаруй км зайтай. Тэр боомтын бүтээн байгуулалт өнөөдөр явагдаж байгаа. Тус боомт нь нүүрс болон төмрийн хүдэр гэх мэт нунтаг бүтээгдэхүүн, үр тариа, газрын тос, байгалийн хий ачиж буулгадаг боомт газрыг бүтээн байгуулж байна. Энэ нь Сибирь, Монголын зах зээл рүү чиглэсэн гэдэг нь шууд харагдаж байгаа юм. Тяньжин боомт улсынх бол Зиньжоу нь анхны хувьцаат компани юм билээ. Үүнээс үзэхэд Монголын дорнод хэсгээр эдийн засаг, зам тээврийн хоёр дахь зүүн талын хонгил үүсгэх боломжтой. Төмрийн хүдэр, нүүрс, үр тариаг ч гэсэн цаашид зөөж болохоор байна.

Тэгвэл Оросын зах зээл ямархуу байдалтай байгаа бол?

-ОХУ, БНХАУ хоёр 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларын бараа бүрээгдэхүүний эргэлт хийнэ. Тэгэхээр хоёр хөршийн хоорондох бараа бүтээгдэхүүний урсгал нэмэгдэнэ. Дорнод бүсээр эдийн засгийн талын тээврийн хонгил үүсэх бүрэн боломж байна. Оросын Алс Дорнодоор явж байгаа хэсэг нь ачаалал ихтэй.

Хөөт-Чойбалсан-Бичигтийн хооронд 300-400 км төмөр зам барихад л бараг холбогдчихож байгаа юм. Азиас Европыг холбох тээврийн коридор хоёр урсгалтай байна. Төмөр замын бодлогоор Хөөтөөс Бичигт хүртэл нарийн цариг гээд тусгачихсан. Нарийвчлан судлаад үзэхэд Монголын хилээс 800 км төмөр зам тавьчихбал Зиньжоу боомтоос Европ хүртэл ямар ч асуудалгүй ажил явж байх том урсгал бий болно.

Таны энэ мөрөөдөл биелэх юм уу?

-Хэдэн жилийн өмнө байсан бол биелэхгүй байх байсан. Монгол Хятад хоёр улс иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрлээ. ОХУ, БНХАУ хоёр эдийн засгийн тал дээр ч гэсэн бүр нягт уялдаатай болсон. Хоёр хөрш худалдаагаа хөгжүүлье гэж байгаа бол энэ зурвас газрыг нээх ёстой. Өмнө нь Хятадын нутаг руу өргөн төмөр зам олон орсон. Нөгөө талаас Монгол Улс Тавантолгойгоосоо Гашуун сухайт хүртэл нарийн цариг тавьчихсан. Ингэж чадвал Монголын хоёр дахь том коридор үүснэ. Талын зам, Шинэ торгон зам, ОХУ дорно зүгт эдийн засгаа тэлэх гурван бодлого нийлж байгаа юм. Эдийн засгийн энэ коридор гурван оронд аль алинд нь ашигтай. Хятад үр тариа, газрын тос, нүүрсээр маш их дутагдаж байгаа орон. Мөн эрчим хүч, авто зам тэдэнд хэрэгтэй байна. Хятадын Шинэ торгон замын эдийн засгийн бүс XXI зууны далайн торгон зам гэдэг бодлого нь бодитоор хэрэгжих боломжтой. Хятад хил дамнасан эдийн засгийн бүс байгуулах сонирхолтой байгаа. Замын-Үүд Эрээн, Цагаан хад-Гашуун сухайт, Бичигт хавьд эдийн засгийн бүс үүсэх боломж байна. Ингэснээр Монголын дорнод бүс хөгжинө. Дорнод бүсэд бид үр тариа, тутрага, мал аж ахуйг хөгжүүлэх боломж нээгдэнэ. Бид ингэж зурвас бүс байгуулах хэрэгтэй. Бид мөн гурав дахь эдийн засгийн хонгил үүсэх боломжтой. Тувагаас орж ирж буй Арц суурь, Хөвсгөл, Эрдэнэт чиглэл урагшаа холбогдчихоор босоо тэнхлэг ороод ирнэ. Бид зөвхөн Тавантолгойн нүүрс болон төмрийн хүдэр гэх мэт зүйлсийг зөөнө гэж байхаар гурван улсыг холбосон энэ чиглэлээр төмөр замаа баривал ирээдүйтэй. Үүнээс харахад зургаан жил маргасан нарийн царигийн асуудал тийм ч чухал биш.

Алдаа нь юундаа байна вэ?

-Х.Баттулга, А.Гансүх сайд нар Монголын аюулгүй байдал, транзитын тал дээр анхаарсан бодлого нь зөв боловч хэрэгжүүлж байгаа арга нь буруу байсан. Тэд мэргэжлийн хүмүүсийг холдуулсан. Төмөр замчдын холбоо гэх мэт мэргэжлийн хүмүүс нь Засгийн газрынхаа эсрэг тэмцээд эхэлсэн. Үүнд хамгийн том асуудал нь бий. Мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсоод ажлаа явуулж байсан бол зөв байсан. Манайхан цариг гэж их ярилаа. Монгол Улсын аюулгүй байдал царигтаа байгаа юм биш. Нарийн цариг бол мухар зам. Хятад Монголыг холбосон зам. Харин манай орны аюулгүй байдал нь транзит тээвэр. Талын зам бодлогоо манайхан эхэнд тавьсан бол царигийн асуудал ингэж газар авахгүй байлаа. Хятадад аялалаар явахад авто зам хамгийн чухал гэдгийг мэдлээ. Бид цариг шийдэж чаддаггүй юм бол өмнө зүгтээ маш сайн авто зам тавих хэрэгтэй.

Хятад руу эрчим хүч экспортлох асуудлыг та хэрхэн харж байгаа вэ?

-Бид эрчим хүч экспортлохдоо хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Эхнийх нь З.Энхболд даргын хэлснээр ерөнхий хэлэлцээр хийж, зарчмаа тохиролцох ёстой. Оюутолгойгоос 10 центээр авдаг хэрнээ экспортлохдоо хоёр центээр экспортолж болохгүй биз дээ. Эхний ээлжинд үнээ зөв тохирох. Өөр нэг зүйл нь технологийн асуудал. Монгол Улс хөгжлийн чанарын шинэ түвшинд очих ёстой. Хятадууд хоцрогдсон цахилгаан станцуудаа хааж байгаа. Тэрийг нь бид авч ирж хэрэглэж болохгүй. Монгол Улс үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавих хэрэгтэй. Бид Монголын хангай, говио сүйтгэж болохгүй. Нар, салхины том хөшгөн цахилгаан станцыг барих ёстой. Орчин үеийн томоохон цахилгаан станцуудыг томоохон хэдэн газраа байгуулах шаардлагатай.

Хийн хоолойн асуудлыг гадагшаа явж ирсэн хүн бүр манайх тавина гэж байна. Гэтэл хоёр хөрш олон сая ам.доллараар зургаа гаргуулж хэдүйн гарын үсэг зурсан нь тодорхой боллоо. Хийн хоолой Монголоор дамжих юм уу. Хоолой тавилаа гэхэд хойноосоо Орос, урдаасаа Хятадуудын нөлөө онцгой ихсэх юм биш үү?

-Энгийн утгаараа хийн хоолой тавих нь транзит тээврийн орон гэдэг утгаараа хоёр гурван ашигтай тал бий. Талын замын давуу тал нь баялагаа ухахгүйгээр дамжин өнгөрөхөд нь төлбөр авах юм. Бодит байдал дээр Оросын тал дорно зүг рүү хандаж буй хандлагаа алсын бодлоготой хийж байна. Энэ нь газрын тосны хоолойноос тодорхой харагдсан. Оросын бодлого нэг зах зээлээс хараат байхгүйн төлөө явж байна. Тэд дорно зүг рүү хараагаа тэлэхдээ хэд хэдэн чиглэл рүү явж байгаа. Газрын тосны хоолойг Номхон далайн эрэг, Хятад гэсэн хоёр салаа замаар тавьж байна. Хятадтай харилцаа муудах үед далайгаар газрын тосоо гаргана. Өнөөдрийн ОХУ, БНХАУ хоёр 20 жилийн дараа баталгаатай найз байна гэсэн үг биш. Тиймээс стратегийн бодлогоороо Алс Дорнодын бүс далайн боомт руугаа чиглэж байна. Хийн хоолойгоо ч гэсэн тэгж тавих гэж байгаа юм. Алс Дорнодын эрэг рүүгээ нэг тавиад нөгөө салааг нь хятад руу дамжуулна. Том гүрнүүд 20-30 жилийн цаадахыг харж байна. Харин монголчууд 2-3 жилийн цаадахаа бодож байна. Зөвхөн ганц Хятад руу чиглүүлж хийн хоолойныхоо чиглэлийг өөрчлөхгүй. Энэ бол баталгаатай. Ирээдүйд манай орныг дайруулан том оврын биш юм аа гэхэд бага оврын хоолой явж магадгүй. Монгол Улс Орос, Хятадын өрсөлдөөнийг ашиглах ёстой. Хятадууд манайд хайртайдаа далайн боомт руу төмөр зам тавих гээд байгаа юм биш. Оросын нөлөөг ядаж Улаанбаатараас хойш нь гаргах гэсэн санаа. Энэ бүхнийг бид ойлгох шаардлагатай.

Олон улс судлалын хүрээлэн цаашид ямар асуудалд анхааран ажиллах вэ?

-Өмнө нь хүмүүс манай хүрээлэнг төдий л сайн анзаардаггүй байсан. Харин хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалын дараагаас энэ байдал эрс өөрчлөгдсөн. Бид ч гэсэн олон улсыг нээх цонх болж ажиллах хэрэгтэй байна. Хүмүүс Стратегийн хүрээлэн байхад танайх байх шаардлага байгаа юм уу гэдэг. Эд бүгдээрээ чиг үүрэг нь өөр. Стратегийн хүрээлэн хагас албан шинжтэй. ҮАБ-ын ажлын албаны дэргэдэх байгууллага. Зөвхөн орос хятадаас гадна дотоод, гадаад аюулгүй байдлыг давхар хариуцдаг. МУИС дээр олон улсын харилцааны сургууль гэж байна. Тэд сургалтаа хийж, бага зэргийн судалгаа хийдэг. Харин манай хүрээлэн Орос, Хятад болон бусад орны эрдэмтэд ирж ном хаялцдаг, бүх зүйлийг нээлттэй судалдаг байгууллага. 2008 онд манай хүрээлэнгээс санаачилан Монгол, Орос, Хятадын эрдэмтдийн форум гэж байгуулсан. Уг форумаараа хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх вэ гэж таван удаагийн форумыг хийсэн. Тэр болгон дээр гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярьдаг байсан. Тухайн үед Оросны эрдэмтэд хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярих болоогүй гэдэг байлаа. Гэтэл Душанбед анхны уулзалт боллоо. Гадаад харилцааны дэд сайд нар уулзлаа. Ирэх жил Шанхайн хамтын ажиллагаан дээр уулзахаар болсон.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *