Categories
мэдээ цаг-үе

Д.Хаянхярваа: У.Хүрэлсүхэд энэ намыг, Засгийн газрыг авч явах чадвар байхгүй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.


-Танай намын Удирдах зөвлөлийн хурал ширүүн болсон сурагтай. Яг ямар асуудал хөндсөн юм бэ?

-манай намын удирдах зөвлөлийн хурлаар гурван асуудлыг гол болгон хэлэлцсэн. нэгдүгээрт, бүлгийн даргыг огцруулах асуудлыг намын дарга санал болгосон. Хоёрдугаарт нь, нийслэлийн Засаг даргыг ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх, итХ-д оруулах саналыг хэлэлцсэн. Гуравдугаарт намын даргын зүгээс Их хурлын даргыг ажлаа өг гэдэг асуудал ярьсан. Шийдвэр бол хоёр асуудал дээр гарсан. уиХ-ын даргын асуудал тусдаа болохоор бүлэг, удирдах зөвлөл шийддэг асуудал биш. энэ нь өөрөө Үндсэн хуульд зааснаар огцрох гурван үндэслэлтэй асуудал. Бүлгийн даргыг огцруулах асуудлыг бүлэгт, хотын дарга с.Батболдыг ажлаа өг гэдэг чиглэлийг нитХ-д өгөхөөр болсон. Би зарчмын гурван шаардлага тавьсан. нэгдүгээрт, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн асуудалд холбогдсон Засгийн газрын гишүүдээ огцруулахыг шаардсан. Хоёрдугаарт, энэ жижиг, дунд үйлдвэрийн зээлийг авсан хүмүүс дотор банк бус санхүүгийн байгууллагатай түүгээрээ дамжуулж ард түмнийг шулан мөлжсөн зүйл байдаг бол хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулах шаардлага тавьсан. Гуравдугаарт, би ямар шаардлага тавьсан бэ гэхээр намын улс төрийн албан тушаалтнууд, энэ дотор манай удирдах зөвлөлийн гишүүд, намын ерөнхий нарийн бичгийн дарга нарт улс төрийн хариуцлага хүлээлгэж, Удирдах зөвлөл, Ерөнхий намын нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөх ёстой гэдэг зарчмын шаардлага тавьсан юм. энэ хүрээнд мАн-ын дарга ерөнхий сайд у.Хүрэлсүх, уиХ-ын дарга м.энхболд нарт шаардлага тавьсныг мэдэж байгаа байх.

-МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд яг юу гэсэн юм. Яг ямар шалтгаанаар огцруулна гэсэн юм бэ?

-Намын даргыг их хурал дээр шүүмжилж байна, намын даргатай байнга тэрсэлдэж байна гэдэг зүйлийг ярьсан. Намын Хяналтын ерөнхий хорооноос намын даргыг шүүмжилж олон түмний дунд нэр хүндэд нь халдаж байна гэсэн маягийн юм ярьж байна лээ. дэгсдүүлээд хэлэхэд намын Хяналтын ерөнхий хороо миний хэлэх үгийг хянах шахуу юм ярьсан.

Намын даргын болохгүй үйлдлийг би шүүмжилнэ ээ. Нэг хүний дарангуйлалд энэ нам орчихмооргүй байна. Намын дарга болох бүтэхгүй зүйл ярьж, болчимгүй үйлдэл гаргаж байгаа учраас хэлэх ёстой газар нь хэлж, алдаа оноог нь засах ёстой гэдэг зарчмын байр сууриа хэлсэн. Намын Хяналтын хорооны даргаас би цаашдаа үг хэлэхдээ зөвшөөрөл авах ёстой юу, үгүй юу гэдгээ асуусан. Ер нь та бүхэн нам төвтэй төртэй болох зам руугаа явж байна. Нэг хүнийг тахин шүтэх шинж рүүгээ явж байна, хэтэрхий дарангуйлал тогтоох гэж байна гэдгийг нь хэлсэн. Хоёрдугаарт, чи ЖДҮг хамгаалахгүй байна. Гишүүд ЖДҮтэй холбогдсон нь чамд ч хамаатай гэсэн. Ийм хоёр үндэслэлээр намайг бүлгийн даргын ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Үүнийг ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гэж үзэж байгаа. Яагаад гэвэл ЖДҮтэй холбоотой гишүүд өөрсдөө Удирдах зөвлөлийн гишүүд гээд сууж байгаа учраас үүнийг бүлгийн даргаас нь чөлөөлвөл энэ хүний амыг хамхиж болно гэсэн бодол байх шиг байгаа юм.

