Categories
мэдээ цаг-үе

Д.Сарангэрэл: Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс “Үдийн цай” хөтөлбөрт асуудал үүсч байна

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэлтэй ярилцлаа.


-Танай байнгын хороонд сүүлийн үед ямар чиглэлийн өргөдөл, гомдол их ирж байна вэ?

-Өргөдөл, гомдол олон чиглэлтэй байна. Гэхдээ ирж байгаа өргөдөл, гомдлын 90 гаруй хувь нь хувийн шинжтэй. Оюутны төлбөр, эмчилгээний зардал, зээл зэрэг гол төлөв ахуйн чанартай хувь хүний хувийн асуудлыг шийдэх чиглэлд байдаг. Үлдсэн хувь нь нийтийг хамарсан, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлууд байна.

-Эцэг, эхчүүдээс сурагчдын “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотойгоор гомдол их ирж бүх газар дээр нь очиж ажилласан байна лээ?

-Баянзүрх, Чингэлтэй дүүргийн сургуулиудын сурагчдын эцэг, эхчүүдийн зүгээс Өргөдлийн байнгын хороонд “Үдийн цай” хөтөлбөр хангалтгүй хэрэгжиж байгаа тухай, үүнд анхаарал хандуулна гэсэн хүсэлттэй өргөдлүүд олон ирсэн. Манай байнгын хорооныхон хүсэлтийн дагуу дээрх хоёр дүүргийн сургуулиуд дээр очиж газар дээр нь байдалтай нь танилцсан. Нийслэлийн тавдугаар сургууль дээр очсон. Гурван мянга гаруй сурагчийнх нь 1600 нь “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг юм байна. “Үдийн цай” хөтөлбөр 2006-2007 оны хичээлийн жилд анх хэрэгжиж эхэлсэн. Тэгэхэд 1-3 дугаар ангийн хүүхдүүд хамрагдаж байсан. Нэг хүүхдэд 300 төгрөгийн зардал төсөвлөж байсан. Дараа нь 2008 онд энэ хөтөлбөрт 1-4 дүгээр ангийн хүүхдүүдийг хамруулдаг болоод нэг хүүхдэд оногдох зардлыг 400 төгрөгөөр тооцож байсан юм. 2012 оноос 1-5 дугаар ангийн хүүхдүүд хамрагдах болсон. Үндсэндээ жил ирэх бүр аль болох хамрагдах хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэхийн тулд ангийг нь ахиулаад байсан. 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг хамруулдаг болгоод нэг хүүхдэд ногдох зардлыг 600 төгрөгөөр тооцсон.

Тавдугаар сургуулийн хувьд 600 төгрөгийг нь бага гэхээсээ илүүтэй хүүхдүүдэд халуун хоол, ундаагаар үйлчлэхгүй байна гэдэг гомдол ирсэн л дээ. Гэтэл Мэргэжлийн хяналтын газраас цайны газрын талбай стандартад нийцэхгүй, бага байна гээд халуун хоол, цай хийхийг нь хорьчихож.

-Тэгээд хүүхдүүдэд ямар хоол, унд өгч байна, тэнд?

-Нэг жижиг еэвэн, эсвэл нэг ширхэг кекс өгч байна. Тэгээд нэг аяга шүүс. Шүүс нь хүйтэн ч гэлээ, багш ажилчид нь хүйтэн улиралд ханиад томуу их байгаа болохоор чацаргана, аньсны шүүсээ өөрсдөө халаагаад өгч байна. Тэнд хүүхдүүддээ сэтгэлээсээ хандаж байгаа хандлага байна шүү. Мэргэжлийн хяналтын газар стандартын зүйл яриад түүнийг нь хангахгүй бол хаана, торгоно гэсэн ийм юм яриад байдаг. Нөгөө талд нь эцэг, эхчүүд болоод айл өрхийн ахуй амьдрал, эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Хүүхдүүдээ тэр “Үдийн цай” хөтөлбөрт нь хамруулаад хоол, цай идүүлчихье, хоолыг нь тэрүүгээр нь аргалчих юмсан, сургуулиас нь өдөрт ганц ч удаа болов хоол, унд өгчихээсэй гэсэн хүсэл нь маш их байгаа юм байна. Яагаад гэвэл өөрсдийнх нь амьдрал хүнд байгаа байхгүй юу.

Энэ нөхцөл байдлыг бид сайн бодолцох хэрэгтэй. Тавдугаар сургуулийн тухайд цайны газрынхаа талбайг томсгочих бололцоо нь байгаа байхгүй юу. Бид газар дээр нь очоод юу гэж дүгнэсэн бэ гэхээр бололцоо нь байгаад байхад хөөцөлдлөгөө алга. Дээр нь манай мэргэжлийн, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо хангалтгүй байна. Үүн дээр сургууль нь өөрөө санаачилгагүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллага нь хаагаад л яваад өгдөг. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм билээ. Улсын хэмжээнд 700 гаруй сургууль “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн 200 гаруйд нь иймэрхүү асуудал байна.

Тиймээс манай байнгын хороо ирэх долоо хоногийн хуралдаанаараа яг энэ “Үдийн цай” хөтөлбөрийн асуудалтай холбоотойгоор төрийн байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулаад үүний шийдлийг гаргана. Үүнээс гадна энэ хөтөлбөр дээр бас нэг асуудал байгаа нь 2014 оныг хүртэл тухайн сургууль сургууль дээрээ “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх компаниа олоод тэднийгээ өөрсдөө хянаад ажиллаж байсан юм байна. Гэтэл 2014 онд Нийслэлийн өмчийн харилцааны газарт сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх компанийн сонгон шалгаруулалтыг төвлөрүүлчихэж. Сонгон шалгаруулалтаар шалгараад тухайн сургууль дээрээ уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүд нь сургуулийн зүгээс өгдөг шаардлагуудыг үл биелүүлж, тоодоггүй болсон байна. Энэ нь эцэг, эхчүүдийн зүгээс гомдол гаргах бас нэг үндэслэл нь болсон. Тийм болохоор өмнөх шигээ сургуулийн зүгээс өөрсдөө хяналтаа тавиад явах бололцоог нь дахин олгох нь зүйтэй юм гэсэн дүгнэлтийг ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

-Ирэх сарын нэгнээс хэд хэдэн хууль хэрэгжиж эхэлнэ. Одоо УИХ-ын чуулганаар ч олны анхаарлыг татсан хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Эдгээр хуулийн төслүүдтэй холбоотой санал, гомдол ирж байна уу?

-Манай хорооны анхааралд нэг асуудал ороод ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжид хамрагдах хувийг бууруулчихсан. Тухайлбал, харааны чадамж нь 70 хувь байхад тэтгэмжид хамрагддаг байсан бол одоо “Та тэтгэмжид хамрагдахын тулд харааны чадамж тань 80 хувь руу орох шаардлагатай” гэж байна. Харааны чадамж нь бүр муудсаны дараа тэтгэмж авах боломжтой болох юм байна л даа. Энэ юу гэсэн үг вэ. Өнгөрсөн хавар ийм өөрчлөлт орсон юм байна. Үүн дээр маш олон өргөдөл, гомдол ирж байгаа. Үүнийг бас асуудал болгож хэлэлцэнэ.

-Байгаль орчны бохирдолтой холбоотой гомдол их ирж байгаа гэсэн?

-Ирж байгаа. Байгаль экологийн чиглэлээр манай хороон дээр олон өргөдөл гаргагчтай гомдол ирчихээд байгаа. Байгаль орчны хохирлыг нөхөн сэргээх асуудлаар ирүүлсэн өргөдлүүд дээр ажиллаад судалгаа хийгээд явж байна. Уул уурхайн компаниуд олборлолт хийчээд нөхөн сэргээлт хийхгүй, тэр чигээр нь орхичихдог. Нөхөн сэргээлтэд нь ямар арга хэмжээ авах юм бэ. Байгаль орчны яамны уул уурхайн компаниудаа шахаж, тэр нөхөн сэргээлтийг нь хийлгэмээр байна. Нөхөн сэргээлт хийгээгүй бодит жишээ, судалгаанууд нь ирчихсэн байгаа. Нөхөн сэргээлт хийгээгүй бол тэр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалдаг хууль бий. Энэ хууль хэрэгждэггүй. Тухайлбал, Туул голыг тойрсон 54 аж ахуйн нэгж элс, хайрга, дайрга олборлож байна. Тэд нараас ганц нь ч нөхөн сэргээлт хийгээгүй. Тэнд очоод үзэхэд талыг там болгочихсон байгаа. Хөрсөөр нь эргүүлээд хаячихсан. Тэнд нь бороо, цас орж хүмүүс хогоо хаяж, үхсэн мал, нохойгоо аваачаад хаячихдаг. Үнэндээ хүн явах боломжгүй, мал бэлчих газаргүй болчихсон. Ийм нөхцөл байдал улсын хэмжээнд олон бий. Нөхөн сэргээлт огт хийгдэхээ больсон.

-Ханиад томууны дэгдэлт өмнөх шигээ дэгдэж хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлдэхгүй л ажиллаж байна. Энэ талаар гомдол танай хороонд байнга ирдэг байх аа?

-Эмнэлгүүдийн ачаалал хоёр дахин нэмэгдээд байна. Эмнэлгүүд эмч, ажилтнуудынхаа өрөөг чөлөөлөөд өгчихөөр тэнд нь тавих ор дутчихдаг, эмч нар нь ачааллаа дийлэхээ больж дээрээс нь амьсгалын аппарат нь хүрэлцэхгүйн зовлон гарч ирдэг. Ийм асуудлууд гараад байна. Эмэгтэй гишүүд саяхан эмнэлгүүдээр явж ажилласан. Дахиж явж ажиллах шаардлага тулгарч байна. Эрүүл мэндийн яам дээр дурдсан дутагдаад байгаа зүйлүүдийг нөхөх чиглэлд ажиллахгүй бол болохгүй нь. Илүү цагаар ажиллаж байгаа эмч нарын илүү цагийн мөнгө нь олгогдохгүй байна. Ор, амьсгалын аппарат нь хүрэлцэхгүй байна.

Эмнэлгүүдэд согтуу хүн, өвчтөнүүд, хүүхдүүд хамтдаа ирээд уйлаан майлаан, агсам согтуу бүгд өрнөж байна. Энэ асуудал 2016-2020 онд хуулийг боловсронгуй болох үндсэн чиглэлд орчихсон байгаа ч их хойгуур байгаа. Тэр асуудлыг нааш татаж оруулж ирж яаралтай шийдвэрлэхгүй бол эмч нарын хувьд эмчилгээнд нь хамгийн их садаа болж байгаа зүйл нь согтуу хүмүүс болчихоод байна. Эмч нар согтуу хүнтэй зууралдаад байна. Үүнийг яаралтай шийдэх талаар Нийгмийн бодлогын байнгын хороонд санал гаргачихаад байж байна.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан “Эрчүүдийн эсрэг хууль болж байна. Хүчирхийлэлд өртдөг эрэгтэйчүүд маш олон байдаг. Муухай ааштай, адайр зантай эхнэрүүд маш олон байдаг нь гэр бүлийн хүчирхийллийн галыг ноцоодог гол хүчин зүйл. Эр хүний ноён нурууг хугартал хэл амаар доромжилдог эмэгтэйчүүд олон. Тэр үед заримдаа тэвчихийн арга байдаггүй. Ийм эмэгтэйчүүдэд ч энэ хуулиар хариуцлага тооцох ёстой” гэсэн саналыг эрчүүлийн зүгээс гаргаж байгаа юм билээ?

-Хүйсийн тэгш байдлын асуудал ганцхан эмэгтэйчүүдэд хамаатай биш. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгмийн харилцаанд тэгш байх тухай асуудал. Сүүлийн үед эрчүүд ч гэсэн биеийн хүчний биш юмаа гэхэд сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байгаа гомдлууд байгаад байгаа юм. Тэгэхээр энэ хууль эмэгтэйчүүд, хөгшчүүл, хүүхдүүдэд л үйлчлэх хууль гэж эндүүрч болохгүй. Нөгөө талаас хүүхдээ гэртээ оройтоод ирэхээр аав нь хатуухан үг хэлчихээр тэр нь хүчирхийлэл болчих гээд байна гэх зүйлийг яриад байгаа. Тэгэхээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ганцхан эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хамаатай биш хүчирхийлэлд өртөж байгаа хүн болгонд зориулсан хууль. Бүгдэд нь үйлчилнэ. Түүнээс гадна эрэгтэй талдаа илүү сөрөг байна аа гэж ойлгоод байгаа бол хайр нь дотроо хал нь гаднаа байдаг аавуудад чиглэсэн хууль биш шүү. Дөрвөн настай дүүгээр нь заазуур авчруулаад зургаан настай ахыг нь заазуурдсан тэр харгис эцэг, тийм үйлдэл гаргадаг хүмүүст л чиглэсэн хууль юм. Хамгийн гол нь та гудамжинд хүнийг алгадчихвал гэмт хэрэгтэн болдог. Гэртээ хүн зодчихоор зөрчил болчихдог. Энэ байдлыг л үгүй хийж байгаа юм. Гэхдээ гар хүрсэн юм уу, ямар нэг хүчирхийлэл үйлдсэн эрчүүд шууд шоронд орчих асуудал биш. Сургалт явуулах, гэр бүлээс нь тусгаарлах зэргээр гадаад улс орнуудад хэрэглэдэг гэхдээ монгол орчинд, Монголын хөрсөнд буух тийм зохицуулалтуудыг хийсэн байгаа юм. Өмнөх хууль нь их сайн хууль болсон. Шинээр гарсан ажлын хэсэг тэр өмнөх хуулиас юуг нь өөрчилсөн юм, ямар давуу тал, дэвшил гарав, ямар заалтыг өөрчилж тусгаж байгаа юм гэдгээ тодорхой хэлмээр байгаа юм. Шуурхай ажиллах шаардлага байна. Ажлын хэсгийн түвшинд удаашралтай ажиллаж байна гэж дүгнэж байгаа учраас УИХ-ын чуулган дээр Хууль зүйн байнгын хороонд шаардлага тавьсан. Энэ хуулийг хурдан гаргах шаардлагатай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *