Categories
гадаад мэдээ цаг-үе

​”Covid-19″-ийн шинэ мутацын тархалт идэвхжиж, Европ тив дахин хатуу хөл хорио тогтоож эхэллээ

Лондоны эзэн хааны коллежийн эрдэмтдийн баг Их Британи улсад тархаад байгаа “SARS-CoV-2” вирусийн шинэ мутац өмнөх вариантуудаас 70 хувиар илүү халдварлуулах чадвартай болохыг анхааруулсан.

Коронавирусийн “S-501” гэх энэхүү шинэ вариант нь хамгийн анх өнгөрөгч есдүгээр сард Испани улсад бүртгэгдсэн байна. Милтон Кейнсийн нэрэмжит вирус судлалын лабораторид хийсэн судалгаагаар өнгөрөгч арваннэгдүгээр сард Лондон хот дахь “COVID-19”-ийн нийт шинэ халдварын тохиолдлуудын дөрөвний нэг нь шинэ мутацаар халдварласан байсан бол арванхоёрдугаар сарын дунд үе гэхэд гурван халдвар тутмын хоёроос “S-501” вариант илэрчээ.

Их Британийн Оксфордын их сургууль, Лондоны эзэн хааны коллеж болон Кембрижийн их сургуулийн эрдэмтэд “S-501” мутацын талаарх анхны судалгааны материалыг хэвлүүлж, 17 өөрчлөлтийг тодорхойлсон байна. Тухайлбал, шинэ вариантад баяжуулалтын уургийн өөрчлөлтүүд гарсан бөгөөд энэ нь вирус хүний биеийн эсүүдэд нэвтрэх хаалгыг онгойлгогч гол түлхүүр юм. Учир нь вирусийн баяжуулалтын уураг нь хүний эсийн гадаргуутай анхны холбоог тогтоодог. Харин шинэ мутац нь хүний эстэй холбоо тогтоомогцоо эсийн дотор маш хялбар бөгөөд хурдан нэвтрэх байдлаар өөрчлөгдсөн байна.

Тиймээс Их Британид тархаад байгаа “COVID-19”-ийн шинэ мутац нь өнгөрч хоёрдугаар сард Европ тивд бүртгэгдэж өнөөдрийг хүртэл дэлхийн хэмжээнд хамгийн өргөн тархаад байгаа коронавирусийн хувилбар болох “D614G” вариантаас илүү халдварлуулах чадвар өндөртэй байж болзошгүй юм. Вирусийн шинэ мутацын тархалтаас шалтгаалан зул сарын баяраар хатуу хөл хориогоо сулруулахаар болоод байсан Европын орнууд дахин хатуу хөл хорио тогтоох арга хэмжээ хэрэгжүүлж эхэллээ.

Тухайлбал, Зул сарын баярыг хүртэл хоёрдугаар түвшний хөл хорио хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан Их Британи улс ням гаригаас эхлэн улсын хэмжээнд гуравдугаар түвшний хөл хорио зарласан бол “S-501” мутацын тархалтад өртөөд байгаа хотуудад дөрөвдүгээр төвшний хатуу хөл хорио тогтоолоо. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Засгийн газрын энэхүү шийдвэрийг танилцуулах үеэрээ дөрөвдүгээр түвшний хатуу хөл хорио тогтоосон хотуудад “Christmas Bubble” буюу зөвхөн зул сарын баярын өдрүүдэд дээд тал нь гурав хүртэлх гэр бүлийн гишүүд нэг дор цуглан баяр тэмдэглэхийг хориглох талаар мэдэгдсэн юм.

Харин Герман, Франц, Итали, Австри, Голланд болон Бельги тэргүүтэй Европын холбооны орнууд даваа гаригаас эхлэн коронавирусийн шинэ мутац эрчимтэй тархаад буй Их Британи улсад аяллын хориг тогтоохоор болсон байна. Мөн Европын холбооны зөвлөл өнөөдөр илүү халдварлуулах чадвар өндөртэй “COVID-19”-ийн шинэ вариантын эсрэг хариу арга хэмжээ авах асуудлаар хуралдах юм. Германы Эрүүл мэндийн сайд Йенс Спан одоогоор тус улсад “S-501” вариантаар халдварласан тохиолдол хараахан илрээгүй байгаа ч зул сарын баяраар хөл хорио тогтоох шаардлагатай талаар анхааруулсан байна. Тэгвэл Италийн Ерөнхий сайд Жузеппе Конти ням гаригт зул сарын баярыг тохиолдуулан улсын хэмжээнд хөл хорионы арга хэмжээг өргөжүүлэх хэрэгжүүлэх болсон талаар мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *