“Рехамед” эмнэлгийн үүсгэн байгуулагч, зөвлөх эмч Д.Алтанчимэгтэй ярилцлаа. Тэрбээр Германы Мартин Лютерийн их сургуулийг хүний их эмчээр 1991 онд төгсөөд, Монголдоо ажиллаж байна. 2004 онд Эрүүл мэндийн зан үйлээр АНУ-ын Бирмингеймийн их сургуулиас магистрын зэрэг авчээ. 2020 онд Лайфстайл медициний мэргэшсэн эмч болсон.
-Хоёр аяга цайгаар авчих юмыг дуслаар заавал хийлгэх шаардлага байхгүй-
-Манайхан мэргэч төлөгчид хандах шахдаг асуудлаар та бүхэн хиймэл оюун ухааны тусламжтайгаар хариулт өгдөг нь сонирхолтой санагдлаа. Тухайлбал, ойрын дөрвөн жилд хорт хавдар, зүрхний шигдээс, чихрийн шижин, харвалт, зөнөгрөл өвчинд өртөх эрсдэлийг тооцож гаргаж өгдөг юм байна. Энэ талаар тодорхой ярьж өгөөч?
-Хүмүүсийг өвдсөн хойно нь биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд анхааръя гэж зорилгоо тодорхойлоод, урьдчилан сэргийлэх эмийн бус эмчилгээний технологиудыг хайж эхэлсэн л дээ. Солонгост үзэсгэлэнд оролцож байхдаа хиймэл оюун ухаанд суурилсан, урьдчилан сэргийлэх үзлэгийн программтай таарсан юм. Судлаад үзэхэд хэрэв бид лабораторийн шинжилгээ, эмчийн авсан асуумж зэрэг шаардлагатай өгөгдлүүдийг оруулчихвал хиймэл оюун ухаан нэг хүний мэдээллийг боловсруулахад ижил нас, хүйсний ойролцоогоор 400-500 мянган хүний мэдээлэлтэй харьцуулж байгаад тухайн хүний ойрын дөрвөн жилд өвдөх эрсдэлийг тооцож гаргадаг. Та ходоодны хорт хавдраар өвдөх эрсдэл 40 хувь байна. Зүрхний шигдээс болох эрсдэл 70 хувьтай байна гэх мэтээр нарийн тооцож гаргаж ирдэг технологийг Монголд оруулж ирсэн юм. Хэрэв та урьдчилан сэргийлэх үзлэгт орж байсан бол манай эмч нар үзээд, лабораторийн шинжилгээ хийгээд, “Гайгүй байна” эсвэл “Эсийн шинжилгээ өг” гэх мэтээр явуулдаг шүү дээ. Харин бүх өгөгдлөө хийхэд, хиймэл оюун ухаан тухайн хүнд зориулсан тайлан гаргаж ирдэг. “Та ийм ийм зан үйлээ өөрчилбөл ходоодны хорт хавдар тусах эрсдэлгүй болно” гэж зөвлөдөг. Манай эмч нар ч зөвлөдөг шүү дээ. “Тамхиа хая, архи уухаа боль”, “Жингийн илүүдэлтэй байна. Наадах чинь хамаг өвчний үүр болоод байна” гэдэг. Гэсэн ч энэ болгон үйлчлүүлэгчдэд огт нөлөөлдөггүй. Яагаад гэвэл өрхийн эмч нь ч, гэр бүлийнхэн нь ч хэлж сануулдаг. Харин хиймэл оюун ухаан зөвхөн өөрт нь зориулаад монгол хэлээр найман хуудас тайлан гаргаад өгөхөд хүмүүс өөрөөр хүлээж авдаг.
-Хиймэл оюун ухаанаар оношлуулахад хэдэн төрлийн шинжилгээ өгөх шаардлагатай вэ?
-Хиймэл оюун ухааны тайлан гаргахад хэрэгтэй лабораторийн өгөгдлүүд байдаг. Цус, биохими, шээс гэх мэт найман төрлийн шинжилгээ байдаг. Дээр нь бүсэлхийн тойргийн хэмжээ, биеийн жингийн индекс, ямар өвчнөөр өвдөж байсан гэдгийг нь ч асууна. Нойрондоо хэр вэ, ямар хоол иддэг вэ гэх мэт асуумж бөглөөд, хиймэл оюун ухаан уншдаг дата бааз руу оруулдаг. Дэлхийд хуримтлагдсан их мэдээлэл хиймэл оюун ухааны санд байж байдаг. Түүнтэйгээ харьцуулаад тухайн хүний дөрвөн жилийн дүр зургийг гаргаж ирдэг. Гэтэл эмч бид нар тухайн хүний өнөөгийн байдлыг л хэлдэг шүү дээ.
-Анагаах ухаанд ч шинэ технологи нэвтэрч байгаа гэхээр сайхан санагдаж байна л даа. Тухайлбал, арьсан дээр наадаг ялтсан био мэдрэгчийн тусламжтайгаар эмчдээ зайнаас хянуулах боломжтой болно гэв үү?
-Энэ бол анагаахад биеллээ олсон. Арьсан дээр наадаг ялтсан мэдрэгч гарчихсан. Бодит датаг нь цуглуулаад, энэ нь интернэтээр эмчид нь очиж байдаг. Тухайн хүний лабораторийн үзүүлэлт, эсвэл нарийн тунтай эмийн үзүүлэлтийг хянахад ашигладаг. Одоохондоо шинэ технологи учраас маш үнэтэй байгаа юм. Харин манай эмнэлэгт бол зүрхний бичлэгийн 190 гр төхөөрөмж нэвтэрсэн. Тухайн хүн хөдөө явж байсан ч зүрх нь эвгүй болоход мэргэжлийн түвшинд бичлэгээ хийгээд эмч рүүгээ илгээх боломжтой. Энд бас зайны анагаах ухаан хэрэг болж байгаа. Технологи, зайны анагаах ухаан, тухайн хүнийхээ түүхийг мэддэг, хянадаг эмч нь байвал гоё шийдэл.
-Чихэндээ ээмэг шиг жижиг электрод зүүгээд тархи мэдрэлээ тайвшруулж болох юм байна гэж ойлгосон?
-Энэ технологийг хувийн эмнэлгүүд, СЭМҮТ ч хэрэглэж эхэлж байгаад баяртай байна. Анх 2019 онд манай эмнэлэг оруулж ирсэн юм. Альфастим гэдэг АНУ-ын патенттай бичил долгион эмчилгээ л дээ. Нойргүйдэл, сэтгэл гутралтай, түгшүүрт автдаг хүмүүст өндөр үр дүнтэй байгаа. Бид биед нь илүү хоргүй, хялбар технологиуд санал болгож байхад яагаад сэтгэцийн эмийн нөлөөнд амьдрах ёстой гэж. Эмнэлэг явахгүй гэртээ, ажил дээрээ чихний хавчдаг ээмэг шиг электрод зүүгээд тархиа амрааж, тайвшруулах боломжтой.
-Таны яриад байгаа төхөөрөмжүүдийг түрээсэлж хэрэглэх боломжтой юм уу?
-Хүн болгоны худалдан авах чадвар адилгүй шүү дээ. Чихэндээ зүүдэг аппарат гэхэд 900 орчим доллараас эхэлдэг. Хүн болгон худалдаж авах боломжгүй. Гэвч гэрээрээ ч, ажил дээрээ ч хэрэглээд буцаагаад өгөх боломжтой. Бид янз янзын аргаар л хүмүүст технологийг санал болгож байгаа. Сэтгэцийн эм хор нөлөөтэй, дасал болгодог, хамааралтай болгодог. Эмээс өөр сонголт байдаг шүү гэж зөвлөдөг. Урьдчилан сэргийлэхэд бид ач холбогдол өгдөг, зөвлөгөө өгдөг. Хиймэл оюун ухааны тайлан тухайн хүнтэй ярилцах сэдэл болдог. Зүрх судас, чихрийн шижин, хорт хавдрын эрсдэлийг бууруулахад хувь хүнээс шалтгаалах олон зүйл бий. Жишээлбэл хөдөлгөөн, хооллолт, биеийн жин, стресс, нойр, архи тамхины хэрэглээ гээд нэрлэж болно. Энэ талаар эмч цаг гаргаж ярилцахад үйлчлүүлэгч дуртай байдаг. Шинж тэмдэг, хэлээд ирсэн зовиурт бус тухайн өвчин эмгэгийн суурь шалтгаанд нь төвлөрч чадвал олон хүн эрүүлжих боломжтой.
-Он гараад бүх хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гээд байгаа. “Хүнд өвчтэй хүмүүс нь дараалалд зогсож байгаа Хавдрын эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт орно гээд очихоор хүлээж авах уу” гэж зарим хүн ярьж байна лээ?
-Улсын эмнэлгийн эмч нар хамаг байдаг чадлаараа л зүтгэж байгаа. Тэд маш их ачаалалтай. Хувийн хэвшлийнхэн тэдний хийж амжихгүй байгааг хийх ёстой гэж боддог. Бид өвчтөн, үйлчлүүлэгч болгонтой тулж ажилладаг. Урьдчилан сэргийлэх нэг удаагийн арга хэмжээгээр асуудлыг шийдэхгүй. Хүн насан туршдаа өөрийн эрүүл мэнддээ эзэн байж, хариуцлагатай хандах учиртай. Үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөж явж явж, нас ахиад хүндээр өвдөж тэдэндээ ачаалал учруулдаг. Жилд шинээр оношлогдож буй хорт хавдартай хүмүүсийн 80 орчим хувь нь хэт оройтсон байдаг. Эрт үед нь оношлуулбал эмчлэгдэх боломжтой. Гэр бүлийн нэг нь хавдраар өвчлөхөд тухайн айлын санхүү маш хүнд байдалд ордог шүү дээ. Хоол унд, гэр орондоо тавилга авдаг шигээ эрүүл мэнддээ мөнгө төсөвлөж, жилдээ ядаж нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж сурах хэрэгтэй байгаа юм.
-Танай эмнэлэгт хамт олноороо ханддаг юм билээ. Боломжийн төлбөртэй гэсэн үг үү, эсвэл компаниуд хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаардаг болсон юм болов уу?
-Өнөөгийн бизнес эрхлэгчид ажилтнуудынхаа эрүүл мэндэд их анхаардаг болсон. Хүний нөөцөө эрүүл байлгахад анхаардаг болсон учраас манайх хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэгийг хийдэг. Манайд олон ажилтантай нэг байгууллага хиймэл оюун ухаанд суурилсан үзлэгт хоёр жилийн өмнө орсон юм. Тэр үзлэгээр эрт үеийн хэд хэдэн хавдрын тохиолдол илрүүлсэн. Харин энэ жил ажилтнуудынхаа санал хүсэлтийн дагуу манайд дахин хандсан юм. Урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар чухал.
-Зарим том хувийн эмнэлгүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн төлбөр чамгүй өндөр байдаг л даа. Танай хувьд ямархуу байдаг вэ?
-150 мянган төгрөгт манайх их юм хийж өгнө. Маш сайн зөвлөгөө өгнө. Эмийн эмчилгээ бичихийн оронд зан үйлийн рецепт бичиж өгдөг. Та чихрийн шижин өвчний урьтал үед байна. Эрүүл болох боломжтой. Ийм ийм үйлдэл хий гэх зэргээр зөвлөдөг.
– Та Америкт зан үйлийн чиглэлээр суралцсан гэсэн үү?
-Эмч хийж байхад надад ийм асуудал тулгарсан. Эмч нар хүмүүст зөвлөгөө өгдөг. Гэтэл тэр бүр хэрэгждэггүй. “Энэ эмч гайгүй юм ярьж байна. Нээрэн тийм байна шүү” гээд орхичихдог. Яагаад эмчийн үг хэрэгжихгүй, хүмүүс нийгмийн сүлжээ, найзынхаа хэлснийг хэрэгжүүлээд байна вэ? Тэгэхээр эмчийн зөвлөгөө өөрчлөгдөх ёстой. Өөрчлөгдөхийн тулд эмч ямар чадвартай байх ёстой гэхээр нийгмийн шинжлэх ухааны онолууд, сэтгэл зүйн онолууд мэдэж байх ёстой юм билээ. Хүнтэй, ямар нөхцөлд, юу ярих вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэр нь сурахад сонирхолтой санагдсан. Анагаахын боловсролд үүнийг заадаггүй. Шинжилгээ хараад, өвчтөнөө үзээд “Та ийм байна” гэж ярихаас биш тухайн хүний эрсдэлийг өөрчлөх яриа өрнүүлэх цаг ч, чадвар ч байдаггүй. Ганцхан удаа зөвлөгөө өгснөөр хүний зан үйл өөрчлөгдөхгүй. Нэлээд яриа өрнүүлж байж хүн эмчийнхээ үгэнд ордог юм байна гэдгийг сурсан юм. Хүний зан үйлээс эрүүл мэндийн 80 орчим хувь нь шалтгаалдаг гэж үздэг. Гэтэл өнөөдөр урьдчилан сэргийлэх асуудал дээр доголдож байна. Яагаад хүмүүс оройтсон хойно нь ирээд мэс засал хийлгэж байна вэ? Яагаад шинж тэмдэг илрээд байхад хүмүүс явсаар байгаад турж эцээд юм идэж чадахаа байхаараа эмнэлэгт хандаж байгаа юм бэ. Энэ бүхэн цогц асуудал байдаг. Сэтгэл зүй, нийгмийн хүчин зүйл, эмнэлгийн үзлэгээс айх айдас, эмчид итгэхгүй байх зэрэг янз бүрийн асуудал байдаг. Энэ бүхнийг эмч өргөн зургаар харж чадвал үйлчлүүлэгчдээ нэлээд их “хөрөнгө оруулалт” хийж чадна. Би яг л энэ чиглэлээр ажиллая гэж бодсон юм. Манай эмнэлэгт эм бичдэггүй. Нойргүй байна гэхээр нь зөвлөгөө өгдөг. “Та гар утсаа хэдэн цаг ухдаг вэ?”, “Та шөнө нойргүйдсэн үедээ юу хийдэг вэ?” Ийм асуултууд тавьдаг. Сэтгэл зовоосон асуудлыг нь асуудаг. Нөхөр, эхнэртэйгээ асуудалтай байна уу? Гэр бүлийн сексийн харилцаа ямар байна. Хүүхдүүд нь зовоож байна уу? Өрөнд орсон уу? Хүний амьдрал маш баян. Аливаа асуудлын уг үндсийг нь олох хэрэгтэй. “Нойргүйдээд ирлээ” гэдэг нь ихэнхдээ өөр асуудлын үр дагавар байдаг. Сэтгүүлч шиг түүнийг нь “ухаад” гаргаад ирэх чадвар эмч, эмнэлгийн ажилтнуудад байх учиртай.
-Та “Хүний бэлгийн амьдрал” гээд ном бичиж байсан юм билээ. Бэлгийн амьдрал олон асуудалд нөлөөлдөг үү?
-Ажлаасаа стресстэй орж ирсэн ч хүүхдээ тэвэрч үнсээд сайхан мэдрэмж авдаг шүү дээ. Яг тэр мэдрэмж аз жаргалын дааврыг өдөөж байдаг. Түүнтэй адилхан хүний арьс гэдэг маш том сексийн эрхтэн шүү дээ. Секс гэхээр бид дандаа бүсэлхийнээс дооших юм бодож байдаг. Гэтэл зүгээр л хүний арьсанд хүрэх, илэх, тэврэх, сайхан үг хэлэхэд тархинаас даавар ялгарч байдаг. Тэр бүхэн өнөөдөр манай хүмүүст их дутагдаж байдаг. Нойргүйдэхээрээ хүн улам л зожигроод байдаг. Сэтгэл тавгүй болохоороо улам л биеэ хураагаад байдаг. Гэтэл гэр бүлийн хүн, дотно найз нь тэвэрч үнсээд, “Миний найз, миний хань чадна, хоёулаа давж гарч чадна” гэдэг үг хүнд дутагдаж байдаг. Өнөөдөр монголчууд маш завгүй болсон. Мөнгө, албан тушаал маш олон юм хүсэх болсон. Түүнийг шунал гэж хэлэх юмуу даа. Гэтэл тэр бүх хүсэл шунал сэтгэцийн эрүүл мэндийг доройтуулж байдаг. Энгийн зүйлээс таашаал авах мартагдсан. Том юманд зориод, наад захын жижиг зүйлс, энгийн харилцаануудаа орхигдуулсан юмуу гэж бодогддог.
-Таны зөвлөгөөг харсан. Жин ихтэй байхаас гадна хэвлийн таргалалт илүү асуудалтай юм байна гэж ойлголоо?
-Хүмүүс тэрийг мэддэггүй. Миний найз Алимаа 90 кг, би бас 90 кг гэдэг. Аль хэсгээрээ таргалалттай байна гэдгээс эрүүл мэндийн зөрүү гардаг. Хэвлийгээрээ таргалалттай хүнийг үзэхэд даралт, сахар, өөх тос холестрин, шээсний хүчил нь нэмэгдсэн байх нь олонтаа. Зүрх судасны асуудлууд илэрсэн байдаг. Хэвлийд байдаг өөхнөөс хүний биеийг үрэвсүүлдэг бодисууд илүү ялгардаг. Хорт хавдар үүсгэх эрсдэлийг ч нэмдэг. Чихрийн шижин өвчин үүсэх маш том эрсдэл. Хэвлийн тойргоо хянах ёстой.
-Ковидын үед хүмүүс өндөр тунтай В, Д аминдэм их уулаа. Гэтэл энэ бүхэн эргээд хүнд сөргөөр нөлөөлдөг гэсэн үү?
– Ковид ч гэлтгүй, манайхан витамин замбараагүй хэрэглэж байна. Хүний бие өөрөө ухаалаг систем шүү дээ, уг нь. Хоол хүнснээс авсан шим тэжээлээс биед өөрт нь антиоксидантууд үүсдэг. Хүний бие гаднаас эм уух тусмаа тэнцвэрээ алдаж байдаг. Өөрийгөө эрүүлжүүлэх үйл явц алдагддаг. Гэтэл хүүхэд, хөгшидгүй витамин ууж байна. Хүний биед илүүдсэн антиоксидантууд эргээд биед гаж нөлөө үүсгэх эрсдэлтэй. Манайх хүний биед байгаа антиоксидантуудыг хэмждэг багаж Италиас оруулж ирсэн. Өндөгний цусаар л хэмждэг. Хэмжиж байхгүй бол манай монголчууд витаминыг хүртэл иддэг болсон. Витаминыг уг нь хоол хүнсээр авах ёстой. Гэтэл хүмүүс сүлжээний бизнес, эмийн компаниудын зар сурталчилгааны нөлөөнд орчихсон. Үүнийг л уухгүй бол би хоцорлоо гэдэг. Мэдээлэлд ухаалаг шүүлтүүртэй хандах, болж өгвөл байгалиараа амьдрах хэрэгтэй байна. Эрүүл хооллож, өөрөөс хамаарах 80 хувиа онц хийчихвэл эмчийн ч хэрэг байхгүй дээ. Германд бол эмнэлэгт хэвтсэн хүнд витамин бичдэггүй. Ухаангүй, хоолоо идэж чадахгүй байгаа хүнд л витамин бичдэг. Хоол ундаа идэж ууж байгаа хүнд дусал хийдэггүй. Хоёр аяга цайгаар авчих юмыг дуслаар заавал хийлгэх шаардлага байхгүй.