Categories
мэдээ нийгэм

Д.Булган: Донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ анх удаа хийсэн DNN.mn


Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч, анагаах ухааны доктор, ахлах зэргийн эмч Д.Булгантай ярилцлаа.


-Үүдэл эс шилжүүлэх буюу чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж чадсан багийнханд нь баяр хүргэе. Энэ талаар тодруулбал?

-Монгол Улсад анх 2011 оноос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төсөл хэрэгжиж эхэлсэн. Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нь өндөр өртөгтөй, нарийн технологи шаардсан эмчилгээ бөгөөд багийн ажиллагаатайгаар хийгддэг эмчилгээ юм. 2011 онд Монгол Улсын ардын эмч, дэд профессор, зөвлөх эмч Н.Оюундэлгэр эмчээр ахлуулсан баг байгуулагдсан. Хүний нөөцийн сургалтыг Солонгос улсад хийж, техник тоног төхөөрөмж бэлдэж, эмчилгээг хийх тусгай тоноглогдсон ариун өрөөг бэлдэж 2014 онд анхны тохиолдлоо БНСУ-ын Гэгээн Мариягийн эмнэлэг, Католикийн их сургуулийн профессоруудтай хамтран хийж байсан. Түүнээс хойш одоо хүртэл ӨӨРӨӨС- ӨӨРТ (Ауто) нь цусны үүдэл эс шилжүүлэн суулгах 27 тохиолдлыг амжилттай хийсэн байна.

Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах баг нь 2022 оны наймдугаар сарын 4-ний өдөр Донороос-Өвчтөнд (Aлло) цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа хийлээ.

-Монгол Улсад цусны үүдэл эс шилжүүлэн суулгуулах шаардлагатай хэчнээн хүн байдаг вэ?

-Цусны хавдрын өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой бид оношилгоо эмчилгээг олон улсын түвшинд хийх шаардлага тулгарсан. Иймээс үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо нутагшуулахыг зорьсон.

Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нь хоёр төрөл байдаг. Өөрөөс – өөрт (Ауто) болон донороос- өвчтөнд (Алло). Өөрөөс-өөрт нь – цусны үүдэл эс шилжүүлэх эмчилгээ нь ихэвчлэн цусны архаг хавдартай хүмүүст хийгддэг бөгөөд эмчилгээ хийлгэх шаардлагатай хүний тоо ч олон байдаг. Бид тэдгээр эмчлүүлэгчдийг олон үе шаттайгаар эмчилгээ хийж бэлдэж байгаад үүдэл эс шилжүүлэх эмчилгээндээ авдаг.

Харин Донороос – цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг цусны цочмог хавдар болон хавдрын бус зарим эмгэгийн үед хийдэг бөгөөд эмчилгээний хэрэгцээ шаардлага өндөр байдаг. Алло-цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд зайлшгүй шаардлагатай нэг асуудал бол донор эмчлүүлэгчийн хоорондын эд нийцлийн тохироо гэж байдаг. Монгол Улсад одоогоор эмчлүүлэгчийн төрсөн ах дүүг шинжлээд таарах донор үгүй бол энэ эмчилгээ хийгдэх боломжгүй болно. Гэтэл гадаадын өндөр хөгжилтэй орнуудад донорын бүртгэлийн сан гэж байдаг. Хүмүүс сайн дураараа очиж эд нийцлийн шинжилгээгээ өгөн бүртгүүлнэ гэсэн үг. Хэрэв ах дүүгээс тохирох донор олдохгүй бол нэгдсэн сангаас хайдаг. Тиймээс манай улсын хувьд цаашид үүдэл эсийн бүртгэлийн сан байгуулах зайлшгүй шаардлага үүсч байгаа юм. Тэгснээр өвчтөнүүдэд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэн, амьдрах хугацаагаа уртасгах боломж нэмэгдэнэ.

-Энэ эмчилгээг хүүхдэд хийдэг болох бэлтгэл ажлыг эхлүүлж байгаа гэж сонссон.

-Тийм ээ. Манай үндэсний багийн бүтцэд хүүхдийн хавдрын эмч нар багтсан байгаа. Бид бас хүүхдэд өөрөөс нь болоод донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төлөвлөгөөтэй ажиллаж, боломжийг судалж байна.

-Багийн гишүүдээ хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Монгол Улсад анх 2011 онд Үүдэл эс шилжүүлэн cуулгах баг байгуулагдаж байсан бөгөөд энэ онд шинэчлэгдэн, 34 хүний бүрэлдэхүүнтэйгээр Үндэсний хэмжээний баг болон батлагдсан. Багийн бүрэлдэхүүнд цус болон лабораторийн эмч нар голчлон орж, сувилагч, лаборант, техникч, бусад нарийн мэргэжлийн эмч, инженерууд орсон. Энэ баг ЭМЯ-ны сайдын тушаалаар батлагдсан. Багийн ахлагчаар Н.Оюундэлгэр эмч ажилладаг бөгөөд анх 2014 онд өөрөөс-өөрт, 2022 онд донороос -эмчлүүлэгчид үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ эхлэхэд зөв удирдан зохион байгуулж, зоригтой эхлүүлж амжилттай хийж чадсан. Цаашид баг хамт олноороо уг эмчилгээг нутагшуулахаар ажиллаж байна.

-УНТЭ-т олон улсын стандартад нийцсэн цусны хавдрын хими эмчилгээний хэсгийг байгуулсан гэсэн үү?

-Цусны хавдартай хүмүүст хими эмчилгээ хийсний дараа цусны эсүүд унаж халдварт өртөмтгий болдог. Хими эмчилгээ хийлгэсний дараах орчин их цэвэр ариун байх шаардлагатай байдаг.

УНТЭ-ийн Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төвд ЭМЯ-ны хөрөнгө оруулалттайгаар олон улсын стандартыг хангасан, тусгай тоноглогдсон, хепа филтер бүхий ариун есөн ортой “Хими эмчилгээний хэсэг” -ийг байгуулсан. Энэ нь цусны хавдартай хими эмчилгээ хийлгэж байгаа эмчлүүлэгчдэд халдвараар хүндрэх эрсдэлийг бууруулж, ор хоног болон эмчилгээний зардлыг багасгах чухал нөлөөг үзүүлэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *