УИХ-ын гишүүн, Академич Дүгэрийн Рэгдэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Анхны 126 гишүүнтэй парламентын Анхдугаар чуулган баярын өмнө хуралдаад завсарлалаа. Таны хувьд энэ парламентын хамгийн ахмад настай нь учраас чуулганы хуралдааныг даргалж эхлүүлсэн байгаа. Ер нь энэ парламент өмнөх парламентаасаа тооны хувьд илүү болсон. Өөр ямар онцлог, давуу тал ажиглагдаж байна вэ?
-Анхдугаар чуулганы хувьд үндсэндээ хоёр хэсэгтэй л дээ. Эхнийх нь нээлтийн хуралдаан буюу хамгийн ахмад настай нь даргалж хуралдуулдаг. Хоёр дахь нь УИХ-ын даргыг сонгоод нээлтийн хуралдаанаа өндөрлүүлж, нэгдсэн хуралдаанаа эхлүүлж, шинэ дарга нь удирдаж явдаг УИХ-ын дэгээрээ явлаа. УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан сонгогдсон. Сонгогдоод хэлсэн үгэндээ цаашид энэ Их хурал ямар байдлаар явах вэ гэдгээ товч тодорхой хэлсэн байгаа. Нэгдүгээрт, энэ парламент нээлттэй байна. Хоёрдугаарт, сөргөлдөөний зарчмаас салж, мэтгэлцээний зарчим руу орсон парламент болно. Гуравдугаарт, сонгогч болгоны саналыг орхигдуулдаггүй парламент байж ажиллана гэж тодорхойлсон. Би үүнтэй санал нэг байгаа. Нөгөөтэйгүүр Ардын намын санаачилгаар Үндсэн хуульд парламентын гишүүнийг 126 болгох өөрчлөлтийг оруулсан. Тухайн үед энэхүү өөрчлөлтийг хийж байхад дэвшүүлсэн зорилт өнөөдөр яг таг биелсэн гэж бодож байгаа.
-Ямар зорилго байсан юм бэ?
-Бид өмнөх сонгуулиар юуг хүлээдэг байсан билээ. Эмэгтэйчүүдийн, нийгмийн давхаргуудын, эмч, багш, инженер, эрдэмтдийн төлөөлөл орж ирээсэй гэж хүлээдэг байсан. Хардаг байсан. Хамгийн чухал нь улс төрийн олон намын төлөөлөл парламентад гарч ирээсэй гэж ард түмэн хүсдэг байсан шүү дээ. Сонгууль болгоны өмнө бүтдэггүй байсан эдгээр асуудлууд энэ сонгуулиар бүрэн утгаараа биелж, парламент тал бүрийн төлөөлөл хангагдаж бүрэлдсэн. Найман удаагийн сонгуулиар яриад, хүсээд, хүлээгээд хангагддаггүй төлөөллүүд ес дэх удаагийн парламентын сонгуулийн үр дүнд шууд хангагдсан явдал бол их олзуурхууштай. Гагцхүү сонгогдсон төлөөллүүд маань энэ өөрчлөлтийн төлөө өчүүхэн намын болон хувийн ашиг сонирхлоо сүүлд тавьж яваасай л гэж бодож байна.
Хэрэв ингэж ажиллаж чадвал энэ парламентаас маш их зүйл хамаарна. Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Тэр утгаараа парламентын тогтолцоо эрүүл, зөв байж улс орон хөгжих гол нөхцөл бүрдэнэ. Тиймээс тэр жишиг рүүгээ ойртсон парламентын эхлэл болж явах боломж нь бидэнд бүрдчихлээ гэсэн үг. Тиймээс анхны 126 парламентын гишүүн болгон хичээж ажиллах цаг үе гэдгийг хэлмээр байна.
-Анхдугаар чуулганаар зарим гишүүд УИХ-ын Дэгийн тухай хуулийг хөндөж байсан. Өөрөөр хэлбэл, өмнөх парламентын баталсан Дэгээр шинэ парламент явах ёсгүй гэдэг зүйлийг гишүүд хэлж байсан. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Яагаад анх энэ Дэгийн асуудал хөндөгдөх болсон бэ гэдгийг товчхон хэлье. УИХ-ын гишүүний үг хэлэх эрх хаагдаж байна гэсэн үндсэн дээр энэхүү Дэгийн асуудал яригдаж эхэлсэн байдаг. Харин өмнөх парламентын хийсэн болгоныг дараагийн парламент гарч ирээд өөрчилье, больё гэвэл утгагүй. Шинэ парламент гарах болгондоо заавал шинэ Дэг тогтоох буруу жишиг рүү хөтөлнө. Энэ асуудлыг маш сайн бодох хэрэгтэй. Дэгийг хэрэгжүүлэх журмыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баталж гаргадаг. Зарим гишүүд Зөвлөл бидний үг хэлэх асуудлыг шийдэж байна гэдэг утгаараа дургүйцлээ илэрхийлж байна лээ. Үүнд дургүйцэх шаардлага байхгүй л дээ. Тэд хуулиар заасан чиг үүргийнхээ хүрээнд л энэхүү журмыг гаргаж байгаа. Үүнийг гишүүд бид хэрэгжүүлээд л явах ёстой. Харин яаж 126 гишүүн тус бүрийн саналыг бүрэн авч байх вэ гэдэг асуудлыг л хэлэлцэх хэрэгтэй.
-Шинэ гишүүдийн хувьд одоо ч Төрийн ордонд өрөө, сууцаа тохижуулж чадахгүй байх шиг байна. Өрөөний хүрэлцээ хангалтгүй байна гэсэн гомдол ч гарч байх шиг байна лээ. Нөгөөтэйгүүр чуулганы танхимыг 126 гишүүнд зориулж шинэчилсэн. Энэ шинэчлэгдсэн танхимын хүрэлцээ, тоног төхөөрөмжийн шинэчлэлт танд ямар санагдаж байна вэ?
-Миний хувьд тавилга, ширээ сандлыг бараг л хардаггүй төрлийн хүн. Ажил хийе гэсэн хүн жижиг ширээ, нэг сандал, нөүтбүүктэй байхад хаана ч хийх ёстойгоо хийгээд явна. Хурал хийх танхимуудын хувьд бидэнд хүрэлцээтэй, хангалттай байна гэж харсан. Чуулганы шинэ танхимын хувьд их аятайхан болсон санагдсан. Надад лав ажлаа явуулахад орчин нөхцөл төвөг учраад байх зүйл алга. Харин УИХ-ын гишүүн суух өрөөний тухайд манай Төрийн ордны хүрэлцээ арай тааруу байна уу даа гэж бодож байгаа. Цаашид үүндээ анхаараад, шийдээд явчих байлгүй дээ. Нөгөөтэйгүүр нэг ордондоо парламент, Засгийн газар, Ерөнхийлөгч хамт байх нь зарчмын хувьд тун буруу үзэгдэл. Үүнийг салгаж байрлуулах асуудлыг энэ парламентын хугацаанд шийдчих болов уу гэж бодож байна. Шийдэх ч ёстой.
-Таны хувьд ахмадын төлөөлөл гэдэг утгаараа энэ парламентад тодорхой ажлуудыг хийнэ гэж харж байгаа. Зарим хүмүүсийн хувьд шинжлэх ухааны салбарын гол төлөөлөл орж ирлээ гэж ойлгож байна. Энэ утгаараа шинжлэх ухааны салбарт ямар эрх зүйн өөрчлөлт хэрэгтэй байна вэ?
