Дэлхийн нойрны өдрийг жил бүрийн хаврын тэгшитгэлийн өмнөх баасан гаригт дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн Дэлхийн нойрны өдөр гуравдугаар сарын 14–ний өдөр тохиосонтой холбогдуулан “Натур мед” уламжлалт сэргээн засах төвийн нойрны зөвлөх эмч, Монголын нойр судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Шүрэнтэй ярилцлаа.
-Нойр бол хүний амьдралын амин чухал хэрэгцээ. Нойргүйдэл амьдралын хэв маяг, зуршлаас шалтгаалдаг зүйл юм уу, эсвэл энэ төрлийн эмгэг байдаг уу?
-Нойргүйдэл гэдэг нь эмгэг. Нойргүйдлийг үүсгэдэг олон төрлийн шалтгаан бий. Амьдралын буруу хэв маяг, өвчин, хорт зуршил, эмийн хэрэглээ, хөдөлгөөнгүй байдал, буруу зуршил, санаа зовнилт, эерэг болон сөрөг стресс, уй гашуу, гуниг зовлон, гэр бүл салалт, мөнгө санхүүгийн асуудал, мөнгөө алдах гэх мэт сөрөг хүчин зүйлүүд нойргүйдэлд нөлөөлдөг.
Нойргүйдэлд бие махбодын суурь өвчин эмгэг нөлөөлнө. Бусад нойрны эмгэгүүдийг оношлохгүй байх, шөнө олон дахин босож бие засах, ходоод гэдэсний эмгэг, зүрх судасны эмгэг, үе мөчний эмгэг, бамбайн буюу дааврын эмгэг, эмэгтэйчүүдэд жирэмслэлт, цэвэршилт, чихрийн шижин, мэдрэлийн эмгэг, уушгины эмгэг зэрэг олон төрлийн өвчин нойргүйдэлд нөлөөлдөг. Нойрны эрүүл ахуйг сахидаггүй хүмүүс нойргүйддэг. Нойрны эрүүл ахуй гэдэгт өдөр болгон тогтмол дасгал хөдөлгөөн хийхгүй байх, дасгал хөдөлгөөнийг хэт оройтож хийх, кофе, архи, тамхи зэрэг сэргээшийг хэт оройтож хэрэглэх гэх мэт маш олон хүчин зүйл нөлөөлнө.
-Сүүлийн үеийн судалгаагаар нойргүйдлийн шалтгааныг хэрхэн тайлбарлаж байна вэ?
-Сүүлийн үеийн онолоор нойргүйдлийн шалтгааныг 3П загвар буюу гурван хүчин зүйлийн онолоор тайлбарладаг. Нэгдүгээрт, нойргүйдлийг үүсгэдэг урьтал хүчин зүйл гэж бий. Үүнийг бид өөрчлөх боломжгүй. Тухайлбал, нас, хүйс, удамшил, гэр бүлийн түүх. Мөн аливаа зүйлд сэтгэл амархан зовдог, хэт мэдрэг хандлагатай хүмүүс нойргүйдэлд амархан өртдөг. Үүнээс гадна олон жил ээлжийн ажил хийх, хамт унтдаг хүний нэг нь шөнө чанга хурхирдаг, их хөдөлдөг, хөлөө хөдөлгөдөг гэх мэт нь нөлөөлнө. Мөн хүүхдээ том болтол өвөртөлж унтах нь нойргүйдэхэд нөлөөлж, урьтал хүчин зүйл болж байдаг. Хоёр дахь том асуудал бол нойргүйдэл үүсэх үед болсон үйл явдал, уй гашуу гуниг зовлон нөлөөлнө. Гурав дахь хүчин зүйл нь нойргүйдлээ өөртөө хадгалж, тогтоон барьж явдаг үйлдэл нөлөөлдөг. Цочмог нойргүйдэл үүсэх үед үүссэн амьдралын буруу хэв маяг, буруу итгэл үнэмшил, буруу зан үйл буюу унтахын тулд орондоо удаан хэвтдэг, гар утас үздэг, зурагт үзэж орондоо хэвтдэг, эм уудаг зуршил зэрэг нь нойргүйдлийг тогтоон барьж улам архагшуулдаг гэсэн үг.
-Насанд хүрсэн хүн хоногт хэдэн цаг унтах ёстой байдаг вэ. Танай эмнэлэгт үйлчлүүлж буй хүмүүсийн нойргүйдлийн голлох шалтгаан нь юу байна вэ?
-Насанд хүрсэн хүний өдөрт унтах дундаж цаг нь 7-9 цаг. Энэ нь хүн хүнээс шалтгаалаад харилцан адилгүй байна. Настай хүмүүсийн хувьд нойрондоо сэтгэл ханамжгүй болчихсон байдаг. Яагаад гэвэл нас ахих тусам хүний нойрны хэмжээ, чанар буурна гэдгийг ойлгоогүйгээсээ болоод нойрондоо сэтгэл ханамжгүй байдаг. Залуусын дунд өдөр, шөнийн хэмнэл алдагдах эмгэг байна. Энэ нь нойр хойшлогдох, нойр эртдэх хам шинжээр илэрдэг. Яагаад эмгэг гэж хэлээд байна гэвэл зөв цагтаа унтахгүй, зөв цагтаа сэрэхгүй болохоор л эмгэг болчихож байгаа юм. Бидний дотоод цаг байгалийн цагтайгаа нийцэж байж хэвийн, эрүүл нойроо авна. Гэтэл залуучууд ихэвчлэн шөнийн хоёр цагаас хойш унтдаг. Ингээд өдрийн 13 цагт сэрнэ. Энэ эмгэгийн гол уршиг нь хамгийн түрүүнд залуучуудын сэтгэцийн эрүүл мэндэд маш муугаар нөлөөлж байгаа юм. Энэ байдал гурван сар болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилбэл өдрийн цагаар ажлын чадваргүй, идэвхгүй, урам зориггүй, сэтгэл санааны хэвийн бус байдалтай, гутранги үзэлтэй байх, сэтгэл түгших, зовних, айдас түгшүүр байнга төрөх зэрэг асуудал үүснэ. Цаашилбал, биеийн эрүүл мэндэд нөлөөлнө. Нойрны асуудал хамгийн түрүүнд зүрх судас, мэдрэлийн системд нөлөөлдөг.
Мөн хүүхдүүдийн дунд нойрны дагуул эмгэгүүд бий. Энэ нь шөнийн айдас буюу сүнсэнд даруулах, аймшгийн зүүд зүүдлэх, шөнө босож явах, шүдээ хавирах гэх мэт эмгэгүүд байдаг. Энэ нь хор уршиг гайгүй ч шөнийн турш ийм шинж илэрвэл хүүхэд чанартай унтаж чадахгүй. Дунд насны хүмүүст нойрны дутагдал элбэг. Насанд хүрэгчид буюу 30-50 насныхан илүү цагаар ажилладаг. Энэ амьдралын хэв маяг нь ажлын ачаалал их байдгаас үүдээд хангалттай нойр авч чаддаггүй. Үүнээс болоод байнга нойрны дутагдалтай явдаг. Нойр дутагдаад яваад байвал цаашдаа нойргүйдэл үүснэ. Үүнээс болоод бие болон сэтгэл зүйн эрүүл мэндэд шууд нөлөөлнө.
-Нойргүйдлийг эрт үед нь яаж эмчлэх вэ?
-Олон жил нойргүйдэлтэй байна гэдэг хүмүүс ихэвчлэн эм уудаг зуршилтай болсон байдаг. Нойрны асуудал үүсвэл аль болох эрт эмчид хандаж, шалтгаанаа олох ёстой. Тэгж байж үр дүнтэй эмчилнэ. Эхний гурван сар дотор нойргүйдлийг эмчлэхэд илүү хялбар байдаг. Архагших тусмаа эмчлэхэд төвөгтэй. Тийм учраас нойргүйдлийн шинж тэмдэг илэрсэн л бол аль болох эмчид эрт хандах хэрэгтэй.
-Дэлхийн нойрны өдрийг яагаад гуравдугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг юм бол. Энэ нь улиралтай холбоотой байна уу?
-Дэлхийн Нойр судлалын нийгэмлэг гэж байдаг. Энэ нийгэмлэг 2008 оноос эхлээд дэлхийн нойрны өдрийг тэмдэглэж эхэлсэн. Хаврын тэгшитгэлийн өдөр буюу гуравдугаар сарын 22-ны өмнөх долоо хоногийн тав дахь өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Хаврын тэгшитгэлийн өдрийн дараагаас эхлээд хүний ядаргаа, нойрны асуудал сэдэрдэг учраас өмнөх долоо хоногт нь хүмүүсийн нойрыг хэвийн байлгах үүднээс сурталчлах, ухуулах зорилготой тэмдэглэдэг гэж бодож байна.
-Нойрны дутагдлаас гадна их унтах эмгэг гэж бий юу. Хүмүүс хангалттай унтаж байгаа хэрнээ нойр хүрээд байна гэж ярьдаг шүү дээ?
-Нойрны эмгэг гэсэн зургаан бүлэг эмгэг байдгийн хоёрдугаарт нь өдрийн цагаар хэт их нойрмоглох, унтах эмгэг ордог. Гэхдээ энэ бол харьцангуй ойлголт. Зарим хүмүүс 9-10 цаг унтаж байж нойр ханадаг бол зарим нь 4-5 цаг унтахад л нойр нь ханачихдаг. 9-10 цаг унтаж байгаа хүнийг их унтаад байна гэж хэлж болохгүй. Гэтэл шөнөжин унтсан мөртлөө өглөө амраагүй мэт сэрэх, өдрийн цагаар нойр хүрэх, нойрмоглосноосоо болоод жижиг авто осол гаргах, өөрийн мэдэлгүй хүнтэй ярьж байгаад зүүрмэглээд байна гэх мэт зовуурьтай хүмүүс байдаг. Энэ эмгэг нь удамшлын болон төрөлхийн шалтгаантай. Тэгэхээр нойрны асуудалтай бол эхлээд шалтгааныг нь олох хэрэгтэй. Их унтах нь яагаад эмгэг болоод байна вэ гэвэл бидний тархи тэр цагт илүү их сэргэг байдаг, харин тэр цагт ямар нэгэн зүйлийг сайн хүлээж авна гэдэг хуваарилалттай байдаг. Тэр үед нь унтаад байна гэдэг нь бие организмд сөргөөр нөлөөлж, эмгэг болно. Яагаад заавал 8 цаг унтаж 16 цаг сэрүүн байх ёстой зүйл яриад байна гэвэл үүнтэй зохицож л бидний бие эрүүл байх үндэс суурь нь тавигддаг. Дэлхий дээр амьдарч байгаа нийт долоон тэрбум хүний 10 хувь нь архаг нойргүйдэлтэй. Харин 35 хувь нь нойрны ямар нэг хэмжээгээр асуудалтай байдаг. Үүнээс харахад дэлхийн хүн амын 45 хувь нь буюу тэн хагас нь нойрны асуудалтай байна.
Г.БАЛГАРМАА