Олон улс судлалын дээд сургуулийн захирал, философийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш Д.Дашпүрэвтэй ярилцлаа.
-Монгол дахь өнөөгийн улс төрийн намуудын төлөвшил ямархуу түвшинд байна гэж та харж байна. Үүнээс яриагаа эхэлье?
-Улс төрийн намын төлөвшлийг дүгнэхдээ хэд хэдэн үзүүлэлтийг харах ёстой. Манайд хүн амтайгаа харьцуулж улс төрийн намын гишүүнчлэлтэй болгоод байна. Намуудын хамгийн чухал ажлын нэг нь гишүүн элсүүлэх болчихоод байна. Хуулиараа ч гишүүнтэй байж нам болох ёстой гэдэг. Улс төрийн идэвх, ухамсар, санаачилга, төлөвшил зэрэг олон үзүүлэлтийг харгалзалгүйгээр хүний араас хөөцөлдөөд байна. Ардчилсан улсад улс төрийн намын тухай асуудалд хатуу гишүүнчлэл тогтоох нь муу байдаг.
Манай улс намын тухай хуулиа өнөөгийн байдалд тохируулж, шинэчлэх шаардлагатай. Учир нь 100 яаманд 60 ухна гэдэг шиг л байна. Хуульд гишүүнчлэлтэй байна, ингэхдээ 801 гишүүнтэй байвал нам болно гэж хуулиар заасан байдаг. Хаанаасаа ч энэ тоог олж, ямар аргументээр гаргаж байгаа нь их бүрхэг. Ингэж гишүүний тоо тогтоож байгаа байдал нь улс төрийн намыг дампуу байдалтай болгоод байна. Тиймээс улс төрийн намын тухай хуулийг одоогийн амьдралтай, орчин нөхцөлд тулгуурлаж өөрчлөх хэрэгтэй. Одоо мөрдөгдөж байгаа хууль нь өнөөгийн байдлаасаа хоцрогдоод байна.
-Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэхдээ ямар зүйл заалтыг тусгах хэрэгтэй гэж та харж байна?
-Улс төрийн хуульд зарчмын зүйлүүдийг тусгаж өгөх хэрэгтэй. Нэгдүгээрт , улс төрийн нам гишүүнчлэлтэй байх уу, эсвэл гишүүнчлэлгүй дэмжигчтэй байх уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Ингэхдээ дэмжигчтэй байхын тулд намын үзэл онолын тогтолцоо нь тодорхой байх ёстой. Тухайлбал, манай улсад үзэл онолын тогтолцоо нь тодорхойгүй намууд маш олон байна. Зарим оронд улс төрийн намаар инээдэм, тохуу хийсэн тохиолдол бий. Жишээ нь, пиво уугчдын нам гэдэг ч юм уу сонин нэртэй намууд байдаг. Үүнийг манайхан хуулах гээд байх шаардлага байхгүй шүү дээ. Улс төрийн соёл хөгжсөн газар иймэрхүү юм байж болно. Гэхдээ энэ нь их доог тохууны байдалтай зүйл л дээ.
Ер нь утга учиртай хандвал улс төрийн намд улс төрийн үзэл бодол маш чухал байдаг. Гишүүнчлэлийн хатуу дэгтэй байх нь ардчилал хөгжсөн орнуудад муу байдаг. Ер нь иргэд улс төрийн нам ямар хэрэгтэй гэдгийг өөрсдөө ухаж ойлгодог түвшинд хүрчихвэл Улс төрийн намын тухай хууль их зөв, зүйтэй гарна. Улс төрийн нам гэдгийг иргэд юу гэж ойлгоод байгааг манайд тодорхой, сайн судалж тогтоогоогүй.
-Өнөөдрийн байдлаар манай улсад 33 нам байна. Ер нь олон намтай байх нь зөв үү. Олон нам байгаа ч хүчтэй сөрөг хүчин нь хэд билээ гэхээр бас асуудалтай шүү дээ?
-Хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй байна. Эрх барьж байгаа нам нь хүчтэй, боловсон, улс төрийн соёлтой сөрөг хүчинтэй байхыг хүсэхгүй. Тиймээс улс төрийн эрх барьж байгаа намыг дампууруулахад чиглэсэн хуулийн заалт, нөхцөлийг бий болгоод байна.
-Намуудын оршин тогтнох байдал гэдгийг юу гэж ойлгох вэ?
-Нам нь улс төрийн байгууллага. Өөрөөр хэлбэл, улс төрийн үзэл санаа, үзэл баримтлал, зорилго, чиглэлээрээ нэгдсэн хүмүүсийн сайн дурын байгууллага. Энэ сайн дурын байгууллагад нэгдсэн хүмүүс тодорхой улс төрийн зорилгын төлөө үйл ажиллагаа явуулдаг. Түүндээ нэгддэг. Гэтэл манай улсад өөрийгөө том нам хэмээн ярьдаг зарим намууд амьдралын хүнд бэрхшээлтэй байдлыг ашиглаж, хоол ундны зүйл тараах зэргээр өөртөө гишүүн татаж байна. Энэ бол нийгмийн хөгжлийн маш болхи үйл ажиллагаа юм. Иймэрхүү хоцрогдсон зүйлээс салахын тулд намын хуулийг маш сайн боловсруулах хэрэгтэй.
Хоёрдугаарт, Улс төрийн нам өмч хөрөнгөтэй байж болохгүй. Гэтэл зарим намууд жигтэйхэн их өмч хөрөнгөтэй байдаг. Дүүрэг, тойрог, аймагтаа, байшин барилгатай, үндсэн хөрөнгөтэй нам ч бий. Нам улс төрийн байгууллага юм бол үндсэн хөрөнгөтэй байж болохгүй. Бизнесийн байгууллага биш шүү дээ. Энэ мэт зүйлүүдийг хуульд зөв тусгаж өгөх хэрэгтэй.
-Манай улсад өнөөдөр дотоод ардчилалтай нам хэд байна. намын дотоод ардчилал гэдгийг юу гэж ойлгох вэ?
-Намын дотоод ардчилал гэдэг нь тухайн намын төлөвшилийн нэг илрэл. Манайд нам байгуулсан хүмүүс өөрийгөө тойруулж, шүтүүлдэг, дагадаг хүмүүсийг нэгтгэж тэднийхээ дунд бурханчлагдах маягтай байдаг учраас аажим явц байдалдаа намууд улс төрийн ялзралд ордог. Манай улсад улс төрийн нам гэж байгаа МАН, АН зэрэг намууд удирдлага, улс төрийн ардчлалын хувьд ялзарч байна. Ялзрал гэдэг нь дотроо ардчилсан чөлөөтэй улс төрийн өрсөлдөөн байхгүйг хэлж байгаа юм.
-Төрийн бодлогыг ямар хүн, ямар нам тодорхойлоод байна. Нийгмийн сэтгэл зүйг удирдаж байгаа “эзэн” нь таныхаар хэн бэ. Тухайлбал, УИХ, орон нутгийн сонгуульд МАН олонх боллоо. Энэ намыг дэмжээрэй гэж итгэлийг олсон хүн нь хэн бэ?
-Хэрвээ манай улс ардчиллын зарчмаар цаашид хөгжье гэвэл улс төрийн тавцанд 100, 30 жил бүр зургаахан жил болж байгаа намыг ч тэр, бүгдийг нь тараах хэрэгтэй. Ингээд бүгд нэг гараанаас улс төрийн үзэл баримтлал, санаагаараа нэгдсэн намыг байгуулбал маш дэвшилтэд болно. Гэтэл “Миний өвөөгийн, эмээгийн, аавын нам учраас миний улс төрийн сонголтоо хийх нам бол энэ” гэж авторитар нийгмийн зарчмаар хүмүүс хандаж байна. Энэ нь нэг талаараа улс төрийн соёл хөгжөөгүйтэй ч холбоотой. Ийм байдлаар зарим намууд их том болж өргөжиж байна. Улс төрийн намын ойг улс орны хэмжээнд хийдэг байдал нь авторитар, тоталитар дэглэмийн үйл ажиллагаа юм шүү дээ.
-Улстөрчид нэг намаас нөгөө нам руу урваж, шарвах тохиолдол нэг бус удаа гарч байна. энэ нь өөрийн үзэл санаагаараа бус эрх ашгийн үүднээс хандаж байгаатай холбоотой юу?
-Нийгмийн ашиг хонжоо, албан тушаалын байр сууринаас хандаж байгаагаас ийм тохиолдол гарч байна. Ашиг хонжоо нь багадахаар эрх ашгийн зөрөлдөөн үүсч, намаасаа гарч, салаад байна. Би нэг эвгүй нэр томьёо хэлье. Үүнийг улс “төрийн янхандалт” гэдэг юм. Урьд нь ч энэ нэр томьёог ашигладаг байсан. Улс төрийн “янхандалт” манайд их байна.
Р.ХИШИГЖАРГАЛ