Categories
мэдээ улс-төр

Д.Хаянхярваа: Төрийн өндөрлөгүүд баялаг бүтээгчид рүүгээ үргэлж дайрах юм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд үг хэлж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан, нийт 53 гишүүн үг хэлэхээр бүртгүүлсэy. Гишүүдийн үг хэлэх хугацаа 4-5 минут үргэлжилнэ.

УИХ- ын гишүүн Ц.Гарамжав: Засгийн газар эдийн засгаа тэлэх гэж улс орноо өөд татахын төлөө Засгийн газрын болон УИХ-ын гишүүд бүгд зүтгэж байна. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат намайг Заамараас Сэлэнгэ хүртэлх байгаль орчныг бохирдуулж байна гэж намай гүтгэлээ. Өнгөрсөн хоёр жил манай компанийг гүтгэсэн. Таныг ард нь байсан юм биш биз дээ гэж би өнөөдөр бодлоо. Ж.Эрдэнэбат аа, “Монполимет”-ийг тайван байлга. Ер нь Ж.Эрдэнэбат сайд аа, Дубайн гэрээг зурахад та хамт байсан шүү. Би танд “Эрдэнэт”-ийн асуудал дээр маш чухал зөвлөгөө өгч байсан шүү. Албан тушаалыг авч болдог, та өгч сурах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Арван жилийн хүүхдүүд хүртэл биднийг хараад элэглэж байна. Одоо ажлаа ярьмаар байна. Бие биенийхээ идэж уусныг хичнээн ярьдаг юм. Та бүхэн улс төрд өчнөөн удлаа. Энэ идэж уусан нэгнийхээ асуудлыг шийдэхгүй юу хийж байсан юм бэ. Зөрчлийн хуулиар хэвлэл мэдээллийг барьж, өөрсдийнхөө булхайг нуусны хэрэггүй. Удахгүй энэ бүхэн чинь хана мөргөнө шүү. Засгийн газар нь ч, УИХ нь ч ажлаа хиймээр байна. Ажлаа хийцгээе гэж уриалж байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Үндэсний үйлдвэрлэгчдээ өргөж, нэр хүндийг нь алдаршуулах тал дээр анхаараач ээ гэж Засгийн газраас би удаа дараа хүссэн. Гэвч төрийн өндөрлөгүүд баялаг бүтээгчид рүүгээ үргэлж дайрах юм. Олон Улсын жишиг ч ийм байгаа. Олигарх гэж яг хэнийг хэлээд байгаа юм. Тэр 30 гэр бүлээ нэрлээч, намайг хүртэл 30 гэр бүлд оруулаад байна. Одоо үүнийгээ нэрлэ. Битүү хатуу зүйлээр ард түмнийг битгий талцуул. Зарчимтай бай, битгий МАНАН-д байлгаад бай.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг би анхнаас нь сайдаар томилохыг эсэргүүцэж байсан. Уул уурхайн лиценз дамлан зардаг энэ хүнийг сайдаар томилсонд нь би одоо хүртэл харамсдаг. Ер нь цаашдаа Ерөнхийлөгчийн хоригт бид хүндэтгэлтэй хандаж байх хэрэгтэй. Бид АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч гэж харж, асуудалд хэт өрөөсгөл хандсан. Ингэснээрээ буруудсан.Ч.Хүрэлбаатар сайд ЖДҮХС-д Засгийн газар мөнгө төсөвлөөгүй гэж гүрийх юм. Нийгмийн чанартай олон асуудлыг хэлэлцэх гэхээр Ч.Хүрэлбаатар орж ирдэггүй. УИХ-ыг хүндэтгэн үздэггүй.

Улсын их хурлын чуулган үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *