“Сөүл эмнэлэг”-ийн эмнэл зүй эрхэлсэн дарга, элэг, цөс, ходоод гэдэсний мэргэжлийн эмч Д.Ганчимэгтэй ярилцлаа.
-Хэт халуун үе буюу +30 градусаас дээш хэм халсан үед хүмүүс хүйтэн ундаа пиво, мөстэй ус ундаа хэрэглэх нь хүний эрүүл мэнд, хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлөх вэ?
-Халуун нөхцөлд байж байгаад хэт хүйтэн зүйлийг гэнэт хэрэглэх нь хүний биед маш их сөргөөр нөлөөлнө. Яаж гэхээр хэт халуунд халууцаж байгаад хүйтэн ус ундаа ихээр хэрэглэх нь нэгдүгээрт, гүйлсэн булчирхайг цочроох, дараа нь хоол боловсруулах замыг цочроох, бусад эрхтэн системийг цочроох буюу цочмог эмгэгүүдийг үүсгэх эрсдэлтэй. Хоёрдугаарт, хууч архаг өвчтэй хүмүүсийн хуучин эмгэгүүдийг сэдрээх талтай. Үүнд юу орох вэ гэхээр хоол боловсруулах замд байх ходоодны шарх, шалбархай, нойр булчирхайн цочмог үрэвсэл, цөсний чулуут үрэвсэлтэй хүний цөсний чулууг сэдрээх, эсвэл цусны өтгөрөлтэй хүмүүсийн нойр булчирхайн эмгэгийг цочроох буюу цочмог үрэвсүүлэх эрсдэлүүд байна.
-Улирлын өөрчлөлт хүний хоол боловсруулах эрхтэн системд яаж нөлөөлөх вэ?
-Улирлын чанартай хоол боловсруулах замын эмгэгүүд энэ үед ихэсдэг. Ялангуяа өнөөдрийн нөхцөл байдалд үүсээд байгаа үер усны аюултай холбоотой болон яг энэ цаг үед гэдэсний халдварт өвчин дэгддэг үе нь. 6, 7, 8 дугаар сар бол гэдэсний халдварт өвчин дэгдэлт өндөртэй үе. Иймээс энэ халдвараас сэргийлэх хэрэгтэй.
-Яаж сэргийлэх вэ?
-Гараа тогтмол угаах, халуун хүйтэн идээ ундаагаа тохируулж хэрэглэх нь зүйтэй. Удахгүй Үндэсний их баяр наадам болно. Баяр наадамтай холбогдуулаад тусгайлан анхааруулж хэлэхэд энэ үеэр ард иргэд хорхог боодог, архи пиво, айраг цагаа, хүйтэн пиво, мөстэй кола, тостой хуушуур гэх мэтчилэн зүйлүүдийг маш ихээр хэрэглэдэг. Ийм зохисгүй хайрсан хуурсан хоол хэрэглэхэд цөс нойр булчирхайн цочмог үрэвслүүд идэвхижиж эхэлдэг. Тиймээс иргэд өөрсдөө зохистой хооллох хэрэгтэй. Томчууд өөрсдөөсөө эхлэх нь зүйтэй. Дээрээс нь бага насны хүүхдүүд, өндөр настнуудын халуун хүйтэн зүйлийн хэрэглээн дээр нь зохицуулалт хийж өгөх шаардлагатай.
-Олон улсад хэт халууны үед яаж сэргийлдэг юм бол. Зарим улсад хуульчилсан байдаг гэх?
-Хэт халуун үед олон улсад тасалгааны температуртай зүйлүүдийг л хэрэглэдэг. Худалдаа үйлчилгээний газрууд нь ч энэ үеэр хөргөгч хөлдөөгчөө салгаад тасалгааны температуртай зүйлүүдийг зарж борлуулдаг. Жишээлбэл, Хятадад намайг сургалтаар очсон үед яг хэт халууны үе тохиолдсон. Тэнд хэт халууны үед иргэддээ хүйтэн зүйл зарж борлуулах нь ард иргэдийнхээ эсрэг хийж буй гэмт үйлдэл гэж үздэг юм билээ. Бүр хуульчлаад заачихсан. Тэгэхээр худалдаа эрхлэгчид нь ч хэт халууны үед хасах температуртай шингэн зүйл зардаггүй. Хэрэв зарвал хуулийн хариуцлага хүлээдэг системтэй юм байна. Манайх шиг хэт халууны үед хэт хүйтэн мөстэй болон хасах температуртай зүйлүүдийг иргэд нь өөрсдөө ч хэрэглэдэггүй. Ходоод дотрын эмч нар нь ч энэ талын сургалт сурталчилгаа хийж, олон нийтдээ таниулдаг. Хэрэв хэт халууны үед хасах температуртай болон мөстэй бүтээгдэхүүн зарж байвал иргэд өөрсдөө гомдол мэдээлэл гаргадаг, хариуцлага тооцуулдаг. Бидний эрүүл мэндийн эсрэг үйлдэл хийж байна хэмээн хууль цагдаагийнханд ханддаг. Эрүүл мэндийн боловсролтой байдаг юм билээ. Манай иргэд өөрсдөө ч энэ тал дээр анхаарч, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй байна. Үүнийг Монголд мөн ард түмний эсрэг хийж буй гэмт хэрэг гэж үзэн хуульчилмаар байгаа юм.
-Нэгэнт хэт халуун үед хүйтэн зүйл хэрэглээд, архаг хууч хөдлөөд, ходоод гэдэс хямарсан үед яах вэ?
-Хэт халуун үед хүйтэн ус ундаа хэрэглээд ходоод гэдсээ цочроогоод, цөс нойр булчирхайгаа өвтгөөд, нойр булчирхайн хурц үрэвсэл, цөсний чулуут үрэвслийн сэдрэл гэх мэт мэргэжлийн эмгэгтэй холбоотой олон эмгэгүүд яг энэ баяр наадмын үеэр сезон нь эхэлдэг. Бага насны хүүхдийн гэдэсний халдварууд ихэсдэг. Бас сезон нь. Дээрээс нь архаг хууч өвчтэй настай хүмүүс, зүрх судасны эмгэгтэй, даралт ихэсдэг өвчтэй хүмүүс халуун хүйтний хямралаас өөрсдийгөө сэргийлэх хэрэгтэй. Энэ үеэр мөн арьс, харшлын эмгэгүүд сэдрэх асуудалтай. Хоол ундны зохисгүй хэрэглээтэй холбоотой энэ эмгэгүүдээр өвчлөх эрсдэл их. Тиймээс иргэд зохистой хооллож амьдралын зөв хэв маягтай байх хэрэгтэй. Хөгшид хүүхдүүдээ асарч хамгаалах нь зүйн хэрэг юм.
-Яг өнөөдрийн нөхцөлд Улаанбаатар хотод үер усны асуудал үүсч, өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихлаа. Энэ үед ямар эрсдэл үүсэх вэ?
-Үер усны үед шавар шавхай, шалбаагтай холилдоод бид маш их нян бактертай агаараар амьсгалж байна. Хэрэв буцаад гэнэт хурц нар гараад эхэлбэл өнөө хөрсний бохирдол агаарт дээш дэгдэж эхэлнэ. Бид бүгд энэхүү бохир агаараар амьсгалж байгаа учраас гэдэсний халдварууд бохир гараар дамжихаас гадна, амьсгалын замын халдварууд, агаар дуслын халдварууд ихэснэ.