Өнөөдөр буюу аравдугаар сарын 1-нд УИХ-ын намрын чуулган нээсэн. Чуулганы нээлтийн үеэр парламент дахь сөрөг хүчин болох Ардчилсан намын гишүүд коронавируст халдварын нөхцөл байдлын хүндрэлийг эрх баригчдад сануулсан зурагт хуудас барьсан байсан юм.
Нээлтийн дараа тус намынхан Сүхбаатарын талбай дээр “Одоо боллоо” жагсаалыг зохион байгуулж эхэллээ. Ийн О.Цогтгэрэл, М.Тулгат нар оройлж, Засгийн газрыг огцрохыг шаардаж байна. Уг жагсаалд иргэд нэмэгдэж ирсээр байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “30 жилийн өмнө бид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ тунхаглаж, Үндсэн хуулиа баталсан. Гэтэл өнөөдөр Үндсэн хууль хэрэгжиж байна уу. Найм дахь удаагийн энэ УИХ байгуулагдахдаа ард түмний 30-хан хувийн саналаар, авлигаар, мөнгө тараалтаар байгуулагдсан. Гэтэл нэг жил, зургаан сарын хугацаанд харанхуй засагтай, харанхуй төртэй болчихоод байна. Урсахгүй ус үмхийрдэг.
Засгийн газарт ямар их эрх мэдэл байна. Ийм эрх мэдэлтэй, ийм Засгийн газар Монголын түүхэнд байгаагүй. Ард түмний жагсаал ингэж эхэлдэг юм. Бид үгээ ордон дотор орж чадахаа байсан. Иймд бид индэр дээрээс үгээ хэлж байна. Төсвийн мөнгөөр байгуулсан энэ цагаан байшингаас бүгдийг хэдхэн хүн удирддаг боллоо. Огцрох ёстой” гэллээ.