ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ. Тэрээр “2020 оны тавдугаар сарын 30-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 31 шинжилгээ хийгдсэн. Бүх сорьцод коронавирусийн халдвар илрээгүй. Эдгээрийг задалбал, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалтын зорилгоор авсан хоёр, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээг хийлээ. Халдвар илрээгүй.
Өнөөдрийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол 179 байна. Үүнээс эдгэрсэн 44, эмчлэгдэж буй 135 хүн байна. Эдгээр хүмүүсийн 116 нь хөнгөн, 19 нь хүндэвтэр байна. Халдвар аваад эмчлэгдэж буй хүмүүс дотор 8-16 насны 5 хүн байна. Эмчилгээнд жирэмсэн эмэгтэй хоёр байсан бол нэг нэмэгдэж, 3 болсон. Мөн элэгний хавдартай нэг, сахарын өвчтэй нэг хүн коронавирусийн халдвартай эмчлэгдэж байна. Тусгаарлалтад байгаа хүмүүсийн давтан шинжилгээг авах ажлыг өнөөдөр хийнэ” гэлээ.