-Манай нам энэхүү төлөөлөл гэдэг асуудал дээр маш том бодлого барьж ажилласан. Тэр ч утгаараа намын жагсаалтад салбар, мэргэжил, нас, хүйсийн төлөөллийг бүгдийг нь оруулсан нь ард түмэнд ихээхэн таалагдсан болов уу гэж харсан. Миний хувьд шинжлэх ухааны салбарт голчлон анхаарч ажиллана гэдэг нь ойлгомжтой. Тэгүүлэх гэж л намайг энэ жагсаалтын тавдугаарт бичсэн байх. Түүнээс биш миний хувьд намын жагсаалтад оръё, эсвэл парламентын сонгуульд өрсөлдье гэж энэ насандаа ам ангайж үзээгүй хүн. Намаас санал тавьж, үүрэг, итгэл хүлээлгэсэн учраас л энэхүү асуудлыг хувьдаа хүлээн зөвшөөрсөн. Харин жагсаалтын хэдэд тавих эсэхийг намын Удирдах зөвлөлөөр хуралдаж байж шийдсэн байх. Шинжлэх ухааны салбарын хувьд эрх зүйн орчинг сайжруулах заалтууд цөөнгүй бий шүү. Өнгөрсөн тавдугаар сард Шинжлэх ухаан, технологийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэж баталсан. Энэхүү хууль өмнөх хуулиудаа бодоход маш сайн эрх зүйн шинэчлэл болсон гэж бодож байгаа. Одоо бол энэхүү хуулийн хүчин чадлыг Төр, шинжлэх ухааны салбар бүрэн гүйцэд ашиглаж чадах уу эс чадах уу, гэдгээ л бодох хэрэгтэй. Энэ л чухал байна.
-Парламентад төлөөллийн зарчим бүрэн хангагдсан гэж байгаа. Тэгвэл яг энэ зарчмаар Засгийн газар байгуулагдчих шиг боллоо гэж харж байна. Таны хувьд “Хамтарсан” Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг ямар байдлаар хүлээн авч байна вэ?
-Засгийн газар байгуулагдах болгонд монголчуудын тавьдаг нэг шаардлага бий. Тэр нь мэргэжлийн Засгийн газар байгуулагдах ёстой гэдэг шаардлага. Энэ бол зөв шаардлага. Гэтэл мэргэжлийн яам гэж юуг хэлэх вэ гэдгээ бид сайн бодох хэрэгтэй. Бидний хувьд нэг л нийтлэг ойлголттой явдаг нь тухайн салбарын сайд мэргэжлийн байх ёстой гэдэг зүйлийг хэлдэг. Гэтэл үнэндээ сайд мэргэжлийн байна уу, үгүй юу гэдэг бол хоёр дахь асуудал. Сайд бол улс төрийн томилгоо. Хамгийн эхэнд анхаарах ёстой гол зүйл бол тухайн салбар, яамны аппарат мэргэжлийн байна уу гэдгийг л харах хэрэгтэй. Яамны аппратад мэргэжлийн хүмүүс л ажиллах ёстой. Энэ бол хатуу зарчим. Мэргэжлийн байлгахын тулд анхаарах ёстой. Түүнээс биш сайд мэргэжлийн байх эсэх бол хоёр, гурав дахь асуудал. Сүүлийн хорь гаруй жил яамны аппарат мэргэжлийн бус хүмүүсээр дүүрсэн. Аль нэг сайд, дарга гарч ирээд тэрхүү яамны аппаратад өөрийн хүнээ шахдаг. Сонгуулиар сайн ажилласан менежерээ хамгийн багаар бодоход газрын дарга түүнээс дээш албан тушаалд томилдог. Үүнээс болоод мэргэжлийн байх ёстой гол функц нь мэргэшсэн хүний нөөцийн дутагдалд ордог. Үүнээс болоод төрийн ажил дампуурдаг. Цаашлаад төрийн бодлого иргэдэд хүрэхдээ буруугаар эсвэл хүнд суртал дагуулан очдог. Тиймээс бид сайдыг мэргэжлийн байх эсэхийг биш тухайн салбар яамны аппаратад ажиллаж байгаа хүмүүсийг мэргэжлийн байх чиглэлд нь анхаарах ёстой.
-Таны хэлдэг ч зөв л дөө. Сая байгуулагдсан Засгийн газрын бүрэлдэхүүний асуудал дээр та ямар бодолтой байгаа вэ?
-Энэ удаагийн Засгийн газрын хувьд гурван нам хамтарч танхимаа бүрдүүлж байгаа нь их онцлогтой. Угтаа МАН-ын хувьд дангаараа Засгийн газраа байгуулах боломжтой байсан ч нөгөө хоёр намдаа хамтрах санал болгож байгаа нь улс төрийн шинэ соёл. Нөгөөтэйгүүр том хөтөлбөрүүд дээрээ нэгдэж, том асуудлаа хамтдаа шийдье. Улмаар улс орныхоо хөгжлийг бодитой урагшлуулъя гэдэг зарчим бол маш зөв. Өмнө хоёр нам хамтарч Засгийн газраа байгуулж байсан түүх бий. Гэхдээ энэ удаагийнх бол зарчмын хувьд өөр. Улс төрийн нөхцөл байдлаа бодож биш улс орныхоо хөгжлийн төлөө бодлого, хөтөлбөрөө нэгтгээд явъя гэдэг зарчмаараа өөр байгаа юм. Энэ бол хандлагын маш том өөрчлөлт гэж би хэлнэ. Одоо засагт хамтарсан намууд тус бүрдээ мөрийн хөтөлбөрөө нэгтгэх асуудал дээр ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Гуч хоногт хөтөлбөрөө нэгтгээд хэлэлцүүлнэ гэж байна. Тэгэхээр ирэх сарын эхээр засагт хамтарсан намуудын нэгдсэн том хөтөлбөр бэлэн болчих болов уу гэж бодож байна.
-Намрын чуулган аравдугаар сарын 1-нд хуралдах байх. Үүнээс өмнө ээлжит бус чуулган хуралдах уу. Энэ талаар та бүхэнд урьдчилж ирсэн мэдээлэл байна уу. Ер нь таны хувьд ээлжит бус чуулган хуралдах нөхцөл байдал үүснэ гэж харж байгаа.
-Ээлжит бус чуулган хуралдах нөхцөл үүсэх болов уу гэж харж байгаа. Таны хэлдгээр намрын чуулган болтол багагүй хугацаа байна. Энэ хооронд хоёр ч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах нөхцөл үүсэх болов уу гэж хараад байгаа. Мэдээж ээлжит бус чуулган хуралдуулах нөхцөл шаардлагыг хуулиар тодорхой заагаад өгчихсөн байгаа. Ямар шаардлага үүсч болох вэ гэхээр Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн танилцуулга хийх үеэрээ “Манай Засгийн газар нэгдсэн хөтөлбөрөө 30 хоногийн дараа бэлэн болгож, УИХ-д танилцуулна” гэж хэлсэн. Тэгэхээр энэхүү хөтөлбөр бэлэн болсны дараа ээлжит бус чуулган хуралдуулж, УИХ-ын гишүүдэд танилцуулах юм болов уу гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, наймдугаар сардаа багтаагаад ээлжит бус чуулган зарлагдах болов уу гэж бодож байна. Хоёрдугаарт, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2024 оны улсын төсөвт өөрчлөлт оруулж таарна. Энэ утгаараа Төсвийн тухай хуульд УИХ л өөрчлөлт оруулах эрхтэй. Тиймээс намрын нэгдсэн чуулганаар төсөв хэлэлцэхээс өмнө ээлжит бусаар хуралдаж төсөвтөө өөрчлөлт оруулах болов уу гэж бодож байна.
-Засагт хамтарсан намууд мөрийн хөтөлбөрөө нэгтгээд, бодлогоо зөв тодорхойлоод явчихвал ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засаг болоод төрийн бодлого одоо байгаагаас илүү дээрдэнэ гэж та харж байна уу?
-Олон улсын судлаачдын хэлж байгаагаар Монгол Улс хөгжлийн нөөц ихтэй орны тоонд орж байгаа юм. Харин манайд энэ хөгжлийн нөөцөө ашигладаг түвшин бол тааруухан байдаг нь нууц биш. Гурван намын хөтөлбөрийг нийлүүлж байгаад нэгдсэн нэг хөтөлбөр гаргана гэдэг бол амар ажил биш. Нөгөөтэйгүүр аятайхан, хүнд таалагдсан заалт болгоныг нь түүж аваад нийлүүлчихнэ гэсэн зүйл ч биш. Хамгийн гол нь хөгжлийн зорилт, том хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн заалтуудаа багцлаад түүгээрээ нэгдэх байх гэж бодож байгаа. Манайд энэ салбарт ийм заалт танайхаас илүү дээр юм байна, үүнийг авчихъя гэх маягаар явбал утгагүй болно. Энэ бол хөгжлийн хөтөлбөрөөрөө нэгдэж байгаа зүйл огт биш. Тиймээс маш сайн тооцоо судалгаатайгаар энэхүү асуудлаа зөв гаргаж ирж чадвал ирэх дөрвөн жилд Засгийн газрын хийх ажил тодорхой болно. Хийх ажлаа тодорхой болгочихно гэдэг бол том зорилтуудаа хэрэгжүүлэхэд саадгүй болчихно гэсэн үг. Тиймээс бүтэн дөрвөн жил хэрэгжүүлэх ажлаа нэгтгэж гаргахад 30 хоног ч арай багадах болов уу. Гэхдээ залуучууд шуурхай ажиллаад зөв хөтөлбөрөө боловсруулаад гаргаад ирэх байх гэсэн итгэл, хүлээлттэй байна.
-Намуудын мөрийн хөтөлбөрт аж үйлдвэржилт, эрчим хүчний хараат байдлаас гарах тухай олон заалтууд байсан. Ер нь эрчим хүчний хараат байдлаас бид яаж гарах вэ. Шинэ станц барих, цаашлаад атомын цахилгаан станцтай болох асуудлыг их ярьдаг. Монгол Улс атомын цахилгаан станцтай болох ёстой гэж үздэг хүмүүсийн нэг бол та. Атомын цахилгаан станцтай болох мөрөөдөл хол байна уу, ойрхон байна уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын ойрын үед шийдвэрлэх ёстой 10 зорилт гэж зарласан. Үүн дотор хамгийн нэн тэргүүнд эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлэх зорилт явж байгаа. Энэ зуунд хэн эрчим хүч эзэмшиж байна тэр эзэгнэнэ гэдэг зарчим тод үйлчилж байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол Улсын хувьд яалт ч үгүй эрчим хүчний асуудлаа анхаарах цаг болсон. Эрчим хүчний хувьд бид хараат бус болох хэрэгтэй. Манай намын мөрийн хөтөлбөрт энэ талаар юу гэж заасан байгаа вэ гэхээр өнөөгийн Монгол Улсын эрчим хүчний суурь хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж заасан. Энэ хийж болох зорилт. Гэхдээ эрчим хүч угтаа хоёр дахин нэмэгдчихлээ гэж бодоход энэ хугацаанд маш олон боловсруулах үйлдвэр, метро зэргийг ашиглалтад оруулна. Тэгэхээр нөгөө нэмэгдсэн эрчим хүч шинээр бий болсон бүтээн байгуулалт руугаа шингэчих маягтай харагдах болов уу гэж бодож байгаа. Гэвч энэ тийм чухал асуудал биш л дээ. Судлаач хүнийхээ хувьд Монгол Улс цөмийн эрчим хүч ашиглах асуудлыг их ярьдаг. Өргөн уудам нутагтай, хүн ам цөөнтэй манай улсад атомын цахилгаан станц тохирно гэж үзэж байгаа. Үүнийг судалж, энэ чиглэлд төрийн бодлогоо чиглүүлж ажиллах болов уу. Нөгөөтэйгүүр 2040 онд биш, үүнийг наашлуулаад 2030 он гэхэд эхний ээлжийн жижиг атомын цахилгаан станцтай болох шаардлагатай.
Э.МӨНХТҮВШИН
One reply on “Д.Рэгдэл: Намрын чуулганаас өмнө хоёр ч удаагийн ээлжит бус чуулган хуралдах нөхцөл үүсэх болов уу DNN.mn”