-Бүлгийн даргын ажлаа өгөхөөр боллоо. Бүлгийн даргаа өглөө гээд асуудал зогсчих юм биш биз?

-Монгол Улсын Их хурлын гишүүний хувьд надад бүлгийн даргын албан тушаал байна уу, байхгүй байна уу огтхон ч сонин биш. Их хурлын гишүүнийхээ хувьд, Монгол Улсын иргэнийхээ хувьд би энэ бусармаг үйлдлийн талаар олон түмэнд чөлөөтэй хэлэх хэрэгтэй гэж ойлгож байгаа. Энэ юмыг цаашид таслан зогсоох, зохион байгуулалттай эсэхийг шалгах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улс хэтэрхий хүчирхийлэл, дарангуйллын систем рүү орж байна.

У.Хүрэлсүх гэж энэ даргыг шүүмжилж болохооргүй болсон. Элдэв долоон үгээр доромжилдог, утас шөрмөсөөр дарамталдаг, чи намын даргаа шүүмжлэхгүй, намын даргын нэр хүнд өндөр байна, Их хурлын нэр хүнд муу байна. Болохгүй бол УИХ-ыг тараах юм яриад ийм үйлдэл гаргаад байгаа нь өөрөө Үндсэн хуульд харш зүйл. Монгол Улс яг хаашаа явж байна вэ. Бүх зүйлийг хүчирхийлэл дарангуйллын замаар явж болохгүй. Бид ийм замыг сонгох гэж 30 жил улс төрийн халуун тогоон дотор сайн муугаараа дуудалцаж яваагүй. Өнөөдөр Монгол Улс ямар ч байсан ардчилсан парламентын засаглалтай улс. Парламент бүх зүйлийг шийдэх ёстой.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудалд 20 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл яваад байна. Энэ үнэн үү?

-Энэ үгийг би Удирдах зөвлөлийн хурал дээр өнөөдрийг хүртэл хэлсэн. “Миний болоод өөр хэн нэгний бланк дээр Засгийн газрыг огцруулах гарын үсэг зуруулаагүй” гэж хэлсэн. Харин өчигдөр Удирдах зөвлөлийн хурал дээр “Хэрэв та нар миний тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол битгий бусад хүн рүү хар даа. Би өөрийнхөө бланк дээр хууль бус үйлдлүүдийг хийж байгаа энэ Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийг бичээд гишүүдээр гарын үсэг зуруулаад 19 хүн болгоод өргөн барина” гэж саналаа хэлсэн. Өнөөдөр нэгэнт хууль бус үйлдэл хийснийг нь хэлсний төлөө хариуцлага тооцож, хууль бус үйлдэл хийсэн хүмүүсээсээ хазайсан, байгаа олоогүй шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна. Тиймээс У.Хүрэлсүхэд энэ намыг, Засгийн газрыг авч явах чадвар байхгүй гэж харж байгаа. Тиймээс энэ хүнийг огцруулах асуудлаар өөрийнхөө бланк дээр гарын үсэг зурж, УИХд өргөн барина.

-Засгийн газар огцорсноор асуудал шийдэгдэх юм уу?

-Хэрэв шударга ёс тогтооно гэсэн зарчимдаа үнэнч байгаа бол Засгийн газрыг дэмжих ёстой. Өнөөдрийг хүртэл Засгийн газрын үйл ажиллагааг УИХ дахь намын бүлэг болоод миний бие дэмжиж ирсэн. Өнөөдөр УИХ, болоод бүлгээр орсон асуудал дээр Засгийн газрын асуудлыг дэмжихгүй гаргасан тохиолдол байхгүй. Бүх асуудлыг дэмжиж, ажил төрлийг шуурхайлах чиглэлд явж байсан. Нийгэмд үүсч байгаа бухимдал асуудалд хариултыг нь буруу өглөө гэж харж байна. Миний хувьд бүлгийн даргын албан тушаалаас огцрох эс огцрох асуудал сонин биш ээ. Монгол Улсад Монгол орны том эрх ашиг л бий. Энэ дотор намын эрх ашиг гэдэг тэр жижиг эрх ашиг яваа. Би намын эрх ашиг гэхээсээ илүүтэй Монгол Улсын эрх ашгийг илүүд үздэг. Өнөөдөр шударга ёс алдагдлаа гэж хүн болгон ярьдаг болсон. Гэтэл энэ хүн ярьснаасаа тэс өөр шийдвэр гаргаж байгаа нь шударга ёсны эсрэг тэмцэх чадваргүй гэдгээ харуулж байна.

-Засгийн газрыг огцруулахаар гишүүд гарын үсэг зурах юм болов уу?

-Би гишүүдээ “Чи зур. Тэг, ингэ” гэж ятгахгүй. Гарын үсэг зурах хүсэлтэй нь зурах байх. Зурахгүй гэсэн хүнийг шахахгүй.

-Таныг намаас хөөнө гэсэн юм уу?

-Бүлгийн даргаас огцруулахгүй бол долоо хоногийн дараа тусгай хариуцлага тооцно гэсэн зүйлийг намын дарга хэлж байна лээ. Дараагийн хариуцлага нь мэдээж намаас хөөх л байлгүй.

-Таныг намын Хяналтын ерөнхий хорооны дарга намын нэр хүндэд муугаар нөлөөлж байна гэсэн юм байна. Та яаж муугаар нөлөөлсөн юм бэ?

-Намын даргын болчимгүй үйлдлийг шүүмжилсэн нь намын нэр хүндэд халдсан болжээ. Тийм учраас өнөөдрөөс эхлээд манай намын гишүүд дэмжигчид Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх гэж хүнийг бурхан шиг тахих ёстой. Шүүмжилж болохгүй, алдаа оноог нь хэлж болохгүй. Яагаад гэвэл У.Хүрэлсүх гэдэг хүний хэлсэн ярьсан бүхэн нь зөв. Хэлсэн ярьсан бүхэн нь өнөөдөр бидний эрх ашигт нийцэж байна гэж үзээд таг дуугүй амаа хамхиад явдаг хуучин цагийн тогтолцоо руугаа орох зам руугаа шилжиж байна.

-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудал яригдсан уу?

-Энэ асуудлаар юм яриагүй. Ц.Нямдорж сайд Д.Амарбаясгаланг ажлаа өг гэдэг зүйл ярьсан. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Би төрийн бус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга. Улс төрийн хариуцлага үүрэхгүй” гэж ярьж байна лээ. Энэ хүн бол улс төрийн том намын ерөнхий нарийн бичгийн дарга. Тиймээс энэ хариуцлагыг үүрэх ёстой. Өчигдөр (уржигдар)өөс эхлээд миний ярьсан юм болгоны доод талд төлбөр төлж зохион байгуулалттай гутаан доромжлох зүйлс маш ихээр явагдаж байгаа. Би энэ бүхнийг хараад сууж байна. Бодвол энэ Жижиг, дунд үйлдвэрлэлээс зээл авсан их мөнгөтэй хүмүүс цахим хуудаснаа спонсор хийгээд намайг доромжлоод явж байгаа байх.

-Таныг ЖДҮХС-гаас бас хүмүүст зээл авч өгсөн гэдэг мэдээлэл гарч байна?

-Жижиг, дунд үйлдвэрлэлээс намайг зээл авсан гэж зарим нэг хүмүүстэй холбож бичсэн байна лээ. Энэ бүх юмыг газар дээр нь хуулийн байгууллагынхантай очоод шалгуулахад бэлэн байгаа. Хэрвээ жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас би болоод миний хамааралтай хүүхдүүд зээл авсан байвал би УИХаас өөрөө сайн дураараа гараад явахад бэлэн шүү. Ийм ёс зүйгүй үйлдэлд оролцоогүй гэдгээ албан ёсоор хэлье.

-Засгийн газрыг огцруулахдаа Ардчилсан намын дэмжлэгийг авах уу?

-Ардчилсан намд хандахгүй. Ардчилсан нам яах нь тэдний намын дотоод асуудал.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *