Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.01/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 205 оронд COVID-19 вирусийн халдвар бүртгэгдлээ. Африкийн орнуудад өвчлөл эрчимтэй тархах нөхцөл байдал үүсээд байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа дэлхийн олон орныг хамарсан хүнд хэцүү байдалтай тулгараад байгааг НҮБ-аас мэдээлжээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “COVID-19 вирусийн нийт 754948 тохиолдол, 36571 нас баралт бүртгэгдсэн байна. Анх вирусийн тухай мэдээлэгдсэнээс хойш 100 хоног өнгөрчээ. Дэгдэлтийн эхний хоёр сард Хубай мужид дэгдэлт мэдээлэгдэж байсан бол одоо дэгдэлтийн цөм Европ руу шилжиж өдөрт 30 мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж байна. Монгол Улс зэрэг зарим улс дэгдэлтийг амжилттай хяналтандаа авч чадаж байгаа. Дэгдэлт хэзээ зогсохыг бид мэдэхгүй. Дараа сард, түүний дараа сард ч зогсоно гэж үзэхгүй байна. Бага насны хүүхэд, өндөр настан, чихрийн шижин өвчтэй хүмүүст эрсдэл өндөр байгааг олон судалгаа харуулж байгаа. Тийм учраас иргэд, олон нийт өөр өөрийн эрүүл мэндээ хамгаалж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна” гэлээ.
АНУ-д хоногийн дотор 800 гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Харин Франц улсад 499 нас баралт бүртгэгджээ. Одоогийн байдлаар тус улсад 22700 гаруй хүн COVID-19 вирусийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 2272 хүн ажиглалтад байна. Халдвар авсан хоёр өвчтөнийг эмчлэн эмнэлгээс гаргасан. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр халдвартай 10 иргэнтэй ажиллаж буй Чинбаяр, Дармаа нарын эмч нартай цахимаар холбогдон хурал хийж цаашид эмнэлзүй, лабораторийн чиглэлээр ямар ажил зохион байгуулах талаар ярилцжээ. Дотор ажиллаж буй эмч нарийн мэдээллээр биеийн байдал хүнд байсан хоёр өвчтөний үзүүлэлт дунд зэрэг болсон. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг байгаа учраас халдвар тархах эрсдэл маш өндөр байгааг анхааруулжээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 25 хүний давтан шинжилгээнд COVID-19 вирус илрээгүй. Мөн улсын хэмжээнд уушгины хатгалгаагаар өвдсөн 23 хүнд тандалтаар шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Мөн тусгаарлагдан хянагдаж байсан хоёр Туркийн иргэнээс COVID-19 вирус илэрлээ. Ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарлан тандалт, судалгаа, шинжилгээг хийж байна. БНСУ-ын иргэдээ татан авахаар манай улсад ирсэн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн Туркийн Элчин сайдын ажилтны ар гэрийн гурван хүн ирсний хоёр иргэнээс вирус илэрлээ” гэв.