Categories
мэдээ цаг-үе

Д.Дашдондов: Хүнд мөнхийн ганц л зүйл үлддэг. Тэр нь эх орон юм

Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын 2019 оны тэргүүн шагналыг “Зохист гүн” номоороо яруу найрагч, зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дашдондов хүртсэн юм. Түүний номонд арван сонетийн эрхи багтсан байна. Сонет гэдгийг яруу найраг сонирхогчид сайн мэднэ. Харин сонетийн цуваа, эрхи гэдгийг мэдэх ч бичсэн нь тун цөөн билээ. Энэ нь ур ухаан, авьяас чадвар, амьдралыг танин мэдсэн хүний бодол сэтгэлээс нухагдан гардаг аж. Д.Дашдондов сонетоос гадна олон сайхан дууны шүлэг бичсэн, жүжгийн зохиолууд нь тайзнаа тавигдаж байсан, хүүхдүүдэд зориулсан зохиол бүтээл нь шилдэг уран бүтээлээр удаа дараа шалгарсан хүн юм. Цайныхаа дээжийг таньдаа барья даа, Цамцны тань товчийг бөхлөөд өгье дөө… Мөн Цэцгээр хорвоо бялуурахын цагт, Санаагүй байж мэднэ ээ ээж ээ гэх зэргээр утга уянгалаг сайхан дуунууд түүнийх билээ. “Алтан-Өд”-ийн эзний гэрээр зочилж ярилцлаа.


-Та Говь-Алтайн хүн байх аа. Нутаг усныхаа тухай яриач. Уран бүтээлч болон төлөвшихөд унаж, өссөн нутаг ус хэрхэн нөлөөлсөн бол?

-Би Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Миний төрсөн нутаг Хар азаргын их нуруу, Хан тайширын их нуруу хоёрын дунд оршдог Халиуны их хоолой юм. Би 6-7 наснаасаа эхлээд л хонь мал хариулаад уул хадаар нь хэсч өссөн дөө. Нутгийн онцлог нь юу гэвэл нэг уулан дээр гараад л өөр ертөнц, нөгөө хамар даваад л шал өөр ертөнц байдаг. Нэг талд өндөр сүрлэг уулс, нөгөө талд цэлийсэн их тал байх жишээтэй. Гайхширал төрүүлэх сайхан нутаг юм. Тийм нутагт төрсөн, өссөн хүний оюун сэтгэлгээ нь тэнүүн, аливааг мэдрэх мэдрэмж нь хар багаасаа хөгжсөн байдаг байж магадгүй. Ер нь Говь-Алтайгаас олон зохиолч төрсөн байдаг даа. Тэр нь нутаг усных нь өгөгдөл юм болов уу гэж боддог. Байгаль нь хатуу ширүүн. Нэг бол элсээр нүднэ. Шаргын говь, Халиуны хоолой хацар хорстол элсээр нүднэ шүү дээ. Шуурахаар ойр орчин харагдахгүй болно. Тийм л эрс тэс. Тэгсэн атал хавар, намрын уран гоё зэрэглээ, гол усны харгиа, шувуудын жиргээ, хөхөө шувууны донгодолт гэх зэргээр байгаль нь нэн гайхамшигтай. Миний багад манай Халиун, Шаргын хоолойд хонь бэлчээд явж байхад гөрөөс нь хоньтойгоо ирээд нийлдэг байлаа. Одоо бол 3-4 гөрөөс, зээр л харагдаж байна. Ууландаа аргаль янгиртай. Тооноор хадны орой харагдана. Түүгээр нь мал сүрэг дүүлэн байх нь даанч сайхан. Тийм сонин сайхан нутаг юм. Ийм сайхан нутагт өссөн хүн мэдрэмтгий, сэрэмтгий, зан араншин нь гэсэн байгалийнхаа өвөрмөц онцлогийг дагаад эрс тэс маягтай байдаг. Энэ нь яруу найрагч, зохиолч хүнд нэлээн хэрэгтэй л дээ. Нөгөө талаар байгалийн хатуу ширүүн нөхцөл байдал хүнийг амьдрах арга ухаанд сургадаг. Яах ч арга байхгүй хөдөлмөрч болгож сургана. Зохиолч, яруу найрагч хүнд авьяасаас гадна хөдөлмөрч, тууштай зан чанар тун чухал байдаг. Тийм учраас би нутаг усандаа баярлаж, дээдэлж явдаг.

-Өнгөрсөн жил танай сумын 60 жилийн ой тохиосон. Та сумынхаа ойн баяр наадамд хүндтэй зочин болж очсон нь гарцаагүй?

-Тийм ээ. Өнгөрсөн онд Говь-Алтай аймгийн Халиун сумын 60 жилийн ой боллоо. Уг ойд дуу хийж очлоо. Гавьяат дуучин Ч.Бат-Эрдэнэ манай сумын хүн байгаа юм. Бид хоёр нутггийнхандаа зориулаад “Бурхад мэндэлдэг нутаг” гэж сайхан дуу хийж, Ч.Бат-Эрдэнэ хэдэн дуучинтай хамтраад дууллаа. Ойн концертод тоглогдсон. Мөн сумын захиргааны үүдэнд соёмботой хөшөө бослоо. Суурьтайгаа нийлээд 3-4 метр өндөр сайхан хөшөө байв. Хөшөөний нэг талд Лодонгийн Түдэвийн хэлсэн үг. Нөгөө талд нь билэгт их яруу найрагч Мишигийн Цэдэндорж гуайн “Морин хуур” хэмээх алдарт шүлгийнх нь хэсэг. Бас нэг талд нь “Болор цом”-д олон удаа орж байсан М.Билэгсайханы эх орны тухай шүлгийн хэсэг. Нөгөө талд нь миний эх орондоо зориулсан шүлгийн хэсгийг сийлж мөнхөжүүлсэн байна лээ. Үүнд би их баярлаж байгаа.

-Утга зохиолын салбар руу хэрхэн орсон бэ?

-Би багадаа зурах их дуртай байсан. Сонины зах дээр мал идэж байгаа чоно зураад аавдаа загнуулж байсан гэдэг. Тэр үед би ухаан суугаагүй байсан. Хожим аав минь тэгж ярьж байлаа. Бас дуунд их дуртай. Бага ангийн жоохон нөхөр байхдаа шүлэг бичнэ. Тэрийг ойлгож дэмждэг ч хүн гэж байсангүй. Мөн тоонд их сайн хүүхэд байлаа. Өөрийгөө магтаж байгаа юм биш шүү. Гэхдээ ангидаа толгой цохидог байв. Тийм учраас багш нар тоог л дэмжээд байхаас бус уран бүтээлийг дэмжиж, хардаггүй байсан. Хэрэв багаас минь зурах авьяасыг дэмжсэн бол зураач. Хөгжим талаас нь дэмжсэн бол энэ чиглэлийн уран бүтээлч болж болох байсан гэж боддог. Гэтэл зураг, хөгжим гарцаагүй мэргэжил шаарддаг. Номын дууг нь сонсож байж л жинхэнэ уран бүтээлч болно. Одоо бол сонирхогчийн хэмжээнд зурна аа. Номныхоо хавтасны зургуудыг зурсан юм. Зураач нар хараад шоолох байх. Хөгжмийн тухайд баян хуур, гитар зэргийг тоглочихно.

Миний анх харж, зохиолч гэж ямар гоё юм бэ гэдгийг мэдэрсэн зүйл бол 1966 оны үед Говь-Алтай аймгийн цэнгэлдэх хүрээлэнд болсон уншигч, зохиолчдын уулзалт юм. Тэнд Б.Явуухулан гуай “Говь хэмээн говь билээ…” гээд уншиж байлаа. Ц.Гайтав гуай “Зам, зам залж хөтөлсөн нутгийн зам…” гэж уншиж байв. Б.Зангад гуай дуугаа дуулаад л. Ингэж анх уран бүтээл гэж ямар сайхан юм бэ хэмээн бодсон. М.Цэдэндорж гуайг хамгийн ойроос анх тэгж харж байв.

Миний анхны шүлэг 1967 онд “Алтайн хөгжил” сонинд гарч байлаа. Тухайн үед ямар юмных нь шүлэг байхав дээ. Тэр үедээ л хүүхдийн шүлэг байсан. Одоо ч яг ямар шүлэг байсныг сандаггүй юм. Ямар ч байсан сарны тухай л шүлэг байв. Тэрэндээ маш их баярлаж хөөрч явлаа. С.Очирхүү гэж шатрын спортын мастер, бас хүүхдийн зохиол оролддог хүн байсан. Тэр хүний дугуйланд нэг жил явж байлаа. Уг нь эртнээс уран зохиолын өгөгдөл байгаад байсан юм. Тэгтэл 1970 онд Алтай хотын арван жилийн сургууль төгсөөд багш нар маань тоо юм уу, физикээр явах ёстой гэж ятгасан. Би үнэхээр тоонд сонирхолтой байсан учир их сургуулийн физикийн анги аваад явсан даа. Их сургуульд байхад Ж.Бадраа гуайтай нэг удаа гудамжинд тааралдаад би шууд л бичсэн шүлгээ уншиж өгөв. Санаа зовмоор. Тэгтэл “Чамд юм байна, чи утга зохиолын дугуйланд яваад оч” гэлээ. Яваад очтол тэр өдөр нь дугуйлан хичээллээгүй байсан. За ингээд, 1975 онд сургуулиа төгсөөд Эрдэнэтэд багшлахаар очлоо. Тал талаас илгээлтийнхэн очиж байсан үе. Г.Сэсмээ гээд зохиолч монгол хэлний багшаар мөн очсон. Нэг сургуульд хамт ажиллалаа. Энэ үеэс хар багын юм бичих сонирхол маань сэргээд бичиж эхэлсэн. Дараа нь Д.Даржаа гуай очсон. Алдарт “Дон Жуан”-ыг орчуулж “Алтан-Өд” авсан С.Цэвээн байна. Эд нарыг хараад уран зохиол руу эргэж татагдаж эхэлж байгаа юм. Би сургуулийн хичээлийн эрхлэгч, сүүлд захирлын албатай болсон учир тухайн үеийн шаардлага нэг номерт ажил байв. Шүлэг яруу найраг миний хобби маягтай байсан.

-Та утга зохиолын мөн чанарыг хожуу ойлгосон гэж ярьж байсан. Социализмын үед ажлыг нэгдүгээрт тавьж, утга зохиол руу орох цаг зав муутай байсантай холбоотой юу?

-Тэр үеийн уран зохиолд тавьж байсан шаардлага гэвэл нам, эх орон, үнэнч шударгыг магт гэдэг байлаа. Би уран зохиолын нарийн, мэргэжлийн онол заалгаагүй учир түүгээр нь ойлгосон. Тэгээд л эх орон, нам, найрамдал гэсэн сэдвээр бичнэ. Тиймээс уран зохиолын мөн чанарыг бүрэн ойлгоогүй явсан. Нэлээн хожим төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдорж гуай ирсэн юм. Тэр хүн бидэнд асар их нөлөө үзүүлж, яруу найраг задгай чөлөөтэй байх ёстой гэсэн үзэл бодлыг төлөвшүүлж өгсөн. Миний яруу найргийн багш бол энэ хүн юм. Би жинхэнэ яруу найраг, уран зохиолыг их хожуу ойлгосон. Хожуу ойлгосон ч гэлээ зорьж бичсээр ирлээ. Үүнээс Монголын уран зохиолд хувь нэмэр оруулсан гэж бодож болох гэвэл дууны яруу найргууд, жүжгийн зохиолууд байна. Мөн сүүлийн үеийн сонатын эрхи бий. Мөн богино мөрт шүлгүүд байна. Яг одоогоор ийм олон сонатын эрхи бичсэн хүн Монголд байхгүй. Нэг талаас хичээл зүтгэл, авьяас чадвараас гадна хамгийн гол нь амьдралыг таньсны үндсэн дээр хийх л уран бүтээл юм билээ. Мөн би 600 гаруй афоризм бичсэн. “Анзаарлын төгс хэлбэршил” хэмээх ном болгож 400 гаруй афоризм багтаасан. Ер нь гаргасан ном олон бий л дээ. Уншигч олон мэдэх байх. Миний шилмэл бүтээлийн гурван цуврал ном бий. Яагаад би яагаачгүй ботилсон юм гэхээр 2012 онд Монгол Улсын соёлын гавьяат авсан. Энэ нөхөр юугаар гавьяат авч байгаа юм гэж хүн хэлж магадгүй юм болов уу хэмээн бодоод нэгдүгээр ботио шүлэг, хоёрдугаар ботио жүжгийн зохиол, гуравдугаар ботио дууны яруу найраг, афоризм оруулж гаргасан. Гурван ботид бүх бүтээл багтахгүй л дээ.

-Та ээждээ зориулсан олон сайхан шүлэг бичсэн. Аав, ээжийнхээ тухай дурсахгүй юу?

-Манай аав Самбуугийн Дамбий. Халиун сумаас өмнө Баян сум гэж байсан юм. Бүр 1927 онд байгуулагдсан даа. Аав минь Баян сумын хүн эмнэлгийн салбарын анхны санитар. Нутгийнхан Дамбий доктор гэдэг байлаа. Хэрэг дээрээ эмчийн үүрэг гүйцэтгэж байсан гэсэн үг. Цэрэгт яваад, дараа нь сувилагчийн курст суугаад эмнэлгийн талын мэдлэгтэй болж, ойр зуурын эм барьчихдаг байлаа. Сүүлдээ мал маллаад аймгийнхаа хоёр удаагийн хөдөлмөрийн аварга болсон. Ээж маань Сэрээнэнгийн Рагчаа гэж хүн байсан. Миний долоон настайд 1958 онд нас барсан юм. Бүгд л бага байлаа. Би дээрээ хоёр ахтай, нэг эгчтэй, доороо хоёр дүүтэй хүн л дээ. Сониноос, манай ээжийн аав Лодонгийн Түдэв гуайн ээжийн ээж хоёр төрсөн ах дүү хоёр юм билээ. Бид бие биенээ мэдэхгүй байж байгаад бүр хожим ойрхон хамаатан гэдгээ мэдэлцсэн.

Аав, ээж маань нутаг орондоо нэр сайтай, сайхан хүмүүс байсан даа. Ээж маань их гярхай. Олон хонин дотроос саах хонио анддаггүй. Тэр хонь тэнд байна, аваад ир гэдэгсэн. Малчид бол ихэвчлэн малынхаа толгойг харж л танина шүү дээ. Тэгтэл ээж маань зуны халуунд бүгд толгойгоо далд хийчихсэн нуруу нь цухуйж байхад хараад ямар хонь болохыг анддаггүй байсан. Ээж минь багад өнгөрсөн учир зориулж олон дуу хийсэн. Жишээлбэл, “Бурхан ээж” гээд дуу байна. Зөвхөн ээждээ зориулсан 20 гаруй дуу бий.

-Ярилцлагынхаа төгсгөлд олон түмэнд хандаж юу хэлэх вэ?

-Би Их Монгол Улс үеийн үед, үрийн үрд мандан бадарч, цэцэглэн хөгжөөсэй гэж байнга ерөөдөг. Үүний төлөө монгол хүн бүр зүтгэх ёстой. Хүнд мөнхийн ганц л зүйл үлддэг. Тэр нь эх орон юм. Үүнийг хүн сэтгэлийнхээ чандын чандад бодож явах ёстой. Өнөөдрийн өнгө мөнгө яахав. Харин бидний эд эс монгол хэмээх хөрс шороонд мөнхөд оршино. Тиймээс Монгол орныхоо төлөө бага ч гэсэн хувь нэмэр оруулж зүтгээсэй, хүн бүр эх орондоо хайртай байгаасай гэж хүсч явдаг. Гавьяат Д.Дашдондов гуайн гэргий Булганы Бүрэгхангайн харьяат И.Дулмаа гэж хүн бий. Эмч мэргэжилтэй. Эрдэнэт үйлдвэрийн эмнэлэг сувиллын албанд 30 жил ажиллажээ. Тэрбээр яруу найрагч ханийнхаа тухай “Бид гурван хүүхэдтэй. Том хүү Батхуяг. Шинжлэх ухааны академийн инновацийн хэлтсийн дарга. Дараа нь Нармандах гээд охин бий. Зохиолчдын эвлэлийн гишүүн. Яруу найрагч охин байгаа. Одоо Эрдэнэтийн татварын албанд тасгийн дарга хийдэг. Отгон охин Отгонбаяр. Хүүхдэд зориулсан хоёр ном гаргасан. Одоо оюутан. Бид хоёр ач, зээ нартай болсон. Хүүхдүүдээ үнэнч шударга, улсын төлөө гэсэн сэтгэлтэй болгож өсгөхийг хичээсэн. Манайх их намуухан айл шүү дээ. Муудалцаад байхгүй. Дашдондовтой хар залуугаараа танилцаад суусан. 40 гаруй жил ханилж байна. Ерөөсөө л ажлын төлөө гэсэн хүн. Маш хэнхэг гэж болно. Бараг л гэрийн бараа хардаггүй нөхөр байсан. Одоо ч тийм. Эрдэнэтийн арван жилийн дунд сургуульд хоёр жил багшлаад хичээлийн эрхлэгч болж цаг наргүй хөдөлмөрлөдөг байлаа. Хүүхдүүд нь унтаж байхад гарч яваад орой унтаж байхад орж ирнэ. Сургуулийн захирал болоод бүр л ажил нь нэмэгдсэн. Дараа нь Эрдэнэтийн төр захиргааны сонины эрхлэгч болоод хэдэн жил явсан. Мөн зах зээлийн үед 1994 оноос Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн ажилтнаар ажиллах болсон. Ер нь бидний залуу нас цаг наргүй л байлаа. Сүүлд дуу бүжгийн эрдмийн чуулгын даргаар хэдэн жил ажиллалаа. Хүүхдүүд нь гэртээ ирээд ном шагайна. Аав нь ажил гээд л явна. Ийм л гэр бүл. Энэ хүнд заримдаа наад бичиг цаас чинь хэрэгтэй юм уу, би хэрэгтэй юм уу гэхэд гэж асуудаг байлаа. Дуугардаггүй юм. Дотоод санаа нь ном зохиол бүтээлээ илүү боддог хүн байх гэж гомдох шиг болдог үе байсан. Гэхдээ ажил төрөл, уран бүтээлдээ хайртай, шударга үнэнч хүн. Уран зохиолыг нь эхний үед төдийлөн сайн ойлгодоггүй байсан. Надад ийм шүлэг бичлээ гээд уншиж өгнө. Би мэдэх биш, сонсоно. Сүүлдээ ч уран зохиолын талаар жаахан ойлголттой болсон. Тэр нь тийм ийм гэж ганц нэг үг хэлж байдаг. Тэрийгээ чухам уран бүтээлдээ тусгадаг юм уу мэдэхгүй. Манай гэрээр дүүрэн ном, хүүхдүүд маань байна. Энэ бол бид хоёрын баялаг юм” хэмээн ярьсан юм.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *