Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Гантулга: Эрх баригчдын бодлого, үйл ажиллагаа маш мууг иргэд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа DNN.mn

НИТХ дахь ХҮН-ын бүлгийн дарга Доноровын Гантулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Эрх баригч нам мөрийн хөтөлбөртөө нэг ч төгрөгийн татвар нэмэхгүй гэсэн атлаа өдгөө 40 хувийн татвар нэмчихсэн байна. Ер нь эрх барьж байгаа намын бодлого, үйл ажиллагааг дүгнэж хэлбэл та юу хэлэх вэ?

-Намууд сонгуулиар иргэд, сонгогчдод таалагдах гэж дуртай зүйлээ ярьдаг, сонгогдож олонх болоод эрх мэдэлд очихоороо мөрийн хөтөлбөрөө мартдаг явдал хэвийн үзэгдэл боллоо. Үүнийг засаж залруулах эрх уг нь иргэдэд өөрсдөд нь бий.

Бид хэдий болтол бурууг зөвхөн бусдаас хайж явах вэ дээ, буруу та бидэнд бүгдэнд нь байна. Одоо иргэд, ялангуяа залуучууд сонгуулийг жаахан нухацтай авч үзэх шаардлагатай гэдгийг ойлгож эхэлсэн гэдэгт найдаж байна. Үндсэндээ сонгуулиар хоёр асуудлыг нухацтайхан судалж авч үзэх шаардлагатай. Нэгдүгээрт, нэр дэвшигч хэн бэ.

Энэ хүн өмнө нь ЖДҮ, Хөгжлийн банк зэрэг асуудлуудад холбогдож байсан уу, ямар мэдлэг боловсролтой, ажил амьдралын туршлагатай хүн бэ гэх зэргээр хувь хүнийг нь таньж мэдэх. Хоёрдугаарт, нам нь ямар мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж зорьж байна, бодит зүйл ярьж байна уу, эсвэл хоосон амлалт өгч байна уу гэх зэргээр судлах. Тэгээд эрх мэдэлд очсон намаас өөр юуг ч биш, зөвхөн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг л шаардах хэрэгтэй. Энэ ажлыг одооноос эхлүүлмээр байна, тэгвэл асуудал тэс өөр болно. Эрх баригчийн бодлого, үйл ажиллагааг маш муу гэж дүгнэнэ. Үүнийг иргэд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Жижиг тойргоор бус хувь тэнцүүлсэн тогтолцоо илүү хөгжилд хүргэнэ гэж нь байна. Энэ асуудлаар та ямар байр суурьтай байна вэ?

-Монголчууд бидний хөгжил дэвшлийг боймолж байгаа гажуудлыг засах хамгийн эхний цэг бол сонгуулийн тогтолцоо. Жижиг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд улсын хэмжээний том асуудал ярих ямар ч шаардлагагүй, тойргийнхоо асуудалд л анхаарч ирлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүд Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөс ялгаа алга. Адилхан л тойрогтоо сургууль, цэцэрлэг, зам талбай барих гээд хөөцөлдөөд гүйлдэж явна. Цаана нь том бүтээн байгуулалтын төслүүд, боловсролын реформ, тэтгэврийн реформ гэх зэрэг улс орны хэмжээний асуудлуудыг хуруу дарам хэдхэн гишүүдийг эс тооцвол тоож байгаа хүн алга. Зөвхөн УИХ-аар хэлэлцэх үеэр нэг сайхан попорч аваад юу яригдаад байгааг нухацтай бодож үзэхгүй, ойлгохыг ч хүсэхгүй ийм л байдалтай байна. Жижиг тойргийн тогтолцоо авлигажсан төрийг бий болгодог гэдгийг Хятад, Тайвань, Япон, Солонгос зэрэг улс орнууд аль хэдийнэ баталсан хэмээх С.Зориг агсны яриа байдаг. Ил яриа нийгмийн сүлжээгээр хангалттай явсан, ердөө л энэ. Одоо УИХ-ын гишүүд жижиг тойргийг хамгаалах буюу цаанаа зөвхөн өөрийгөө бодож, наанаа том том зарчим ярьж байна уу, эсвэл өөрийнхөө ашиг сонирхлыг давж улс орноо бодож хувь тэнцүүлсэн тогтолцоог дэмжиж байна уу гэдгийг л харж сууна.

-УИХ-аар Төсвийн тодотгол хэлэлцэгдэж байна. Мөн хэмнэлтийн хуулийг батлахаар хэлэлцэж байна. Төсвийн асуудлаар танай нам ямар байр суурьтай байгаа вэ. Засгийн газрын хэмнэлтийн бодлогыг дэмжиж байна уу?

-Манай нам Монгол Улс цомхон, чадварлаг төртэй байх ёстой гэж үздэг. Төр зөвхөн өнөөдрийн хүнд нөхцөл гэж хязгаарлахгүйгээр үргэлж хэмнэлттэй ажиллах ёстой. Нэг талдаа хэмнэлт яриад байдаг, нөгөө талдаа төсвийн тодотголд Засгийн газраас оруулж ирсэн арга хэмжээнүүдийг харахаар хоорондоо зөрчилдөөд байна. Тухайлбал, нэг саяас доош цалинтай иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн хагасыг оны эцэст буцаан олгох санал байна. Эдийн засгийн арга хэмжээ талаас нь авч үзвэл өнгөрсөн онуудад ковидоос болж бүгдийг хаасан үед иймэрхүү арга хэмжээ зөв байж болно. Гэтэл одоо хэрэглээг дэмжих биш, эдийн засгаа идэвхжүүлэхийг зорьсон арга хэмжээ авах ёстой.

Нийгмийн даатгал талаас нь авч үзвэл асуудалд ингэж аргацаасан байдлаар хандах биш, шинэчлэлээ эхлүүлмээр байна. Буцааж өгөх биш, өөрсдийнх нь нэр дээр хуримтлалын сангийн эхний үлдэгдэл болгоод өгсөн бол зөв байсан юм. Ядаж л энэ 200 орчим тэрбум төгрөг урт хугацаат хөрөнгө оруулалт болж эдийн засагт гарна. Улс орны хөгжилд ч хэрэгтэй, иргэдэд ч хадгаламж үүсэхэд хэрэгтэй. Тэтгэврийн реформ хийх эхний алхам нь “Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль”-ийг яаралтай баталж гаргах хэрэгтэй. “Хувийн” гэдэг нэрнээс айгаад байгаа бол “Хуримтлалын тэтгэврийн сангийн тухай” гэж зорилготойгоо уялдуулж өөрчлөөд хуулиа баталмаар байна. Тэр санг төр нь ч байгуулаг, хувийн хэвшил нь ч байгуулаг. Хэнд нь итгэхээ иргэд шийднэ биз.

-Үндсэн хуульд нэмэлт оруулаад УИХ-ын гишүүний тоог нэмэх асуудлаар улс төр судлаачид, хуульчид янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Гишүүдийн тоог нэмснээр ямар ач холбогдолтой вэ?

-УИХ-ын гишүүн гэж тусгай эрх ямба эдэлдэггүй, улс орны бодлого гаргахад оролцдог мэргэжлийн голдуу хүмүүс баймаар байна. Ингэхийн тулд гишүүний зардлыг танаад харин тоог нь нэмэх нь зөв гэж үзэж байна. Шулуухан хэлэхэд, “УИХ-ын эрхэм гишүүн” гэдэг дархлагдсан цөөн тооны эрх мэдэлтнүүд байх биш зардал, эрх мэдэл, нөлөө багатай олон гишүүдтэй болбол илүү үр дүнтэй.

-Эдийн засаг хямралтай байна. Үнийн өсөлт нийгэмд дарамт болж байна. Үүнээс ямар бодлого хэрэгжүүлснээр гарах вэ. Цаашлаад бид эдийн засгаа хэрхэн тэлэх ёстой юм бэ?

-Яг өнөөдрийн түвшинд авч хэрэгжүүлэх бодлого маш тодорхой. Гайхалтай нь иргэд яриад байдаг, төр нь хэрэгжүүлж чаддаггүй. Нэгдүгээрт, урд хөрштэйгөө учраа олоод хилээ яаралтай нээх, нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын борлуулалтаа нэмэгдүүлж, валют олох. Хоёрдугаарт, энэ дайны нөхцөл байдлыг “ашиглаад” хойд хөрштэйгөө ойлголцож экспортын татвараа бууруулах, Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаа шийдэх зэргээр ажиллах. Харин цаашид төр биш хувийн хэвшил давамгайлсан эдийн засагтай болохыг зорих нь чухал. Үүний тулд тэтгэврийн шинэчлэлээ хийж иргэд нь өөрсдөө хуримтлал үүсгээд хөрөнгө оруулалт хийдэг болох зэрэг шинэчлэлүүдийг яаралтай эхлүүлэх шаардлагатай. Эдийн засгийн бүтэц талаас нь авч үзвэл дунд, урт хугацаандаа шинэ технологи ашигладаг, бүтээгдэхүүнээ тээвэрлэхэд зардал багатай салбаруудыг төрөөс онцгойлон анхаарч хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Энд креатив индастри, финтек, иншүртек зэрэг санхүүгийн үйлчилгээнүүд, дизайн, зураг төслийн зөвлөх үйлчилгээнүүд зэргээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ газраар, эсвэл онгоцоор ачаад явахаас илүүтэй онлайнаар шиддэг бизнесүүдийг оруулж байгаа юм. Монголчууд IQ өндөртэй гэдэг биз дээ. Манай залуучууд чадна. Үүний тулд эхний ээлжинд орон даяар интернэтийг маш хямд, чаддаг бол оюутан сурагчдад үнэгүй болгомоор байна. Интернэтийн хүртээмжийг гэрэл, цахилгаан, дулаан, цэвэр бохир ус шиг дэд бүтэцтэй адилтгаж үзэх хэрэгтэй. Үнэхээр урт хугацаагаа харж байгаа бол энэ шинэ төрлийн дэд бүтцээ сайн хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал манай олимпийн аваргууд гэр хорооллоос, хөдөөнөөс төрдөг шиг бидний төсөөлөөгүй газраас шинэ боломжууд нээгдэнэ гэж үздэг.

-Засгийн газрын үйл ажиллагаа үнэхээр ард иргэдийнхээ болон улс орныхоо хөгжил тийшээ зүглэж байна уу?

-Засгийн газар улс орны хөгжил гэхээс илүү өнөөдрийн галыг унтраах, маргаашийг яаж аргацаах уу гэж л явж ирлээ.

-НӨАТ-ын сугалааг зогсоосонд иргэд шүүмжлэлтэй хандаж байх шиг байна. НӨАТ-ын асуудлыг ер нь ямар түвшинд байлгах нь зүйтэй юм бэ. Гадны орнуудад ямар байдаг бол?

-НӨАТ-ын сугалааг хэн хожоод байгаа нь ихээхэн хардлага, шүүмжлэл дагуулдаг. Сугалаа хэрэггүй ээ, хоёр хувийг буцааж байгаа одоогийн арга хэмжээ ажиллаж байгаа гэж боддог. Манай улсад НӨАТ 10 хувь байгаа нь бага талдаа орно. НӨАТ-гүй орнууд ч бий. Европын улсууд ихэнхдээ өндөр байдаг. Жишээ нь, Люксембург улсын НӨАТ 17 хувь байгаа нь бага талдаа орох жишээтэй. НӨАТ-ын татвар манай улсын нийт төсвийн орлогын 20 орчим хувийг бүрдүүлдэг. Хамгийн гол нь иргэд, аж ахуйн нэгжүүд бүгд НӨАТ төлдөг болох хэрэгтэй. Одоо худалдаа хийхэд НӨАТ-тай дүнгээр авах уу, НӨАТ-гүй дүнгээр авах уу гэдэг сонголттой болчихоод байгаа нь нууц биш. Бүгд татвараа төлдөг, төлсөн татвараа яаж зарцуулж байгааг төрөөсөө нэхэж, шаардаж чаддаг болох нь чухал.

-Монголд МАН, АН гэсэн хоёр том үндэсний хэмжээний нам байдаг. Бусад намууд ойрын зуун жилдээ энэ хоёр нам шиг гарч ирж чадахгүй гэдгээ намын улсууд ярьдаг. Энэ хэр ёс зүйтэй ойлголт вэ. Үнэхээр Монголд гуравдагч улс төрийн хүчин хүчтэй гарч ирэх боломжгүй юу. Угтаа олон намын тогтолцоотой улс шүү дээ. Гарч ирэхэд ямар асуудал хүндрэлтэй байдаг юм бол оо?

-Яг МАН шиг улс орон даяар төрийн тогтолцоо дээр суурилсан, энэ намын гишүүн, дэмжигч байснаар төрд ажилтай болдог, бизнес нь өргөждөг нам байгуулахыг бид хүсэхгүй, зорихгүй. АН яг ийм нам байгуулах гэж яваад сөхөрч байна. Сонгуулиар засаг солигдохоор төрийн албан хаагчид нь зуу зуун мянгаараа солигддог завхарсан тогтолцоог халах гэж ХҮН нам байгуулагдсан. Бид энэ хоёр намаас өөр байдлаар ажилладаг. Иймд Монголд энэ хоёр намтай адилхан зарчмаар ажилладаг гэвэл гуравдагч байтугай хоёрдогч хүчин ч гарч ирэх хэцүү. Гарч ирээд ч хэрэггүй. Харин энэ хоёр намаас өөр зарчмаар ажилладаг улс төрийн хүчин хэрэгтэй гэж үзсэн учраас ХҮН гарч ирж байна. Үндсэн хүндрэл гэвэл бид сонгуулиар өрсөлдөгч намтай биш төртэй өрсөлддөг, төрийн бүх шатны албан хаагчид нь эрх баригч намын төлөө ажилладаг. Тухайлбал, өнгөрсөн оны Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын нөхөн сонгуулиар манай нэр дэвшигч Б.Найдалаа МАН-аас нэр дэвшигч Э.Батшугартай өрсөлдсөн гэхээс илүүтэй Сонгинохайрхан дүүргийн цагдаа, хүчний байгууллага, төрийн албан хаагчид, хорооны хэсгийн байцаагч нартай өрсөлдсөн гэхэд үнэнд ойртоно.

-Монголын залуучууд гадагшаа гарах гэж хамаг л аргаа барж байх шиг. Яагаад эх орондоо ажиллаж амьдраад явж болохгүй байна вэ. Мэдээж цалин хөлс, нийгмийн зарим асуудлууд бий л байх. Үүнд чиглэсэн төрийн бодлого хэрхэн явах ёстой вэ?

-Эх орноосоо гадагшаа явж байгаа залуучууд өөрсдөө уйлаад хэлсэн шүү дээ. Хэн ч аав ээжтэйгээ, хань ижилтэйгээ, үр хүүхдүүдтэйгээ амьдрахыг хүснэ. Амьдрах аргагүй болж аргаа бараад л явж байна. Төрийн бодлогосоод байх юм юу байхав дээ. “Ажлаа хий” гэж залуучууд маш ойлгомжтой, энгийнээр жагслаа. Одоо 2024 оны сонгуулиар л дүнгийг нь тавих байх даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *