Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дорноговь аймаг дахь хилийн боомтын захиргааны дарга Б.Баярням: Нийт 1300 машин зогсож байна, 2000 хүрэхгүй DNN.mn

Замын-Үүдийн ачаа тээврийн боомтыг тасралтгүй 24 цагийн үйл ажиллагаатай болгоно хэмээн Ерөнхий сайд БНХАУ-д айлчлал хийх үеэрээ тохирсон. Тэгвэл энэхүү үйл ажиллагаа сэргэсэн эсэх болон ачаа тээврийн бусад асуудлаар “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах үеэрээ Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагааг тасралтгүй 24 цагийнх болгоно гэсэн тохиролцоо хийсэн. Энэхүү үйл ажиллагаа нь эхэлсэн үү?-Хэрэгжилт нь эхлээгүй байгаа. Нэг л их эхлүүлчихсэн аятай сүртэй мэдээлэл л хийгээд байсан. Эхэлсэн юм одоогоор алга. Уг нь 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай болчихвол хэрэгтэй л дээ. Манайханд ашигтай шүү дээ.

-Ачаа тээврийн машинуудын очер дараалал хэвийн болсон уу?

-Үгүй шүү дээ. Улам ихэссэн. Одоо 2000-гаад машины очер болж нэмэгдсэн, улам л нэмэгдээд байгаа. Уг нь манайхан Хятадын талтай тохироод өдөрт 50 машин нэмж гаргахаар болсон юм билээ. Тэглээ ч гэсэн энэ очер дараалал ер багасаагүй. Аргагүй шүү дээ. Ингээд нэгэнт хуралдчихсан юм чинь тийм амар багасахгүй.

-Наадмын өдрүүдээр боомт амардаг байх аа?

-Долдугаар сарын 11-16-ныг хүртэл амарна. Тэгэхээр нөгөөх очер дараалал нь дахиад л нэмэгдэх байх даа.

-Жижиг тэрэг явж байгаа юу?

-Хэрэв та бүхэн санаж байгаа бол би урьд нь ярьж байсан. Манай аймгаас сонгогдсон УИХ-ын хоёр гишүүн сар гаруйн өмнө бидэнтэй ирж уулзаад, жижиг тэргийг явуулна гээд мэдэгдэл хийгээд явсан. Гэвч тэрхүү шийдвэр нь одоог хүртэл хэрэгжиж эхлээгүй. Өнөөдөр (өчигдөр) уг нь 25 жижиг тэрэг явуулна гэсэн юм билээ. Гэвч Хятадын тал оруулахгүй буцаачихсан.

-Яагаад?

-Хятадын тал оруулахыг зөвшөөрөөгүй л гэсэн. Яг нарийн ширийн асуудлыг нь би сайн мэдэхгүй байна.

-Замын-Үүдийн жолооч тээвэрчдийн Wechat группүүд байдаг юм аа даа. Түүн дээр “Энэ их очерын хажуугаар зарим нэг машин ямар ч дараалалгүй шууд ороод байна. Асуухаар нэг сая төгрөг өгөөд очер дараалалгүй орчих юм” гэсэн утгатай чат байна лээ. Энэ хэр үнэн бодит мэдээлэл вэ?

-Бодитой шүү дээ. Танил тал, найз нөхөд, мөнгө төгрөгний тохиролцоон дээр наадуул чинь шууд оруулаад байгаа. Замын-Үүдийн жолооч нар бүгд мэддэг. Энд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гараад шалгаж байгаа. Гэвч мэдээлэл нь хаагдмал. Ямар ч мэдээлэл өгдөггүй. Аргаа бараад наад ажлын хэсэгтээ жолооч тээвэрчдээс эсвэл иргэний хяналт тавих хүн оруулаач гэхээр оруулдаггүй. Их будилаантай зүйл яваад байгаа юм.


Замын-Үүдийн жолоочдын төлөөлөл ингэж ярив. Тэгвэл жижиг тээвэр яагаад явуулахгүй байгаа талаар Замын-Үүдийн иргэн Т.Нэргүйгээс тодруулга авлаа.


-Замын-Үүдийн боомтоор яагаад жижиг тээвэр гаргахгүй байгаа вэ?

-Автобустай л холбоотой. Авто тээврийн хэлэлцээр урагшаа хийж ирээд автобусаа нэмье гэсэн санал оруулж байгаатай холбоотой жижиг тээвэр явахгүй байгаа.

-Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын хоёр гишүүн хилээр жижиг тээвэр гаргана гэж мэдэгдэж байсан. Гэтэл яагаад одоог хүртэл явахгүй байна вэ?

-Одоо ерөөсөө Хятадын тал дээр л гацчихаад байна гээд байгаа.

-Хятад улс талаас л асуудал байгаа юм уу. Монгол Улсын талаас асуудал бий юу?

-Манай талаас ямар нэгэн асуудал байхгүй. Монгол Улсын талаас дарга нар нь ч хөөцөлдөж байна. Хятад талаас ерөөсөө жижиг машин авахгүй гээд гааль нь хориг тавьчихаад байгаа гэсэн хариулт өгөөд байгаа юм.

-Та энэхүү асуудлаар хаана хандсан бэ?

-Энэ асуудлаар Хятад руу ч хандаж үзсэн. Консулаар дамжуулж өргөх бичиг өргөсөн. УИХ-ын гишүүдэд хандаж үзсэн. Би Зам тээврийн яам, Гадаад харилцааны яамдад ямар нэгэн учир байна уу л гэж бодоод байгаа. Хоорондоо үгсэн хуйвалдаад байна уу л гэж сэрдэж байна.

-Зам тээврийн яам, Гадаад харилцааны яамтай холбогдож үзсэн үү?

-Үзсэн. Бид мэдэхгүй, Хятад л авахгүй байгаа гэдэг хариу өгдөг.

-Өөр тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Эгч нь үнэндээ цөхөрч, аргаа бараад байна. Одоо тэгээд автобус л явуулна гээд байгаа. Автобус, ачаа тээвэр рүү дайрч байна. Замын-Үүдийн иргэд үнэхээр хүнд нөхцөлд орсон. Манай сум чинь үйлдвэрлэгч буюу ажлын байр дутмаг сум шүү дээ. Хятад үйлдвэрлэгч улс болохоор адаглаад ард иргэдээ ажлын байраар хангачихна. Манай суманд онцлог нь тийм зүйл байхгүй. Тиймээс жижиг машин тээврээр амьдардаг. Гэтэл цар тахал гээд хил гааль хааснаас хойш ямар ч орлогогүй, амьдрах аргагүй болоод байна шүү дээ. Үүнийг ойлгож хүлээж авч байгаа газар ч алга.


Иргэн жижиг оврын машины тээвэрлэлтийн талаар ийм мэдээлэл өгсөн юм. Харин саяхан Замын-Үүд-Эрээн боомтоор иргэн Б.Гантулга ачаа тээврийн зорилгоор зорчихоор очжээ. Зургадугаар сарын 29-ний өдөр Замын-Үүд боомтод очсон боловч өдийг хүртэл боомтоор хил давж чадаагүй байгаа аж. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-Таныг очиход боомтын нөхцөл байдал ямар байна вэ?

-Маш их очертой машин урагшаа гарч байгаа үгүй нь мэдэгдэхгүй л байна.

-Зургадугаар сарын 29-ний өдрөөс эхэлж дараалалд орж зогсоод урагшилж байгаа зүйл байна уу?

-Урд маш их машин байгаа учраас шалган дээр яг юу болоод байгаа нь мэдэгдэхгүй юм. Эндэхийн зохицуулах ёстой ажилчид нь гэж амнаас нь алт унах гэж байгаа аятай дуугарч ядсан, юм асуухаар юу ч хэлдэггүй. Тэгээд пээдэлзсэн, гараа халаасандаа хийчихээд, чухал царайлсан хүмүүс л байх юм. Цуваа яагаад явахгүй байна, яагаад урагшлахгүй байгаа талаар асуухаар ер хэлдэггүй. Ямар ч мэдээлэл алга. Тэгсэн хэрнээ жолооч нарын группээр цувааны хажуугаар маш их машин ямар ч очер дараалалгүй орж байна гээд бичээд байгаа. Тэр нь мэдээлэлд ойр танил талтай хүмүүс л бололтой. Тэгж урдуур ороход нэг удаадаа 1 сая төгрөг төлдөг гэсэн ч зүйлүүд бичигдсэн байна. Хэзээ хил давах нь мэдэгдэхгүй ингэж очерлож зогсож байхаар түүнийг нь төлөөд бушуухан гараад явчихмаар бодол төрөөд л сууж байна.

-Тэгээд та бараг долоо хоноход ер урагшилж чадаагүй хэрэг үү?

-Чадаагүй, бараг автоматаар арагшаа яваад байх шиг байна шүү дээ. Үүнийг нь хянаж зохицуулдаг төрийн алба ч гэж алга. Яах гэж цалин авч энд суугааг мэдэхгүй юм. Тэгээд асуухаар юу ч хэлэхгүй. Нилээн мөнгө угаалтын ажил энд явагдаад байх шиг байна л гэж хардаж байна.

-Та ямар ажлаар хил гарах гэж байгаа вэ?

-Би жаахан түүхий эд гаргаад, буцаагаад барилгын материал ачиж оруулж ирэх зорилготой. Гэвч энэ очерт хамаг цаг зав барагдаж байна. удах тусам л урсгал зардал хоол унд гээд зардал мөнгө нь их гарна шүү дээ. ер урагшлахгүй байгааг л гайхаад байна.


Иргэдийн байр суурь ийм байгаа бол Замын-Үүд боомтын албаныхантай холбогдсон юм. Замын-Үүдийн хилийн цэргийн газрын дарга н.Ганбат “Манайх тус асуудалтай хамааралгүй. Өөр газар хариуцдаг” гэсэн шалтгаанаар тодруулга өгөхөөс татгалзлаа. Дорноговь аймаг дахь хилийн боомтын захиргааны дарга Б.Баярнямаас тодруулаа.


-Замын-Үүд боомтод 2000-гаад ачаа тээврийн машины очер үүссэн гэх мэдээлэл байна. Та энэ тал дээр тайлбар өгөөч?

-Шороон зам дээр очерлосон машин 1-33 эгнээний нэг эгнээндээ 50-60 машин байгаа. Нийт 1300 машин зогсож байна. 2000 машин хүрэхгүй. Үүнийг хоёр өдөртөө нэг удаа бүртгэдэг. Бүртгэсэн машинуудаа өглөө болгон хилийн цэрэг, авто тээвэр, шалган, төрийн байгууллагууд ажиллаад, хоёр, хоёр албан хаагчдаа гаргаад өглөө 08:00 цаг гэхэд эхний 150 машиныг шалгалт хийн гаргадаг. Өдөртөө 300 машин татна. Наадмын урт амралтаар долоо хоногийн бөөгнөрөл үүснэ шүү дээ. Түүнээс наана ямар арга хэмжээ авах вэ гэдгээ ярилцаж байгаа. Цахим болгож, цахимаар бүртгэл явуулбал ямар давуу тал болон дутагдалтай тал гарах вэ гэдгийг судалж байна.

-Ерөнхий сайд Хятад Улсад айлчлаад Замын-Үүд боомтын үйл ажиллагааг 24 цагаар явуулна гээд байгаа. Тэр шийдвэр хэзээнээс эхэлж хэрэгжих вэ. Ямар нэгэн мэдэгдэл албан журмаар ирсэн зүйл байгаа болов уу?

-Албан журмаар ирсэн мэдээ манайд байхгүй. Ямар ч байсан Ерөнхий сайд албан айлчлал хийсэн. Боомтын сайд бас айлчлалд нь хамт явсан. Тэгээд хоёр талаасаа 24 цагийн асуудлыг ярилцсан. Хятадын тал 24 цаг болгоё гэсэн манай талын саналыг хүлээж аваад, бэлтгэл ажил хийгдэж, хэрэгжүүлж явна. Хүн хүч, хүний нөөцийн асуудал гээд олон бэлтгэх ажил байгаа. Албан ёсны ирсэн хариу одоогоор алга. Бид энэ мэдээг сонсчихоод дор бүрнээ хуралдаад, хаана, ямар тулгамдсан асуудал байгаа, 24 цаг болгоход бэлэн байдалтай байх талаарх асуудал яригдаж эхэлсэн.

-Бага оврын суудлын тэргийг зорчуулахгүй байна гэх жолооч нар хандаж байна. Бага оврын машин тээврийн асуудал юу болж байгаа вэ?

-Манай боомтын талаас чиглэл чиглэлийнхээ байгууллагуудад бичгээ өгсөн. Урд тал жижиг тээврийн асуудлыг огт шийдэж өгөхгүй байгаа. Хоёр талын Засгийн газар хоорондын уулзалтаар суудлын жижиг тээвэр явуулах асуудлыг даацтай ярилцсан гэсэн. Манай орон нутгийн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар энэ тал дээр өдөр болгон бидэнтэй уялдаа холбоотой ажиллаж байна. Хятад улсын Эрээн хотоос эхний ээлжинд 50 жижиг тэрэг явуулъя гэдэг шийдвэр гаргасан. Б.Дэлгэрсайхан гишүүн сая айлчлалаар явахдаа намын хорооны дарга нартай уулзаад, эхний ээлжинд 50 машин явуулаад, түүн дээр бага багаар нэмэгдэж явуулсаар 300 машин хүргэе гэсэн тохиролцоо хийсэн. Манай тал шууд 500-гаар нь явуулсан ч болно. Хэзээ ч явуулсан бэлэн байгаа шүү дээ. Харин Хятадын тал энийг хүлээж авахгүй байгаад хамаг учир байна. Энэ долоо хоногтоо 50 машин гаргачих байх.

-Жолооч нарын дунд “WeChat” групп байдаг юм байна. Түүн дээр очер ерөөсөө урагшаа явахгүй, дунд нь ямар ч очергүй машин ороод байна. Нэг машинаас 1 сая төгрөгийн хахууль авдаг гэсэн мэдээллүүд гадуур яваад байна л даа. Энэ талаар та тайлбар өгч болох уу?

-Албан бус хүмүүс янз бүрээр л ярьж байдаг юм. Хамгийн гол нь нотлох баримтаа аваад ирвэл бид шалгахад бэлэн. Ер нь тэгж авах боломж байхгүй. Гурван байгууллага бүртгэл, бичлэг хийгээд явуулдаг. Бид энэ асуудлыг сонсож байсан. Яг энэ асуудлаар ямар хүн ийм хэрэг гаргаад байна, “Сая төгрөгөөр машин татах хүн байна уу, нэг машин оруулаад өгөөч” гэж зохиомол хүн явуулж, шалгалт хийх маягаар цэвэрлэгээ хийсэн. Олдохгүй байна лээ. Тийм болохоор наадах чинь зүгээр ам яриа л байх гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *