Categories
мэдээ улс-төр

Д.Мөнх-Эрдэнэ: Цэцийн үйл ажиллагааг шинэчлэх цаг болсон

Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Та ҮХЦ-д мэдээлэл гаргажээ. Үндсэн хуульд нийцээгүй Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгуулахаар хандсан байна. Үндсэн хуульд нийцээгүй ямар хуулийн заалтууд байна вэ?

-Үндсэн хуулийн Цэц бол манай улсын амин чухал хууль, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах баталгаа, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын илэрхийлэл Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж, түүнийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэдэг Үндсэн хуулийн шүүх, Үндсэн хуулийн байгууллага. Тийм ч учраас хараат бус, бие даасан байдлыг нь хангах зорилгоор УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс төлөөллийг нь ханган тэнцүү тоогоор буюу тус бүр гурван хүнийг нэр дэвшүүлэн, нийт есөн гишүүн томилдог. Гэтэл УИХ-аас 1997 онд баталсан “Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн “Цэцийн хуралдаанд оруулахаар маргаан үүсгэн шалгасан бүх асуудлыг анхлан шийдвэрлэх хуралдааныг таван гишүүний бүрэлдэхүүнтэй хийнэ” хэмээн хуульчилж, улс орны язгуур эрх ашигтай холбоотой олон чухал асуудлыг Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ бус, харин нийт есөнгишүүний гуравны нэгийн саналаар шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна. Энэ заалтыг Үндсэн хуульд нийцэхгүй, зөрчсөн гэж үзэж мэдээлэл гаргасан. Хэдийгээр хуулийн дээрх заалтад “анхлан шийдвэрлэх” гэж заасан боловч хууль тогтоомж Үндсэн хуульд нийцсэн буюу нийцээгүй тухай Дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийг УИХ хүлээж авснаар тухайн асуудал эцэслэн шийдвэрлэгдэж буй нь ийнхүү дүгнэх үндэслэл болж байгаа.

-Тодруулбал?

-Цэц есөн гишүүнээс бүрдэхээр Үндсэн хуульд заасаар байтал Дунд суудлын хуралдаанд оролцсон таван гишүүний гурван гишүүнийх нь саналаар маргааныг хянан шийдвэрлэх, уг хуралдаанд оролцоогүй Цэцийн бусад дөрвөн гишүүний байр суурь, санал, дүгнэлт тухайн маргааныг шийдвэрлэхэд огт хамаагүй, нөлөөлөхгүй зохицуулалт нь төрийн үйл ажиллагаанд баримтлах ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмуудыг ч зөрчсөн. Нөгөө талаас, хуулийн уг зохицуулалт нь Үндсэн хуулийн шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор төрийн эрх мэдлийн салаа мөчрүүд болох бусад засаглалаас нэр дэвшүүлэн томилуулдаг Үндсэн хуулийн үзэл баримтлалыг ч ноцтой зөрчсөн байна. Уг заалтын улмаас Дунд суудлын хуралдаанд оролцоогүй Цэцийн бусад гишүүн Үндсэн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болж, бүрэн эрх нь хязгаарлагдаж байна.

-Маш чухал шийдвэрийг гаргахад Цэцийн есөн гишүүнээс дөрвөн гишүүн нь огт оролцох боломжгүй байгаа явдлыг цаашид хэрхэвч давтаж, хүлээн зөвшөөрч болохгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна лээ. Жишээ нь, ямар шийдвэрүүд вэ?

-Ганц жишээ хэлье. УИХ-ын сонгуулийг олонхын (мажоритар), хувь тэнцүүлсэн (пропорционал) холимог тогтолцоогоор явуулах Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг Үндсэн хуульд нийцээгүй хэмээн дүгнэсэн Цэцийн таван гишүүн оролцсон Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг 2016 оны УИХ-ын ээлжит сонгууль явагдахаас хоёр сарын өмнө 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр гаргасан.Тухайн үеийн УИХ уг шийдвэрийг хэдхэн хоногийн дараа буюу тавдугаар сарын 4-ний өдөр хүлээн зөвшөөрч, цаашид Монгол Улсад парламентын сонгуулийг гагцхүү мажоритар тогтолцоогоор зохион байгуулахаас өөр аргагүйд хүрсэн. Хэдийгээр хуульд Цэцийн гишүүд эрх тэгш байхаар заасан боловч энэ мэт тохиолдолд тухайн хуралдааны бүрэлдэхүүнийг Цэцийн дарга томилох хуулийн зохицуулалт нь ихээхэн хардлага, ойлгомжгүй байдлыг бий болгож байна. Төрийн эрх мэдлийн үндэс ард түмний сонгох, сонгогдох эрхтэй холбоотой энэ мэт чухал шийдвэрийг гаргахад Цэцийн есөн гишүүнээс дөрвөн гишүүн нь огт оролцох боломжгүй байгаа явдлыг цаашид бид хэрхэвч давтаж, хүлээн зөвшөөрч болохгүй гэж үзэж байгаа юм.

-Монгол Улсад парламентын сонгуулийг гагцхүү мажоритар тогтолцоогоор зохион байгуулахаас өөр аргагүйд хүргэсэн гэж мэдээлэлдээ дурдсан байсан. Энэ тухайд?

-Манай Үндсэн хуульд сонгуулийн систем буюу олонхийн, хувь тэнцүүлсэн, эсхүл тэдгээрийн холимог гэх мэт ямар тогтолцоогоор зохион байгуулах талаар огт заагаагүй. Харин сонгууль зохион байгуулахад баримтлах суурь зарчим, иргэдийн эрхийг хуульчилж өгсөн байдаг. Тухайлбал, Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан. Гэтэл “шууд сонгох” эрхийн үндсэн дээр гэж бичсэнийг л мушгиад хувь тэнцүүлсэн тогтолцоог Үндсэн хуульд нийцэхгүй гэж шийдсэн нь буруу. Энэ үнэхээр буруу шийдвэр байсан. Шууд сонгоно гэдэг нь үнэндээ АНУ-д Ерөнхийлөгчөө сонгоход хэрэглэдэг, иргэдийн өмнөөс шийдвэр гаргадаг электорат /сонгогчид/ маягийн тогтолцоог ашиглахгүй л гэсэн санаа юм.

-Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ шийдвэр гаргаагүй нөхцөлд ямар сөрөг үр дагаварт хүрэх вэ?

-Цэц бол Үндсэн хуулийн байгууллага. Гэтэл өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, эрх зүйн орчны хүрээнд дийлэнх тохиолдолд Цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих үндсэн чиг үүргээ Дунд суудлын хуралдаанд оролцсон таван гишүүний олонхи буюу гурван гишүүний саналаар хэрэгжүүлэхээр байна. Хууль тогтоомж, зарлиг, Засгийн газрын тогтоол зэрэг улс, орны нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний эрх, эрх чөлөөтэй шууд холбоотой эрх зүйн актуудыг Үндсэн хуульд нийцсэн эсэх тухай шийдвэрийг Цэцийн бүрэлдэхүүний цөөнхийн саналаар гаргах боломж хууль зүйн хувьд нээлттэй байгаа нь “захиалгаар” ажилладаг хэмээх улс төрийн хардлага, сэрдлэгийг дэвэргэж, нийгмийг эмх замбараагүй байдалд түлхэх аюултайг ч анхаарах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хянан хэлэлцэж, шийдвэр гаргаагүй нөхцөлд тухайн шийдвэрийн “хууль ёсны шинж чанар” алдагдаж болзошгүй.

-Үндсэн хуулийн бусад байгууллага болох УИХ, Засгийн газар, Улсын дээд шүүхийн хувьд байдал ямар байдаг вэ?

-Үндсэн хууль, бусад хууль, журмаар УИХ, Засгийн газрын хуралдааны ирц, шийдвэр гаргах саналын хамгийн бага хувийг тогтоож өгсөн бөгөөд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, шийдвэр гаргахыг хязгаарлаагүй байдаг. Улсын дээд шүүхийн Эрүү, иргэн, захиргааны хэргийн танхимуудын хувьд шүүн таслах ажлын төрлөөр дагнан үйл ажиллагаа явуулж байгаа тул адилтгаж үзэх учиргүй юм. Нэмж хэлэхэд, Үндсэн хуулийн бусад байгууллага болох УИХ, Засгийн газрын шийдвэрийг нийт бүрэлдэхүүнийх нь гуравны нэгийн саналаар гаргах эрх зүйн орчныг бүрдүүлж болохгүй нь тодорхой. Энэ тохиолдолд УИХ-аас баталсан хууль, Засгийн газрын тогтоолыг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Гэтэл Цэцийн хувьд үүнтэй ижил нөхцөл байдал үүсчихээд байгааг л засах учиртай болчихоод байна.

-Бусад улсын жишээнээс дурдвал?

-Үндсэн хуулийн шүүхийн хяналтыг хэрэгжүүлж буй улс орнуудын жишгээс АНУ болон ХБНГУ-ын хоёр жишээг товчхон хэлье. АНУ-ын Дээд шүүх Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэж, шийдвэрлэдэг. Хэрэв тус улсын иргэдийн эрх, эрх чөлөө, амьдрал, хувь заяатай холбоотой хамгийн чухал асуудлуудыг Дээд шүүхийн есөн шүүгч нь бус, харин таван шүүгч оролцсон хуралдаанаар буюу уг хуралдаанд оролцсон шүүгчдийн олонхийн санал (гурван шүүгчийн санал)-аар шийдвэрлэдэг бол тухайн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдахгүй, ихээхэн эргэлзээтэй нөхцөл байдал үүсэх нь тодорхой шүү дээ. ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх тус бүр найм, нийт 16 шүүгч бүхий хоёр танхим /Erster Senat, Zweiter Senat/-тай бөгөөд 1 дүгээр танхим нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй болон шүүхээс Үндсэн хуульд нийцээгүй, харшилсан гэж үзэж ирүүлсэн хэрэг, маргааныг харьяалан шийдвэрлэдэг бол 2 дугаар танхим нь төрийн эрх мэдэл хоорондын чиг үүргийн хуваарилалт, Холбоо, муж улсын хооронд үүссэн маргаан, улс төрийн намыг хориглох, сонгуулийн болон төрийн үйл ажиллагаатай холбоотой бусад маргааныг хянан шийдвэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл, тус улсын Үндсэн хуулийн шүүхийн хоёр танхим нь манай Улсын дээд шүүхийн Эрүү, иргэн, захиргааны хэргийн танхимтай адил дагнасан шүүхийн шинжтэй бөгөөд өөр, өөрийн харьяалах Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг эцэслэн шийдвэрлэдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *