ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Д.Нарангэрэл дараах мэдээллийг өгсөн юм. Тэрээр, “Зоонозын өвчин судлалын баг өчигдөр хоёр тусгаарлах байранд эцсийн ариутгал халдваргүйтгэл хийсэн. Зургаадугаар сарын 26-нд 77 хүн шинээр ажиглалтад орж, есөн хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. 2632 хүн ажиглалтад байна. Нийт 42 их эмч, 76 резидент эмч, эрүүл мэндийн ажилтнууд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн “COVID-19” халдвартай өвчтөнд 188 сувилагч, 112 асрагч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Өчигдөр орон нутгийн галт тэргэнд төмөр замын 13 эмч коронавирус илрүүлэх асуумж судалгааг нийт 7200 гаруй зорчигчид хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй. 24 цагийн 119 тоот дугаарт 166 дуудлага ирсэн. Шуурхай аппликэйшнд Орос, Америк, Солонгосоос дөрвөн монгол иргэн утасдаж, коронавирусийн эмнэл зүй, эмчилгээний талаар зөвлөмж авсан. Манай иргэдийн дуудлагын 50 гаруй хувь нь үйлчилгээний газруудад худалдагч үйлчлэгч нар амны хаалт зүүхгүй байна гэсэн шүүмжлэл ирж байна. Тиймээс үйлчилгээний газар ажиллаж байгаа хүмүүс өөрсдийгөө болон бусдыгаа хамгаалж, амны хаалт заавал зүүх ёстой” гэлээ.