Categories
мэдээ спорт

Д.Амартүвшин, М.Уранцэцэг тэргүүтэй тамирчид улирал бүр 1000 ам.доллар авна

Олон улсын олимпийн хорооноос ирэх 2016 онд Бразил улсын Рио-дэ-Жанейро хотод болох олимпийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй эрхээ авч чадах, медаль хүртэх магадлалтай тамирчдад дэмжлэг үзүүлэхээр болоод байгаа. Тэгвэл “Рио-2016” олимпийн тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт манай улсаас 17 тамирчин хамрагджээ.
Тус тэтгэлэгт МҮОХ-ноос Спорт хороодын хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн анкетийг ОУ-ын Олимпийн хороонд илгээснээс 17 тамирчин тэтгэлэгт тэнцэж, олимпийн тэтгэлэг хүртэх эрхтэй болсон байна.
Жүдо бөхийн төрлөөр МУГТ С.Ням-Осор, Д.Амартүвшин, М.Уранцэцэг нар тэтгэлэг хүртсэн бол чөлөөт бөхийн төрлөөр МУГТ С.Батцэцэг, О.Насанбурмаа, Г.Мандахнаран, ОУХМ Б.Номин нар хөтөлбөрт тэнцсэн байна. Мөн боксын спортоор ОУХМ Д.Отгондалай, М.Нандинцэцэг, Б.Чинзориг нар тэтгэлэгээ гардсан бол буудлагын төрлөөр Т.Баярмаа, Ц.Мөнхзул, О.Янжинлхам, байт харвааний Ж.Гантөгс, Б.Урантунгалаг, хүндийг өргөлтийн спортоор М.Анхцэцэг, хөнгөн атлетикийн тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа нар шалгаруулалтад тэнцжээ.
Эдгээр тэтгэлэгт хамрагдсан тамирчид улирал бүр 1000 америк доллар авах юм. Мөн тус тэтгэлэгт дасгалжуулагчид, спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нар хамрагддаг юм. Дасгалжуулагч улиралд нэг удаа 600 доллар, спорт холбоодод улиралд нэг удаа 300 доллар өгдөг аж.
Тэтгэлэгт хамрагдсан тамирчид сахилга батын зөрчил гаргасан болон допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэх, олимпийн эрхээ авч чадаагүй тохиолдолд тэтгэлгээс хасагдах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *