Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Эрдэнэбат: ОУВС Монголын нөхцөл байдлыг дутуу үнэлсэн байж болзошгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсон асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийлээ. Хуралдаанд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс гадна АН-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж, Б.Ганбат нарын гишүүд оролцсон байна. Хуралдаанаар ОУВС-гийн хөтөлбөр болон Хөгжлийн банктай холбоотой асуудал, мөн АН-ын гишүүдийг АТГ шалгаж буй асуудлыг хэлэлцсэн байна.

Хуралдааны дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Бид өнөөдөр бүлэг дээрээ хоёр асуудал хэлэлцлээ. ОУВС-гийн хөтөлбөрт орох асуудлаар олон нийт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өгсөн мэдээлэлтэй байх шиг байна. ОУВС-гийн тавьж байгаа нөхцөлд анхаарах зүйл олон байгааг манай гишүүд ярилцлаа. Хамгийн гол нь ХХОАТ, НДШ-ийг нэмэх нь байж боломгүй зүйл гэж бид үзэж байна. Төсвийн зарлагад анхаарахгүй орлого тал дээр татвар нэмэх асуудал орж ирсэн нь хамгийн эмзэг. ОУВС Монголын нөхцөл байдлыг дутуу үнэлсэн байж болзошгүй. Эрх баригчид Ардчилсан намын бодлогын алдааг засаж байгаа гэдэгтэй санал нийлэхгүй. Энэ бол бодлогын алдаа биш бодлогын зөрүү. Тэлсэн эдийн засагт төсөв мөнгөний хатуу бодлого барьж болохгүй. Ардчилсан нам эрх барьж байхдаа 1.5 тэрбумыг бондоор босгож байсан. Харин энэ Засгийн газар 5 тэрбум ам.доллар авч байгаа нь 3.6 дахин их байна” гэдгийг онцоллоо.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гэж үзвэл өөр ямар боломж дотоодод байна гэж үзэж байна вэ.

ОУВС Монгол Улсад “Эдийн засаг, санхүүгийн хөтөлбөр” хэрэгжүүлэх боллоо. Эдийн засаг, төсөв хүндэрсэн үед улс орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх маягаар хэрэгжүүлдэг хөтөлбөр юм. Бид ОУВС-гийн төлөөлөгчийн дүгнэлтийг орчууллаа. Түүнд түүхий эдийн үнэ огцом буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт задран унасан нь Монголын эдийн засагт хүнд цохилт болсон гэж… Энэ тодорхойлолтыг би зөв гэж үзэж байгаа.

Монгол Улсын эдийн засаг дан ганц уул уурхайгаас хамааралтай. Өнгөрсөн жилүүдэд түүхий эдийн үнэ уналттай байсан бол өнөөдөр түүхий эдийн үнэ өссөн. Зэсийн үнэ нэг тонн нь 4000 ам.доллар байсан нь 6000 ам.доллар, нүүрсний үнэ 30 ам.доллар байсан нь 110 ам.доллар болсон. Үнэ өсөж, борлуулалт нэмэгдэж байгаа үед төсвийн зөв зохицуулалт хийх юм бол энэ хүндрэлээс гарах боломж бий.Ганц юм зовоож байгаа нь урд талын авсан евро бондын 580 сая ам.долларын зээлийг төлөх хугацаа тулсан учраас үүнийгээ яах вэ гэдэг хамгийн тулгамдсан асуудал. Харамсалтай нь, манай эрх баригчид Засаг авсныхаа маргаашнаас эдийн засгийн үнэлэмжээ буулгах, эдийн засгийн үл итгэлцлийг бий болгох ойлголт төрүүлсэн учраас олон улсад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан.

-440 саяын ажил 1.8 тэрбум болсон асуудлыг Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байхдаа өөрсдөө шалгаад тогтоочихож болоогүй юм уу. Тэгсэн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан юм биш үү. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах бол найман төрлийн татвар нэмнэ. Татвар нэмэх хүрээнд орлого нэмэгдэх боломж байгаа юм уу?

-Хөгжлийн банкны шалгалт үнэнд нийцэхгүй байгаа. Яагаад гэвэл Хөгжлийн банкны зээлээр олгогдсон бүх ажлууд хийгдэж дууссан. Хүнийг юм хийснийх нь төлөө үндэслэлгүйгээр яллаж болохгүй. Хулгай хийгээгүй, худлаа хэлээгүй, ажлаа л хийсэн. Шалгаж болохоос биш хүний эрхэнд халдаж, үндэслэлгүйгээр баривчилж болохгүй. Бид энэн дээр л байр сууриа илэрхийлж байгаа. Худлаа мэдээллийг нийгэмд тарааж болохгүй. Татвараар орлого нэмэхийг бид шүүмжилж байгаа. Татвараар орлого нэмнэ гэдэг бол иргэд болон баялаг бүтээгчдийн халаас руу орж, энэ зээлийг эргэн төл гэсэн тулган шаардалт юм. Тийм учраас бид ийм байр суурьтай байгаа. Хэрвээ ОУВС-гийн хөтөлбөрийг авах зайлшгүй шаардлага байгаа бол иргэдийнхээ хэрэглээ, хуримтлал, цалинг бууруулах үйлдэл рүү бусдын даалгавраар санаатай орж болохгүй. Энэ бол бидний барьж байгаа бодлого юм.

-АТГ-аас АН-ын хэд, хэдэн гишүүнийг шалгаж байгаа гэлээ. Нэрийг нь хэлэх боломжтой юу?

-“Чингис бонд”-той холбоотой асуудлаар манай намын харьяалалтай хүмүүсийг шалгаж байгаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дээр янз бүрийн асуудал үүсэж болзошгүй байгаа. УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр хоёр дээр зохион байгуулалттай хэрэг үүсгэсэн. Жишээлбэл, 440 сая төгрөгийн гэрээний нөхцөл хийхдээ энэхүү гэрээний нийт дүн нь ажлын нийт санхүүжилтийн эхний ээлжит санхүүжилт байна гэж заасан. Ажлын нийт санхүүжилтийн хэмжээг захиалагч, санхүүжүүлэгч тогтоох бөгөөд энэ асуудлыг нэмэлт гэрээгээр зохион байгуулна гээд 1.8 тэрбум болсон. Гэтэл 44 сая төгрөгийн ажлыг гэнэтхэн 1.8 тэрбум болгож өсгөсөн гээд улстөржүүлсэн. Үүнийг хэлмэгдүүлэлт гэж бид үзэж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *