Эрээн хотод коронавирусийн халдвар гарч, хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод буй. Үүнээс үүдэн хилийн боомтоор дамжих ачаа тээврийн асуудал ямар нөхцөл байдалтай байгаа тухай Гадаад Харилцааны Яамнаас мэдээлж байна.
Гадаад Харилцааны Яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд “Хятадаас жимс, нарийн ногоо ачсан эхний 17 вагон Улаанбаатар ирсэн. Эрээнд халдварын 456 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 200 гаруй нь шинж тэмдэггүй байна. Халдварын шинэ голомт үүсээгүй, тусгаарлагдсан иргэдээс гарч байгааг мэдээлсэн. Цар тахлын нөхцөл байдал хумигдаж байна гэж харж байна. Эрээнд зургаадугаар сарын 2-нд халдвар бүртгэгдсэнээс хойш нарийн ногоо, жимсний экспорт зогссон байсан. Энэ сарын 11-нээс хэвийн болж, нутгийн гүнээс орж ирж буй нарийн ногоог Эрээнд тусгаарлагдсан ажилтнууд ачилт хийж байна.
Тяньжин далайн боомтод 7,000 гаруй чингэлэг бөөгнөрсөн гэсэн мэдээллийг Хятадын талаас мэдээлсэн. Тяньжинаас эхлэлтэй Монголын галт тэрэгний тоог нэмэгдүүлсэн. 300 чингэлэг орж ирж байгаа гэсэн үг. Эрээн-Замын-Үүд боомтоор орж ирж буй хөргүүртэй 70 чингэлэг нь бараагаа татаж аваад буцаах хэлбэрээр сэлгэж буй. Өнөөдрөөс эхлэн 0 цэгээс 50 хоосон чингэлгийг Хятадын талтай солилцож эхэллээ” гэв.