ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангийн Ерөнхий эмч, ахлах дэслэгч Б.Дарханбат “Амарсайханд эмчилгээ хийж болохгүй гэсэн чиг үүрэг дээрээс өгсөн” гэж талийгаачийн ар гэрийнхэнд хэлсэн аж. Талийгаачийн ар гэр “Гадаад, дотоодын эмнэлгийн байнгын эмчилгээ, асаргаа, хяналтад байдаг наад хүний чинь амь нас дээсэн дөрөөн дээр байна” гэсээр байхад ингэж хариулжээ. Д.Амарсайханы эрүүл мэнд муу байгааг эмч битгий хэл жирийн хүн ч ойлгохоор нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт, өвчтний түүхийг өмгөөлөгч нь өгчээ. Хан-Уул дүүргийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ё.Цогтзандан цагдан хорих шийдвэр гаргахдаа “Цагдан хорих461 дүгээр хорих дотроо эмнэлэгтэй. Тэнд эмчлүүлэх боломжтой” гэсэн хариуг өмгөөлөгчид өгсөн байдаг.
Дахин цагдан хоригдсон Д.Амарсайхан өмгөөлөгчөөрөө дамжуулан 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтэх хүсэлтээ илэрхийлж эхэлсэн ч “Боломжгүй” гэсэн хариу авч байжээ. “Биеийн байдал муу” гэсэн талийгаачийн хүсэлтийг үл тоон эмчлэхээс татгалзсан 461 дүгээр хорих ангийн Ерөнхий эмч Б.Дарханбатад эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.