Categories
мэдээ нийгэм

Д.Нямаа: “Улирал ба Зохиолч” сэтгүүлд олон шинэ булан нэмэгдсэн

яруу найрагч Данзангийн Нямаа зурган илэрцүүдУран зохиолын шилдэг цоморлиг “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Данзангийн Нямаатай ярилцлаа.


-Уран зохиолын шилдэг цоморлиг нэрийг уншигчдаасаа хүртсэн уг сэтгүүлийн хаврын дугаар бэлэн болжээ. Энэ удаагийн дугаарын онцлог юу вэ?

-Энэ дугаарт дөрвөн шинэ булан нээгдсэн. “Зохиол төрсөн түүх”. Энэ маш сонирхолтой булан байх болно. Бидний мэддэг алдартай зохиолууд хэрхэн төрснийг зохиолч нь өөрөө хуучилж байгаа юм. Энэ удаа Н.Наваан-Юндэн зохиолч “Үхэрчин хүү”, “Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ” дуунуудаа хэрхэн төрсөн тухай сонирхолтой хууч ярьсан. Мөн “Гарын үсэгтэй ном” гэсэн шинэ булан хуудас бий боллоо. Анхны дугаарт нь манай сэтгүүлийн байнгын захиалагч, БСШУЯ-ны соёлын өвийн мэргэжилтэн Ц.Жаргалсайханы гэрийн номын сангаас Оросын нэрт зохиолч Валентин Распутины “Иваны охин, Иваны эх” номонд зохиогч өөрөө гарын үсгээ зурсныг онцолж орууллаа. Энэ тухай бичилхэн дурсамж дагалдсан. Гурав дахь булан нь “Биет бус өв”. Энд мартагдаж болохгүй Монгол ардын дууны өв сангаас уншигчиддаа хүргэх юм. Энэ удаа Баруун Монгол ардын дууны өвөөс тавьсан. Тухайлбал Торгууд ардын дуу “Баяртай чимээн ирнэ…”.

Энэ дуунд:

Шанш л модондоо

Шаазгай шувуу эргэнэ,

Салж холд явагсан ах дүү нараас

Баяртай чимээн ирнэ… гэж дуулдаг. Энэ дууны үгнээс Торгууд түмний их нүүдлийн чимээ сураг сонсогдох шиг болдог. Сонгодог Монгол бичиг, кирилл бичгээр хослуулан багтаасан. Дөрөв дэх нь “Нөхрийн тухай үг”. Зохиолчид зохиолчдынхоо тухай үгээ хүргэж байх булан юм. Энэ удаагийн дугаарт ардын уран зохиолч Б.Бааст абугайн 110 жилийн ой тохиож буйтай холбогдуулан эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайн тухай сайхан чин сэтгэлийн үгээ манай сэтгүүлд бичиж ирүүлсэн юм. Маш гоё уншууртай, шинэ мэдээлэлтэй дотно эеврүү сэтгэлийн үгс байна билээ. Мөн “Шинэ номын сураг” булан бий. Зохиолч Д.Төрмөнхийн “Санкара” номын бүлгээс тавьсан. Энэ номны анхны хэвлэл Орос хэлээр гарах юм л даа. Сонин ном шүү. Эдгээр шинэ булан манай сэтгүүлийг бүр ч их сонирхолтой, уншууртай болголоо.

-“Тууж”, “Яруу найраг” “Сүүтэй дөрөө”, “Дэлхийн сонгодог өгүүллэг” зэрэг уламжлалт сонирхолтой булан хуудас байдаг. Тухайлбал хэн гэдэг Нобелийн шагналтны ярилцлага энэ удаагийн дугаарт оров…

-2009 оны Нобелийн шагналт, Румын гаралт Германы зохиолч Херта Меллюрийн ярилцлага орж байгаа. АНУ-д амьдран суугч яруу найрагч Лувсангийн Батбаяр орчуулж ирүүлсэн юм. Маш сонирхолтой ярилцлага шүү. Зохиолч, яруу найрагч, уран зохиол сонирхогчид хэд дахин уншмаар л ярилцлага. Ер нь нобелийн шагналтнуудын ярилцлага байнга тавиад байгаа нь мэргэн уншигч, эхлэн бичигч, зохиолчдоо “анги дэвшүүлэх” гэсэн манай сэтгүүлийн бодлогын нэг илрэл юм. Дэлхийн сонгодог өгүүллэгийг ч ийм л бодлогын үүднээс тавиад байна. Монгол зохиолчдын бүтээлийн сонголт ч бас ийм. Энэ дугаарт Сэнгийн Эрдэнэ зохиолчийн “Өшөө хорсол” өгүүллэг орсон. Түүнчлэн яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатар, Хайдавын Чилаажав нарын шинэ шүлгүүдийг уншаарай. Соёлын гавьяат зүтгэлтэн, түүхч, зохиолч Т.Мандирын “Нарны тоос” шинэ тууж мөн сонирхолтой.

-“Улирал ба Зохиолч” сэтгүүл “Алтан эрдэнэ”-ийн хуудсандаа зохиолчдын мэндэлсний ойг онцлон алдаршуулдаг. Энэ удаа хэний тухай онцлов?

-Энэ жил манай олон алдартны ой тохионо. Тухайлбал эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн абугайн 110 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. 2018 оны анхны дугаар энэ их эрдэмтний мэндэлсний ойг онцоллоо. Зураг, хөрөг, намтар цадиг нь багтсан. Түүнчлэн “Улирал ба Зохиолч” сэтгүүл зохиолчдын ойд зориулсан тусгай дугаар гаргадаг. Хамгийн анхных нь дугаарыг эрдэмтэн, зохиолч С.Лувсанвандангийн 85 насны ойд зориулж гаргасан. Энэ жил ч мөн зарим нэгэн зохиолчийн ойд зориулсан тусгай дугаар гаргана.

-Тэгвэл онцлох зохиолч, номонд хэн уригдав?

-Манайх хаврын дугаарынхаа онцлох зохиолчоор дууны шүлгийн нэртэй яруу найрагч, саяхан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн Намсрайн Лутбаярыг урьж ярилцсан. Онцлох номоор 1990-ээд оныхоны өвөрмөц яруу найрагчдын нэг, нэрт сэтгүүлч, нийтлэлч Хайнжамцыг Бүрэнтогтохын “Томоо” өгүүллэг туужийн номыг онцолсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *