Categories
булангууд мэдээ

Д.Мөнхчулуун: Хип хоп уран илтгэлийн нэг хэлбэр

“Татар” хамтлагийн Д.Мөнхчулуунтай ярилцлаа.

-Та 25 дугаар суваг телевизийн “240 цаг”
реалити шоунд оролцож байгаа. Борлуулагч хийж байсан танд хэр ойр байв?

-“Тэсо” компани 25 дугаар
суваг телевиз хамтраад “Борлуулагч” гэдэг шоу хийх гэж байна, оролцооч гэсэн санал
хэлсэн. Одоо “240 цаг” реалити болчихсон юм. Нэрийг нь сонсоод их олзуурхсан л даа.
Би өөрөө Бизнесийн удирдлагаар Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2009 онд төгсөөд
“Доктор” авто сүлжээний борлуулагчаар ажлын гараагаа эхэлж байсан юм. Тиймээс энэ
нэвтрүүлэгт орох хүсэл төрсөн. Бас шагналын сан их өндөр, 40 сая төгрөг гэдэг боломжийн
шагнал. Анх есөн хүн цуглаад сугалааны зарчмаар нэг баг болсон. Эхэндээ шоу л юм
чинь цаг үрсэн юм болох болов уу гэж бодож байсан. “Тэсо” компанийг зайрмаг болоод
ганц нэг бүтээгдэхүүнээр нь төсөөлж байсан ч нэвтрүүлгийн явцад 1200 ажилчинтай,
20 гаруй үйлдвэртэй их том групп гэдгийг мэдсэн.

-Ялбал яах вэ. Нийгэмд хэрэгтэй юм хийе
гэсэн. Чухам юу хийе гэж бодож байна?

-Хэрэв түрүүлбэл зургаан
дүүргийн зургаан айлд машин нүүрс аваад өгье. Хавдрын төвд номын сан барьж өгнө.
Хавдрыг оюун санаагаар эмчилдэг юм байна. Эмнэлэгт хэвтсэн хүмүүс ном, сонин авчраарай
гэдэг шүү дээ. Нийгэмд хэрэгтэй ажил хийх гэж байгаа учраас хүмүүс намайг дэмжээсэй.
Миний фэйсбүүкийн Dugar Munkhchu­luun гэх хаяг руу ороод “like” дарж дэмжээрэй.

-“Татар” хамтлагийн хувьд уран бүтээл хийлгүй
удлаа. Ойрын үед уран бүтээл хийх үү. Саяхан “Бороо” дуугаа шинэчилж дуулсан?

-“Татар” хамтлагийн хувьд
2013 онд “Нөлөөллөөс дээгүүрт” гээд 10 жилийн ойн тоглолтоо хийсэн. Тэрнээс хойш
бид юм хийсэнгүй. Бид 2004 оноос хойш залуусыг байлдан дагуулж чадсан шүү дээ.
Одоо ч гэсэн бидний уран бүтээлийг сонсоод, хүргэх гэсэн мессэжийг маань ойлгоод
л явж байгаа. Тодорхой хугацаа өнгөрсний дараа уран бүтээл гаргах байх. Хийхдээ
бас өөр өнцгөөс хийх байх. Хип хоп гэдэг бухимдлаа бичээд л амьдрал хэцүү байна
гээд дуулчихдаг юм биш. Яагаад урлагийн төрөлд багтаад байна гэдгийг бид ойлгуулах
ёстой. “Татар” хамтлагийг анх гарч ирж байхад хип хоп гэдэг зүйлийг хүмүүс
бүдүүлэг гэж ойлгодог байсан. Өргөн өмдтэй, гутлаа чирсэн, архи тамхи хэрэглэдэг
гудамжны золбин хүмүүс гэж ойлгодог байлаа. “Хайрыг хүндэл” дууг гарснаас хойш хүмүүсийн
ойлголт өөрчлөгдсөн.

-Ямар өөрчлөлт оруулсан гэж?

-Татар бол өөр. “Хүн
хүнээрээ бай”, “Хайрыг хүндэл”, “Ардын багш”, “Чамдаа өгсөн хайр” гэж хэн хэлж байв.
Уран яруугаар хэлж байгаа юм. Түүнээс үзэл бодлоо шууд бичээд гаргаагүй. Үүнийг
уран болгох гэж манай Заяа их сайн ажилладаг. Би чамд хайртай гээд зүгээр хэлчих
утгагүй шүү дээ. Тэрийг өөрөөр хэлэх нь урлаг. Үүнийг хийж чадсандаа арав гаруй
жил хүмүүсийн зүрхэнд амьдарч чадсан хамтлаг гэж боддог.

-Хамтлагийн гишүүд юу хийгээд яваад байна
вэ?

-Нөгөө хоёр маань өөрсдийн
уран бүтээлээ хийж байгаа. Миний хувьд сургуулиа төгсөөд “Зиг заг”-т хоёр жил худалдагчаас
нь эхлээд менежер хүртлээ ажилласан. Менежерээсээ өөрийнхөө компанийг байгуулсан.
Хөрөнгийн бирж дээр ч ажиллаж үзлээ.

-Анх хамтлагаа хэрхэн байгуулж байв?

-Бид гурав бэлтгэл ангиасаа
39 дүгээр сургуульд сурч байсан. Арван жилээсээ найзалсан найзууд. Заяа бид хоёр
хар багаасаа л ундаа, хоолоо хувааж идээд л явдаг байлаа. Заяагийн аав, ээж хуучин
“Нарантуул” буюу “Хүчит шонхор” захын хойно кассет зардаг байсан. Манай аав ээж
хоёр “Хүчит шонхор” зах дээр ажилладаг. Одоо ч тэндээ байгаа. Бид гурав багаасаа
найзалсан болохоор их сайн ойлголцдог. Хамтлаг дотор асуудал үүссэн ч их эвтэйхэн
шийддэг. Байнга хамт байдаг байсан болохоор идэж ууж байгаа юм нь адил, үзэл санаа
л ижил болчихдог юм билээ. Гурвуулаа их шүүмжлэмтгий. Энэ нь өөр өнцгөөс харахад
их тус болдог юм шиг байгаа юм. Шүүмжлэл гэдэг нь тэнэг, мангар гээд яваад байгаа
хэрэг биш. Анх арван жилдээ зургадугаар ангидаа реп бүжиглэдэг хамтлаг байсан. Заяа
брейк хийхдээ 39 дүгээр сургуульдаа их сайн бүжиглэдэгт орно. Би цэнгээнт, шогшоо,
вальс бүжиг хийнэ. Тэрүүгээрээ ангийнхныхаа нүүрийг тахалдаг байлаа. Исгэрнэ, уртын
дуу дуулна. Бөөнөөрөө найрал дууны ангид хамрагддаг ийм л хүүхдүүд байлаа. Идэвх
санаачилга гэдэг хүнийг хөтлөөд явчихдаг юм шиг байна.

-Яагаад хип хоп урсгалыг сонгож байв?

-Энэ нь тухайн үеийн
нийгэмтэй холбоотой байх. Тухайн үед реп бүжиг манлайлж байлаа. Реп бүжиглэдэг бол
охид, хөвгүүдийн дунд супер од байлаа. Тэгээд бид бүжгийн хамтлагтай болсон. Реп
маань хип хоптой адилхан үзэл санаагаа илэрхийлж байгаа хэрэг. Хип хоп гэдэг үг
амьдрал гэдэг үгтэй ойролцоо. Тийм ч учраас энэ хип хоп урлаг сүүлийн арван жил
Европт ноймор нэг байгаад байна. Сүүлд Блүүмбергийн судалгаа гарсан байна. Бизнесменүүдийн
урлаг сонирхож байгаа төрөл нь хип хоп байна гэж гарсан. Яагаад гэвэл хип хоп хүнд
хэмжээ өгч, хэмнэл өгч чаддаг. Эрч хүч, урам зориг өгдөг. Тэгэхээр хип хоп гэдэг
үзэл санааны маш том суваг. Гэхдээ тэрийг уран сэтгэмжтэй маш гоё хүргэх ёстой.
Энэ бол уран илтгэлийн нэг хэлбэр. Хип хопыг тэгж хармаар байгаа юм. Агуу 2PAC уран
сэтгэмжтэй дуулдаг. Үгийг нь сонсоод хар, шаргүй шүтдэг шүү дээ. Урлаг тийм л хүчтэй
зэвсэг. Хүний зүрхэнд хүрч чаддаг. Зүрх асар хүчтэй эрхтэн. Шийдвэрийн 70 хувийг
зүрх гаргадаг. Зүрх сэтгэлээ дага гэдэг шүү дээ. Урлагаар дамжсан маркетинг их хүчтэй
байдаг учраас л одоог хүртэл том брэндүүд урлаг соёлыг хамруулж рекламдаа тоглуулдаг.

-Та нарт биеэ тоох үе байв уу?

-Байлгүй яахав. 2004
онд Дэнжийн мянгад амьдарч байсан гурван хүүхдийг Монгол Улсын 60-70 хувь нь хоёр
жилийн дотор мэддэг болчихсон гээд бод доо. Энэ нь хүнийг пайнагт оруулдаг үе юм
байна. Тийм болохоос ч өөр аргагүй. Бид нар “Хайрыг хүндэл” тоглолт хийгээд л араас
нь Япон явсан. 20 настай Дэнжийн мянгын юу ч үзээгүй хүүхдүүд Эрээн орж үзээгүй
байж шууд л Японд очоод шоконд орж байсан. Бид нарыг үнэхээр сайхан хүлээж авч байлаа.
Тэгээд ирэхээр хүн эвдэрдэг юм байна. Японы зах зээлд “Эке69”-ийг дуулаад араас
нь Франц, Америкаас их санал ирдэг байлаа. Францаас телевиз, сэтгүүлийнхэн нь зорьж
ирээд ярилцлага авдаг байсан. Хоёр, гурван удаа ирээд танай хамтлагаас Францын үзэл
санаа, амьдрал, эрч хүч амтагдаж байна гэдэг байсан. Гараад таксинд мөнгө өгөх гэхээр
мөнгө авахгүй. Мундаг хүүхдүүд шүү та нар, залуучуудад энэ урсгалыг өөрөөр харуулж
чадсан шүү гээд хүн болгон үнэлээд ирнэ. Залуучууд л хойно бааранд орохоор такс
төлөхгүй. Захирал нь орж ирээд эд нараас мөнгө авахгүй шүү гэчихнэ. Бүх зүйл ийм
болчихоор хүн айхтар биеэ тоож эхэлдэг. Гэхдээ энийг үзэх л ёстой зүйл гэж боддог.
Бид гурав арчаагүйдээ их зан тусаагүй юм.

-“Татар” хамтлаг ямар мөрөөдөлтэйгөөр гарч
ирж байв?

-Бодол санааны хэмжүүр
гэж байдаг шүү дээ. Бид дэлхийд гарахыг мөрөөдөх ёстой байж. Бид Монголыг мөрөөддөг
байсан юм. Монголын супер од болох юмсан гэж бодсон. 2004 онд Монголд юм хийж гарч
ирж байсан нь “Татар” хамтлаг байсан. Үүнтэй маргах хүн байхгүй байх. Бидний мөрөөдөл
биелчихгүй юу. Тэгээд жаахан ханачихсан. Дэлхийг мөрөөдсөн бол зогсохгүй байсан.
PSY-ыг солонгос хэл мэдэхгүй ч сонсоод л байдаг шүү дээ. Хип хопыг ч бас тэгж болно.
Орчин үед олон улсад хип хопоор гарах боломжтой. Бидний хэллэгний давуу тал байгаа.
Жаахан хатуу, эмоцитой сонсогддог. Сонсохоор эрч хүч өгөөд ч байгаа юм шиг. Загнаад
байгаа ч юм шиг байдаг гэсэн. Бид олон газар очиж дуулж байсан. Японд очоод дуулсан
чинь хүмүүс их гайхширч байсан.

-Хоолойны өнгийн хувьд өөр байдаг гэж олон
хүн хэлсэн үү?

