МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн хоригийг уИХ хүлээж авлаа. үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал хаашаа эргэх вэ. Гуравдугаар хэлэлцүүлэг рүү орох уу?
-Ер нь маш их хүч суларсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болох гэж байна л даа. Ард нийтийн санал асуулга явуулсан бол магадгүй ач холбогдолтой байх байсан болов уу. Дараа нь аливаа эрсдэл гарсан болон нэмэлт, өөрчлөлтийн чадамжгүй, чадамжтай байдлын ялгааг гаргахад иргэд илүү хариуцлагатай хандах байсан байх. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч байгаа нь өөрөө гурав дахь хэлэлцүүлгийг Ард нийтийн санал асуулгаар хийнэ гэдгийн эсрэг үйлдэл болж ухралт хийж байна. Тэгэхээр ямар хоригийг нь хүлээж авах вэ гэдэг нь илүү сонирхолтой гэсэн үг. Жишээ нь, улс төрийн намын босгыг 21 мянга болгоно гэдэг заалт байна. Улс төрийн нам 21 мянган гишүүдтэй байхын тулд тэр хэмжээний потенциалтай, үйл ажиллагаа хийсэн туршлагатай, үзэл баримтлал нь олонд танигдсан, дэмжигч гишүүдтэй гээд их олон зүйлийг харах шаардлага гарч ирнэ л дээ. Магадгүй энэ нь улс төрийн намын хөгжлийн асуудалд тодорхой сөрөг нөлөө үзүүлэхүйц тийм заалтуудыг нэмэлтээр батлахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр гурав дахь хэлэлцүүлгийг явуулах байх гэж бодож байна. Парламент ач холбогдол өгөөд, өөрсдөө шийдвэр гаргаж, хүлээж авч байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тийшээ хандах байх аа.
-Батлагдаж чадахгүй бол яах вэ?
-Найман жилийн гацаа бол байхгүй байгаа. Дахиад дэвшүүлээд гаргаад ирж болно. Батлагдахгүй бол эрх баригч МАН-д ямар сөрөг дүр төрх бий болох вэ, Ерөнхийлөгчийн хувь рейтингт яаж нөлөөлөх вэ гээд улс төрийн тоглолт тал руугаа явахыг үгүйсгэхгүй.
-Зарим хүмүүс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зогсч, цааш хэлэлцэхгүй гээд байх юм…
-Манайхан аливаа нэг акцыг нохойд мод хаяж байгаа юм шиг сошиал болон нийгэмд шидчихээд хариу реакц нь яаж байна гэдгээс улбаалан шийдвэр гаргадаг болчихжээ. Гэтэл төрийн бодлого, аливаа төрийн шийдвэрүүд гэдэг нийгмийн зүгээс гарч байгаа аливаа нэгэн зорилго бүхий, эсвэл зорилгын бус хандлагаас шалтгаалах ёсгүй. Хэрвээ шалтгаалбал төрийн бодлого боловсруулалт онолынхоо дагуу хийгдэхгүй байна гэсэн үг шүү дээ. Бодлого боловсруулна гэдэг өөрөө шинжлэх ухаан. Гэтэл энэ шинжлэх ухааныхаа дагуу хийгдэхгүйгээр ихэнх шийдвэрүүд гарч байна. Тухайлбал, фэйсбүүк, твиттер, сошиал ертөнцөөр аливаа асуудлыг тавиад буцаад хариу реакц дээр нь яаж тоглолт хийх вэ гэдэг л чухал болчихжээ. Сая гэхэд Ард нийтийн санал асуулгыг иргэд дэмжих эсэхийг сошиалаар тандчихаж байна. Дээрээс нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, эсэх асуудлын цаана улс төрийн сонирхол явагдчихаж байна гэсэн үг. Энэ парламент гэлтгүй дараа дараагийн парламент зарчмын дагуу, цагаан дээр хараар бичигдсэн хуулийнхаа дагуу шийдвэрээ гаргадаг, шийдвэртээ бат зогсдог, хариуцлагаа үүрч чаддаг соёл руу явахгүй бол болохгүй. Хэрвээ эсрэгээрээ явбал бид цахим авторитар дэглэм рүү явж байна гэсэн үг. Сошиал ертөнц яаж хандана, яг л тэр реакцыг хүлээж авна. Тэгэхээр сошиалд хоёр янзын шувуу шидэж байна. Эхнийх нь хуулийн дагуу гуравдугаар хэлэлцүүлэг хийгдэх ёстой. Нөгөөх нь УИХ-ын гишүүдийн талаас дээш хувь нь гурав дахь хэлэлцүүлгийг дэмжихгүй зогсоно гэдэг маягийн шувуу нисгэж байна. Ер нь сүүлийн үеийн бүхий л үйл ажиллагаа сонгуульд бэлдсэн, дараагийн улс төрийн акц юу байх вэ гэдэг рүү чиглээд байна л даа.
-АН-ын Үндсэн хуулийн шинэчлэлд дэвшүүлж буй гурван санал байгаа. Эхнийх нь Ерөнхий сайдын эрх мэдлийг томсгох, өөрөө танхимаа бүрдүүлэх талаар юм. Энэ нь Үндсэн хуульд орох ёстой шинэчлэл мөн үү?
-Конструктив зарчим гэж их ярьж байгаа. Энэ нь парламент засаглалтай юм бол Засгийн газар нь өөрөө гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэх чадвартай байх ёстой гэсэн үг. Өнөөдөр Засгийн газар нь парламентынхаа халаасанд орчихдог. Парламент хүсвэл Засгийн газраа татаад унагачихдаг. Тэр унагах хүсэл нь өөрсдийнхөө тойрогт нэмэгдэл авах, төсөв дээр өөрсдийн ямар нэгэн тойрогтоо амласан асуудлыг төсөвт хүчээр оруулж ирэх, үүнийхээ төлөө Засгийн газрын төсвийг батлах эсэхэд асуудал томоор тавигдаад байгаа гэдгийг бид харж байгаа. Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэхийн тулд парламентаас хяналттай байсан ч гэсэн харилцан хяналт, үүрэгтэй байх нь конструктив зарчим болдог. Тиймээс энэ зарчмыг суулгах нь энэ удаагийн Үндсэн хуулийн хамгийн том зарчим байсан. Ард нийтийн санал асуулга дээр Засгийн газрын үндсэн яамдуудыг парламентаас сонгоно. Үлдсэнийг нь гаднаас сонгоно гэдэг дутуу дулимаг байдлаар нэмэлт, өөрчлөлтөд хийсэн. Тэгэхээр АН-ын дэмжиж байгаа хүчтэй Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалтай байх гэдэг санал нь зөв. Гэхдээ Засгийн газраа парламентаас байгуулна гэхээр л давхар дээлийн асуудал болон лобби бүлэг үүсгэдэг асуудал мөн л гарч ирнэ гэсэн үг. 76 гишүүн лоббид амархан өртөх боломжтой. Тиймээс дахиад л нөгөө бие даасан байж чадах уу гэдэг дээр асуудал гарч ирнэ гэсэн үг.
-Хамгийн тааламжтай зохицуулалт нь ямар байдаг юм бэ?
-Гадаад улс оронд Засгийн газарт итгэл үл үзүүлнэ гэх тохиолдолд, Засгийн газар тэр талаараа дахиад л парламентад асуулга явуулдаг. Парламент асуулгын дараа Засгийн газрын тайланг сонсч огцруулах уу, үгүй юу гэдэг асуудлаа ярилцдаг. Парламент Засгийн газрыг огцруулахгүй гэдэг шийдвэр гаргах юм бол Засгийн газар нь парламентаа тараадаг байхгүй юу. Иймэрхүү зохицуулалт орж ирэх ёстой л доо, Үндсэн хуульд. Тэгсэн манайд хүчтэй ерөнхий сайдтай байна гээд байдаг. Кабинетаа хаанаас бүрдүүлэх вэ гэдэг дээр бөөн асуудал болж байна шүү дээ. Ер нь парламент дотроосоо, өөрсдийн хүмүүсийг тавьчих сонирхолтой байна. Парламент дотроосоо танхимаа бүрдүүлсэн ч Засгийн газар, парламент бие биендээ харилцан итгэлцэх, харилцан тараах функцийг суулгаж өгөх ёстой. Тэгж чадвал Засгийн газар хүчтэй, тогтвортой байж чадна.
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгоно гэдэг дээр ямар байр суурьтай байна вэ?
-Манай улс засаглалын гурван толгойтой ч юм шиг, эсвэл хоёр толгойтой ч юм шиг болчихжээ. Нэгдүгээрт, УИХ-ын спикер, парламентын дарга гэж хэн юм. Парламентын дарга гэдэг бол алх бариад хурлыг зохицуулж чадах туршлагатай, хууль тогтоох процессыг мэддэг, тал бүрийн мэдлэгтэй, бусдыгаа манлайлж чадах ангийн дарга юм. Тэрнээс парламентын дарга бүхнийг шийддэг гэсэн үг биш. Манайд тэр утгаараа хөгжөөд байгаа. Гүйцэтгэх эрх мэдэл гэдэг хуулийн хүрээнд өөрсдийн мөрийн хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулахуйц төсвийг батална гэсэн үг. Энэ төсвийг л захиран зарцуулах юм. Шүүх засаглал тусдаа, хараат бус байна. Гэтэл Ерөнхийлөгч хэн бэ гэдэг асуудал гарч ирнэ. Парламентын засаглалтай ихэнх оронд Ерөнхийлөгч бэлгэдлийн чанартай байдаг. Эв эеийг эрхэмлэгч, дундыг баримтлагч гэдэг дүр төрх дээр байх ёстой байдаг юм л даа. Гэтэл хууль эрх зүйн хүрээнд манай улсын Ерөнхийлөгч 70-аад хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Их өндөр эрхтэй. Харин Үндсэн хууль дээр төрийн эрх барих дээд байгууллага парламент гэж заасан. Тэгэхээр манай улс яг парламентын засаглалтай юм уу, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай юм уу, гэдэг нь тодорхой бус болчихоод байгаа юм. Тэгэхээр хэрвээ парламентын засаглалтай бол Ерөнхийлөгч парламентаас сонгогдож болно.
-Тэгэхээр дахиад эрх үүргийн асуудал гарч ирэх юм биш үү?
-Яахав манайд Ерөнхийлөгч ард иргэдээс сонгогдсон, эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэдэг утгаар нь засаглалын тогтолцоонд оруулж ирсэн. Хэрвээ энэ байдлаа хангана аа гэж үзэх юм бол тэр хүний тодорхой албан тушаалын эрхүүд нь хасагдах ёстой. Үүнийг бас хийж чадах уу. Ордон дотор энэ дүрэм, заалтууд Ерөнхийлөгчийнх, тэр хэсэг нь Засгийн газрынх, энэ хэсэг нь парламентынх юм аа гээд хөндөж чаддаггүй. Тэгэхээр Монголын улс төр, эрх барьж байгаа нам, мэргэжлийн улстөрчид гэж өөрсдийгөө нэрлэж байгаа хүмүүс субьектив байдлаар аливаа асуудалд хандаж байна гэсэн үг. Нэг ёсондоо хүний хүчин зүйл нөлөөлж байна. Үнэндээ эх орныхоо эрх ашгийг бодох юм бол цагаан дээр хараар бичигдсэнийхээ дагуу л явах ёстой. Гэвч манай бүх шатанд хүний хүчин зүйл нөлөөлж, бүх зүйл гажууддаг тогтолцоо бий болчихоод байна.
-Мөн Сонгуулийн тогтолцоог өөрчилж, пропорциональ болгох талаар АН-ын саналд байгаа шүү дээ…
-Пропорционалийг хийж чадвал хамгийн зөв систем. Энэ тогтолцоо олон намын системийг бүрдүүлдэг. Олон үзэл бодлын төлөөллүүдийг парламентад оруулж ирдэг. Гэхдээ хувь тэнцүүлсэн энэ системийг яаж хийх вэ гэдэг дээр гол асуудал бий. Намын жагсаалтаар оруулж ирлээ гэхэд тэр нь нээлттэй байх юм уу. Эсвэл нэг сандал шилжих замаар явагддаг аргыг нь хэрэглэх юм уу гээд олон янзын асуудал яригдана. Хэр туршлагатай вэ гэдгээр нь үзэх юм бол манайд хэцүү. Хэрвээ пропорциональ руу шилжье гэх юм бол хамгийн түрүүнд холимог системийг буулгах ёстой гэсэн үг. Холимог систем нь онолынхоо хувьд 50, 50 хувь байдаг л даа. 50 хувь нь мажоратор, 50 хувь нь жагсаалтаар орж ирдэг. Гэтэл манайд үүнийг хэрэгжүүлэхээр гажуудал гарч ирээд байдаг. Манайх урьд нь жагсаалтаар 28, мажоратороор 48 гэж явсан шүү дээ. Нам дотор их амжилт үзүүлсэн. Намын төлөө юм хийсэн. Олон удаа сонгогдсон. Аль хэзээний нийгэмд танигдсан улстөрчдийн жагсаалтаар оруулаад ирдэг. Гэтэл олон улсын жишгээр танигдсан улстөрчид нь мажоратороор өрсөлддөг байхгүй юу. Тэртэй тэргүй нийгэм мэдэх учраас тойрог дээрээ очоод ажиллахад болно. Танигдаагүй, тухайн намд сайн хүний нөөц болох, ирээдүйн мундаг улстөрч, удирдлага болох хүнийг жагсаалтаар оруулдаг. Тэгж байж яаж ажиллаж байгааг нь ард түмэнд таниулдаг. Гэтэл манайд эсрэгээрээ явчихаад байна. Бүх юм зүй тогтлынхоо дагуу явдаг байх юм бол энэ бүх гацаанаас гарах гээд байдаг. Гэтэл манайд дандаа эсрэгээрээ болчихдог. Үнэхээр жинхэнэ утгаар нь хувь тэнцүүлсэн, холимог системийг оруулж ирж чадвал олон намын системтэй болж, намуудын хөгжилд хэрэгтэй өөрчлөлт болно.