Эрчим хүчний зохицуулах хорооны Хэрэглэгч, орон нутгийн газрын дарга Д.Алтантуяатай гурван тарифт тоолуурын талаар ярилцлаа.
-Гурван тарифт тоолуур хоёр тарифт тоолуураас ямар ялгаатай вэ?
– Цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор ахуйн хэрэглэгч нарт цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх зорилгоор гурван тарифт тоолуур хэрэглэх боломжийг нээж өгсөн. Түүнээс өмнө ААН-үүд л энэ тоолуурыг хэрэглэдэг байсан. Хоёр тарифт тоолуурын тухайд хоногийн 24 цагийг өдрийн 06:00-21:00 цаг болон шөнийн 21:00-06:00 цаг гэсэн байдлаар хоёр хувааж, цахилгааны хэрэглээг тоолдог.
Харин гурван тарифт тоолуурын тухайд өдрийн 06:00-17:00 цаг, оргил ачааллын үе болох 17:00-21:00 цаг, шөнийн 21:00-06:00 цаг гэсэн байдлаар цахилгааны хэрэглээг гурав хуваан хэмждэг.
Ингэснээр энэ цагууд дахь цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хянах боломж бүрдэнэ. Хэрэглэгч энэхүү 17:00-21:00 цагт хэрэглээгээ бууруулбал эрчим хүчний сарын төлбөрөө 20 хувь хүртэл хэмнэх боломжтой.
-Айл өрх, ААН-үүд хоёр тарифт тоолуураа гурван тарифт тоолуурт шилжүүлэхийн тулд хаана хандах вэ?
Хэрэглэгч энэхүү хүсэлтээ “УБЦТС” ТӨХК-ийн 7004-7004 дугаарт хандаж өгөхөөс гадна тус компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж шийдвэрлүүлэх боломжтой.
-Гурван тарифт тоолуурт шилжсэнээр хэрэглэгчдийн цахилгааны төлбөрт өөрчлөлт гарах уу?
-Айл өрхүүдэд хоёр тарифт тоолуураас гурван тарифт тоолуурт шилжин, хэрэглээгээ хянах замаар хэмнэлт хийж цахилгааны төлбөрөө бууруулах боломжтой гэсэн зөвлөмжийг “УБЦТС” ТӨХК-аас өгч байгаа. 17:00-21:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээг тохируулбал төлбөр 20 хувь хүртэл буурна гэсэн тооцоолол бий. Тодруулбал, 17:00-21:00 цагийн хооронд буюу оргил ачааллын үед цахилгааны төлбөр 1кВт.ц нь 280-300 төгрөгөөр тооцдог бол шөнийн цагт цахилгааны үнэ 1кВт.ц нь 113 төгрөг буюу оргил ачааллын үнээс 61 хувиар бага байдаг. Харин өдрийн цагт цахилгааны үнэ 1кВт.ц нь 225 төгрөг буюу оргил ачааллын үнээс 25 хувиар бага тул хэрэглэгчид өрхийн цахилгааны хэрэглээг тохируулж үнэ өндөр цагуудын хэрэглээг үнэ хямд үеийн цагуудад шилжүүлж хэмнэлт хийснээр 20 болон түүнээс дээш хувиар цахилгааны төлбөрөө бууруулах боломж бүрдсэн.
Мөн оргил ачааллын цагуудад хэрэглэгчид хэрэглээгээ бууруулж, тохируулж хэрэглэснээр бусад хэрэглэгчдийг цахилгаанаар хязгаарлахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээс гадна цахилгаан станц, эх үүсвэрүүдийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад дэмжлэг болох юм. Нэмж хэлэхэд, шөнийн тарифын хөнгөлөлт өмнө жилүүдийн адил үргэлжилж байгаа.
-Гурван тарифт тоолуурыг хэрхэн сольж, суурилуулах вэ?
-Хоёр тарифт тоолуураас гурван тарифт тоолуурт шилжүүлэхийн тулд сүүлийн үеийн электрон тоолуурыг гурван тарифт тоолуур болгож программчилна гэсэн үг. Харин энгийн тоолуурыг программчлах боломжгүй, гурван тарифт тоолуураар шинээр солино. Одоогийн байдлаар Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн айл өрхүүдийн тоолуурыг гурван тарифт тоолуурт шилжүүлж байгаа. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн айл өрх, ААН-үүд ухаалаг тоолуурт бүрэн шилжсэн бол Багануур дүүрэг, Орхон аймгийн айл өрх, ААН-үүдэд ухаалаг тоолуур суурилуулах ажил хийгдэж байна.
-Гурван тарифт тоолуурын баталгаат хугацаа ямар байгаа вэ?
-Тарифт тоолуурыг төрлөөс нь шалтгаалан 4-8 жил тутамд баталгаажуулдаг. Цахилгаан түгээх компанийн лабораторид Стандартчилал, хэмжил зүйн газрын хөндлөнгийн хяналт дор баталгаажуулалт хийгддэг.
-Хэрэглэгчид цахилгааны төлбөрийн задаргаагаа өөрсдөө харах боломж бий юу?
-Ухаалаг тоолуур хоногийн ачааллыг цаг цагаар нь гаргаж байгаа. Хэрэглэгчид “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшнийг ашиглан гэрээний мэдээлэл болон төлбөр тооцсон байдал, тоолуурын заалтаа хянах зэрэг хэрэглээний төлбөрийн мэдээллийг авах боломжтой.
Ө.Анхзаяа
One reply on “Д.Алтантуяа: Цахилгааны тоолуураа 3 тарифт шилжүүлж, 17:00-21:00 цагийн хооронд хэрэглээгээ тохируулснаар төлбөр буурах боломжтой DNN.mn”
Орон сууцны хорооллууд хэдэн тарифт тоолууртай байгаа вэ.