-Анхнаасаа бид тэгж бодож
гарч ирж байсан. Тэр үед хэн нь дуулаад байгаа нь мэдэгдэхгүй бүгд л нэг өнгөөр
үглээд л дуусчихдаг байсан. Бид юмыг өөр өнцгөөс харсан азтай хүүхдүүд л дээ. Сонор
рекордс дээр очсон нь бас азтай. Сонор л бидний дуунд маркетинг хийж зах зээлд нэвтрүүлж
гаргаж ирсэн. Бид өдөр болгон хоолойны, уран чадварын бэлтгэл хийдэг байлаа.

-Хамтлаг дахин нэгдээд дэлхийд гарна гэж
үзвэл яах бол?

-Үүнийг бид гурав шийдэж
чадахгүй, баг хэрэгтэй. Жишээлбэл Солонгосын Ерөнхий сайд нь “МTV mu­sic
awards”-д очоод PSY-тай гар барьж байгаа юм. Энэ нь цаанаасаа гаргасан бодлого.
Холливудын одуудтай манай PSY гоё гээд яриад явж байгаа. Бид сайн юм хийж болно.
Болохгүй юм байхгүй л дээ. “Татар” хамтлаг дэлхийд гарвал боломж бий. Манайх аяа
хийнэ, үгээ, аранжировк гээд бүгдийг дотооддоо хийдэг хамтлаг.

-Хип хопын хувьд насны хязгаар бий юу?

-Гайгүй шүү. Одоо
Snoop dog, Fifty cent, Jay Z нар дуулж л байна. Тэд бүгд том бизнесменүүд. Jay
Z хип хопууд дундаас хамгийн баян нь. NBA-ийнхэнтэй дүйцдэг гээд л боддоо.
Fifty cent арав гаруй компанийн захирал. Тэд нар нь дандаа улс орон дамнасан салбаруудтай.
Jay Z бараг бүх брэндийг худалдаад авчихлаа ш дээ.

-Та “Улс төрд шинэ манлайлал” төсөлд орж
байсан байх аа?

-Зохион байгуулагчийн
зүгээс намайг орооч гэсэн санал ирүүлсэн. Үүнд ямар нэгэн арын лобигоор түрүүлчихнэ
гэсэн санаагаар ороогүй. Би орохдоо их айж байсан. Улс төр гэдэг зүйлд их манлайлалтай
залуус орж ирэх байх гэж эмээж байлаа. Төсөөлөл өөр байсан. Миний төсөөлж байснаас
харьцангүй бага үнэлгээтэй байсан. Миний хүч чармайлт бол манлайлал гэдэг зүйлийг
л харуулах байсан юм. Заавал тэрэнд ороод улстөрч болох нь хаашаа юм. Нэгд орсон
хүнийг Харвардын их сургуульд сургана гэсэн юм. Түүнээс биш албан тушаал амлаагүй
л дээ. Энэ миний мөрөөдөл байсан. Амьдарч байх хугацаандаа Харвардад сурах юмсан.
Ямар хүмүүс нь сураад байдаг юм. Хоёр дахь шалтгаан бол эхний 30-д үлдвэл АНУ-д
богино хэмжээний манлайллын хөтөлбөрт сургана гэсэн амлалт байсан. Энэ хоёр л намайг
хөгөлсөн. Шоу хийсэн хүмүүс амлалтдаа хүрээд залуусыг аваад л явсан. Дүрэм нь дундаасаа
хасах журмаар явсан л даа. Нэг багийн хоёр ч нэгнийхээ эсрэг санал өгч байсан. Би
ийм зүйл дээр фракц үүсгэхийг хүртэл хэдүүлээ больё гэсэн үндсэн өөрийн үнэт зарчмаа
барьчихсан учраас 20 хүний 15 нь миний эсрэг санал өгсөн. Тэгээд л би гарсан даа.
Манлайлаад яваад байгаа тэр залуусыг хэн юм бэ гэдгийг би харсан. Би дутахгүй юм
байна гэж бодсон. Дунд нь орсон чинь би түрүүлж магадгүй юм байна гэж бодсон шүү.
Энэ их том дэвшил. Хүн өөрийгөө дутуу үнэлж болохгүй. Гаднаас минь хараад хэн ч
намайг боловсролтой гэж мэдэхгүй.

-Төрсөн өдрөөрөө хүмүүнлэгийн ажил хийж
баярласан нь их сонин шийдэл болсон уу. Хүмүүс яаж хүлээж авсан бэ?

-Манай хамтлагийн Жагаа
бид хоёр нэг өдөр төрсөн л дөө. Жагаа бид хоёр арван жилд байхдаа парк орно, хамт
дугуйгаар аялдаг байлаа. Томроод ажлын хамт олон, гэр бүлээрээ тэмдэглэнэ. Бодоод
байхад төрсөн өдрөө сархадгүй тэмдэглэсэн удаа их ховор байдаг. 2014 оны төрсөн
өдрөө “Birth in giving day” болгосон. Авах биш өгөх өдөр болгоё гэж шийдсэн хэрэг.
Гэр бүлийн хүнтэйгээ, хоёр найзтайгаа ярьж байгаад шийдсэн л дээ. Бэлэг авчихаад
авсан зүйлээ өөртөө наах биш. Хэрэгтэй хүнд нь өгье гэж бодсон. Сая зургаан зуун
мянган төгрөг цугласан байдаг. Найзууддаа та нараас бэлэг авахгүй. Бэлэгнийхээ
30-50 хувийг мөнгөн хэлбэрээр өгчихөөрэй гэсэн. Төрсөн өдөр маань “Hap­piness
center”-д болж, орж ирсэн хүмүүс такс төлөх зарчмаар явсан. Цугласан мөнгөө “Өхөөрдөм
инээмсэглэл” гээд төрийн бус байгууллагад өгсөн юм. Зургадугаар сарын 1-нд хөгжлийн
бэрхшээлтэй болон алслагдмал аймгийн хүүхдүүдэд бэлэг тараасан. Хүн баярлуулахаар
өөрөө баярладаг шүү дээ. Энэ л их том баяр юм шиг. Жил болгон ингэж тэмдэглэвэл
зүгээр юм гэсэн бодол төрж байгаа.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Манай эхнэр бид хоёр
Санхүү эдийн засгийн их сургуулийн төгссөн. Манай эхнэрийг Ононгоо гэдэг. Одоо бид
хоёр хөөрхөн хоёр охинтой. Бид хоёр 12 жил болж байна. Сонин түүх ярихад эхнэр маань
Санхүү эдийн засагт сурдаг байсан юм. Тэгээд намайг тэнд сураач гэсэн. Би тэнд сурахыг
хүссэн л дээ. Үнэндээ надад мөнгө байгаагүй. 2006 онд сургуульдаа орж байлаа. Эрхлэгч
дээр нь очоод гуйсан л даа. Надад одоо мөнгө алга. Гэхдээ төлж өгнө, та намайг сургуульдаа
аваач гээд бараг уйлах гэж орж байлаа. Тэгсэн чинь тэг дээ. Чиний энэ их сэтгэлийг
чинь үнэлье. Чи сургуульдаа ор, чамаас мөнгө авахгүй гэж байсан.

-Өөрийгөө их хөгжүүлдэг бололтой?

-Хөгжүүлэлгүй яахав.
Ном их уншина. Багаасаа Нарантуул дээр ундаа зарж өссөн хүүхэд. Багадаа ээждээ том
болоод босс болно гэдэг байлаа. Тэрнийхээ төлөө л явж байгаа. Наймааны ухааныг мэднэ.
90-ээд онд бүгд л наймаа хийдэг байсан ш дээ. Одоо их соёлтой болоод бизнес хийдэг
болчихож. Бизнес нь томроод хоёр хүний хооронд байсан бол 30 хүний хооронд болчихож
байгаа юм. Тэрэнд бизнесийн ухаан хэрэгтэй. Тэрийг л би суралцаж явсан. Юмыг харахдаа
аль аль талаасаа харахыг хүсдэг. Манай аав ээж ч тэгж хүмүүжүүлсэн. Хөдөө эмээ дээрээ
өссөн. Хөдөө их явдаг нь зөв болж дээ гэж боддог. Зүгээр байж чаддаггүй юм.
2008 онд хөрөнгийн бирж дээр шатаж үзлээ, босч үзлээ. “Зиг Заг”-ийн хамт олондоо
талархдаг. Тэнд ажлыг бүр багаас нь хийж үзлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *