Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Будзаан: 7-30 хоног баривчлах шийтгэлтэй гэр бүлийн хүчирхийллийг давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг гэж үзнэ DNN.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаантай гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нийт хэдэн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, арга хэмжээ аваад байна вэ?

-2024 онд цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 32 мянган дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Үүний 11 мянга гаруйг нь Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон. 1500 орчим зөрчилд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Үлдсэн дуудлага мэдээллийг нь шалгаж үзэхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй байсан учраас зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаасан. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан 1500 зөрчлийн тухайд 58 орчим хувийг нь иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байдаг. Мөн 93 хувийг эрэгтэйчүүд үйлдсэн бол долоон хувийг нь эмэгтэйчүүд үйлдэж шалгагдсан байна.

-Өнгөрсөн оны дүн мэдээг өмнөх жилийнхтэй нь харьцуулахад хэр өөрчлөгдсөн вэ?

-2024 онд бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл, гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад долоо орчим хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн хэдэн хувь нь эхнэр, нөхрийн хоорондын асуудлаас үүдэлтэй байдаг юм бол?

-Өнгөрсөн оны байдлаар энэ гэмт хэргийн 85 хувь нь эхнэр, нөхрийн хооронд үүссэн гэр бүлийн маргаанаас үүдэлтэй бол 15 хувь нь өндөр настан, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсан. Шалтгаан нөхцөлийг нь авч үзвэл гэр бүлд үүссэн аливаа зөрчил маргааныг эвийн аргаар шийддэг ёс суртахуунд иргэд суралцаагүй байна. Ийм эерэг соёл дутмаг буй нь харагдаж байна. Энгийн асуудлын улмаас хоорондоо хэрэлддэг, маргалддаг, зөрчилд дөг. Энэ нь цаашлаад гэр бүлийн маш том зөрчлийн үүд хаалгыг нээж, улмаар бие биенээ хүчирхийлэх, биед нь халдах эрсдэлтэй гэдгийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй.

-Энэ төрлийн гэмт хэрэг хаана ихэвчлэн бүртгэгдэж байна. Уг хэргийн гаралт өндөртэй аймаг, дүүргүүдийг нэрлэвэл…?

-Нийт дуудлага мэдээлэл, гэмт хэрэг, зөрчлийн 60 орчим хувь нь нийслэлд, 40 орчим хувь нь орон нутагт бүртгэгдэж байна. Нийслэлийн тухайд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт дийлэнх дуудлага мэдээлэл, гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Орон нутгаас Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг төвлөрсөн аймгуудад энэ төрлийн гэмт хэргийн гаралт өндөр байна.

-Гэр бүлийн хүчирхийллийг давтан үйлдсэн этгээдэд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Өнгөрсөн онд бүртгэгдсэн энэ төрлийн гэмт хэргийн 20 орчим хувийг давтан үйлдсэн, үлдсэн хувийг нь нэг удаагийн гэр бүлийн хүчирхийлэл эзэлж байна.

Гэр бүлийн хүчирхийллийг давтан үйлдсэн бол хорих ялаар шийтгэнэ гэдэг өрөөсгөл ойлголт. Эхний үйлдлээрээ хүний эрүүл мэнд, амь насанд хор уршиг учруулж болно. Энэ тохиолдолд гэмт хэргийн шинжтэй гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээх бөгөөд анх удаа гэсэн ойлголт байхгүй. Харин нэгнийгээ үг хэлээр доромжилж, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар 7-30 хоног баривчилдаг. Дэлгэрүүлбэл, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг. Энэ зөрчлөө давтан үйлдэх юм бол эрүүгийн хэрэг болон шалгагдах юм. Өөрөөр хэлбэл, 7-30 хоног баривчлах шийтгэлтэй гэр бүлийн хүчирхийллийг давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг болон шалгагдана гэсэн үг. Эрүүгийн хэрэг үүсгээд шалгасан тохиолдолд тухайн этгээдийг хорих уу, баривчлах уу, торгох уу гэдгийг шүүх байгууллага шийдвэрлэнэ.

-Ямар хугацаанд хорих ял оноодог вэ?

-Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийллийн талаар хуульчилсан байдаг. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, мөн тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэдэг.

Үүнээс гадна энэ гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн, асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн, мөн таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хорих ял авсан иргэдийг хорих байгууллагад байх хугацаанд нь засан хүмүүжүүлэх сургалт, зөвлөгөөнд хэр хамруулдаг вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг сөрөг зан үйлээс улбаатай гэмт хэрэг шүү дээ. Тиймээс “Зан үйлд нөлөөлөх сургалт”-ыг хорих байранд зохион байгуулдаг. Хорих ангиас баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу энэ сургалт явагдана. Энэхүү сургалт нь тэднийг гэр бүлийн хүчирхийллийн хор хөнөөлийн талаар мэдээ, мэдээлллээр хангахад чиглэгддэг.

-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хийж хэрэгжүүлж байгаа сүүлийн үеийн ажил, арга хэмжээнээсээ танилцуулахгүй юу?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хууль тогтоомж батлагдсан. Энэ хуулийг дагаж журмууд мөн батлагдсан. Гэр бүлийн хүчирхийллийн хамтарсан баг гэж бий. Энэ багууд маань гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол, гомдол мэдээлэл дээр түлхүү ажиллах шаардлагатай байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хохирогчийг хамгаалах, аюулгүйн зэргийн үнэлгээ хийх, хамтарсан багийн ажиллах журмыг нарийвчлан тогтоож өгсөн байдаг. Энэ хуулийн хүрээнд Монгол Улсын сум, хороо, бүрд хамтарсан баг ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Ө.Анхзаяа

One reply on “Д.Будзаан: 7-30 хоног баривчлах шийтгэлтэй гэр бүлийн хүчирхийллийг давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг гэж үзнэ DNN.mn”

Тэнэг шулам мэт авгайчуудаас болж хөөрхий залуучууд шоронд орох юм .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *