Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсонтой холбогдуулан хотын захиргаанаас хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд оролцогчдыг Нийслэлийн засаг даргын тамгын газрын хэвлэлийн албаны дарга Э.Дагиймаа танилцууллаа.
Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Засаг даргын хуулийн ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга н.Отгонбаяр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга н.Ганхүү, Төрийн захиргаа, удирдлагын газрын хэлтсийн дарга н.Ганболд, Хуулийн хэлтсийн дарга н.Даваажаргал нар оролцлоо.
Хурлаар Баянзүрх даргыг томилсон үндэслэлийг тайлбарлан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХУУЛИЙН АХЛАХ ЗӨВЛӨХ Д.МӨНХ-ЭРДЭНЭ:
Нийслэлийн Засаг дарга өчигдөр Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон байгаа. Энэ шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар та бүхэнд товчхон тайлбарлая. 2016 оны 10-р сарын 19-нд нийслэлийн дүүргүүдийн сонгууль явагдсан байгаа. Сонгуулийн үр дүнгээр нийслэлийн 9 дүүргээс Баянзүрх дүүргийн засаг даргын асуудал шийдэгдээгүй үлдсэн байсан. Учир нь сонгуулийн тухай хуулиар дүүргийн сонгуулийг шууд удирдан явуулах үүрэгтэй сонгуулийн хороо гэж бий. БЗД нь 41 төлөөлөгчтэйгөөс 35 нь хуулийн дагуу сонгуулийн үйл ажиллагаанд оролцож нэр дэвшиж ялалт байгуулсан. Зургаан нэр дэвшигч сонгуулийн хуулийг зөрчсөн байна гэсэн үндэслэл гаргаж ирсэн. Энэ үндэслэл Цагдаагийн байгууллагаар шалгагдаж, БЗД-ийн шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхээр өнөөг хүртэл маргаан явсаар байгаад хэдхэн хоногийн өмнө таван нэр дэвшигчээр эцэслэн шийдэгдсэн байна.
Үүнтэй холбогдуулан БЗД-ийн Сонгуулийн хорооноос тогтоол гаргаж дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан байна. Б.Саруул, А.Түмэн-Насан, М.Мэндбаяр, Ш.Ганчимэг, Д.Уламбаяр нарын нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчсөн нь шүүхээс тогтоогдсон. Эдгээр хүмүүс хяналтын хугацаанд давж заалдах эрхтэй байсан боловч давж заалдаагүй хугацаа нь өнгөрсөн. Үүнтэй холбогдуулан дүүргийн сонгуулийн хорооноос шийдвэр гаргаж холбогдох тойрогт дахин сонгууль явуулахаар боллоо. 2017 оны 10-р сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригт энэхүү дахин сонгуулийг явуулах шийдвэр гаргасан байна.
Одоогийн байдлаар 35 төлөөлөгч бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн. Үүнээс 19 нь МАН-аас нэр дэвшин сонгогдсон, 16 нь АН-аас нэр дэвшин сонгогдсон хүмүүс байгаа.
СЭТГҮҮЛЧДИЙН АСУУЛТАД ХАРИУЛАВ
-Үлдсэн зургаан хүний асуудлыг шийдчихээд томилгоогоо хийж болоогүй юм уу, цагдаа нар яагаад нулимс асгаруулагч хэрэглэж байгаа юм бэ, хэзээ үүнийг хэрэглэх ёстой байдаг юм бэ?
-Цагдаагийн байгууллагатай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагын удирдлагад нь хандаж тавих хэрэгтэй байх. Бид дүүргийн засаг даргын тамгын газрын байранд намууд иргэдийг өдөөн хатгаж үймээн самуун дэгдээж турхирч байгаад харамсаж байна. Үүнийг хуулийн хүрээнд шийдвэрлэх байх. Х.Пүрэвдаваа гэж хүн дөрвөн жил Засаг даргаар ажилласан. Одоо энэ үйл ажиллагаагаа зогсоогоочээ гэж хүсч байна.
-Ардчилсан нам илүү санал авсан шүү дээ, яагаад МАН-ын хүнийг томилж байгаа юм бэ?
-Би урьд нь хэлсэн. Эдгээр зургаан хүн сонгуулийн үеэр мөнгө, эд зүйл тарааж амлалт авсан байна гэдэг нь тогтоогдсон . Тиймээс дахин сонгууль хийхээр болсон. А.Эрдэнэсайхан гэж нэр дэвшигчийг ИТХ-д оруулах шийдвэр гаргасан байна лээ. Гэхдээ шалгагдаж байгаа.
-Тайван байдлаар шийдэх боломж байгаагүй юм уу, яагаад заавал дахин сонгуулийг 10-р сард хийх болсон юм бэ?
-Дахин сонгууль хэзээ явуулахыг дүүргийн сонгуулийн хороо л шийддэг. Сонгуулийн хуулин дээр сум, дүүргийн дахин сонгуулийн хугацааг сонгуулийн хороо шийднэ гэж байгаа. За өөр асуулт байхгүй бол баярлалаа.
О.ӨНӨР
One reply on “Д.Мөнх-Эрдэнэ: БЗД-ийн 41 төлөөлөгчөөс зургаа нь сонгуулийн хууль зөрчсөн гэсэн шүүхийн шийдвэр гарсан”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru